| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0199/Э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 230
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Т.Т-, түүний өмгөөлөгч С.Чинзориг, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Т-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910023560160 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймаг, Хархорин суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “урьд нь:
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5 сар 2 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэснийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 760 дугаар магадлалаар 16,000,000 төгрөгөөр торгох ял болгож өөрчилсөн, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Т-гийн Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул тауэрын гадна 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогч С.О- машин засуулсан мөнгө өгөхгүй, удаалаа гэх шалтаанаар маргалдан зодож, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Т: “...Хохирогч С.О-той олон жилийн найзууд, надаар машинаа засуулдаг, сэлбэг худалдаж авдаг, ингэхдээ зээлээр хийлгэж, худалдаж авдаг байсан, зээлээр машин засуулсан мөнгөө өгөхгүй удсан, би зөндөө хүлээсэн, би өөрт байхгүй сэлбэргийг өөр хүнээс авч өгсөн байсан, нөгөө хүмүүс нь мөнгөө нэхээд байсан. Тэгээд утсаар залгахаар утсаа авдаггүй байсан, тэгээд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн цайны цагаар ажил дээр нь очиж уулзахаар очсон, ажил дээрээ байхгүй, би олон цаг хүлээсэн, тэгээд явах гээд ажлаас нь гараад явж байхад машинтай, бас нэг эмэгтэй хүнтэй хамт явж байхаар нь очоод зодсон. Утсыг нь газар шидэж эвдэлсэн, тэгээд утас нь 300,000 төгрөг гэхээр нь 700,000 төгрөг өгсөн, би одоогоор тодорхой ажилгүй байна, эхнэр жижиг лангуу ажлуулдаг, сүүлийн 3 жилд шүүхээс салахгүй байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороноы нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул тауэрын урд талд Б.Алтантуяагийн хамт Б.Алтантуяагийн машинд суугаад явж байхад Т.Т- машины хаалга онгойлгоод миний нүүр рүү хоёр удаа алгадаж, чих рүү хоёр удаа алгадсан. Тэгээд намайг машинаас татаж буулгахаар нь би буцаж машинд ороод сууж байсан чинь миний өвөр дээр байсан цүнхээр миний цээж рүү нэг удаа цохисон...” /хх-ийн 15-18/ гэсэн,
Гэрч Б.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед дүүрэгт хамт ажилладаг С.О-н хамт хоол идчихээд миний машинтай Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул тауэрийн хажууд явж байхад миний урьд өмнө харж байгаагүй жижиг биетэй, махлаг эрэгтэй хүн бид хоёрыг хараад байсан. Тэгтэл миний машины хаалгыг үл таних залуу онгойлгоод С.О- даргын нүүр рүү цохисон, би яаж байгаа юм бэ, чи хүн андуураад байна уу гэхэд ямар нэг хариу хэлээгүй. ...С.О- машинд сууж байхад нь машиныхаа хаалгыг онгойлгоод гараараа нүүр рүү цохиж, С.О-н гар утсыг булааж аваад газар шидэж, хагалж цүнхээр нь нүүрэнд цохиод байсан...” /хх-ийн 26-27/ гэсэн,
Шүүгдэгч Т.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул тауэрийн гадаа С.О-тэй таарсан. Урьд өмнө С.О-н машиныг засаж байсан бөгөөд үлдэгдэл мөнгөө өгөөгүй байсан. Би С.О-н ажил дээр очиход байхгүй байхаар нь гар утас руу нь залгахад авахгүй байсан. Тэгээд С.О- үл таних эмэгтэйтээ хамт явж байхад нь уурандаа яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гээд нүүрэнд нь алгадаж, цүнхээр цээжинд нь түлхэж, барьж байсан утсыг нь шидсэн...” /хх-ийн 54-57/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №12241 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. С.О-н биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн чихний дэлбээний дотор хэсгийн язарсан шарх, зүүн бугалга, зүүн мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт,
- Дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6/,
- Өргөдөл /хх-ийн 8/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-41/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 91/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 107, 108/,
- Шүүгдэгч Т.Т-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 76-89/, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-ийн 90/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, шийтгэлийн хуудас /хх-ийн 109/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд /хх-ийн 61-64, 65-71, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Т-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.Т- нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан-Уул тауэр”-ын гадна хохирогч С.О-ийг машин засуулсан мөнгө өгөхгүй удаалаа гэх шалтаанаар зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн чихний дэлбээний дотор хэсгийн язарсан шарх, зүүн бугалга, зүүн мөрний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.О-н “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед Б.Алтантуяагийн хамт түүний машинд суугаад явж байхад Т.Т- машины хаалга онгойлгож миний нүүр рүү хоёр удаа, чих рүү хоёр удаа алгадсан. Тэгээд намайг машинаас татаж буулгахаар нь би буцаж машинд ороод сууж байсан чинь миний өвөр дээр байсан цүнхээр миний цээж рүү нэг удаа цохисон...” /хх-ийн 15-18/ гэсэн, гэрч Б.Алтантуяагийн “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед ...С.О-н хамт миний машинтай явж байхад миний урьд өмнө харж байгаагүй жижиг биетэй, махлаг эрэгтэй хүн бид хоёрыг хараад байсан. Тэгтэл миний машины хаалгыг үл таних залуу онгойлгоод С.О- даргын нүүр рүү цохисон, би яаж байгаа юм бэ, чи хүн андуураад байна уу гэхэд ямар нэг хариу хэлээгүй. ...С.О- машинд сууж байхад нь машины хаалга онгойлгоод С.О-н нүүр рүү цохиж, гар утсыг булааж аваад газар шидэж, хагалаад, цүнхээр нь нүүрэнд цохиод байсан...” /хх-ийн 26-27/ гэсэн, шүүгдэгч Т.Т-ийн “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед ...С.О- үл таних эмэгтэйтээ хамт явж байхад нь уурандаа яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гээд нүүрэнд нь алгадаж, цүнхээр цээжинд нь түлхэж, барьж байсан утсыг нь газар шидсэн...” /хх-ийн 54-57/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №12241 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. С.О-н биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн чихний дэлбээний дотор хэсгийн язарсан шарх, зүүн бугалга, зүүн мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт, дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6/, өргөдөл /хх-ийн 8/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-41/, хохирлын баримтууд /хх-ийн 91/, хохирол төлсөн баримт /хх-ийн 107, 108/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч С.О-н биед учирсан “...баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн чихний дэлбээний дотор хэсгийн язарсан шарх, зүүн бугалга, зүүн мөрний цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Т-ийн түүний нүүрэнд гараараа цохих, алгадсанаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Т-ийн хохирогч С.О-н биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.О-н эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн чихний дэлбээний дотор хэсгийн язарсан шарх, зүүн бугалга, зүүн мөрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.О-д 1,087,000 /нэг сая наян долоон мянга/ төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 107-108/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.Т- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч Т.Т- өөрийн гэм бурууг ойлгож, гэмшсэн байдал, түүний ажил эрхэлдэггүй байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Т-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олдог зэргийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн 1910023560160 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-гийн Т-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Т-эд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-эд оногдуулсан торгуулын ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910023560160 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Т-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР