| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0201/Э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 206
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч С.Б, Н.Б, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Н-гийн Б, Олхонууд овогт С-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010001580177 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Н-гийн Б /РД: ТА84113072/,
Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, О-д овогт С-ийн Б /РД: .........../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б, Н.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пэпто” ХХК-ийн бариулж буй “Eagle tower” хотхоны 429 дүгээр байрны 4-11 давхарын коридорын болон ариун цэврийн өрөөний 60х30 хэмжээтэй 40 ширхэг, 80х80 хэмжээтэй 40 ширхэг плитаг хууль бусаар хагалж гэмтээн Г.О-д 2,747,976 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.Б: “...2019 оны 12 дугаар сарын 30-нд манай плитаны ажил бүрэн дууссан, тооцоогоо хийе гэхэд Энхцэцэг захирал хогоо цэвэрлэчих, тэгвэл мөнгийг чинь өгье, угаасаа маргааш шинэ жил ш дээ гэсэн, тэгэхээр нь Н.Б бид хоёр баярлаад хогоо бүр ачиж цэвэрлээд захирал руу орсон чинь захирал өрөөндөө байхгүй байсан, хаачсан талаар асуухад шинэ жилээ гадаадад тэмдэглэхээр онгоцоор ниссэн гэж хэлсэн, утас руу нь залгахад холбогдохгүй байсан, тэгэхээр нь хүүхэд рүү нь залгахад ээж байгаа, мөнгийг чинь өгнө гэсэн гэхээр нь баярлалаа гэж хэлсэн. Орой нь дахиад захирал руу залгахад утас холбогдохгүй байсан, дахиад хүүхэд рүү нь залгахад та нарт 2 сая төгрөг өгсөн гэхээр нь боломжоороо өгч байгаа юм байна гэж баярлаад үлдэгдэл мөнгөө шинэ жилийн дараа өгөх байх гэж найдсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр надад байрны түрээсийн мөнгө хэрэг болсон бөгөөд захирал руу ороод та надад яг одоо 500,000 төгрөг өгчих, байрнаасаа хөөгдөх гээд байна, үлдэгдэл ажлаа бонуст нь үнэгүй, төгс хийж өгьё гэж хэлсэн, гэтэл чамтай ярих юм байхгүй, та нар буруу хэмжилт хийсэн, өрөнд орно гэхээр нь уур хүрээд Н.Бд хэлэхэд яах уу, плитаг нь хагалчихья гээд бид хоёр плитануудыг нь хагалчихсан. Тухайн үедаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, би архи уугаагүй байхдаа захирал руу орж чаддаггүй, ууж зүрхээ чангалаад ордог, плитаг хагалсан нь бид хоёрын буруу, уур хүрснээс болж шийдсэн асуудал...” гэв.
Шүүгдэгч Н.Б: “...2020 оны 01 дүгээр сарын 9-ний өглөө 9 цагийн үед ажил дээрээ ирсэн, ирэнгүүтээ оффис дээр нь ороод захирлаасаа үлдэгдэл тооцоогоо хийе гээд ороход хүлээж аваагүй, Энхцэцэгийн хүүхэд нь босч ирээд та нартай ярих юм байхгүй гээд хаалга хаасан, үдээс хойш болоод С.Б захирал руу орчихоод ирье гээд явсан, тэр өдөр С.Бд мөнгөний хэрэг болчихсон, байрны түрээсийн мөнгө хэрэгтэй байсан учир захирал руу орсон. Гэтэл урдаас нь захирал танайд манайх мөнгө өгөх ёсгүй, харин ч та нар өртэй гэж хэлээд уйлуулаад гаргасан байсан. Тэгэхээр нь бид хоёр плитануудыг нь хагалсан.
Манай ажил дээр бусад бригадын хүмүүсийн дунд наад хүн чинь /захирал Энхцэцэг/ эхэндээ мөнгөө өгдөг ч ажлаа дууссаны дараа ажлын үлдэгдэл хөлсөө өгдөггүй гэсэн яриа гарч байсан, манай ажил дуусаж байсан, тооцоогоо хийе гээд хийхгүй болохоор нь бид хоёр дээшээ гараад 11 давхраас 4 давхар хүртэл плитаг нь алхаар цохиж хагалсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай компани бариулж байгаа Ийгл тауэр хотхоны плитаны ажлыг хийсэн Н.Б, С.Б нар хийж дууссан ажлаа хүлээлгэн өгөөгүй байж мөнгө нэхэж Энхцэцэг захирал руу орсон. Уг нь манай компанитай гэрээ хийхдээ Улсын комисст барилгыг хүлээлгэж өгсний дараа хийсэн ажлын чанар үр дүн гэх мэтчилэн ажлыг 100 хувь хүлээж авахаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай захирлаас мөнгө нэхэхээр нь захирал талбайн хэмжилт, чанарын үзлэг хийгээгүй байгаа тул та хоёрт мөнгө өгөх боломжгүй гэж хэлээд маргааш хэмжилт, чанарын үзлэг хийж тооцоог дуусгая гэхэд Н.Б, С.Б нар заавал өнөөдөр авна гэж маргалдаад гарч яваад хэсэг хугацааны дараа согтуу орж ирээд 11 давхараас 4 давхар хүртэлх нийтийн эзэмшлийн плитаг хагалж гэмтээсэн. ...Н.Б, С.Б нарын хагалж гэмтээсэн плита нь хоёр төрлийн хэмжээтэй байсан, манай байгууллагад хятад улсаас захиалж авчруулсан, манай компанийн эд хөрөнгийн бүртгэлд байгаа...” /хх-ийн 19-20, 84-85/ гэсэн,
Гэрч А.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил дээрээ ирэхэд ...428 тоот байрны 1-В айлд засвар хийж байхад намайг Цогзолмаа дуудаад Н.Б, Баянаа хоёр плита хагалчихаад явчихлаа гэж хэлэхээр нь очиж харахад 11 давхараас 4 давхар хүртэлх шатаар буух замдаа алхаар хагалаад явсан байсан. Нийт хагалсан плитаг тоолоход 80х80 хэмжээтэй плита 40 ширхэг, 60х30 хэмжээтэй плита 40 ширхэг тус тус хагалсан...” /хх-ийн 24-25, 86-87/ гэсэн,
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 12 давхар Ийгл тауэр хотхоны 429 дүгээр байрны барилга плита, чулууны ажлыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийж дуусаад Энхцэцэг захиралд ажлаа хийж дууссан гэж хэлэхэд та хэд хогоо цэвэрлэж дуусаад холбогдоорой гэсэн. ...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ...захирал та нартай ярих юм байхгүй, та нарт мөнгө өгөхгүй гэхээр нь бид хоёр багажаа гаргаж машиндаа аччихаад буцаж барилга руу орж хувцасаа сольчихоод доошоо буух замдаа плитануудыг хагалсан ...” /хх-ийн 26-27, 63-65/ гэсэн,
Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Н.Бд хандаж байрны мөнгө өгөхгүй 2 сар болж байна, яаралтай байрны төлбөрөө төлөхгүй бол хөөгдлөө гэж хэлээд Энхцэцэг захирал руу ороход юу ч хэлэхгүй, чи гар, чамтай харилцах шаардлага байхгүй гэхээр нь би байрны төлбөрөө өгөөгүй хөөгдөх гээд байна гээд гуйхад тэр чинь надад хамаагүй, танай бригад мөнгө авахгүй, өрөнд орох юм байна лээ гэж хэлээд харуул дуудаад намайг гаргасан. Тэгэхээр нь 11 давхарт гараад доошоо буух замдаа алах бариад хананы плитаг хагалсан...” /хх-ийн 79-81/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 4/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-16/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-35/,
- Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 48-53/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-65/,
- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 91-93/,
- Шүүгдэгч Н.Б, С.Б нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-40/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Б, Н.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.Б, С.Б нар үйлдлээрээ санаатай нэгдэж 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пэпто” ХХК-ийн бариулж буй “Eagle tower” хотхоны 429 дүгээр байрны 4 дүгээр давхраас 11 дүгээр давхарын коридорын болон ариун цэврийн өрөөний 60х30 хэмжээтэй 40 ширхэг, 80х80 хэмжээтэй 40 ширхэг плитаг хууль бусаар хагалж гэмтээн хохирогч Г.О-д 2,747,976 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О-ы “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай захирлаас мөнгө нэхэхээр нь захирал талбайн хэмжилт, чанарын үзлэг хийгээгүй байгаа тул та хоёрт мөнгө өгөх боломжгүй, маргааш хэмжилт, чанарын үзлэг хийж тооцоог дуусгая гэхэд Н.Б, С.Б нар заавал өнөөдөр авна гэж маргалдаад гарч яваад хэсэг хугацааны дараа согтуу орж ирээд 11 давхараас 4 давхар хүртэлх нийтийн эзэмшлийн плитаг хагалж гэмтээсэн. ...Н.Б, С.Б нарын хагалж гэмтээсэн плита нь хоёр төрлийн хэмжээтэй байсан, манай байгууллагад хятад улсаас захиалж авчруулсан, манай компанийн эд хөрөнгийн бүртгэлд байгаа...” /хх-ийн 19-20, 84-85/ гэсэн, гэрч А.Алтангэрэлийн “...2020 оны 01 дүгээр сарын 09-ниы өдөр ажил дээрээ ирэхэд ...428 тоот байрны 1-В айлд засвар хийж байхад намайг Цогзолмаа дуудаад Н.Б, Баянаа хоёр плита хагалчихаад явчихлаа гэж хэлэхээр нь очиж харахад 11 давхараас 4 давхар хүртэлх шатаар буух замдаа алхаар хагалаад явсан байсан. Нийт хагалсан плитаг тоолоход 80х80 хэмжээтэй плита 40 ширхэг, 60х30 хэмжээтэй плита 40 ширхэг тус тус хагалсан...” /хх-ийн 24-25, 86-87/ гэсэн, шүүгдэгч Н.Бгийн “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ...захирал та нартай ярих юм байхгүй, та нарт мөнгө өгөхгүй гэхээр нь бид хоёр багажаа гаргаж машиндаа аччихаад буцаж барилга руу орж хувцасаа сольчихоод доошоо буух замдаа плитануудыг хагалсан ...” /хх-ийн 26-27, 63-65/ гэсэн, шүүгдэгч С.Бын “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ...11 давхарт гараад доошоо буух замдаа алах бариад хананы плитаг хагалсан...” /хх-ийн 79-81/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-16/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-35/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Б, С.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас “Пепто” ХХК-ийн эд хөрөнгөд 2,747,976 төгрөгийн хохирол /хх-ийн 30-35/ учирсан бөгөөд шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Г.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 91-93/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, ажил эрхлэлт, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 2010001580177 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Б, С.Б нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Н-гийн Б, С-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-гийн Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч , С-ийн Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Б, С.Б нарт тус бүр оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, С.Б нар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2010001580177 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Б, С.Б нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР