| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07609/И |
| Дугаар | 6022 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 6022
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил дугаар хороолол, 24 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Түшээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил дугаар хороолол, 26-71 тоотод оршин суух, Боржигон овогт Гунчинжилийн Цэрэндолгор /РД:ЧС82082169/-т холбогдох,
567,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнд байдаг 26 дугаар байрны 71 тоотод оршин суудаг Гучинжил овогтой Цэрэндолгор нь 2011 оны 2 сараас 2016 оны 11 сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс болох нийт 59 сарын 567,920 төгрөгийг “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй байгаа болно. Иймд 567,920 төгрөгийг Г.Цэрэндолгороос гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Г.Цэрэндолгороос 567,920 нэхэмжилснээс 117,920 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 450,000 төгрөгийг хариуцагч Г.Цэрэндолгор төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Г.Цэрэндолгорт холбогдуулан 567,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Г.Цэрэндолгороос 567,920 нэхэмжилснээс 117,920 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 450,000 төгрөгийг хариуцагч Г.Цэрэндолгор төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 17,678 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Г.Цэрэндолгороос 567,920 нэхэмжилснээс 117,920 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 450,000 төгрөгийг хариуцагч Г.Цэрэндолгор төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,678 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цэрэндолгороос улсын тэмдэгтийн хураамжид 14,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА