Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 6021

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 27 байрны 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Хулантай” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33/А-26 тоотод оршин суух, Дуутан овогт Түмэн-Өлзийгийн Тэмүүжин /РД:УУ89051990/-д   холбогдох,

 

273,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Хулантай” Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2014 онд үүсгэн байгуулагдаж Баянгол дүүргийн 7 дугаар хороо 27, 33 тоот байруудыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг  бөгөөд 194 дугаартай гэрчилгээг дүүргийн засаг даргаас авсан. Энэ үеэс эхлэн иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж Монгол Улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХолбооны үйл ажиллагааны дүнд бид бүхэн өөрсдийн хөрөнгөөр байрандаа засвар үйлчилгээг тогтмол хийж, хаалганы түгжээ солих, сантехникийн засвар үйлчилгээ, цэвэр бохир усны шугам хоолой солих зэрэг өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг чанартай сайн гүйцэтгэж байгаа болно. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, ЗЗ/А байрны дээврийн засварыг бүрэн хийсэн. Гэвч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж сар бүрийн хуримтлалын төлбөрийг өгөлгүй удаж их хэмжээний өрийн хуримтлал үүсгэж холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэд байсаар байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зээг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”. Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2.3-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй”.  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, ннйтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2-т Сууц өмчлөгч нь “Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 13-р зүйлийн 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн. Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ЗЗ/А байр 26 тоот оршин суух хариуцагч Т.Тэмүүжингээс 2015 оны 10-12 дугаар сарын төлбөрт 64,050 төгрөг, 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын 208,950 төгрөг, нийт 273,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Т.Тэмүүжин нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Хулантай” СӨХ-ны  нэхэмжилсэн 273,000 төгрөгөөс 192,150 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 80,850 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний эзгүйд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Т.Тэмүүжингийн тайлбартай танилцлаа, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү.  Шүүх хуралдааныг бидний эзгүйд баталж өгнө үү гэжээ. 

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ нь хариуцагч Т.Тэмүүжингээс 273,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хулантай” СӨХ-ны нэхэмжилсэн 273,000 төгрөгийг хариуцагч Т.Тэмүүжин  192,150 төгрөгийг төлж барагдуулж, үлдэх 80,850 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  8,840 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 4,420 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ-ны нэхэмжилсэн 273,000 төгрөгийг хариуцагч Т.Тэмүүжин  192,150 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 80,850 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,840 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,420 төгрөг, хариуцагч Т.Тэмүүжингээс 4,420 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хулантай” СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

 

                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА