Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2017/ДШМ/80

 

Л.Э-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай                                                                                               

    Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгч: Л.Э,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Баттөр,

            Хохирогч: Ж.Михлай,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолтой,  шүүгдэгч Л.Э-д холбогдох, эрүүгийн 201710000119 дугаартай, 1 хавтас, 111  хуудас бүхий хэргийг шүүгдэгч Л.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд мөн шүүхийн 2017.08.03-ны өдрийн 2017/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжээр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, Жамбалшарав овогт Л.Энхболд /РД:ЕС81120111/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

           Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэсгэрт байрлах Маанийн өргөө гэх байранд нэвтэрч 57 метрийн урттай дээл хийх гэж байсан шар өнгийн гадар хулгайлсны улмаас хохирогч Ж.Михлайд 456000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Э-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.03-ны өдрийн 2017/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 218 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцож, 27 хоног хорих ял, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялыг 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож 1 жил 1 сар 5 хоног хорих ялуудыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 2 хоногийн хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 3 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Энхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхболд миний бие нь урьд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэж ял мөн 6000 нэгжээр торгох ялаар тус тус шийтгэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгтгэж хорих ялын хэмжээг 3 жил 2 сар 2 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж байгаа боловч 2 хуулийн хоорондын шийтгэлийн ялгаанаас үүдэн миний ял шийтгэл хүндэрсэн гэж үзэж байгаа тул оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Миний хувьд хохирол төлбөрөө барагдуулсан, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн би уг хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ялыг хөнгөрүүлж үзэхдээ анхаарч үзнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдсан гомдолдоо: 2015 оны Эрүүгийн

хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсний дагуу Энхболдод 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан боловч ялыг нэмж нэгтгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэсэн нь Энхболдын эрх зүйн байдлыг дордуулж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор заасан бол 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсанаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно гэж заасан. Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, хохирогч нь төрсөн ээж нь байдаг ба хохирогчийн зүгээс ямар нэгэн санал гомдолгүй байдаг. Иймд Э-д оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ял, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар баривчлах шийтгэл оногдуулж, үлдэх ялыг нэгтгэх, эсхүл 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Маанийн өргөөний урд талын гэрт Энхболд эхнэртэйгээ хамт амьдардаг. Эд хөрөнгө захиран зарцуулах эрх нь Э-д байдаг. Энэ талаар хохирогч Михлайгийн мэдүүлсэн “Э-д түлхүүр нь байдаг, байнга түлээ, модыг нь хагалж, орж гардаг байсан. Тиймээс тухайн эд хөрөнгөнөөс захиран зарцуулах эрх нь Энхболдод байсан” гэсэн мэдүүлэг  хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байдаг. Тухайн торго энэ хоёр хүний өөрсдийнх нь өмч байгаа. Тиймээс Энхболд тухайн хөрөнгөнөөс захиран зарцуулах боломжтой гэв.

Хохирогч Ж.Михлай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маанийн өргөөний өмч бол Энхболд бид хоёрын өмч юм. Энхболд миний төрсөн хүүхэд юм, миний хүү надад тусалж, ус, түлээ оруулж өгч тусалдаг.   Миний эд хөрөнгийг залгамжлан үлдэх хүн байгаа юм. Хулгай орсныг мэдээд би хууль мэдэхгүйдээ янз бүрийн зүйл ярьж цагдаа дуудсан нь үнэн. Надад гомдол санал байхгүй, энэ байдлыг минь харгалзан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Михлай гуай бол шүүгдэгчийн төрсөн ээж. Сайн дурын 21 дарь эх гэдэг ном уншдаг маанийн өргөө нь ганцхан түлхүүртэй. Түлхүүр нь зөвхөн Михлай гуайд байдаг. Шүүгдэгч маанийн өргөөгөөр орж гардаг ч гэсэн хохирогч Михлай гуайг маанийн өргөөгөө цоожлоод явсаны дараа цонхоор нь нэвтэрч орж дээлний торгыг хулгайлсан. Уг хулгайд алдагдсан дээлний торго бол тухайн маанийн өргөөнд ном уншдаг хандмаа нарт зориулагдсан дээлийн торго байсан. Энэ торгыг хулгайлж аваад, өөр танихгүй хүнд зарсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Михлай гуайн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөн гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Энхболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э-д  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгчид 2017.08.03-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 2 хоног болгон тогтоож шийдвэрлэсэн. Шүүгдэгч 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууд ял шийтгэл оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн үед ял шийтгэл оногдуулсан, шүүгдэгч Э-ын энэ үйлдэл нь 8 жилийн хорих ялтай, 2015 оны Эрүүгийн хуулиар ял нь хүндэрсэн учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо ялыг нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байсэн гэж гомдол гаргасан бөгөөд  анхан шатны шүүх ашигтай байдлаар 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан учраас дахин 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй.Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө ээжийнхээ ажиллуулдаг Мааний өргөлийн өргөөний цонхоор орж 56 метр дээлний торго хулгайлж бусдад 456.000 төгрөгийн хохирол учруулсан тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж,  2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол гарахын өмнөх шүүгдэгчид холбогдох 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мөн шүүхийн 104 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 215 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцож 27 хоног хорих ялыг,  2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож 1 жил 1 сар 05 хоног хорих ялыг тус тус энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ж.Михлайг тайлбараар болон хохирогчоор байцаасан тэмдэглэлүүд, гэрч Ж.Улаанхүү, С.Лхамсүрэн, С.Ичинхорол нарын мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ тогтоосон Хөрөнгө-Эстимейт ХХК-ны дүгнэлт, хэргийн газраас илэрсэн гарын мөрийн шинжилгээний дүгнэлтээр шүүгдэгчийн гарын мөр илэрсэн тухай 2017 оны 04 дүгээр сарын 19-ний  өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байна.

 Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарын давж заалдсан гомдол болон өмгөөлөгч Б.Баттөрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзлээ.

Учир нь гэмт хэрэг гарсан Маанийн өргөө нь шүүгдэгч Л.Э-ын ээж Михлайн нэрийн ажлын байр бөгөөд энэ байрны түлхүүр ганцхан хохирогчид өөрт нь байдаг, хулгайн эд зүйл болох 56 метр торго нь Маанийн өргөөний хандмаа нарын хувцсанд зориулагдсан байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг ээжийнхээ ажлын байрны эд хөрөнгийг хулгайлсныг гэмт хэрэгт тооцохгүй гэх үндэслэл байхгүй ба түүнийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн,  мөн Эрүүгийн хуулийн “ “Шударга ёсны” болон  “Гэмт хэрэгт тооцох“ зарчимд тус тус нийцэж байна гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон Б.Баттөрийн санал үндэслэлгүй байна гэж үзлээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба энэ хуульд “Баривчлах“ ял байхгүй болсон тул шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар баривчлах ял оногдуулж болохгүй юм.

Шүүгдэгч нь 2017 оны 08 дугаар сарын 03-нд хулгайн болон хууль бусаар ан агнах гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж,  ял шийтгэлээ эдэлж дуусаагүй байхдаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-нд дахин хулгайн гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ял хүндрүүлэх нөхцөлд хамаарч байна.

Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Урангоогоос гаргасан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар баривчлах ял оногдуулж, үлдэх ялыг нэгтгэх, эсхүл 2002 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ялыг заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол нь мөн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах “ зохицуулалтыг хэрэглэсэн нь “ Эрүүгийн хууль“-ийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. 

Шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 төгрөгийн торгох ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар “ Ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэх”  зохицуулалтаар шийдвэрлэх тохиолдолд торгох ялыг бусад ялд тэнцүүлэн нэгтгэх зохицуулалт байхгүй, мөн шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ял нь хуучин хуульд байхгүй, шинэ хуулиар тогтоосон ял тул уг ялыг хуучин хуулиар хорих ялд тэнцүүлэн нэгтгэх зохицуулалт мөн байхгүй учраас эдгээр 3 төрлийн хорих, нийтэд тустай ажил хийлгэх, торгох ялыг тус тусад нь эдлүүлэх шаардлагатай болж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд шүүгдэгчид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 17.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, анхан шатны шүүхийн баримталсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” зохицуулалтаар шийдвэрлэх нь шүүгдэгчид нэг хуулиар, нэг төрлийн ял шийтгэлийг оногдуулах, шүүгдэгч нь ялаа нэг цаг хугацаанд бүрэн эдэлж дуусах зэргээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээг зөвтгөх нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Э-ын хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл нөхцөл үүссэн тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар хэд хэдэн төрлийн ялыг нэгтгэж оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэлд оногдуулах хорих ялын доод хэмжээ хуучин хуулиас өөрчлөгдөөгүй тул энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Л.Э-д ял шийтгэл оногдуулахдаа хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байна гэж үзлээ.

 Ингэхдээ шүүгдэгчид анхан шатны шүүхээс “Хулгайлах” гэмт хэрэгт нь  оногдуулсан 2 жилийн хорих ялыг хэвээр нь үлдээх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасантай нийцэж байна  гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Э-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

“2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл шүүгдэгч Л.Эын цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                        ШҮҮГЧИД                                  Н.БОЛОРМАА

                                                                                                           А.САЙНТӨГС