Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 6074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Энхтайван найрамдлын ордон, Пийс Товер, 7 давхарын 705 тоотод байрлах, “Вишн фанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 27-10 тоотод оршин суух, Халх овогт Дагвасүрэнгийн Өлзийсайхан  /РД:УУ59052703/-д холбогдох

Зээлийн гэрээний  үүрэгт 3,146,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ВиншФанд ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Д.Өлзийсайхан нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “ВиншФанд ББСБ” ХХК-ийн Улаанбаатар-4 салбараас 10811186 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг зээлийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн төлөлт төлсөн ч, 130 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч Д.Өлзийсайхан нь үндсэн зээл 2,731,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 406,400 төгрөг, нотариатын хөлс 9,500 төгрөг бүгд 3,146,900 төгрөгийн төлбөртэй байна. Иймд уг зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч “ВиншФанд ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ВиншФанд ББСБ” ХХК-иас Д.Өлзийсайханд холбогдуулан 3,146,900 төрөг нэхэмжилсэн. Программын алдаа гарсан байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 319,300 төгрөгөөр багасгаж байна. Иймд Үндсэн зээл 2,411,700 төгрөг, зээлийн хүү 406,400 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 2,827,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ВиншФанд ББСБ” ХХК нь хариуцагч Д.Өлзийсайханд холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 3,146,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 319,300 төгрөгөөр багасгаж, 2,827600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “ВиншФанд ББСБ” ХХК-д Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос 2007 онд банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна /хх-4 тал/.

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, 3,000,000 төгрөгийг, 18 сарын хугацаатайгаар, сарын 3,2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд “ВиншФанд ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар  иргэн Д.Өлзийсайханаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү төлөхийг  тус тус шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1, 5.1.3-т  “зээлийн хүүг тогтсон хуваарийн дагуу төлөөгүй бол зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсонд тооцон гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн нийт төлбөрийг нэн даруй төлөхийг зээлдэгчээс шаардана гэж заасан байх тул “ВиншФанд ББСБ” ХХК нь зээлийн гэрээг цуцалж, цуцлах хүртэлх хугацааны зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.Өлзийсайханаас шаардсан нь үндэслэлтэй.  

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусах боловч зээлдэгч Д.Өлзийсайхан нь 2016 оны 05 дугаар сарын 14-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэгт ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр зээлийн гэрээг цуцалж, мөн хугацаагаар тооцон зээлийн үндсэн төлбөрт 2,411,700 төгрөг, зээлийн хүүнд 406,400 төгрөг, нотариатын зардалд 9,500 төгрөг нийт 2,827,600 төгрөгийг нэхэмжилж байгаа нь дээрх хуульд нийцнэ.

Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гардуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбараа 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх үүрэгтэй байсан боловч ирүүлээгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.

Шүүхээс хариуцагч Д.Өлзийсайханд шүүх хуралдааны товыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 319,300 төгрөгөөр багасгаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 319,300 төгрөг нэхэмжлэхээс татгалзсанд тооцох нь зүйтэй.

Иймд хариуцагч Д.Өлзийсайханаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2,411,700 төгрөг, зээлийн хүүнд 406,400 төгрөг, нотариатын зардалд 9,500 төгрөг нийт 2,827,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ВиншФанд ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                             ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Өлзийсайханаас зээлийн гэрээний үүрэгт 2,827,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВиншФанд ББСБ” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас  319,300 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг баталж, түүний холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ВиншФанд ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,307 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Өлзийсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 60,192  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВиншФанд ББСБ” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА