| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0487/э |
| Дугаар | 0511 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 0511
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008012920500 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хубилай овогт Бямбажавын Э /РД:/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ын 61 дүгээр гудамжны 77 тоот хашаанд байрлах “” хүнсний дэлгүүрт иргэн Э.Ттэй маргалдан түүнийг гадагш дагуулан гарч дэлгүүрийн хойд талд аваачин Э.Тийн зүүн шанаа, чихэн тус газар нь гараараа цохиж “Зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогч 11 цагийн үед дэлгүүрээр үйлчлүүлсэн байсан. Орой намайг байхад 2 халамцуу хүн орж ирээд “танайх надаас 15.000 төгрөг илүү авсан байна” гэхээр нь шалгахад “маргаангүй байна” гэсэн. Тэгэхэд “камер үзнэ” гээд, мөн хэрүүл хийгээд 30-аад минут болсон. Камер үзүүлээд ойлгохгүйн байна, маргааш үзүүлье гэхэд “одоо үзнэ, маргааш амжихгүй” гэсэн. “Гарчих” гэтэл “үгүй” гэсэн. Тэгээд “гаръя” гээд мөрөн дээр нь гараа тавиад хаалга чиглүүлээд алхтал элдвээр хэлээд байсан. Би цээж рүү нь түлхэж холдуулсан. “Үзье” гээд гараа зангидаад гүйгээд ирэхээр хамар луу нь цохисон чинь цус гарсан. Тэгээд цагдаа дуудсан. Хоёулаа барилцаж аваад мөргөлдсөн. Хохирогчийг танихгүй. Хохирогч намайг цохисон. Дахиад цохих гэхээр нь би хамар луу нь цохисон. Манайх нийтдээ 16 камертай. Ямар ч нөхцөл үүссэн байсан би нүүрэн тус газарт цохисондоо гэмшиж байгаа. Айж балмагдаж цохисон. Үүнийгээ мэдэж хурдан зугтсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хүнд хүрсэндээ гэмшиж байна. Цаг үеийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2008012920500 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.Тийн: “2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд ...“” дэлгүүр лүү орж 2,5 литрийн пиво 1 ширхэг, 0,75 литрийн хэмжээтэй архи, тамхи 1 хайрцаг аваад тооцоо нь 29000 төгрөг болсон. Би бэлнээр 15000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь картаар хийсэн. Тэгээд ахдаа захисан юмыг нь аваачиж өгчихөөд найз Зоригоогийн гэрт очтол Зоригоо 2,5 литрийн пиво авчихсан байхаар нь хувааж ууж байтал 19 цагийн орчимд Мэндээ ах залгаад “картнаас илүү мөнгө авсан байна” гэхээр нь “2-уулаа хамт дэлгүүр явъя” гээд буцаж “” дэлгүүр лүү ах Мэндээгийн хамт очоод худалдагчид “камерын бичлэг шүүлгэе” гэтэл Э гэх дэлгүүрийн захирал “үзүүлэхгүй” гэхээр нь “тэгвэл та өөрөө үзээд өгөөч” гэсэн чинь “үгүй” гээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгсэн нөгөө ах “2-уулаа гаръя” гэхээр нь “за” гээд дэлгүүрээс нь гараад урагшаа булан эргээд нэг хашаа руу дагуулаад орохоор нь “яасан бэ, ахаа” гэтэл үгийн зөрөөгүй гараараа зүүн талын шанаа, чих хавсарч, 1-2 удаа цохисон. Тэгснээ шууд “за 2-уулаа дэлгүүр лүү оръё” гэхээр нь дагаж ороод цагдаад дуудлага өгсөн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Тухайн гэмтлийг “” хүнсний дэлгүүрийн захирал Э гэдэг хүн гараараа цохиж учруулсан. Э гэдэг хүн эрүүл, би бага зэрэг уучихсан байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.
...Би 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэхдээ гайгүй байх гэж бодож байсан. Энэ ахыг намайг ийм болгочихно гэж бодоогүй тэгээд мэдүүлчихсэн юм. Хэд хоног чих өвдөөд байхаар үзүүлсэн чинь “хэнгэрэг цоорсон байна” гэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг дэлгэрэнгүй ярьсан. Би тэр өдрөөс хойш архи уугаагүй. Хэнтэй ч маргалдаж, муудалцаагүй. Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байхгүй. Надад мөнгө байхгүй учраас би эмнэлэгт үзүүлээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25-27, 75-76/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.03-ны өдрийн 3165 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Т-н биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-13-14/,
Гэрч Д.Мэндсайханы: “2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд эхнэрийн дүү Т манай гэрт золгох гэж ирсэн. Би Тийг “дэлгүүр яваад 2 лааз пиво аваад ир” гээд картаа өгөөд явуулчихаад хөзөр тоглосон. Т удалгүй 2 лааз пиво авчирч өгчихөөд гараад явсан. 19 цагийн орчимд эхнэр “чиний картанд байсан мөнгө байхгүй байна” гэхээр нь би Ттэй хамт дэлгүүр лүү очоод эзнээс Тээр илүү өгсөн мөнгө асуулгатал дэлгүүрийн эзэнтэй “камерын бичлэг шүүнэ” энэ тэр гээд маргалдаад эхэлсэн. Тэгж байснаа Т дэлгүүрийн эзэн хоёр дэлгүүрээс гараад 20 орчим минут болсон байх, буцаж орж ирсэн. Т “энэ ах намайг цохичихлоо” гээд цагдаад дуудлага өгчихөөр нь би “яах гэсэн юм бэ” гэтэл удалгүй цагдаа нар ирсэн. Т гаднаас орж ирэхдээ нүүр амаа гараараа хаасан байдалтай “энэ намайг цохичихлоо” гээд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Гэрч Б.Жавзандуламын: “Намайг дуудлаганд очиход Э.Т гэх залуу “намайг “” дэлгүүрийн эзэн зодчихлоо” гэсэн. “Ямар учраас таныг зодсон юм бэ” гэж асуухад “би энэ дэлгүүрээс өдөр худалдан авалт хийсэн, тэгэхэд надаас илүү мөнгө авсан байна, тэр мөнгөө авъя” гэтэл намайг дагуулж гараад зодсон гэж ярьж байсан. Дэлгүүрийн эзэн Этай уулзахад “энэ хүн манай дэлгүүрт орж ирээд илүү мөнгө авсан байна” гээд агсраад, би энэ хүнийг дагуулаад гарч бид 2 харилцан зодолдсон гэж ярьсан. Э гэх хүн намайг мөргөөд зүүн шанаа руу цохисон гэж ярьж байсан. Тийн хамраас цус гарсан, зүүн шанаа нь бага зэрэг хавдаж улайсан байдалтай байсан. Эын хувьд нүүр ам нь зүгээр, ямар нэгэн гэмтэлгүй харагдаж байсан. Тухайн үедээ би камерын бичлэг хийсэн, гэхдээ тэр бичлэг одоо бол байхгүй” гэх мэдүүлэг /хх-46-47/,
Гэрч Ц.Болор-Эрдэнийн: “2020 оны 02 дугаар сарын 24-ний ...13 цагийн орчимд архи уучихсан эрэгтэй хүн орж ирээд 2,5 литрийн пиво, 0,75 литрийн архи аваад, тооцоо 29000 төгрөгийг картаар хийсэн. Бас 19.900 төгрөгөөр ДДИШ картаа сунгуулсан. Бэлэн 15000 төгрөгөөр Юнителийн нэгж аваад явсан. Тэгээд 20 цагийн орчим нөгөө ах бас нэг ахтай нилээн согтуу орж ирээд өглөө авсан баримтуудаа надад харуулаад “би илүү мөнгө өгсөн байна, тэр мөнгөө авъя” гэсэн. Тэр үед Э ах дэлгүүр дотор байсан юм. Э ах “та нар одоо согтуу байна, маргааш эрүүл болоод ороод ир” гэсэн чинь “гарахгүй, би мөнгөө авъя” гээд агсам тавиад орилоод байхаар нь Э ах “маргааш эрүүлдээ бол” гээд Т гээд байгаа хүнийг дагуулаад дэлгүүрээс гараад удалгүй Э ах ганцаараа орж ирсэн. Дэлгүүр дотор зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлэг /хх-31-32/,
Гэрч Г.Оюунгэрэлийн: “2020 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн орчимд Т “ээжтэйгээ золгоно” гээд гараад явсан. Орой 23 цагийн орчимд гэртээ ирсэн. Тийн хувцас цус болчихсон “яасан, юу болсон” гэж асуутал “Нарангийн голд дэлгүүрийн хүнтэй маргалдаад зодуулчихлаа” гэсэн. “Юунаас болж маргалдаад зодуулсан юм бэ” гэж асуутал “тэр дэлгүүрийн хүн надаас “илүү мөнгө авсан” гээд бид 2 маргалдаж, муудалцаад намайг цохичихлоо” гэхээр нь би уурлаад “яах гэж шинийн нэгэнд хүнтэй маргалдаад байдаг юм” гэж хэлсэн. Тэгсэн шөнө унтаж байтал Т “чих өвдөөд байна” гээд байсан. Өглөө сэртэл “их өвдөөд байна” гээд орон дээр сууж байхаар нь би чих ухагч хөвөнгөөр чихийг ухтал хөвөн цус болсон байхаар шууд хувийн эмнэлэгт очиж үзүүлтэл “хэнгэргэн хальс цоорсон байна” гэсэн. Бид 2 хорооны байцаагчдаа хандаж шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-41-42/,
Гэрч Я.Ууганбаярын: “Би Эыг дуудан уулзаж, харьяаллын дагуу хэрэг бүртгэх тасаг руу шилжүүлж байгаа талаар хэлж мэдэгдсэн. Тухайн үед Э надад камерын бичлэг байгаа талаар яриагүй. “” дэлгүүрийг хяналтын камертай гэдгийг мэднэ. Гэхдээ уг дэлгүүрийн хойд хашаанд камерын хяналт байгаа үгүйг мэдэхгүй байна, урд болон дотор талдаа байдаг. Т надтай ирж уулзахдаа “миний чих өвдөөд байна, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бол чихнээс цус гараад байсан, одоо миний чих юм сонсохгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би мэдүүлэг аван, шинжээч томилон өгч явуулсан. Э надад 2-3 удаа зөрчлөөр шалгагдаж, торгуулийн арга хэмжээ авахуулж байсан. Эын хувьд бол зан харьцааны хувьд доголдолтой, манай хорооны иргэд болон хорооны ажилчид мэднэ. Э надтай уулзахдаа Тийг “мөнгө авах сонирхолтой, одоо цагт ийм хүмүүс их болсон” гэж ярьж ирсэн” гэх мэдүүлэг /хх-80-81/,
Шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 24-ний 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн “” хүнсний дэлгүүрт байхад 2 согтуу залуу орж ирээд Т гэх залуу нь “би өдөр танай дэлгүүрээс худалдан авалт хийсэн, танай дэлгүүр надаас 15000 төгрөг илүү авсан байна” гэхээр нь би гүйлгээ хийсэн баримтуудыг шалгахад тэр хүний авсан бараанууд яг тохирч байсан. Т намайг “камер шалгаж өг, шүүлгүүлнэ” гэхээр нь “одоо боломжгүй байна, та нэгдүгээрт согтуу байна, 2-т ачаалал ихтэй байсан болохоор нь зөвшөөрөөгүй, маргааш өглөө хүрээд ир” гэсэн чинь “чадахгүй, одоо заавал шүүлгүүлнэ” гээд хэрүүл маргаан хийж эхэлсэн. Би Тийг “чи одоо явчих” гэж зөндөө хэлсэн. Энэ байдал 30-аад минут үргэлжилсэн. Би Тийг “2-уулаа цагдаа дээр очъё” гээд дэлгүүрээсээ дагуулж мөрөн дээр нь гараа тавиад аваад гартал Т “чи муу хөгшин төгзөг миний мөрөн дээр гараа тавьдаг хэн бэ” гэхээр нь би дагуулаад дэлгүүрийн ард очтол Т “чи надтай зодолдох гэж байгаа юм уу тэ” гээд орилоод агсраад байхаар нь би түлхээд холдуулсан. Тэгсэн гараа зангидаад зодолдох гээд гүйгээд ирэхээр нь Тийн цээж рүү гараараа нэг удаа цохиод, хамар луу нь гараараа цохитол цус гарчихсан. Тэгээд бид 2 зууралцаж байгаад би дэлгүүр лүүгээ явсан. Удалгүй араас орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Би Тийн чих рүү цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-67-70/,
зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, хохирогчийн зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэг /хх-5, 8/, шүүгдэгчийн зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэг /хх-6/, “Энхсонор” чих хамар, хоолойн эмнэлгийн онош /хх-49/, чихний гэрэл зураг /хх-50/, цагдаагийн дуудлагын лавлагааны хуудас /хх-51/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-54/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-55/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э хохирогч Тийн зүүн шанаа, чихэн тус газар цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирлын баримт гаргаж өгөөгүй учир бусдад төлөх төлбөргүй. 02 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл бүх нийтийн амралтын өдөр байсан. Гэрч Оюунгэрэлийн мэдүүлэгт тодорхой байдаг. Хэргийн газарт очсон цагдаагийн алба хаагч гэрч Жавзандулам бас тодорхой мэдүүлсэн байдаг. Иймээс тухайн цаг хугацаанд уг гэмтэл учирсан гэж үзэж байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээхгүй, маргаж байгаа ч энэ үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болохгүй. Шүүгдэгч хуульд заасан эрхээ эдэлж байна. Хохирогчийн 2020 оны 02 дугаар сарын 24-ний мэдүүлэгт “намайг нүүр лүү 1 цохиж, мөргөөд, дэгээдэж унагаасан” гэж мэдүүлсэн, чих рүү цохисон, чих өвдөж байгаа талаар яриагүй байдаг. 2020 оны 02 дугаар сарын 29-нд өгсөн мэдүүлэгт “зүүн шанаа, чих нүүр лүү 2-3 удаа цохисон” гэж, 3 дугаар сарын 18-нд “зүүн шанаа, чих хавсарч 1-2 удаа цохисон” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Гэрч Оюунгэрэлийн мэдүүлэгт ““шөнө чих өвдөөд байна” гээд эмнэлэгт үзүүлсэн” гэдэг ч 7 хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн байдаг. 7 хоногийн дотор мөрдөгчид хэлээгүй, эмнэлэгт үзүүлээгүй байдаг тул эргэлзээтэй. Энэ хугацаанд хохирогчийн хаагуур явсныг тогтоогоогүй. Дэлгүүрт байсан хүмүүс нотолдоггүй. Хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдаж өгнө үү. Шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү. Шинжээч дүгнэлтийнхээ үндэслэлийг тодорхой яриагүй, хэлээгүй. Хэргийн байдлыг үнэн зөвөөр тогтоолгох шаардлагатай гэж шүүгдэгч үзэж байгааг хэлье. Буцаах үндэслэл судалж үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ын 61 дүгээр гудамж, 77 тоот хашаанд байрлах “” хүнсний дэлгүүрт иргэн Э.Ттэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн шанаа, чихэн тус газарт гараараа цохиж, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.Тийн “...нөгөө ах ...үгийн зөрөөгүй гараараа зүүн талын шанаа, чих хавсарч, 1-2 удаа цохисон. ...Тухайн гэмтлийг “” хүнсний дэлгүүрийн захирал Э гэдэг хүн гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-25-27, 75-76/, шүүх эмнэлгийн 3165 дугаар “1.Э.Т-н биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-13-14/, гэрч Д.Мэндсайханы “...Т гаднаас нүүр амаа гараараа хаасан байдалтай “энэ намайг цохичихлоо” гээд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-36-37/, гэрч Б.Жавзандуламын “Намайг дуудлаганд очиход Э.Т гэх залуу ирж уулзаад “намайг “” дэлгүүрийн эзэн зодчихлоо” гэсэн. ...Тийн хамраас цус гарсан, зүүн шанаа нь бага зэрэг хавдаж улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-46-47/, гэрч Ц.Болор-Эрдэнийн “...Э ...Т гээд байгаа хүнийг дагуулаад дэлгүүрээс гараад удалгүй Э ах ганцаараа буцаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-31-32/, гэрч Я.Ууганбаярын “...Т надтай ирж уулзахдаа “миний чих өвдөөд байна, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бол чихнээс цус гараад байсан, одоо бол миний чих юм сонсохгүй байна” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-80-81/, гэрч Г.Оюунгэрэлийн “...Тийн хувцас нь цус болчихсон “яасан, юу болсон” гэж асуутал “Нарангийн голд дэгүүрийн хүнтэй маргалдаад зодуулчихлаа, муудалцаад намайг цохичихлоо” гэхээр нь... Шөнө унтаж байтал Т “чих өвдөөд байна” гээд байсан. Өглөө сэртэл “их өвдөөд байна” гээд орон дээр сууж байхаар нь би чих ухагч хөвөнгөөр ухтал хөвөн цус болсон байхаар нь шууд хувийн эмнэлэгт очиж үзүүлтэл “хэнгэргэн хальс цоорсон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-41-42/, шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн “...Т “чи надтай зодолдох гэж байгаа юм уу тэ” гээд над руу орилоод агсраад байхаар нь би түлхээд холдуулсан. Тэгсэн гараа зангидаад надтай зодолдох гээд гүйгээд ирхээр нь би Тийн цээж рүү гараараа нэг удаа цохиод, ахиад хамар луу нь гараараа цохитол хамраас нь цус гарчихсан...” гэх мэдүүлэг /хх-67-70/, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, “Энхсонор” чих хамар, хоолойн эмнэлгийн онош /хх-49/, гэрэл зураг /хх-50/, дуудлагын лавлагааны хуудас /хх-51/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Эын таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Тийг зодож, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-75-76/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл, өөрөөр хэлбэл согтуугаар орж ирж, үндэслэлгүй шаардлага тавьснаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч согтуурсан үедээ, үйлчилгээний байгууллагад зүй бус авирласнаас таарамжгүй харилцаа үүсч, улмаар хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Эыг 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хубилай овогт Бямбажавын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР