Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 117

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч:  Я.И, П.Ж, Н.П,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хорооны иргэдийн нийтийн хурлын тов зарласан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоол, хорооны иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгосон 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03, 04 дүгээр тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Гүенбат, хариуцагч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Р.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтулга, гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, гуравдагч этгээд С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлыг 08 дугаар сарын 09-ний өглөө 7.30-д хийх сураг сонсогдсон. Энэ хурлын зар нь хороон дээр, Скай төвийн урд гэсэн 2 шугамаар тараагдсан байсан. /Скай төв нь манай дүүрэгт харъяалагддаггүй/ Скай төвийн урд хүмүүсээ цуглуулаад Архитектор рестораны 2 давхарын хурлын зааланд сурагтай байна гээд хороон дээр цугласан хүмүүс ирцгээхэд тэнд цугласан хүмүүс бултаж зугтан хурлын зааланд хэсэг хүмүүс дотроосоо түгжин чимээ чагнан гарч ирэхгүй байсан. Энд ирсэн хорооны иргэд маш их бухимдалтай байцгаасан. Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын зарыг хуулийн дагуу 15 хоногийн өмнө ил тод нээлттэй зарлах үүрэгтэй хорооны Засаг дарга С.Э болон хорооны хэсгийн ахлагчид, Иргэний танхимын ажилтан нар хурлын зарыг иргэдээсээ нууж зөвхөн өөрсдийн ойрын хамаатан садан тойрон хүрээлэгчид, ардчилсан намын зарим гишүүдийн хүрээнд Архитектор рестораны 2 давхарын хурлын зааланд нууцаар хийхээр төлөвлөсөн нь үр дүнгүй болсон. Энэ өдрийн хурлыг мэдээгүй гээд хорооны ИНХ-ын тэргүүлэгч Р.Оргил, К.Оюунбат нар хайгаад явж байсантай хорооны иргэд тааралдсан байсан. Хурлаа хийгээд С.Э дахин сонгогдлоо гэсэн сураг ч тарсан. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 14-ний 11.00 цагт хорооны иргэний танхимд, 2 дугаар сургууль дээр гэсэн 2 өөр сураг гараад төөрөлдөж явсаар 11 цаг 10 минутанд 2 дугаар сургууль дээр очиход хурал эхэлчихсэн 240 хүний нэрсийг гарган гарын үсэг, регистр биччихсэн нэрсийг дуудан санал өгүүлж байсан нь урьдчилан зохион байгуулсан нь тодорхой байсан. Энэ хурлыг зохион байгуулсан хорооны ИНХ-ын хуульд заасан хугацаа дууссан эрх зүйн чадамжгүй болсон юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд “Хурлын хуралдаан” гэсэн хэсэгт анхдугаар хуралдааныг хэрхэн зохион байгуулах тухай маш тодорхой заасан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23,12-т “Баг хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно” мөн хуулийн 23.13-т “Сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна гэж заасан. Дээрх ИНХ-ын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 15-нд дууссан. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид МУЗЗНДНТУтХ гэх/ 23 дугаар зүйлийн 23.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна” Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”- гэж тус тус заасан байдаг ба энэхүү заалтын дагуу анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж буй тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор зарлан хуралдуулах ёстой атал уг хурлыг зориуд хуралдуулалгүй өөрсдийн эрх ашгийг хуулиас дээгүүр тавьж хууль ёсыг хүндэтгэлгүй дураараа авирлаж шинэ сонгогдох Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид болон иргэдийн сонгох эрхийг зөрчсөөр ирсэн. Дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” -гэж заасан иргэд бидний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон ба бид дээрх хурлаар хорооны Засаг дарга болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдэд нэр дэвших, бусдыг нэр дэвшүүлэх зорилготой байсан болно.

2017 оны 08 сарын 14-ний өдөр болсон гэх Иргэд Нийтийн Хурал нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан иргэний үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, мөн МУЗЗНДНТУтХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хуралд энэ хугацаа хамаарахгүй”-гэж заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болсон тэргүүлэгчид зарлан хуралдуулсан учир дээрх үндэслэлгүй хурлаас гарсан тогтоолуудыг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч бид Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, мөн хуулийн 93.2-д “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно”-гэж тус тус заасны дагуу Хорооны ИНХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байгаа тул цаг хугацаанд нь хуралдуулах хугацаа дууссан тул Дүүргийн

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаар хурлын тов зарлуулах шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч хүлээж аваагүй болно. СБД-ийн ИТХ-ын дарга, Засаг дарга, хурлын ажлын албаны ажилтнууд, хорооны Засаг дарга нар хурлын зарыг зохион байгуулалттайгаар үгсэн нууцалж булхай луйвартай хурал хийсэн. Хурал хийх тухай тогтоол, гарсан шийдвэрийг нууцлан удаа дараа шаардсан боловч өгөхгүй байна.

Иймд ЗХШХШтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Р.Оргил, Засаг дарга С.Э нарын асуудлыг хууль эрх зүйн дагуу хүчингүйд тооцуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...1.Хорооны иргэдийн нийтийн хурал хуралдуулж, хурлын дарга, тэргүүлэгчдийг шинээр сонгох , хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх тухай хурлын хуралдааны товыг 2017 оны 07 сарын 26-ныөдөр хуралдсан Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн. Энэ хурлаас хурлыг 2017 оны 8 дугаар сарын 14-нийөдөр 11 цагаас товлон зарлаж, хэлэлцэх асуудлын төслийг баталж, хуралдааны зар тараах, бусад бэлтгэл хангахтай холбоотой асуудлыг хорооны Засаг дарга С.Эрдэнэцэцэгт даалгасан шийдвэр гарсан.

2. Хорооны Иргэдийн нийтийн хурлын зарыг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 2-р сургууль дээр 11:00 цагт болно гэсэн зарыг иргэдэд мэдээлж, энэ зарыг байруудын орцууд дээр наах, иргэдэд утсаар мэдээлэх зэрэг арга хэмжээг хорооны ажлын албанаас сайтар зохион байгуулан ажилласан байдаг. Нэхэмжлэлд дурьдсан шиг хоёр өөр газар болох юм шиг /Хорооны иргэний танхим, эсвэл 2-р сургууль гэсэн/ ойлголт болон тийм зар мэдээлэл тараагүй болно. Хурлын зарын дагуу энэ өдрийн 11:00 цаг гэхэд 2-р сургуулийн “Урлаг танхим”-д нийт 249 иргэн хуралдаа хүрэлцэн ирсэн байсан нь энэ өдрийн хуралд иргэдийн идэвх, оролцоо сайн байсныг харуулж байгаа гэж үзэж байна.

3. Хорооны иргэдийн нийтийн хурлын тогтоол шийдвэрийг хүчингүй болгох асуудал тавьж нэхэмжлэл гаргаад байгаа Я.И, П.Ж, Н.П нар нь зарын дагуу хуралдаа хүрэлцэн ирж оролцсон бөгөөд ирцийн бүрттгэлд бүртгзгдсэн байдаг. Хурлын үйл явцад П.Ж нь тухайн хурлын тооллогын комиссд оруулахаар 2 хүний нэрийг дэвшүүлэн батлуулсан, мөн хорооны иргэдийн нийтийн хурлын даргад өрсөлдүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Баярсайханы нэрийг, хурлын тэргүүлэгчид өрсөлдүүлэхээр 4 хүний нэрийг тус тус нэр дэвшүүлэн хуралд идэвхи гаргаж, эрхээ эдлэн оролцсон бөгөөд Н.П тооллогын комиссын бүрэлдэхүүнд орж тооллогын дүн гаргах үйл явцад өөрөө оролцсон болох нь баримт нотолгоотой билээ. 

4. Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудлын хувьд 2013 оны 8-р сарын 15-ны өдөр/ болсон Хорооны иргэдийн нийтийн хурлаас сонгогдсон дарга, тэргүүлэгч нарын бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэх боломжгүй юм. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасан ”...баг, хорооны ХурлынТэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэсэн заалттай зөрчилдөөгүй, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хурлыг товлон зарлаж, хурлын дарга тэргүүлэгчийг шинээр сонгож, Засаг даргад нэр дэвшүүлсэн байхад нэхэмжлэгчдийн зүгээс Хорооны иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацааг дууссан, эрх зүйн чадамжгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Эдгээр үндэслэл тайлбарын дагуу нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд С.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тус хорооны Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 06 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж, иргэдэд мэдээллийг хүргэж ажиллахаар зохион байгуулсан. Иргэдэд зарыг аль болох өргөн хүргэхийн тулд зар тараах үүргийг хэсгийн ахлагч нарт өгч, 94 ширхэг зарыг орон сууцны орнцнуудад наах, утсаар ярих үүрэг даалгаврыг өгсөн. Ингээд тэр өдөр 240 гаруй иргэд цугларсан. Хурлыг хууль тогтоомжийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд К.О шүүхэд гаргасан тайлбартаа: Я.И нарын нэхэмжлэлтэй, СБД-ийн 8 хорооны хурлын даргад холбогдох хэрэгтэй танилцаж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуралд 240 хүн оролцсон нь хамгийн өндөр ирцтэй байсан.(2008;2012 он) Санал хураалт шударгаар,нууцаар явагдсан нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Иргэдийн нийтийн хурлын дарга Р.Оргилын гаргасан тайлбар үнэн зөв бодитой байна” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Ж, Д.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Я.И, П.Ж, Н.П нараас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн хурлын товыг заасан хугацаанд оршин суугаа байрныд доор зарлалаар наасан байсан бөгөөд зарлалын дагуу хуралд оролцон иргэний эрхийнхээ дагуу нэрээ дэвшүүлж СБД-ийн 8 хорооны Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид сонгогдсон.  Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн иргэн Г.Ж, Д.Б нар шүүх хуралд оролцохгүйгээр шүүх хурлыг явуулахыг зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оргил шүүхэд гаргасан тайлбартаа: Я.И нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй дэмжихгүй тул нэхэмжлэл түүний шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Хорооны иргэдийн нийтийн хурлын тов зарласан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоол, хорооны иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгосон 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03, 04 дүгээр тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах тухай 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нараас “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна” Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж тус тус заасан байдаг ба энэхүү заалтын дагуу анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж буй тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор зарлан хуралдуулах ёстой атал уг хурлыг зориуд хуралдуулалгүй өөрсдийн эрх ашгийг хуулиас дээгүүр тавьж хууль ёсыг хүндэтгэлгүй дураараа авирлаж шинэ сонгогдох Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид болон иргэдийн сонгох эрхийг зөрчсөөр ирсэн. Дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” гэж заасан иргэд бидний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон ба бид дээрх хурлаар хорооны Засаг дарга болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдэд нэр дэвших, бусдыг нэр дэвшүүлэх зорилготой байсан болно” гэж маргажээ. 

2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай” 02 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчээр Р.Оргил, Ж.Батаа, Д.Ууганбаяр, Д.Туул, Б.Баттөр нар сонгогдсон байх бөгөөд Тэргүүлэгч Ж.Батаа, Д.Туул, Б.Баттөр нар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж “Иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах тухай” 06 дугаар тогтоолоор хорооны Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад 2 дугаар дунд сургуулийн урлаг зааланд хуралдуулахаар товлож, хэлэлцэх асуудлыг тогтоосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасанд нийцсэн байна. 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан тул 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай” 02 дугаар тогтоолоор сонгогдсон тэргүүлэгчид бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхдаа буюу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж анхдугаар хуралдааныг товлон зарласан нь хууль зөрчөөгүй байна. 

Хоёр: Хорооны иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгосон 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03, 04 дүгээр тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлагын хувьд:

Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Р.Оргилыг баталж, мөн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Р.Оргил, Б.Баттөр, Д.Бат-Эрдэнэ, Г.Жавхлант, К.Оюунбат нарыг Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр тус тус баталж, мөн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан С.С.Эийг тус Хорооны Засаг даргаар томилуулахаар уламжлахаар тус тус шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Баг, хорооны хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ;”, 17.1.1-д “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх;”, 17.1.2-д “....хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх,.....” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хурлын хуралдааны дарга, Тэргүүлэгчдийг сонгож, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн дүүргийн Засаг даргад уламжилсан гэж үзэхээр байна. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буюу хуралдаан эхлэхээс 19 хоногийн өмнө хуралдуулахаар товлож хэзээ, хаана, хэдэн цагт болохыг тодорхой бичсэн зарыг орон сууцны орцонд байршуулсан, утсаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна. 

Мөн тус иргэдийн нийтийн хуралд 249 иргэн ирсэн, үүн дотор нэхэмжлэгч П.Ж, Я.И, Н.П нар ирсэн болох нь хэрэгт авагдсан ирцийн бүртгэлээр нотлогдож байна. 

Үүнээс үзэхэд хуралдааны ирц Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэж заасан шаардлагыг хангасанаар хурал хийгдсэн, ирцийн хувьд нэхэмжлэгч нараас маргаагүй байна.

Иймд хурлын зарыг иргэдэд мэдэгдээгүй хуралдсан гэх үндэслэлээр тус хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааныг хууль бус гэж дүгнэх боломжгүй байна. 

Түүнчлэн тухайн Хуралд нэхэмжлэгч П.Ж, Я.И, Н.П нар оролцож Н.П тооллогын комиссын гишүүнээр сонгогдсон, П.Ж нь хорооны иргэдийн нийтийн хурлын даргад Н.Баярсайханы нэрийг, хорооны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд Я.Игийн нэрийг тус тус дэвшүүлсэн, улмаар хуралдааныг дундаас нь орхин гарсан болох нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул нэхэмжлэгч П.Жгийн “би хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэх байсан, бичиг баримт бүрдүүлсэн байсан, Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг минь зөрчсөн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын иргэн хүний хувьд сонгох,  сонгогдох эрхээ эдлэх зорилгоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой байсан гэх үндэслэлээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж хуульд заасан журмын дагуу явагдсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гарсан маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох боломжгүй.

Иймд   “Хорооны иргэдийн нийтийн хурлын тов зарласан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоол, хорооны иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгосон 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03, 04 дүгээр тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай Я.И, П.Ж, Н.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

                     Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.И, П.Ж, Н.П нарын “Хорооны иргэдийн нийтийн хурлын тов зарласан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоол, хорооны иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгосон 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03, 04 дүгээр тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ