| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07575/И |
| Дугаар | 6123 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 6123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2/б хэсэг Баатархайрхан гудамж, 1590 тоотод оршин суудаг, Тойдууд овогт Самдангийн Мягмардорж /РД:ЧН72011119/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 17-86 тоотод оршин суух, Цоохор овогт Чойдоржийн Оюунханд /РД:НЗ72081561/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтанцэцэг, хариуцагч Ч.Оюунханд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мягмардорж миний бие Ч.Оюунхандтай 1994 оны 01 сарын 09-ний өдөр танилцсан. 1996 оны 9 сарын 20-ны өдөр гэр бүлээ батлуулан аавын үлдээсэн орон сууцанд амьдарч ирсэн. 1996 оны 3 сарын 04-ний өдөр хүү Даваадорж, 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Мөнхжин төрсөн. 2001 оны 12 сард амьдралаа дээшлүүлэх зорилгоор БНСУ руу явж хууль бусаар ажиллаж амьдарч байгаад, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эх орондоо ирсэн. Тус улсад амьдрах 14 жил 9 сарын хугацаанд эх орон үр хүүхдээ санагалзан 2006 он, 2009 онуудад буцах саналыг эхнэр Оюунхандад тавьсан боловч “Мөнгөө явуулаад наанаа байж бай” гэсэн хариу өгсөн. 2001 оноос 2009 оны 9 сар хүртэлх хугацаанд авсан бүх цалингаа явуулж байсан боловч мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар маргалдан, үүнээс үүдэлтэйгээр зан харьцааны хувьд тохирохоо больсон. 2009 оны 9 сараас сард 300 ам.долларыг 2 хүүхдийн хэрэгцээнд сар бүр явуулдаг болсон ч мөнгө явуулдаггүй гэсэн яриаг эхнэр Оюунханд гаргах болсон учир өөрийн авга эгч Ш.Бадамсүрэнгээр дамжуулан дээрхи 300 ам.долларыг 2016 оны 8 сарыг дуустал өгч ирсэн. Мөн хүү Даваадоржийг МУИС-д элсэн орсноос хойшхи З жил хагасын төлбөрийг цаг тухайд нь төлсөөр ирсэн. Мягмардорж миний бие нь 1996-1998 онд нуруу, үе мөчний өвчний улмаас тахир дутуугийн групптэй байсан. БНСУ-д он удаан жилээр хүнд хөдөлмөр эрхэлсний улмаас цусан дахь сахар, арьсны харшил өвчтэй болсноор 2009 оны сүүлээс дэргэдээ асрах, хань түшиг болох хамтран амьдрагчтай болсон нь үнэн. Эх орондоо ирээд хүүтэйгээ сургууль дээр нь очиж 1 удаа уулзсан. Гэр орон ээж, дүүг нь асуухад “гэрийн хаяг нууц” гэсэн. Дүүгээ дагуулаад ир, аав нь уулзая гэхэд “Ээж дүүг явуулахгүй” гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш сарын дараа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эхнэр н.Оюунхандтай утсаар ярихад “Гэр орноо аваад ажил хөдөлмөр хийгээд, амьдардаг журмаараа амьдар. Охиноо насанд хүрэхээр нь гэр бүлээ цуцлуулна” гэсэн хариу сонссон. Миний хувьд одоогоор гэр оронгүй, эрхэлсэн ажилгүй, авга эгчийндээ амьдарч байгаа ч эд хөрөнгийн маргаан байхгүй, эцгийн голомтоос тасалж авсны дээр өөрийн тодорхой хэмжээний хөдөлмөрийн хөлс оролцсон орон байраа хүүхдүүддээ өгч 2 хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээнэ. Он удаан жил тусдаа амьдарч зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүй, хамт амьдрах боломжгүй, би өөр гэр бүлтэй болсон учир цаг хугацаа алдах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Оюунханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1994-2000 он хүртэл 6 жил хамт амьдарсан. Түүнээс хойш 16 жил тусдаа амьдарсан. Бие холдсоноор бидний сэтгэл холдож, цаашид амьдрах боломжгүй болсон. Нэхэмжлэгч нь өөр гэр бүлтэй болсон. Би амьдралын төлөө зүтгэж, эх хүний үүргээ сайн биелүүлж, үр хүүхдээ өсгөсөн гэж үзэж байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэгч нь хүүдээ үргэлж, тусалж дэмжиж байсан. Миний сарын цалин амьдралд маань хүрэлцдэггүй. Бид хорвоо дээр мөнх амьдрахгүй учраас нэхэмжлэгчийг үр хүүхдийнхээ өмнө эцэг хүний үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж байна. Охиндоо тэтгэлэг гаргуулах, хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Мягмардорж нь хариуцагч Ч.Оюунхандад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
С.Мягмардорж, Ч.Оюунханд нар нь 1994 онд танилцан хамтран амьдарч эхлээд 1996 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 1996 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүү М.Даваадорж, 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин М.Мөнхжин нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 6 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн дахь тал/, иргэний үнэмлэх зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2001 оноос эхлэн тус тусдаа амьдарч эхэлсэн, гэрлэлт цуцлуулахыг гэрлэгчдийн хэн алин хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж С.Мягмардорж, Ч.Оюунханд нарыг гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийн дундаас 1996 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Даваадорж нь одоо 20 настай, 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.Мөнхжин нь одоо 16 настай бөгөөд охин М.Мөнхжин нь төрсөн цагаасаа эхлэн эх Ч.Оюунхандын асрамжид, түүнтэй хамт амьдарч байгаа гэх бөгөөд эхийнх нь асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу насанд хүрээгүй охин М.Мөнхжинг эх Ч.Оюунхандын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Мягмардорж нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул эцэг С.Мягмардоржоос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.Мөнхжинг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд бий болсон гэх орон сууцыг эхнэр Ч.Оюунханд болон хүүхдүүдээ үлдээхээр тохиролцсон, гэрлэгчдийн дунд ямар нэгэн эд хөрөнгийг маргаан байхгүй гэх тайлбарыг зохигчийн хэн алин гаргаж байх тул эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Тойдууд овогт Самдангийн Мягмардорж /РД:ЧН72011119/, Цоохор овогт Чойдоржийн Оюунханд /РД:НЗ72081561/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.Мөнхжинг эх Ч.Оюунхандын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.Мөнхжинг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Мягмардоржоос сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюунхандаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгид олгосугай.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА