Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2017/ДШМ/81

 

            

Ц.Э-д холбогдох

                                                           эрүүгийн хэргийн тухай                                                                                            

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүгдэгч: Ц.Э,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2017/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолтой,  шүүгдэгч Ц.Э-д холбогдох, эрүүгийн 1719000030003 дугаартай, 1 хавтас, 257  хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Эын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав  ээж, 2 дүүгийн хамт Сайншанд сумын 3 дугаар баг, ..... суух, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Оточ овогт Ц.Э /ЕМ96041810/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сайншанд сумын 20-53 тоот хашаанд байрлах хохирогч Ч.Гүнсмаагийн орон байранд нэвтэрч I Phone 5 маркийн гар утас, HTC гар утас, 2 ширхэг гар цүнх, 45000 төгрөг, 115 юань зэрэг эд зүйл хулгайлан 380000 төгрөгийн хохирол,

2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 40-4 тоот хохирогч Б.Золзаяагийн орон байранд нэвтэрч Самсунг Эс-3, Самсунг Эс-6 маркийн гар утаснууд хулгайлан 460000 төгрөгийн хохирол,

2017 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Алтанжолоогийн 31 тоот хохирогч Н.Баяртогтохын орон байранд нэвтэрч LG-F240S маркийн гар утас, галарант пудр, нүүр цэвэрлэгч, нүүр цэвэрлэгч хөвөн, уруул өнгөлөгч, жирэмснээс хамгаалах эм, өвчин намдаах лаа, хэтэвч, гар цүнх, хөмсөг түүгч, сормуусны будаг зэрэг эд зүйл хулгайлан түүнд 151100 төгрөгийн хохирол,

2017 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 16-47 тоот хохирогч Г.Болортуяагийн орон байранд нэвтэрч Samsung S-3, Samsung trend, Samsung S-5 маркийн гар утаснууд бэлэн 20000 төгрөг хулгайлан түүнд 460000 төгрөгийн хохирол,

2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 2 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар абг, хуучин ахуй үйлчилгээний 3 тоот хохирогч Г.Байгальхүүгийн орон байранд нэвтэрч Самсунг Галакси нөте 2 маркийн гар утас хулгайлан түүнд 150000 төгрөгийн хохирол,

2017 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6-2 тоот хохирогч Ц.Ганхуягийн орон байранд нэвтэрч Samsung S-6 маркийн гар утас, бэлэн 10000 төгрөг хулгайлан түүнд 430000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогждээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Оточ овогт Цэцэнбилэгийн Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-д 2 жил 1 сарын хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Э-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгулулагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Эын цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцож,

Шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д заасаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр болсон. Би тухайн хэргийг үйлдэх үедээ биеэ хянах чадваргүй байснаар тухайн гэмт хэргийг үйлдсэндээ маш ихээр гэмшиж, ойлгож, ухаарч байна. Энэ хэрэгт холбогдсоноор маш их зүйлийг ухаарч, цаашдын амьдралаа ахин энэ мэтийн алдаа дутагдал гаргаж бусдад муу нөлөө үзүүлэхгүй байх болно. Миний ар гэрийн амьдрал дутуу дулимаг ч гэсэн бүхнийг ойлгож, ухаарч, уучлал гуйж байна. Аав минь тахир дутуугийн группэд байдаг, ээж минь ганцаараа ар гэр, дүү нарыг минь авч явах гэж зовж явдаг. Энэ мэтээс эхлэн ар гэрийн болон амьдралын янз бүрийн зовлон  бэрхшээл байдаг. Миний энэ хэрэг хохирол, гомдол байхгүй  ба анхны хэрэг, ар гэрийн гачигдал зовлонг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Ц.Э гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасан байгаа тул шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой тул түүнд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг багасгаж өгнө үү гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Эын хувийн байдлын хувьд ярихад хулгайн 6 удаагийн үйлдэл байгаа. Урьд нь мөн ял шийтгүүлж байсан. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт ялын дээд хэмжээний хоёрны нэгээс, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй байхаар зааж өгсөн байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал, нийгмийн шинж чанарт тохирсон ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Ц.Эыг 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 15-ны хугацаанд 6 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай бусдын орон байранд шөнийн цагаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, 2015 он Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний 2017/ШЦТ/149 тоот шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь хохирогч Ч.Гүнсмаа, Б.Золзаяа, Н.Баяртогтох, Г.Болортуяа, Г.Байгальхүү, Ц.Ганхуяг нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байна.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Урангоо нарын давж заалдсан гомдлын дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч нь 6 удаагийн давтан үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байгаа ба энэ нөхцөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Анхан шатны шүүхээс шийтгэсэн 2 жил 1 сарын хорих ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан ялын хамгийн  доод ял байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2017/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 35 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                        ШҮҮГЧИД                                  Н.БОЛОРМАА

                                                                                                           А.САЙНТӨГС