| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0200/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 205
2020 04 09 2020/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Д.П, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А овогт Д-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910018640152 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны механикч мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт Д-н П /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аэро” нэртэй караокены гадна найз Д.Баасанжавыг өмөөрөн, Д.Баасанжав, Д.Түвшинтөр нарын зодооныг таслан зогсоохоор очсон иргэн Б.Дын нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөж, хөл рүү нь баруун хөлөөрөө хавсарч унаган нүүр рүү нь баруун гараараа нэг удаа, цээж рүү нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол, уг үйлдлийг таслан зогсоохоор ирсэн иргэн Б.Бн нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөж, Б.Бн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.П: “...2019 оны 8 дугаар сарын 02-ны орой Д.Баасанжав намайг дуудаад “Аэро” нэртэй караоке орж хамт дуулсан, тэнд гурван охинтой танилцсан, нийлж нэг шил архи уусан, гарахын үед караокены гадаа зодоон болсон, танилцсан гурван охины нэг нь Д.Түвшинтөр таньдаг өгөөд Д.Баасанжав Д.Түвшинтөртэй маргалдаж зодолдсон. Би 2011-2012 оны хооронд цэргийн алба хаасан, энэ үед Б.Д нь мөн цэргийн алба хамт хаасан бөгөөд миний цэрэг байсан, таньдаг залуу. Б.Б бид хоёр эр хүмүүс учраа олчих байх гээд ярилаж байсан, гэтэл Б.Д цаанаас уурлаж ирэхээр нь би нэг удаа мөргөсөн, мөн хавирч унагаагаад өшиглөсөн. Хохиролд хоёр хохирогч нарт нийтдээ 1,500,000 төгрөгийг төлсөн. Маш их харамсаж байна, залуу хүний хувьд цаашид дэвших маань нэг шатаар хаагдсанд харамсаж байна, хохирогч нараас уучлал гуйгаад эвлэрсэн байгаа...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” караокед найз Д.Түвшинтөр, Б.Б нарын хамт орж пиво ууж байхад манай найз Д.Түвшинтөр гадаа гарч тамхи татлаа гээд гарчихаад буцаж орж ирэхгүй байхаар нь араас нь гарахад Д.Түвшинтөрийг цэнхэр биеийн тамирын цамц өмссөн 25-28 орчим насны Д.Баасанжав зодоод зогсож байсан. Д.Баасанжавтай хамт явж байсан Д.П гэх залууд хандаж чи найзыгаа аваач ээ гэхэд авахгүй байхаар нь би очиж салгахад Д.П чи яагаад байгаа юм бэ гээд миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөөд, намайг газар унагааж гараараа хэд хэдэн удаа цохисон. Намайг Д.П гэх залуу зодож байхад манай найз Б.Б салгах гээд ирсэн чинь Б.Бг мөн нүүр рүү нь бас толгойгоороо мөргөөд хамрыг нь хугалсан...” /хх-ийн 13-15/ гэсэн,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” караокед найз Д.Түвшинтөр, Б.Д нарын хамт суусан. Би караокены текэн дээр сууж байгаад гадаа гарахад найз Д.Түвшинтөрийн хамарнаас цус гарчихсан, газар сууж байхаар нь чи яасан бэ гэхэд намайг энэ цэнхэр цамцтай залуу зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залуу дээр очиж чи яаж байгаа юм бэ гэхэд Д.Түвшинтөр босож ирээд маргалдахаар нь та хоёр учраа ол гээд байж байхад цаанаас тухайн залуутай хамт явж байсан залуу ирээд юу болоод байгаа юм бэ гэхээр нь танай найз манай найзтай зодолдсон юм шиг байна, одоо энэ хоёр учраа олог гэж хэлээд байж байхад Б.Д надтай ярилцаж байсан залууг би чамайг ахаа гээд хүндлээд байхад арай давраад байгаа юм биш үү гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Тэгсэн тэр залуу манай найз Б.Дыг одоо битгий давраад байгаарай гээд цохиж аваад газар унагаагаад зодохоор би татаад салгахад над руу уурлаж миний хамар руу толгойгоороо мөргөхөөр нь би тэвэрч аваад газарт унасан...” /хх-ийн 18-20/ гэсэн,
Гэрч Д.Түвшинтөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” нэртэй караокед найз Б.Б, Б.Д нарын хамт сууж байгаад ...Номинтой тамхилчихаад буцаад орох гэж байхад Номинтой хамт явж байсан залуу намайг үгийн зөрөөгүй барьж аваад цохиж зодсон. Энэ үед манай найз Б.Д гарч ирээд салгасан, тэгсэн чинь намайг зодож байсан залуугийн найз гарч ирээд Б.Дыг зодсон. Энэ үед манай найз Б.Б тэр залууг салгах гээд татсан чинь Б.Дыг эргэж хараад хамар руу нь мөргөж унагаад газар чирээд цохиж зодсон...” /хх-ийн 25-27/ гэсэн,
Гэрч Д.Баасанжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэгт байрлах караокед найз Бямбаа, П нарын хамт орж байж байгаад ...шөнийн 02 цагийн үед гадагшаа гараад буцаад орж ирэхэд 5 эмэгтэй байхаар нь очиж уулзаад хамтдаа цуг дуулья гэж хэлээд нэг өрөөнд хамтдаа сууцгаасан. ...04 цагийн үед гадаа гарч ирэхэд бид нартай хамт байсан эмэгтэйчүүдийг таньдаг гэх гурван залуучууд бид нар дээр ирээд нэг залуу нь намайг хараад байхаар нь тухайн үед би юм яриагүй, тэгээд би найзуудын хамт байж байхад тэр залуу бид хэд дээр ирэхээр нь би түрүүлээд нэг удаа баруун шанаа хэсэгт нь алгадаж, духанд нь гараараа цохисон. Тэгээд бид нар үүнээс болоод хоорондоо харилцан зодолдсон...” /хх-ийн 28-29/ гэсэн,
Шүүгдэгч Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аэро” караокед найз Д.Баасанжав болон өөр нэг найзын хамт орсон. ...Тэнд сууж байсан 2-3 охинтой танилцаж тэд нартай хамт архи ууж байгаад тэндээс гарахаар болж охидуудтайгаа хамт гарахад караокены гадаа Б.Д хоёр найзтайгаа тамхи татаад зогсож байсан, тэгэхээр нь Д.Баасанжав бид хоёр хамт тамхи татаад байж байхад охидууд караокены цаад талд сааданд очоод суучихсан. Тэгсэн чинь араас нь Д.Түвшинтөр, Д.Баасанжав хоёр явсан. Тэгээд тэр хоёр буцаж ирэхдээ хоорондоо маргалдчихсан ирсэн. ...Би Б.Дыг хөл рүү нь баруун хөлөөрөө хавсарч унагаад нүүр рүү нь гараараа нэг удаа, цээж рүү нэг удаа цохиод дээр нь гарчихсан цээжин дээр нь дараад байж байхад Б.Б над дээр ирээд намайг татаж босгоод миний хацар руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Б.Бгийн нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн, тэгсэн чинь манай найз Д.Баасанжав намайг салгасан...” /хх-ийн 49-51/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №9457 тоот дүгнэлтэд: “...1. Б.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй...” /хх-ийн 34/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №9458 тоот дүгнэлтэд “...Б.Д-ын биед хамрын зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчллэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 36/ гэсэн дүгнэлтүүд,
- Хохирогч Б.Б-н толгойн компьютер томографийн оношилгоо /хх-ийн 121/,
- Хохирлын баримт /хх-ийн 122/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 123-124/,
- Шүүгдэгч Д.П-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлгаа /хх-ийн 55/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 56-57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, нийгмийн даатгал төлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 74-81/, утасны дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 89-103/ зэрэг баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аэро” нэртэй караокены гадна найз Д.Баасанжавыг өмөөрөн, Д.Баасанжав, Д.Түвшинтөр нарын зодооныг таслан зогсоохоор очсон иргэн Б.Д-ын нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөж, баруун хөлөөрөө хавсарч унагаан нүүр рүү нь гараараа нэг удаа, цээж рүү нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол,
Уг үйлдлийг таслан зогсоохоор ирсэн иргэн Б.Б-н нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөж, Б.Б-н эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Дын “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ...Д.Түвшинтөр гадаа гарч тамхи татлаа гээд гарчихаад буцаж орж ирэхгүй байхаар нь араас нь гарахад Д.Түвшинтөрийг цэнхэр биеийн тамирын цамцтай Д.Баасанжав зодож байсан. Д.Баасанжавтай хамт явж байсан Д.П гэх залууд хандаж чи найзыгаа аваач гэхэд авахгүй байхаар нь би очиж салгахад Д.П чи яагаад байгаа юм бэ гээд миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөөд, намайг газар унагааж гараараа хэд хэдэн удаа цохисон. Намайг Д.П гэх залуу зодож байхад манай найз Б.Б салгах гээд ирэхэд түүний нүүр рүү нь бас толгойгоороо мөргөөд хамрыг нь хугалсан...” /хх-ийн 13-15/ гэсэн, хохирогч Б.Бн “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ...би тухайн залуу дээр очиж чи яаж байгаа юм бэ гэхэд Д.Түвшинтөр босож ирээд маргалдахаар нь та хоёр учраа ол гээд байж байхад цаанаас тухайн залуутай хамт явж байсан залуу ирээд юу болоод байгаа юм бэ гэхээр нь танай найз манай найзтай зодолдсон юм шиг байна, энэ хоёр учраа олог гэж хэлээд байж байхад Б.Д надтай ярилцаж байсан залууг би чамайг ахаа гээд хүндлээд байхад арай давраад байгаа юм биш үү гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Тэгсэн тэр залуу манай найз Б.Дыг одоо битгий давраад байгаарай гээд цохиж аваад газар унагаагаад зодохоор нь би татаад салгахад над руу уурлаж миний хамар руу толгойгоороо мөргөхөөр нь би тэвэрч аваад газарт унасан...” /хх-ийн 18-20/ гэсэн, гэрч Д.Түвшинтөрийн “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ...манай найз Б.Д гарч ирээд салгасан чинь намайг зодож байсан залуугийн найз гарч ирээд Б.Дыг зодсон. Энэ үед манай найз Б.Б тэр залууг салгах гээд татсан чинь эргэж хараад Б.Дын хамар руу нь мөргөж унагаад газар чирээд цохиж зодсон...” /хх-ийн 25-27/ гэсэн, шүүгдэгч Д.Пгийн “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ...би Дыг хавсарч унагаад нүүр рүү нь гараараа нэг удаа, цээж рүү нэг удаа цохиод дээр нь гарчихсан цээжин дээр нь дараад байж байхад Б.Б над дээр ирээд намайг татаж босгоод миний хацар руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Б.Бгийн нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн, манай найз Д.Баасанжав намайг салгасан...” /хх-ийн 49-51/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №9457 тоот дүгнэлтэд: “...1. Б.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 34/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №9458 тоот дүгнэлтэд “...Б.Д-ын биед хамрын зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчллэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 36/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Д-ын биед учирсан “...хамрын зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт...”, хохирогч Б.Бн биед учирсан “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэлүүд нь шүүгдэгч Д.П-гийн тэднийг цохих, мөргөх, өшиглөх үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.П-гийн хохирогч Б.Б, Б.Д нарыг мөргөж, цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн, хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд хамрын зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан, хохирогч, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа эвлэрсэн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 123-124/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, өөрийн гэм бурууг ойлгож, гэмшсэн байдал, ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910018640152 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б, Б.Д нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н П-г 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.П-д оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910018640152 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б, Б.Д нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсгай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР