| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07710/И |
| Дугаар | 6023 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 6023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 3-2-66 тоотод оршин суух, Бор овогт Очирбатын Амартүвшин /РД:УЗ96041703/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5-95 тоотод оршин суух, Боржигон овогт Цогзолын Долгорсүрэн /РД:ЧН60111502/-д холбогдох,
Өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээс Ц.Долгорсүрэнгийн нэр хасуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Амартүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Энхтайван, хариуцагч Ц.Долгорсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, гэрч Ц.Должинсүрэн, н.Цэрмаа, Б.Батсайхан нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1996 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод Б.Очирбат, Н.Дуламсүрэн нарын ганц охин болон төрсөн. Төрсөн цагаасаа эхлэн ээж, эмээ, өвөөгийн хамтаар амьдарч байгаад 1999 онд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 3-2-66 тоотод ирсэн ба 1999 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр уг байр миний ээж Н.Дуламсүрэнгийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжин ирсэн. Ээж маань өвчний улмаас 2005 онд нас барж, 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр уг байр өв залгамжлагчаар өмчлөгч өөрчлөгдөн миний эмээ болох Б.Нацагнямсүрэн, миний бие О.Амартүвшин нарын нэр дээр өмчлөгдсөн.
Ээжээс минь хойш эмээгийн бие муудан 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр уг байрыг дан ганц миний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч тухайн үед би насанд хүрээгүй 11 настай байсан ба насанд хүртэл нь заавал хамтран эзэмшигч шаардлагатай байсан тул бэлэглэлийн гэрээгээр миний бие О.Амартүвшин, ээжийн төрсөн эгч болох Ц.Долгорсүрэн нарт бэлэглэсэн.
Удалгүй эмээ З.Нацагнямсүрэн нь 2008 онд нас барж би гэдэг хүн ганцаар үлдсэн. 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 407 тогтоолоор ээжийн хамгийн том эгч болох Нацагнямсүрэнгийн Цэрмаа миний асран хамгаалагчаар тогтоогдсон. Хамтран эзэмшигч Ц.Долгорсүрэн өдийг хүртэл надтай хамт амьдарч байгаагүй тусдаа өөрийн гэсэн амьдралтай үл хөдлөх эд хөрөнгөтэй хүн юм. Иргэний хуулийн 277.1-д бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй гэж заасан байдаг. Тухайн үед би насанд хүрээгүй учрыг нь мэдэхгүй байсан. Гэтэл эмээ З.Нацагнямсүрэн нь ээжээс минь үлдсэн цорын ганц өв хөрөнгийг Ц.Долгорсүрэнд бэлэглэсэн. Аав маань намайг бага байхад ээжээс салж хоёр тийш болсон. Одоогоор холбоотой байдаг хэдий ч өөрийн гэсэн тусдаа амьдралтай эхнэр, хүүхэдтэй хүн. Асран хамгаалагч болох Н.Цэрмаа 1 охин, 1 хүүтэй өдгөө 60 настай байнгын эмчилгээ, эмчийн хяналтанд байдаг. Бие муутай хүн. Хоёр хүүхэд нь тусдаа гараагүй одоогоор цуг амьдардаг. Дээрх байр миний ээжийн байр байсан. Энэ гал голомтыг цаашид зөв зүйтэй авч явах хүн нь би юм. Хамтран эзэмшигч Ц.Долгорсүрэн өөрийн гэсэн сайхан амьдралтай, нөхөр хүүхэдтэй, үл хөдлөх эд хөрөнгөтэй надтай хамт амьдарч байгаагүй. Одоо уг байранд Ц.Долгорсүрэнгийн төрсөн дүү Ц.Должинсүрэн болон түүний хүүхдүүдийн хамт амьдарч байгаа ба тэдний дарамт, шахалтаас болж, би өөрийн байрандаа эрх чөлөөгүй амьдарч байна. Ц.Должинсүрэн болон түүний охин Хажидсүрэн нар намайг удаа дараа зодож байсан. Гэр орондоо хоол идэх, хичээл номоо хийх ямар ч боломжгүй, намайг аав руугаа зайл гэж хөөдөг. Миний хувцасыг коридорт гаргаж тавьдаг. Би өөрийн байрандаа байж, айлын байранд байгаа юм шиг эрх чөлөөгүй хэцүү байдалтай амьдарч байна. Иймд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 2-2-66 тоот 18 мк талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр О.Амартүвшин тогтоож, хамтран эзэмшигч Ц.Долгорсүрэнгийн нэрийг дээрх үл хөдлөх хөрөнгөөс хасуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Долгорсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү2205006327 дугаартай 18 м.кв талбайтай нэг өрөө үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Очирбатын Амартүвшин нь миний хамгийн бага төрсөн дүү Дуламсүрэнгийн төрсөн ганц охин юм. Миний дүү Н.Дуламсүрэн нь 2005 онд ходоод, өндгөвчний хорт хавдар өвчнөөр нас барсан. Тэр үед Амартүвшин 9 настай миний ээж Нацагнямсүрэнтэй хамт амьдарч байсан. Миний ээж арьс ширний нэгдэлд насаараа ажиллаж, хөдөлмөрийн хөлсөөрөө энэ байрыг авсан. 2007 оны 9 сард ээж маань надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Энэ үед байр нь зөвхөн ээжийн өмчлөлд байсан. Гэрээ байгуулах үед ээж маань надад хоёр болзол тавьсан. Ээжийг өөрийг нь насан эцэс болтол нь асарч, эмчлэх, өөрийн асрамжинд нь байдаг Амартүвшинг асран хамгаалах. Энэ бэлэглэлийн гэрээг хийж байх үед миний бие ээжид Амартүвшинг хамтран өмчлөгчөөр нэрийг нь оруулаач гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу ээж зөвшөөрч Амартүвшингийн нэрийг гэрээнд оруулж бичсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл би Амартүвшинг өөрийн төрсөн дүү Должинсүрэнгийн гэр бүлтэй хамт амьдруулж (Должинсүрэн нь өөрийн гэсэн гэр оронгүй), миний бие Амартүвшингийн шаардлагатай хувцас хунарыг авч өгч, орон сууцных нь төлбөрийг сар бүр төлж байсан. Өнөөдрийг хүртэл Амартүвшин ажил хөдөлмөр эрхлээгүй, тэжээгчээ алдсаны тэтгэмжээ зөвхөн өөртөө зарцуулж байсан. Ээж минь энэ байрыг бэлэглэхдээ өөрийн асрамжинд байсан хүний ямар нэг эрх ашгийг хөндөөгүйгээр үл барам харин ч баталгаажуулж, хамтран өмчлөгчөөр нэмж, өмчтэй болгож, намайг энэ хүнийг орон гэртэй байлгаж, харж хандаж байх үүрэг өгсөн. Энэ үүргийг би өнөөдрийг хүртэл биелүүлж байгаа. Энэ хүн өнөөдрийг хүртэл уг байрандаа эрх чөлөөтэй амьдран, нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүйгээр амьдарч байна. Иймд Амартүвшингийн гаргасан энэ нэхэмжлэлийг би үндэслэлгүй гэж үзэж байна. 2015-2016 оны хооронд Амартүвшинг 1 настай байхад нь орхиж явсан эцэг Б.Очирбат нь удаа дараа надруу утасдаж, миний ажилладаг өрхийн эмнэлэг дээр байн байн ирж, намайг орон сууцаа суллаж өг, би тэр байранд чинь ирж сууна гэж дарамтлан, зөвшөөрөхгүй болохоор орон сууцаа зар гэж намайг дарамтлан шаардаж, өгөхгүй бол шүүхээр явна гэж загнаад явсан. Энэ хүний ятгалгаар Амартүвшинг энэ нэхэмжлэлийг бичиж байгаа гэж би үзэж байна. Амартүвшинд миний төрсөн эгч Цэрмааг асран хамгаалагчаар томилсон. Гэвч Н. Цэрмаа нь унаж татдаг, насаараа тахир дутуугийн группэд байсан, өөрийн 2 хүүхдээ ч харж хандах чадваргүй, өрхийн орлогогүй хүн юм. Цэрмаагийн орон сууцны төлбөрийг нь өнөөдрийг хүртэл сар бүр би төлдөг. Ах дүүгийнхээ амьдралыг миний бие зохицуулах үүрэг хүлээдэг тул гэр оронгүй Ц.Должинсүрэнг О.Амартүвшинтэй хамт амьдруулж, аль алинд нь хань, тус нэмэр болгодог. Миний бие уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болох тул Амартүвшинг миний нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс хасуулах нэхэмжлэх эрх байхгүй гэж үзэж байна. Иймд О.Амартүвшингийн гаргасан нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Амартүвшин нь хариуцагч Ц.Долгорсүрэнд холбогдуулан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 3-2 байрны 66 тоот орон сууцны өмчлөгчөөр О.Амартүвшинг тогтоож, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээс Ц.Долгорсүрэнгийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улсын бүртгэлийн Ү-2205006327 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 3-2 байрны 66 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч О.Амартүвшин, хариуцагч Ц.Долгорсүрэн нар бүртгэлтэй болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 00034876 дугаартай гэрчилгээ, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 11-518894 дугаартай лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... уг байрыг дан ганц миний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч тухайн үед би насанд хүрээгүй 11 настай байсан ба насанд хүртэл нь заавал хамтран эзэмшигч шаардлагатай байсан тул бэлэглэлийн гэрээгээр миний бие О.Амартүвшин, ээжийн төрсөн эгч болох Ц.Долгорсүрэн нарт бэлэглэсэн, ...хамт амьдарч байгаа Ц.Должинсүрэн болон түүний охин Хажидсүрэн нараас болж өөрийн байрандаа эрх чөлөөтэй амьдарч чадахгүй байна...” гэж тайлбарлан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхээ тодорхойлж байна.
Хариуцагч нь “...миний бие уг орон сууцны хууль ёсны өмчлөгч тул О.Амартүвшингийн нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөр маргаж байна.
Маргааны зүйл болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 3-2 байрны 66 тоот орон сууц нь 1999 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч О.Амартүвшингийн ээж Н.Дуламсүрэнгийн өмчлөлд бүртгэгдэж, 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөж З.Нацагнямсүрэн, О.Амартүвшин нар өмчлөгчөөр, 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр өмчлөгч З.Нацагнямсүрэн нь өөрийн өмчлөлийн орон сууцаа Ц.Долгорсүрэн болон О.Амартүвшин нарт бэлэглэж, уг бэлэглэлийн гэрээг үндэслэн тус байрны өмчлөгчөөр О.Амартүвшин, Ц.Долгорсүрэн нар бүртгэгджээ.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу З.Нацагнямсүрэнгээс О.Амартүвшин, Ц.Долгорсүрэн нарт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 3-2 байрны 66 тоот орон сууцыг бэлэглэсэн 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байх ба уг гэрээний үндсэн хийгдсэн улсын бүртгэл үнэн зөв байна.
Хэдийгээр нэхэмжлэгч О.Амартүвшин нь би насанд хүрээгүй байсан учраас Ц.Долгорсүрэн хамтран өмчлөгчөөр орсон, энэ байр анхнаасаа миний ээжийн байр учраас би ганцаараа өмчлөгч байх ёстой...” гэж тайлбарлаж байх боловч Ц.Долгорсүрэнг өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь “... би өөрийн өмчлөлийн байрандаа хамтран амьдарч байгаа Ц.Должинсүрэн болон түүний охины үйлдлийн улмаас эрх чөлөөтэй амьдарч чадахгүй байна...” гэх тайлбар нь уг байрны хамтран өмчлөгч Ц.Долгорсүрэнгийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгч нь хамт амьдарч байгаа Ц.Должинсүрэн болон түүний охины үйлдлийн улмаас өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгох тухай шаардлагаа жич гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
Иймд нэхэмжлэгч О.Амартүвшингийн хариуцагч Ц.Долгосүрэнд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 3-2 байрны 66 тоот орон сууцны өмчлөгчөөр О.Амартүвшин болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээс Ц.Долгорсүрэнгийн нэр хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 3-2 байрны 66 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээс Ц.Долгорсүрэнгийн нэр хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Амартүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА