Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0726/З |
Дугаар | 111 |
Огноо | 2018-02-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 111
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: Ц.А, Ц.А, Г.Д, Э.Б, Б.А нар,
Хариуцагч: Ч*******тэй дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, нэхэмжлэгч Б.Д, Г.А, Б.Б, Ц.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*******, түүний өмгөөлөгч Д.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, Г.Ө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц*******ийн А миний бие Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/245 дугаар захирамжаар Ч*******тэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн аманд 3425 мкв газар эзэмшиж байсан бөгөөд улмаар тус газрын дундуур гудамж зам гарган, Б*******гийн А, Г*******ын Д, Цийн А, Эы Б нарт Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/645 дугаар захирамжаар тус бүр нь 700 мкв газар эзэмших эрхийг шилжүүлсэн болно.
Миний бие анх дээрх газрыг авахад бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, хашаа, тэмдэг, тэмдэглэгээ огт хийгдээгүй, хоосон газар байсныг эзэмшихээр баримт бичиг бүрдүүлж, гэрчилгээ гаргуулан авсан. Улмаар дээрх газрыг 700 мкв-аар 4 хувааж, орц, гарц хийж, Б.А нарын 4 иргэнд хуваан шилжүүлэн өгсөн.
Урьд нь дээрх Гүнтийн аманд 3425 мкв газрыг авахад ямар нэгэн байдлаар бусдын газартай давхцаагүй байна, олгох бүрэн боломжтой гэж үзэж Ч*******тэй дүүргийн Засаг дарга 2014 оны А/245 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн.
Дээрх газрыг эзэмшиж байсан Б.А нарын 4 иргэн, иргэн Ж.О*******д эзэмшил газруудаа худалдсан бөгөөд Ж.О******* нь хөрөнгө оруулалт хийж зуслангийн амины орон сууц, гараж, террасыг 2017 оны 3 дугаар сараас эхлэн барьж одоогийн байдлаар 3-н амины орон сууцыг цогцоор нь ашиглалтад оруулж, мөн 2 амины орон сууцны суурь болон хана хийж нийт 433.545.000 /дөрвөн зуун гучин гурван сая таван зуун дөчин таван мянган/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Гэтэл Ч*******тэй дүүргийн Засаг дарга 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар хууль бус захирамжийг гаргаж, дүүргийн Засаг даргын 2014 оны А/245 дугаар захирамжаар Ц.Аод олгосон Ч*******тэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн аманд 3415 мкв газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгож, захирамжийн 2 дахь заалтаар Ц.Аын эзэмшиж байсан 3425 мкв газраас тус бүр 700 мкв-аар хуваан авсан Б.А, Г.Д, Ц.А, Э.Б нарын 4 иргэний 2800 мкв газруудын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Бодит нөхцөл байдал дээр тус бүр 700 мкв газрыг нийт 2800 мкв газар дээрх 4 иргэний эзэмшилд байсан. Үлдсэн 625 мкв газар нь нийтийн эзэмшлийн талбайд хамаардаг. Энэ нь кадастрын зургаас тодорхой харагддаг.
Дээрх 4 иргэний нэр дээр эзэмшилтэй байдаг газрыг Ж.М, З.У нарын эзэмшдэг гээд байгаа 700 мкв /нийт 1400 мкв/ газруудтай давхцалтай гэж үзэн газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Гэтэл бодит байдал дээр зөвхөн нэхэмжлэгч Б.А, Г.Д нарын 700 мкв буюу 1400 мкв газартай л давхцалтай байдаг. Энэ нь дүүргийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар Б.Бат-Э, Д.А, нарт тус бүр 700 мкв, нийт 1400 мкв газар эзэмшүүлсэн. Үүнийгээ өөрийн эзэмшил бүрээр нь 700, 700-гаар Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/244 дүгээр захирамжаар Б.Бат-Ээс, Ж.М, Д.Аээс З.У-т шилжүүлсэнээр нотлогддог.
Гэтэл дүүргийн Засаг дарга дээрх бодит нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр, газрын алба, хуулийн хэлтэст /Э*******/ нь хүчингүй болгох гэж байгаа захирамжаа дахин анхаарч хянана уу хэмээн хүсэлт гаргасаар байтал илт нэг талд давуу байдал гарган бүхэлд нь 3425 мкв газрыг хүчингүй болгож, ямар ч газрыг давхцалгүй иргэд болох Ц.А, Э.Б нарын газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж, хүчингүй болгосон хууль бус шийдвэрийг гаргажээ.
Мөн хууль зөрчиж давхцуулан олгосон гэх 1400 мкв газарт өнөөдрийн байдлаар дараах хөрөнгө оруулалтыг хийж, захиалагчийн дагуу амины орон сууц барьсан. Үүнд 393.545.000 /гурван зуун ерэн гурван сая таван зуун дөчин таван мянган/ төгрөгийг /100 хувийн гүйцэтгэлтэй, тус бүр 158,4 мкв талбайтай өвөл зуны 3 ширхэг дүнзэн амины орон сууц, гаргаж, террас/ барьж гүйцэтгэхэд зарцуулсан.
Түүнчлэн газрын давхцалгүй хэсэгт нийт 40.000.000 /дөчин сая/ төгрөг /тус бүр 158,4 мкв талбайтай өвөл зуны 2 ширхэг дүнзэн амины орон сууцны суурь, хананы ажил хийгдсэн/ дууссан байгаа.
Бид дээрх дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандсан боловч, Бүртгэл хяналтын хуудсаар дамжиж явсаар Ч*******тэй дүүргийн Газрыг албанаас 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12/763 тоот албан бичгээр шүүхэд хандахыг мэдэгдсэн болно.
Иймд Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг илт хууль бус болгуулах гэж нэмэгдүүлсэн, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг өөрчилсөн бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд дараах байдлаар нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулж байна.
Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар Ж.М, З.У нар нь дүүргийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар Д.А, Б.Бат-Э нарт олгосон газрыг шилжүүлэн авч газар эзэмших эрхийг олж авсан байдаг.
Дээрх газрыг шилжүүлэн авсаны дагуу Ж.М, З.У нар нь газрыг зуслангийн зориулалтаар нь огт ашиглаагүй нэг ч шон, тэмдэг тавиагүй, обьект бариагүй байдаг.
Үүнийг нэхэмжлэгч бид газар эзэмших эрхийн гэрчилгээг албан ёсны бичиг баримтуудыг бүрдүүлэн газрын албанд, дүүргийн засаг даргад хандаж явахад л ийм байдалтайгаар байсан. Үүнийг мөн гэрчлэх гэрчүүд ч байдаг. Мөн гуравдагч этгээд нь энэ тухайгаа нотолсон нотлох баримтуудыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд огт гаргаж өгсөнгүй.
Ж.М, З.У нар нь 2012 онд эзэмших эрхтэй болсон гэх газраа Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” хэлнэ гэж заасантай нийцдэггүй, газар эзэмшээгүй байдаг. Өөрөөр хэлбэл газрыг зориулалтынх нь дагуу, гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлдээ Ж.М, З.У нар нь огт байлгаагүй байдаг.
Дээрх нөхцөл байдал нь Ж.М, З.У нар Ч*******тэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байрлах 1400 мкв газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүдэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсний дагуу тэдгээрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох бүрэн үндэслэл бүрдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Ч*******тэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу Ж.М, З.У нарын 2012 онд эзэмших эрхтэй болсон газрыг 2014 оны 11 сард хүчингүй болгож шийдвэрлэх хуулийн үндэслэл бүрдсэн.
Гэвч Ч*******тэй дүүргийн Засаг дарга дээрх хуулийг хэрэгжүүлээгүй, хүчингүй болгосон захирамж гаргалгүй, бидэнд газар эзэмших гэрээ, гэрчилгээг гарган өгч, бид өөрийн газартаа хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний зардал гаргасан боловч бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна.
Хэрвээ дүүргийн Засаг дарга дээрх хуулийн заалтын дагуу Ж.М, З.У нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа бидэнд газар олгосон бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байлаа.
Иймээс Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу Ж.М, З.У нарт газар эзэмшүүлсэн захирамжийг шүүхээр хүчингүй болгуулахаар үндэслэл бичиж ийнхүү хандаж байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” бол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохоор заасан байх тул Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/244 дүгээр захирамжаар олгосон газрын эрхийг гуравдагч этгээд Ж.М, З.У нар нь хэрэгжүүлээгүй байх тул одоо хууль бус болсон болохыг тогтоож, хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.3 дахь шинж тогтоогдож байх тул эдгээрийг үндэслэн “Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болгож, мөн Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, шүүхээс уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Ч*******тэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт зусланд дүүргийн Засаг даргын 2012 оны А/244 дүгээр захирамжаар Жагдагдавын М, Зын У нарт тус тус 700 мкв талбай бүхий газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Тухайн байршилд 2014 оны А/245 дугаар захирамжаар Цийн Аод 3425 мкв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”-д заасныг зөрчсөн байх тул дүүргийн Газрын албаны саналыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2017 оны А/517 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон 3425 мкв талбай бүхий газрыг хүчингүй болгосон, мөн анх олгогдсон 2014 оны А/245 дугаар захирамжийн Ц.А-д холбогдох хэсэг хүчингүй болгосноор 2015 оны А/645 дугаар захирамжийн Б.А, Г.Д, Ц.А, Э.Б нарт холбогдох хэсэг хүчингүйд тооцсон.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын иргэн Ж.М, З.У бидний эзэмшлийн тус тус 700 мкв зуслангийн зориулалттай газрыг иргэн Ц.А нь арилжааны зориулалттай, бизнесийн ашиг олох зорилгоор хуулийг үл хүндэтгэн, Ч*******тэй дүүргийн газрын албаны албан шаардлагыг үл биелүүлэн булаан дээрэмдэж хууль ёсны эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болсоор байна.
Иргэн Ж.М З.У нар нь Нийслэлийн Ч*******тэй дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнт зусланд тус бүр нь 700 мкв нийт 1400 мкв газрыг Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/244 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмиж ирсэн билээ. Гэтэл 2014 оны А/245 дугаар захирамжаар Ц.Аод Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна...”-ыг зөрчиж газар олгосон захирамжийн Ц.Аод холбогдох хэсгийг хүчингүй болгосноор 2015 оны А/645 дугаар захирамжийн Б.А, Г.Д, Ц.А, Э.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хууль ёсны хэм хэмжээг зөрчөөгүй шийдвэр билээ. Иймд Ц.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч*******тэй дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн агуулга нь Захиргааны өөрийн буруутай үйл ажиллагааг залруулахад зориулагдсан заалт юм. 48.1 дэх хэсгийн заалт нь зөвхөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37.5 дахь хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд иргэн М, У нарт газар эзэмших эрхийг олгосон 2012 оны А/244 тоот захирамж нь сөрөг нөлөөлөл бүхий акт огт биш юм.
Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны байгууллага өөрөө хүчингүй болгох үндэслэл нь 48.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдох бөгөөд 48.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр захиргаа нь өөрөө хүчингүй болгох эрхтэй байсан гэдэг нь өнөөдөр нотлогдохгүй байгаа бөгөөд нотлогдох ч боломжгүй юм. Учир нь захиргааны өөрөө эсхүл эрх бүхий этгээд л тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн дүгнэлтийг хийх болохоос хэн нэгэн гуравдагч этгээдийн ямар ч шон хатгаагүй байсан гэх мэдээллийг үндэслэж бүтэн таван жил 2 сарын дараа хүчингүй болгох ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед нь захиргаа нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байна гэж үзэн бусдад шилжүүлэх захирамж гаргасан байгаа бөгөөд түүнийг нь үгүйсгэх ямар ч дүгнэлт хаанаас ч гараагүй байхад шууд хүчин төгөлдөр бус болгох боломжгүй. Үүнээс гадна Захиргааны байгууллага нь 48.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн актыг гарсан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох боломжтой тул энэхүү заалтыг өнөөдөр баримтлан захиргааны байгууллага өөрөө уг актыг хүчингүй болгох ямар ч боломжгүй байна.
Газрын тухай хуулийн 40.2 дахь хэсэгт 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол хүчингүй болгоно гэж заасан байдаг. Гэтэл 2014 онд нэхэмжлэгчийн яриад байгаа үндэслэл тогтоогдсон баримт хэрэгт байхгүй. Одоо нөхөж тогтоох гээд байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заагдсан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчим болох хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай зөрчилдөх юм.
2012 онд гуравдагч этгээдүүдэд нэр шилжүүлэх захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 38.2.3 дахь хэсэгт заасны дагуу уг гэрчилгээг хүчин төгөлдөр эсэхийг шалгаж тогтоосон нь нэн ойлгомжтой асуудал юм.
Гэвч нэхэмжлэгч нь уг үндэслэлээр хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргаагүй мэт бас нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 2012 оны А/244 тоот захирамж нь илт хууль бус тул 47.1 дахь хэсэгт заасныг үндэслэн захиргаа нь өөрөө уг захирамжийг хүчингүй болгох ёстой мэтээр бичсэн байдаг.
Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа хүчингүй байдаг бөгөөд захиргаа хүчингүй болгоогүй бол шүүх хүчингүй болгох эрхтэй хэдий ч уг захиргааны акт нь тухайн газрыг ашиглаж эзэмших боломжгүй байхад эзэмшүүлэх захирамж гарсан бол уг заалтыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл уг газар нь өөр этгээдийнх эсхүл зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх ямар ч бодит боломжгүй байсан бол уг заалтыг баримтлах ёстой.
Гэтэл ийнхүү илт хууль бус захирамж гаргахын тулд эхлээд хууль ёсны хүчин төгөлдөр захирамжийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчид газар олгох ёстой байсан хэмээн нэхэмжлэл гаргаж байгаа илтэд ойлгомжгүй хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг харгалзаж үзээгүй шаардлага байна. 2012 онд гаргасан захирамжийг 2014 онд Газрын тухай хуулийг үндэслэж хүчингүй болгох ёстой байсан гэх нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна.
Үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлдэх тухай хуульд зааснаар эрх ашиг нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхээр эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд 2012 оны А/244 тоот захирамж нь 2012 онд анх гарах үедээ болон хүчингүй болгох ёстой байсан гээд байгаа 2014 онд нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд эрх ашиг нь хөндөгдсөн эсхүл хөндөгдөж болзошгүй гэдэг нь нотлогдохгүй байх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр “Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, шүүхээр хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн үед дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Аийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.А даргыг ажил албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэхээр байна гэж хүсэлт гаргасныг шүүх хянаад хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа, Б.Аийн ажил албан тушаалаа урвуулан ашигласан ашиг сонирхолын зөрчилтэй гэдгийг захиргааны хэргийн шүүх тогтоохгүй, тухайн хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэг: Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Анх Ц.А нь Ч*******тэй дүүргийн өмч Газрын харилцааны албанд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Ч*******тэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт зусланд байрлах зуслангийн газрыг өөрийн нэр дээр эзэмших” хүсэлтээ гаргасны дагуу Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/245 дугаар захирамжаар Ч*******тэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтэд зуслангийн зориулалтаар 3425 мкв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ц.А нь авсан газартаа гудамж зам гарган Ч*******тэй дүүргийн Газрын албанд зуслангийн зориулалттай 3425 мкв газрыг Б*******гийн А, Г*******ын Д, Цийн А, Эы Б нарт тус бүр нь 700 мкв талбайг шилжүүлэн өгөх болж эдгээр хүмүүст газар эзэмших гэрчилгээг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу Ч*******тэй дүүргийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар дээрх иргэдэд тус бүр нь 700 мкв талбай бүхий нийт 2800 мкв талбай бүхий газрыг зуслангийн зориулалтаар олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан Ц.А, Г.Д, Ц.А, Э.Б, Б.А нарын Ч*******тэй дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлт, эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Ц.А-с нэр бүхий 4 иргэнд газар шилжүүлсэн, өөрийн эзэмшлээр авсан нийт 3425 мкв талбайгаас 2800 мкв талбай бүхий газраа шилжүүлсэн болон үлдэх 625 мкв талбай нь орц гарцны зориулалттай нийтийн эзэмшлийн талбай гэдэг дээр талууд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Дээрх газрыг эзэмшиж байсан Б.А нарын 4 иргэн, иргэн Ж.О*******той харилцан тохиролцсноор Ж.О******* нь хөрөнгө оруулалт хийж зуслангийн амины орон сууц, гараж, террасыг 2017 оны 3 дугаар сараас эхлэн барьж 3 амины орон сууцыг цогцоор нь ашиглалтад оруулж, 2 амины орон сууцын суурь болон хана хийж нийт 433.545.000 /дөрвөн зуун гучин гурван сая таван зуун дөчин таван мянган/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээ, болон шүүхээс хийсэн үзлэгээр нотлогдож байна.
Гэтэл Ч*******тэй дүүргийн Засаг дарга болон дүүргийн газрын алба эдгээр нөхцөл байдлыг сайн нягталж судалж үзэлгүйгээр иргэн З.У, Ж.М нараас Ч*******тэй дүүргийн Засаг даргад гаргасан өргөдлийг хянаж үзээд бусдын газартай давхацсан гэдэг үндэслэлээр Ч*******тэй дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэдгийг зөрчсөн байна гэж үзэж 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр А/517 дугаар захирамжаар Ц.А-ын нийт 3425 мкв талбай бүхий газрыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамж гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгч Ц.А-ын зуслангийн зориулалтаар авсан 3425 мкв газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарладаг ч бодит байдал дээр нэхэмжлэгч Б.А, Г.Д нарын 700 мкв буюу 1400 мкв талбай бүхий газартай нь давхцалтай байна.
Өөрөөр хэлбэл уг хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Ж.М, З.У нарын бусдаас шилжүүлж авсан 1400 мкв талбайтай нэхэмжлэгч Б.А, Г.Д нарын газартай хэсэгчлэн давхцдаг бөгөөд хариуцагч Ч*******тэй дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.А-д олгосон 3425 мкв газрыг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд анхнаасаа 1400 мкв талбай газрыг давхцуулан нэхэмжлэгчид олгож байгаа нь төрийн захиргааны байгууллагын өөрсдийнх нь буруутай үйлдэл төдийгүй эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчид газар олгож тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа буюу нэхэмжлэгчийг хууль зөрчсөн гэж үзэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл Захиргааны үйл ажиллгааны зарчим, 4.1-д “Захиргааны үйл ажиллгаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т Захиргааны үйл ажиллгаанд дараах тусгай зарчмыг баримтлана, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн зарчмыг зөрчсөн байна.
Тухайлбал Ч*******тэй дүүргийн Засаг дарга маргаан бүхий 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч Ц.А болон түүнээс газар шилжүүлж авсан Б.А, Г.Д, Ц.А, Э.Б нарын 4 иргэнд огт мэдэгдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Ж.О******* манайд эдгээр иргэдийн газарт хөрөнгө оруулалт хийж байшин барьсан тул газрыг нь шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн бид судалж үзээд боломжгүй бусдын газартай давхцсан тул хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэдэг хариуг Ж.О*******д дүүргийн Газрын албаны 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12/763 тоот албан бичиг, Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3/1485 тоот албан бичгүүдээр хүргүүлж мэдэгдсэн” гэх тайлбараар нотлогдож байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна”, мөн хуулийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус хуулиар захиргааны байгууллагын шийдвэр гаргахаас өмнө хийх ажиллагааг нарийвчлан зааж өгсөн байна.
Гэтэл Ч*******тэй дүүргийн Засаг дарга нь А/517 дугаар захиргааны актыг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулиар олгосон үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор бодит байдал дээр түүнд болон гуравдагч этгээдэд ямар эрсдэл, хир хэмжээний бодит хохирол хэнд нь үүсч болохыг харьцуулж судалж, тогтоох шаардлагатай байсан төдийгүй, сонсох ажиллагааг хийж тайлбар, гомдол гаргах боломжоор хангаагүй, мөн А/517 дугаар захирамж гарснаар нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөхгүйгээр бодит байдал дээр хэрхэн биелэгдэх нь ойлгомжгүй зэрэг хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчсөнөөр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байна.
Хоёр: Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар захирамжаар Д.А, Б.Бат-Э нарт Ч*******тэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд тус бүр нь 700 мкв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан байна.
Үүнээс хойш 8 жилийн дараа 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/244 дүгээр захирамжаар Ж.М, З.У нар нь Д.А, Б.Бат-Э нараас дээрх эзэмшлийн газрыг шилжүүлж авсан байжээ.
Дээрх газраа 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гуравдагч этгээд болох Ж.М, З.У нар нь 5 жилийн хугацаанд огт ашиглаагүй байна. Хэдийгээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч “...зуслангийн зориулалтаар ашиглаж байсан” гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг ч зуслангийн зориулалтаар ашиглаж байсан нь гэдэг нь бодит байдал дээр ямар нэг байдлаар тэмдэг тэмдэглэгээ байхгүй, байшин барилга баригдаагүй зэрэг нь талуудын тайлбар болон шүүхийн үзлэгээр нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” хэлнэ гэж заасан.
Гэтэл Ж.М, З.У нар нь газраа зориулалтынх нь дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр огт ашиглаагүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Үүнээс дүгнэж үзвэл газраа ашиглаагүй байх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх гэсэн хоёр нөхцөлийг хангасан байхыг шаардсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.3-т “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж зааснаас үзвэл захиргаа өөрөө 5 жилийн дотор буюу зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгох эрхтэй байжээ.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Ж.М, З.У нар нь хэдийгээр газрын төлбөрөө төлж байсан ч гэсэн эзэмшлийн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь хуулийн зөрчил бөгөөд Ж.М, З.У нар нь бид зусландаа гарч байсан гэхээс өөрөөр тайлбарладаггүй, хэрэв зусландаа гарч байсан бол түүнийгээ нотолсон баримт байхгүй зэргээс үзвэл Ч*******тэй дүүргийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт заасанаар захиргааны актыг гаргаснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгох эрхтэй байсан байна.
Гэтэл Захиргааны ерөнхий хуульд хуульчилж өгсөөр байхад захиргаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн байна.
Мөн түүнчлэн гуравдагч этгээд Ж.М, З.У нар нь дээрх газрыг эзэмших эрхтэй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нарыг тухайн газар барилга байгууламж барьж байгааг мэдсэн даруйдаа ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй, энэ талаар шүүхэд хандаж гомдол гаргаагүй зэргээс дүгнэвэл гуравдагч этгээд хуулиар олгосон шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарт бодитой хохирол учрахаар нөхцөл байдал бий болсон байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол, өөрөө хүчингүй болгоно” гэж тус тус заасан.
Гэтэл Ч*******тэй дүүргийн Засаг дарга нь өмнөх 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжаа иргэн харахгүй байгаа тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамж нь хууль бус болохыг тогтоож, Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Түүнчлэн гуравдагч этгээдээс нэхэмжлэгч нарт их хэмжээний газар олгохоор бол дуудлага худалдаанд оруулж байж өгөх байсан гэж тайлбарладаг ч хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарыг буруутгаж маргадаггүй, хариуцагч байгууллагаас гуравдагч этгээдүүдэд өөр газар энэ хэмжээгээр нь олгох боломжтой гэж тайлбарладаг болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.3, 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.3, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А, Ц.А, Г.Д, Э.Б, Б.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамж, Ч*******тэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ