Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2021/0351/З |
Дугаар | 221/МА2021/0496 |
Огноо | 2021-09-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2021/0496
“М Б Ү О С Ч” шашны байгууллагын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, хариуцагч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 476 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “М Б Ү О С Ч” шашны байгууллагын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 476 дугаар шийдвэрээр:
“...Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, мөн зүйлийн 13.1.1 заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М Б Ү О С Ч” шашны байгууллагын гаргасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нарын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2520902230 тоот Нөхөн ногдуулалтын актаас 15,907,830.00 төгрөгийн төлбөрийг бууруулах тухай шаардлагаас 11,930,872.50 төгрөгийн төлбөрийг бууруулан хангаж, үлдсэн 3,976,957.50 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж ...” шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:
“... Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: Нэхэмжлэгч 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дэх үнэлгээг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 41,119,500 төгрөгөөс 395,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байх ба уг нэмэгдүүлсэн үнэлгээнээс хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд харин 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд ногдуулах нь зүйтэй ба түүнээс өмнөх хугацаанд ногдуулах нь үндэслэлгүй байна гэжээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна:” 5.3.3-д “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар” гэж заасан. Эндээс үзвэл нэхэмжлэгч талын эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хүрээнд гаргасан тайлан буюу хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлсэн дүн нь эхлэлтийн тайлан баланс гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмнөх ямар үнэтэй байсан нь одоо хамааралгүй тухайн эхлэлтийн балансад туссан дүнгээр цаашид улсын бүртгэл болон татварын тайлан бүртгэлд тусгагдахаар зохицуулсан. Нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж зах зээлийн жишиг үнээр тайлагнасан бөгөөд харин татвар төлөх болохоор улсын бүртгэлд байгаа үнэ гэж хэт бага үнээр төлнө гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Мөн түүнчлэн татварын ерөнхий хууль /2008/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэгтэй”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасныг зөрчиж байна. Нэхэмжлэгч тал татвар ногдох зүйл буюу үл хөдлөх хөрөнгөө өөрөө тодорхойлж зах зээлийн үнэ ханшаар хөрөнгийн үнэлгээг өсгөж тодорхойлон тайлагнасан атлаа татвар төлөхдөө хуучин улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан үнээр тооцож байгаа нь үндэслэлгүй байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болгох зорилгоор дараах арга хэмжээ авна”, 4.1.1-д “татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харьяалах татварын албанд мэдүүлэх”, 4.1.3-д “хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл буруу бүртгүүлсэн бол харьяалах улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль хүрээнд буруу тайлагнасан буюу татвар ногдох зүйлийн үнэлгээг хэт багаар үнэлсэн үнэлгээг засаж залруулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг өсгөж тайлагнасан. Харин энэхүү өсгөж тайлагнасан өөрчлөлтөө харьяалах улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх үүргийг нэхэмжлэгч тал хүлээсэн байна .
... Иймд хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх хууль журмыг хэрэглэхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд нөлөөлсөн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 476 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 11,930,872.50 төгрөгийг бууруулан шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар удирдамж, 2520902230 тоот томилолтын дагуу хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нар “М Б Ү О С Ч” шашны байгууллагын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийжээ.
Уг шалгалтаар “М Б Ү О С Ч” шашны байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж зөрчсөн зөрчил илэрсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг үндэслэн 2016-2019 онд илэрсэн нийт 2,553,242.000.00 төгрөгийн зөрчилд 21,612,420.00 төгрөгийн нөхөн татвар, 6,483,726.00 төгрөгийн торгууль, 4,322,484.40 төгрөгийн алданги, нийт 32,418,630.00 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын актыг тогтоосон байна.
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд татварын ногдуулалт, төлөлтийн талаар, 29 дүгээр зүйлд татвар төлөгчийн татварын тайлан үйлдэх тушаах талаар зохицуулсан байх ба Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.
Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нарын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2520902230 тоот Нөхөн ногдуулалтын актаас 15,907,830.00 төгрөгийн төлбөрийг бууруулах” тухай шаардлага буюу актаар ногдуулсан төлбөрөөс үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээнд үнэлгээ бичигдсэн нийт 41,119,500 төгрөгийн үнэ бүхий 8 хөрөнгөд ногдох 15,907,830 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гарган маргаж байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ татвар төлөгч эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн дүнг өөрчилсөн тохиолдолд Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар л хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэлд өөрчлөлт оруулах ба харин данс бүртгэлийн дүнг өөрчилсөн үед эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх үүрэггүй хэмээн тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “М Б Ү О С Ч” нь 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу балансад бүртгэлтэй нийт 41,119,500 төгрөгийн үнэ бүхий 8 хөрөнгийн үнэлгээг ил тод болгон нэмэгдүүлэн 395,000,000.00 төгрөг болгон тайлагнасан нь нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангаар баталгаажсан байна.
Тодруулбал, 161700068 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө 1,800,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 40,000,000.00 төгрөг болгож, 1520000501 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө 1,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 15,000,000.00 төгрөг болгож, 1723000992 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө 2,600,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 20,000,000.00 төгрөг болгож, 1317001778 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө 350,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 15,000,000.00 төгрөг болгож, 0713000230 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 3,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 60,000,000.00 төгрөг болгож, 1819000327 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 700,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 40,000,000.00 төгрөг болгож, 2203002352 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө 27,369,500.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 150,000,000.00 төгрөг болгож, 2203005081 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 4,300,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 55,000,000.00 төгрөг болгон нэмэгдүүлсэн болох нь нотлогдож байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болгох зорилгоор дараах арга хэмжээ авна”, 4.1.1-д “татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харьяалах татварын албанд мэдүүлэх”, 4.1.3-д “хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртүүлээгүй, эсхүл буруу бүртгүүлсэн бол харьяалах улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх” гэж зааснаас үзвэл татвар төлөгч татварын тайланд буруу тайлагнасан буюу татвар ногдох зүйлийн үнэлгээг багаар үнэлсэн бол засаж залруулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг өсгөж тайлагнаж, үүнийгээ харьяалах улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхээр зохицуулжээ.
Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй”, 5.3-д “Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна:” гээд 5.3.3-д “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар” гэж заасан.
Нэхэмжлэгчийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодит, зах зээлийн үнэд тулгуурлан нэмэгдүүлж, санхүүгийн тайлангаар мэдүүлсэн үнэлгээ нь тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулахад ашиглагдаж буй анхны хөрөнгө учир эхлэлтийн тайлан баланс гэж үзэх ба тухайн нэмэгдүүлсэн үнээр Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.” гэж заасны дагуу тухайн нэмэгдүүлсэн бодит үнийн дүнгээр татвар төлөх үүрэг хүлээхээр байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс Татварын ерөнхий хууль /2008/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэгтэй”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж зааснаар 2015 оноос хойш тухайн 8 үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээнд дурдсан хуучин үнэлгээгээр бус зохих зах зээлийн үнийн дүнг зөв тодорхойлж татвар ногдуулах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх “...нэхэмжлэгч тал татвар ногдох зүйл буюу үл хөдлөх хөрөнгөө өөрөө тодорхойлж зах зээлийн үнэ ханшаар хөрөнгийн үнэлгээг өсгөж тодорхойлон тайлагнасан атлаа татвар төлөхдөө хуучин улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан үнээр тооцож байгаа нь үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь зөв боловч “...2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Тус хуулийн 19 дүгээр зүйлд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах гурван үндэслэлийг заасан байх бөгөөд тэдгээрт үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өөрчлөгдөх тохиолдолд эрхийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар заагаагүй байна. Тиймээс 2016, 2017, 2018 онуудад нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгүүдийн өөрчлөгдсөн үнэлгээг бүртгүүлэх үүрэг хуулиар хүлээгээгүй учир үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг мөн онуудад хамаарах санхүүгийн тайланд нэмэгдүүлж тайлагнасан үнэлгээнээс тооцож ногдуулах ёстой гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаас 2016, 2017, 2018 оны зөрчилд хамаарах 11,930,872.50 төгрөгийн төлбөрийг бууруулан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Учир нь 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан ч тус хууль Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бүртгүүлэх үүргийг хэрэгжүүлэхээр байгаа боловч нэгэнт нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээр татварын албанд шинэчлэн тайлагнасан тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх үнээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулах шаардлагагүй.
Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор батлагдсан бөгөөд тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болгох зорилгоор дараах арга хэмжээ авна”, 4.1.1-д “татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харьяалах татварын албанд мэдүүлэх”, 4.1.3-д “хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл буруу бүртгүүлсэн бол харьяалах улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх” гэж зааснаар дээрх шинэ бүртгэлийг бүртгэлжүүлэх үүргийг татвар төлөгчид 2015 оноос эхлэн хүлээлгэсэн байсан тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг ашиглан эрхийн бүртгэлд бүртгүүлэх үүргийг хойшлуулан тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахааргүй байжээ.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 476 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, мөн зүйлийн 13.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М Б Ү О С Ч” шашны байгууллагаас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нарын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2520902230 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА