| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0258/Э |
| Дугаар | 231 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 231
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч М.Б, М.Б, шүүгдэгч С.Б, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт С-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910020170178 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт С-н Б /РД: ......../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж байгаа Гарден Сити-2 хорооллын барилгын гадна ах С.Б-г өмөөрч М.Б, М.Б нартай маргалдаж, улмаар тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч М.Б: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэг, Арцатын аманд баригдаж байгаа Гарден Сити-2 хорооллын барилгын гадна байхад С.Б миний өөдөөс ирээд миний нүүрэнд цохисон, мөн өшиглөсөн, С.Бын барилгын 20-25 хүн ирээд бид хоёрыг нийлж зодсон, тэнд олон хүн байсан ч хэн хэн яаж зодсоныг мэдэхгүй байна, надад гэмтэл учруулсан хүн нь С.Б, миний эмчилгээний бүх зардлыг эгч гаргасан, тэр мөнгөө эгч нэхэмжилсэн, С.Б төлнө гэж хэлсэн, миний хувьд гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэв.
Хохирогч М.Б: “...Тухайн өдөр Яармагийн ар талын Арцатын аманд барилгын гадна талбайд өөрийн эгч М.Долгорсүрэн, ихэр М.Бийн хамт явж байсан, тэгтэл С.Баярхүү машин явуулахгүй, мөн бид нарыг явуулахгүй байсан, бид нарыг явах гэхээр ярих юм байна гээд хоргоогоод байсан. М.Б бид хоёрыг очиход та хоёр байж бай гээд утсаараа дүү С.Быг дуудсан, С.Б машинтай ирээд миний шанаа руу гараараа нэг удаа цохисон, ажилчид нь бас араас нь ирээд бөөнөөрөө зодоод байсан. Одоо биеийн байдал хэвийн, эмчилгээний зардалд хэдэн төгрөг гарсныг мэдэхгүй байна, гомдолтой...” гэв.
Шүүгдэгч С.Б: “...Хэргийн талаар маргаан байхгүй, өөрийн гэм бурууг ойлгож байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу, цаашид ингэж зодоон хийхгүй, тэр хэрэг болсноос хойш хохирогч нартай уулзаагүй, би түрүүлж цохиогүй л дээ, хоёр ихрийн нэгийг нь бариад авсан, тэгсэн араас миний хоолойг боосон, тэгэхээр нь барьж байсан ихрийг мөргөсөн, иргэний нэхэмжлэгч М.Долгорсүрэнд хохирол төлөөгүй, надаас нэхэмжлээгүй, яагаад нэхэмжлээгүйг мэдээгүй. С.Баярхүүгээс ч нэхэмжлэхгүй гэсэн болохоор хохирол төлөөгүй байгаа. Гарсан хохирлыг төлж барагдуулна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед манай эгч М.Долгорсүрэнгийн салсан нөхөр С.Баярхүү нь манай баригдаж байсан барилгын гадаа бид нарын хажууд ирсэн. Тэгээд бид нар машинтайгаа зөрөөд явах гэхэд тэрээр машинаараа хаагаад явуулахгүй байхаар нь яагаад байгаа юм бэ гэхэд тэрээр эгчтэй уулзья гээд байсан. Тэгтэл эгч машинаас буугаагүй бөгөөд С.Баярхүү ах за би хоёр дүүтэйгээ юм ярья гэхээр нь би ихэр М.Бийн хамт машинаас буусан. Удалгүй С.Баярхүүгийн дүү С.Б машинтай ганцаараа ирсэн. Тэгсэнээ С.Б шууд М.Буяхишигийг цохисон. Энэ үед эгчийн машинд сууж байсан найз Энхбаяр, Нансан хоёр машинаас бууж бид хоёрыг өмөөрсөн. Мөн С.Баярхүү, С.Б нарын ажлын газрын хүмүүс гээд 20 орчим хүмүүс ирсэн. ...С.Б нь миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би нүүрээ дараад доош тонгойход С.Б намайг цохиод байсан...” /хх-ийн 33-34/ гэсэн,
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16-17 цагийн үед манай эгч М.Долгорсүрэнгийн салсан нөхөр С.Баярхүү манай баригдаж байсан барилгын хажууд ирсэн. Тэгээд машинаасаа бууж ирээд бид нартай хамт явсан Түмэн-Өлзийг зодох гээд дайраад байхаар нь бид нар салгасан. Тэгээд цааш явахад С.Баярхүү машинтайгаа урдуур зам хааж зогссон. Тэгэхээр нь М.Б бид хоёр машинаас бууж С.Баярхүүгийн машины жолооны хүрднээс барьж зогссон. Тэгээд эгч машинтайгаа зөрөөд нилээн хол явж байхад өмнүүр нь нэг машин орж зогсоосон. Тэгэхээр нь М.Б бид хоёр эгчийн машин дээр очиход нөгөө машинаас нь нэг залуу бууж ирээд шууд миний нүүр рүү цохиод унагаасан...” /хх-ийн 38-39/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч М.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийгөө болон төрсөн дүү М.Б, М.Б мөн Нансанг эмнэлэгт үзүүлж нарийн зураг авахуулсны төлбөрт 460,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсний 40,000 төгрөг, мөн эмнэлгээр явахад зарцуулсан шатахууны 20,000 төгрөгийг тус тус С.Баярхүүгээс нэхэмжилж байна...” /хх-ийн 43-44/ гэсэн,
Гэрч Г.Нансан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, барилга руу орох гээд М.Долгорсүрэн, М.Б, М.Буядэлгэр, Энхбаяр нарын хамт М.Долгорсүрэнгийн машинтай явж байхад машины урдуур Тоёота приус маркийн машинтай С.Баярхүү гэх хүн зогсоод М.Долгорсүрэнтэй уулзах гэхэд нь М.Б, М.Б хоёр уулзуулахгүй гээд С.Баярхүүгийн машин руу хамт ороход М.Баярхүү бид хоёр дүүтэйгээ уулзах гэж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй М.Б С.Баярхүүгийн машинаас гарч ирээд зогсож байхад улаан өнгийн цамц өмссөн эрэгтэй хүн ирээд М.Бийн нүүр рүү цохихоор нь М.Долгорсүрэн бид хоёр машинаасаа буугаад очиход М.Бийн хамраас цус гарсан...” /хх-ийн 48-50/ гэсэн,
Гэрч С.Баярхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...М.Долгорсүрэн залгаад “гараад ир, уулзья” гэхээр нь би хүүхдүүдтэйгээ уулзуулах гэж байгаа юм байна гэж бодоод машинтайгаа ганцаараа очсон. Тэгээд машиных нь урд зогсоход М.Долгорсүрэнгийн дүү болох М.Б, М.Б хоёр “чамтай юу ярьдаг юм бэ, бид нар өөр хүн болсон шүү” гээд миний машин дотор орж ирээд араас М.Б, хажуугаас М.Б нь хоолой боосон. Тэгтэл нэг залуу жолоочийн хажуу талын хаалга онгойлгоод намайг барьж байсан. Тэгэхээр нь би арай гэж дүү С.Быг дуудсан. Тэгээд би ухаан алдсан байсан бөгөөд нэг мэдэхэд миний машины урд С.Б, М.Б, М.Б нар нь баахан хүмүүстэй нийлчихсэн зодож байсан...” /хх-ийн 51-53/ гэсэн,
Гэрч Н.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад ...машинтайгаа явах гэсэн чинь нэг Тоёота приус маркийн машин ирээд зам хөндөлсөж зогссон. Тэгтэл машинаас М.Б, М.Б хоёр бууж нөгөө зам хаасан машины жолооны хүрдийг барьсан бөгөөд М.Долгорсүрэн эгч машинаа нөгөө машины хажуугаар гаргасан. Тэгээд явах гэхэд дахин нэг Тоёота Приус-10 маркийн машин ирж зам хааж зогссон, энэ үед М.Б, М.Б хоёр нөгөө машинаас бууж ирсэн. Тэгтэл сүүлд ирсэн машинаас 3, 4 эрэгтэй хүн бууж ирээд М.Б, М.Б нарыг зодож эхэлсэн...” /хх-ийн 59-60/ гэсэн,
Гэрч Б.Хатанбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг очиход Баярхүү машиныхаа урд зогсож байсан бөгөөд нөгөө хоёр ихэр залуу түүнийг цохиж байсан. Мөн тэдгээрийн наад талд Тоёота приус маркийн машины хажууд Долгорсүрэн гэх эмэгтэйгийн хамт зогсож байсан залуутай Өлзийхишиг маргалдаад заамдалцаж байсан. Энэ үед Б гүйж ирээд нөгөө хоёр ихрийн нэгийг нь өшиглөж унагаагаад, нөгөөг нь барьж аваад нүүр рүү нь хэд хэд цохисон...” /хх-ийн 61-62/ гэсэн,
Гэрч Х.Өлзийхишиг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш барилгын ажлаа хийж байхад хамт ажилладаг С.Б ийшээ явчихаад ирье гэхээр нь хамт гарч С.Б, Дашням, бид гурав барилгын хашаанаас гарч зогсож байсан машин дээр очсон. Тэгээд машинаас буухад С.Баярхүүгийн машин дотроос хоёр залуу бууж ирсэн, араас нь С.Баярхүү бууж ирсэн, тэгээд энэ хоёр залуу миний хоолойг суудлын бүсээр боосон гэж хэлсэн. Ингээд С.Баярхүү болон нөгөө хоёр ихрүүд хоорондоо маргалдаад байсан...” /хх-ийн 63-65/ гэсэн,
Гэрч М.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...Энхбаяр, Нансан, Түмэн-Өлзий, дүү М.Б, М.Б нарын хамт ...хашаанаас гараад машиндаа сууж байхад С.Баярхүү машинтай гарч ирээд Түмэн-Өлзийг заамдаад авсан. Энэ үед би машиндаа байсан, дүү М.Б, М.Б нар нь Түмэн-Өлзийг С.Баярхүүгээс салгасан. Би С.Баярхүүд хандан чи яах гээд байгаа юм бэ, чи зодож сурсанаараа намайг л зодохгүй юу, наад хүүхдүүд яах гээд байгаа юм бэ гэтэл тэрээр машиндаа суусан. Тэгэхээр нь хамт явсан хүмүүсээ машиндаа суулгаад хөдлөх гэхэд С.Баярхүү машинтайгаа ирээд хашиж зогссон. Тэгтэл Нансан, М.Б, М.Б нар нь машинаас буугаад С.Баярхүү дээр очсон. ...С.Баярхүүгийн төрсөн дүү С6Б ...миний төрсөн хоёр дүүгийн нэгийг нь шууд цохисон. Тэгээд бөөн зодоон эхэлсэн...” /хх-ийн 66-68/ гэсэн ,
Шинжээч Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М.Бийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 85-86/ гэсэн,
Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хангарьд хорооллын барилгын ажил дээр байхад ...Дашням “чамайг С.Баярхүү ах дуудаж байна” гэхээр нь би Өлзийхишигийн хамт очсон. ...С.Баярхүүгийн машин руу очиход М.Долгорсүрэнгийн хоёр ихэр дүү машинаас бууж ирсэн. Тэгтэл С.Баярхүү гарч ирээд “наад хоёроо бариад ав, сая намайг боож унагаалаа” гэсэн. Тэгэхээр нь би нэгийг нь барьж авахад М.Долгорсүрэн нөхрийн хамт миний хоёр талаас барьж авсан. ...Миний хоолойг боож байсан дүүгийнх нь нүүр рүү би толгойгоороо нэг удаа мөргөсөн...” /хх-ийн 101/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №10138 тоот дүгнэлтэд: “...1. М.Б-ийн биед баруун нүдний алим цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 77/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10139 тоот дүгнэлтэд: “...1. М.Б-ийн биед тархи доргилт, дээд, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхи хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 81/ гэсэн дүгнэлтүүд,
- Хохирлын баримтууд /хх-ийн 25-29/,
- Шүүдэгч С.Б-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 108-109/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.Б 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж байгаа Гарден Сити-2 хорооллын барилгын гадна ах С.Баярхүүг өмөөрч М.Б, М.Б нартай маргалдаж, улмаар тэднийг зодож, М.Бийн эрүүл мэндэд тархи доргилт, дээд, доод уруулын цус хуралт бүхий, М.Бийн эрүүл мэндэд биед баруун нүдний алим цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт бүхийн хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Бийн “...Удалгүй С.Баярхүүгийн дүү С.Б машинтай ганцаараа ирсэн. Тэгсэнээ шууд С.Б нь М.Буяхишигийг цохисон. Энэ үед эгчийн машинд сууж байсан найз Энхбаяр, Г.Нансан хоёр машинаас бууж бид хоёрыг өмөөрсөн. ...С.Б нь миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд би нүүрээ дараад доош тонгойход С.Б намайг цохиод байсан...” /хх-ийн 33-34/ гэсэн, хохирогч М.Бийн “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16-17 цагийн үед ...М.Б бид хоёр эгчийн машин дээр очиход нөгөө машинаас нь нэг залуу бууж ирээд шууд миний нүүр рүү цохиж унагаасан...” /хх-ийн 38-39/ гэсэн, гэрч Г.Нансангийн “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...улаан өнгийн цамц өмссөн эрэгтэй хүн ирээд М.Бийн нүүр рүү цохихоор нь М.Долгорсүрэн бид хоёр машинаасаа буугаад очиход М.Бийн хамраас цус гарсан...” /хх-ийн 48-50/ гэсэн, гэрч Б.Хатанбаатарын “...Энэ үед С.Б гүйж ирээд нөгөө хоёр ихрийн нэгийг нь өшиглөж унагаагаад, нөгөөг нь барьж аваад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон...” /хх-ийн 61-62/ гэсэн, гэрч М.Долгорсүрэнгийн “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...хамт явсан хүмүүсээ машиндаа суулгаад хөдлөх гэхэд С.Баярхүү машинтайгаа ирээд хашиж зогссон. Тэгтэл Г.Нансан, М.Б, М.Б нар нь машинаас буугаад С.Баярхүү дээр очсон. ...С.Баярхүүгийн төрсөн дүү С.Б ...миний төрсөн хоёр дүүгийн нэгийг нь шууд цохисон...” /хх-ийн 66-68/ гэсэн, шинжээч Ж.Ганцэнгэлийн “...гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон нэг бус “...М.Бийн биед учирсан гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 85-86/ гэсэн, шүүгдэгч С.Бын “...С.Баярхүүгийн машин руу очиход М.Долгорсүрэнгийн ихэр хоёр дүү машинаас бууж ирсэн. Тэгтэл С.Баярхүү гарч ирээд “наад хоёроо бариад ав, сая намайг боож унагаалаа” гэсэн. Тэгэхээр нь би нэгийг нь барьж авахад М.Долгорсүрэн нөхрийн хамт миний хоёр талаас барьж авсан. ...Миний хоолойг боож байсан дүүгийнх нь нүүр рүү би толгойгоороо нэг удаа мөргөсөн...” /хх-ийн 101/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №10138 тоот дүгнэлтэд: “...1. М.Бийн биед баруун нүдний алим цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 77/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №10139 тоот дүгнэлтэд: “...1. М.Бийн биед тархи доргилт, дээд, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 81/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч М.Б-ийн биед учирсан “...тархи доргилт, дээд, доод уруулын цус хуралт...”, хохирогч М.Бийн биед учирсан “...баруун нүдний алим цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтлүүд нь шүүгдэгч С.Бын тэднийг цохих, мөргөх зэргээр зодсон үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Бын хохирогч М.Б, М.Б нарыг цохих, мөргөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бийн эрүүл мэндэд тархи доргилт, дээд, доод уруулын цус хуралт, хохирогч М.Бийн эрүүл мэндэд баруун нүдний алим цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч М.Долгорсүрэн нь 520,000 төгрөгийн хохирол нэхэмилснээс хохирогч М.Б, М.Б нарын Компьютер томографын шинжилгээ хийлгэсэн 240,000 /хх-ийн 27-28/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэгийн хураамж 16,000 /хх-ийн 25-26/ нийт 256,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч М.Б, М.Б нарт олгож, үлдэх 264,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна. Учир нь эдгээр баримтаас бусад баримтууд нь хохирогч М.Б, М.Б нарын эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоогүй юм.
Шүүгдэгч С.Б нь шүүх хуралдааны явцад буюу шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шүүхээс хохирлын асуудлыг шийдвэрлэсний дараа 256,000 төгрөгийг төлсөн тул /хх-ийн 140/ энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч С.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлсдэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, өөрийн гэм бурууг ойлгож, гэмшсэн байдал, ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910020170178 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-н Б-ыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Б-од оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 256,000 /хоёр зуун тавин зургаан мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч С.Долгорсүрэнгийн нэхэмжлэлээс 264,000 /хоёр зуун жаран дөрөв/ мянга төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн 1910020170178 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР