| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0362/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/358 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Батбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/358
2020 4 17 2020/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0362/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
улсын яллагч Г.Батбаяр,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2002000000133 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “ЭССУ” ХХК-д ерөнхий менежерээр ажилладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 31 дүгээр байрны 22 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 11-р байрны 18 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Ц.Б /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албаны шуурхай утсанд ирүүлсэн "архинд хүн хордож эмнэлэгт хүргэгдсэн" гэх мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12-579 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг "Тацо" нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийхэд "дахин хяналт шалгалт хийлгэхгүй байх" ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн эзэмшдэг Хаан банкны 5075261663 тоот данснаас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны 5020309439 тоот данс руу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 700.000 төгрөгийг,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшдэг Хаан банкны 5075261663 тоот данснаас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний бэр П.Мөнхзулын Хаан банкны 5033599010 тоот дансаар дамжуулан 500.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Гэрч Г.Отгонцэцэгийн өгсөн: "...2018 оны 02 дугаар сард байсан санагдаж байна. Тухайн өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэмжээнд цасны баяр тэмдэглэх гээд ажил дээрээ цуглачихсан байхад "архины хордлого гарлаа" гэсэн мэдээлэл ирэхэд нь Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Өлзийбаяр, хэлтсийн дарга М.Баасандорж бид 3 хяналт шалгалтаар очсон. Тухайн дэлгүүр нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32 дугаар тойргийн орчимд байдаг “Номин” худалдааны төвийн хойд талд байрлалтай байсан. Архинд хордсон гэх хүмүүс нь "Тацо" гэх дэлгүүрээс архи худалдан авсан, бэр гуйхаар ирж архи худалдаж авсан, урьд өдөр нь бас архи уусан тухайгаа хэлсэн" боловч архиныхаа сериал дугаарыг хэлээгүй. Ингээд дэлгүүрт шалгалт явуулахад "архинд хордсон гэх хүмүүсийг манайхаас архи авсан" гэж хэлсэн боловч бүтээгдэхүүний ул мөр мөрдөх, тогтоох бүртгэл огт байгаагүй. Ингээд тухайн компанийг хэзээ ямар үйлдвэрийн, ямар сериал дугаартай архийг худалдан авч, цааш нь худалдан борлуулсныг тогтоох боломжгүй байсан. Тухайн компанийн захирлын хувьд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-д заасан хүнсний бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй зөрчил илэрснийг хүлээн зөвшөөрч 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 тал/,
Гэрч Б.Мөнгөншагайн өгсөн: "...М.Баасандорж дарга би "шүүхийн шийдвэрээс болоод дансаа хаалгачихсан, чамд данс байна уу? гэж асууж байсан. Би бас шүүхийн шийдвэрээс болоод Хаан банкны дансаа 2017 оны намраас эхлээд хаалгачихсан юм. Тэр тухайгаа хэлээд харин эхнэр Пүрэвнямын Мөнхзулын нэр дээрх Хаан банкны 5033599010 тоот дугаартай дансыг хэлсэн. Энэ данс нь манай эхнэрийн нэр дээр байдаг боловч би энэ дансыг ашигладаг юм. Миний утас дээр энэ данс руу нэвтрэх нууц үг, данстай холбогдсон карт нь надад байдаг. Тэгээд М.Баасандорж даргад эхнэрийнхээ дансыг хэлэхэд тэрээр энэ дансыг ашиглаж, 5-6 удаа хүнээс мөнгө төгрөг авч байсан санагдаж байна. М.Баасандорж эхнэрийн энэ дансны дугаарыг цээжээр мэддэг болохоор "эхнэрийн чинь данс руу мөнгө орвол хэлээрэй" гэж хэлдэг байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 тал/,
Яллагдагч М.Баасандоржийн өгсөн: "...Тацо ХХК-ийн асуудлыг бол би санаж байна. Энэ компаниас архи худалдаж авсан хүн архинаас хордсон гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтэс болон манай хэлтсээс 3 хоногийн хугацаанд “Тацо” ХХК-ийн хүнсний дэлгүүрт шалгалт хийгдсэн юм. Ингээд хүмүүс хордсон асуудал нь цагдаа дээр шалгагдаад дууссан. Манай хэлтсээс бол гаргасан зөрчилд нь арга хэмжээ авсан. ...энэ явдал болсноос хойш намайг Завхан руу явж байхад машин эвдрээд бензин тос хүрэхгүй болохоор Ц.Б руу утсаар яриад "ах руугаа мөнгө шилжүүлээд өгөөч гээд 700.000 төгрөг өгөхийг хүссэн" Ц.Б тэр дор нь над руу 700.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би тухайн үед мөнгийг нь буцааж өгч чадаагүй. ...миний хувьд мөнгөний хэрэгцээ гараад Ц.Баас албан тушаалын байдлаа ашиглаж мөнгө шаардаж авсан. Авсан мөнгөө одоо болтол буцааж өгөөгүй байгаа. ...би 2019 оны 4 дүгээр сард "Бэтүб" хийдийн хажуу талын хувийн эмнэлэгт хэвтсэн юм. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Ц.Б нь над руу утсаар яриад "дүү нь таныг эргэж очьё" гэж хэлж эмнэлэг дээр ирээд "эмчилгээндээ хэрэглээрэй" гээд 500.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 68-73, 76-79, 86-90 тал/,
Ц.Б-ын яллагдагчаар өгсөн: "...2018 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга болон байцаагч нар, цагдаагийн алба хаагчид нь манай дэлгүүр дээр архины хордлого гарсан, танайхаас архи худалдан авсан хүн архинаас хордсон байна гэж шалгалтаар анх ирсэн. Архины шинжилгээ гартал танайх дэлгүүрээ хаа, архи худалдахгүй, архины зөвшөөрөл чинь цуцлагдах байх шүү гэж М.Баасандорж гэдэг дарга нь хэлсэн. Тэгээд манайх дэлгүүрээ 2-3 хоног хаасан. Дараа нь мэргэжлийн хяналтын байцаагч Отгонцэцэг гэдэг хүнтэй очиж уулзаад 3 сая төгрөгийн торгууль төлсөн. Г.Отгонцэцэг байцаагч нь чи торгуулиа төлчхөөд даргатай орж уулзаарай гэхээр нь орж уулзаад манайх торгуулиа төлчихлөө, дэлгүүрээ нээж болох уу гэж асуусан. Манайхыг дэлгүүрээ хаа гэж хэлсэн хүн нь М.Баасандорж нь болохоор түүнээс асуух гэж өрөө рүү орсон юм. Тэгсэн чинь ер нь бол танайхаас шалтгаалсан зүйл бага юм шиг байна, гүн хордлоготой хүн нь Баянхошуунаас архи худалдаж авч уугаад согтуу ирсэн гэж байна, гэхдээ хордлоготой 3 хүн нь эмчилгээ хийлгэж байгаа, тийм болохоор тухайн хүмүүсийн авсан 40 шил экс нэртэй архи битгий зараарай, үйл ажиллагаагаа нээж бол болно гэж хэлсэн. Үүний дагуу би дэлгүүрээ нээсэн. ...тэгээд 2018 оны 4 юм уу 5 дугаар сард М.Баасандорж нь над руу утсаар залгаад 700.000 төгрөг өгөөч ээ, хөдөө явж байна, бензин хийх гэсэн юм, хот ороод өгье дансныхаа дугаарыг явуулчихья гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд түүний өгсөн дансны дугаар руу 700.000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 139-141 тал/,
П.Мөнхзулын эзэмшлийн Хаан банкны 5033599010 тоот дансны хуулга /хх-ийн 41-42 тал/,
Ц.Б-ын эзэмшлийн Хаан банкны 5075261663 тоот дансны хуулга /хх-ийн 45-46 тал/,
М.Баасандоржийн эзэмшлийн Хаан банкны 5020309439 тоот дансны хуулга /хх-ийн 11 тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 188 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
Шүүгдэгч Ц.Б нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албаны шуурхай утсанд ирүүлсэн "архинд хүн хордож эмнэлэгт хүргэгдсэн" гэх гомдол мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12-579 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг ТАЦО нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийхэд "дахин хяналт шалгалт хийлгэхгүй байх" ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн нэрээр эзэмшдэг Хаан банкны 5075261663 тоот данснаас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны 5020309439 тоот данс руу 2018.04.18-ны өдөр 700.000 төгрөгийг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2019.04.22-ны өдөр өөрийн эзэмшдэг Хаан банкны 5075261663 тоот данснаас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний бэр П.Мөнхзулын Хаан банкны 5033599010 тоот дансаар дамжуулан 500.000 төгрөгийг тус тус шилжүүлж хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.Б-н хувьд амар хялбар аргаар худалдаа бизнест нь үүссэн асуудлыг шийдвэрлэх, өөрт давуу байдал бий болгох гэсэн аминч, шунахай зан байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, тодорхой бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, тэрхүү үйл ажиллагаанаас ашиг орлого олдог зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н нийтийн албан томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР