Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/03

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,

Улсын яллагч: Д.А-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Г-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг, О.Хишигсүрэн, Г.Гандөш,

Иргэдийн төлөөлөгч: Э.Э-,

Шүүгдэгч: Б.Д-, Б.Ч-, Ч.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Б-ы Д-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Ч-ын Г-, Б- овогтой Б-ын Ч- нарт холбогдох эрүүгийн 1927000000068 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Хотонт сумын 4 дүгээр баг ___ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б- овогтой Б-ы Д-, /РД:___/,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ахын хамт Архангай аймгийн Хотонт сумын 4 дүгээр баг ___ “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б- овогтой Ч-ын Г- /РД:___/,

3. Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр 4 дүгээр багийн ___ “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогтой Б-ын Ч-, РД:___.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн нутаг Сансар хорооны ___ тоот хашаанд хохирогч Ж.М-г боомилсны улмаас алсан,

Яллагдагч Б.Д-, Ч.Г-, Б.Ч- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар 30-наас 31-нд шилжих шөнө 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын нутгаас хохирогч Н.Б-гийн 2 тооны адууг, хохирогч Г.Л-ын 1 тооны адууг, хохирогч Т.А-ийн 3 тооны даагыг хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Б.Д- нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүний амь нас эрсдэж 3 хүүхэд өнчирч үлдсэн учраас хохирлыг баримтаар үнэлшгүй. Одоогоор хохирол төлбөр төлөөгүй байгаа. Тохиролцоод гэрээ байгуулж нотариатаар батлуулсан тохиолдолд санал гомдлоо татаж авч болно гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би гомдолтой байна. Миний дүүг хүн алчихсан байна. Б-ы Д- гэж хүнийг танихгүй бид төрөл садангийн холбоо байхгүй. Цаашид оршуулгын болон бусад гарсан бүх зардал өмгөөлөгчийн хөлс зэргийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

Гэрч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Б- гараад буцаж орж ирэхдээ түргэн дуудахгүй бол болохгүй болчихлоо их эвгүй болчихсон байна гэж хэлсэн тэгээд түргэн дуудах хүн олдохгүй бүгд яах учраа олохгүй сандраад байхаар нь би хэний утсыг нь мэдэхгүй цэнхэр өнгийн Нокиа маркийн гар утсыг авч 70327103 дугаартай залгаж дуудлага өгсөн. Тэгээд удаагүй 5-10 минутын дараа автомашины дуу гарсан зуны байшин дотроос Б- бид хоёр цуг гарсан гарахад зуны байшингийн зүүн хэсэгт буюу хойд хашааны хаалганы хажуу хэсэгт М- газар хэвтэж байсан ямар байдалтай байсан талаар мэдэхгүй байна тэр үед их сандарсан би хараад айсан түүнийг хашааны хаалганы хажуу талд байсныг мэдээгүй байсан юм. Эмч ирээд энэ хүн чинь хөрчихсөн байна та нар эртхэн дуудахгүй яасан юм бэ гэж хэлээд одоо цагдаа дуудах хэрэгтэй гэдгийг хэлсэн тэгэхээр нь би айгаад цаашаа зуны байшин дотор орчихсон ...цагдаа нарыг ирэхээс өмнө Б- эгч Д-ыг хүн алчихлаа гэж хэлээд уйлаад байсан тэнд байсан хүмүүс Д-ыг чи хүн алчихлаа гэж хэлсэн чинь би өөрөө хэргээ хүлээнэ, та нарт хамаагүй гэж хэлээд байсан хоёр цагдааг гаднаас орж ирэхэд Д- наад хүмүүс чинь хамаагүй би алсан гэсэн үг яриа хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 54-55 дугаар хуудас/,

Гэрч Э.Б-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Ж.М- миний дүү Д- тэр хоёр Ч-гийн эгчийн зуны байшин дотор нэг сав 2.5 литрийн пиво уугаад сууж байхдаа маргалдсан. Талийгаач М- миний хүүхдийг пизда минь чи Уугийг гэрчилсэн биз дээ Хонгор халзан морийг И-гийн байшингийн ард уяатай байсан гэж цагдаад гэрчилсэн биз дээ гэж хэлж маргалдсан. Байшингийн гадна тэр хоёр хэрэлдээд хулгайн талаар яриад байсан. Тэгэхээр нь би байшин дотроос та хоёр юун хулгайн талаар орой болчихсон байхад яриад байгаа юм бэ унтаж амар гэж хэлсэн. Тэгсэн чинь манай хүү Д- ээж одоо унтаж амар гэж хэлээд зуны байшингийн хаалгыг гаднаас дараад байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд намайг байшин дотор унтаагүй байхад гаднаас манай хүү Д- орж ирээд ээж би хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр би Б-ыг дуудсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Талийгаач М- Д- 2-т газар ор засаж өгсөн тэр хоёр адуу малын хэрүүл хийгээд зуны байшингаас гарсан. Д- ааш зан гайгүй ямар нэгэн муу муухай зан байхгүй сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60-62 дугаар хуудас/,

Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Бид нар унтах гээд хэвтсэн тэр үед би хэсэг зүүрмэглэчихсэн байсан тэгтэл Б- эгч намайг чанга дуугаар дуудаж гадаа Д- хүн алчихсан байна гэдгийг хэлсэн тэгээд байшингаас гарч талийгаачийг очиж үзсэн тэр үед би талийгаачийг дээш доош болгосон байх тухайн үедээ их сандраад байсан. Тэгээд гэрт ороод нас барсан талаар хэлсэн эмч ирээд нас барсан талаар хэлсэн тэгээд удаагүй цагдаагийн ажилтан ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63-65 дугаар хуудас/,

Гэрч Ч.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Д- болохоор М- бид хоёр маргалдаж зодоон хийсэн юм гэж яриад байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Д- нь төлөв томоотой сайхан сэтгэлтэй хүүхэд шиг санагдсан. Гэхдээ манай хоёрын гэр хоорондоо хол би тусдаа амьдралтай хамт байдаггүй. Болохоор зан байдал эд хөрөнгийн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...М- намайг гэрээс гарахад миний хамар хэсэг рүү цохисон бм ямар нэгэн зүйл яриагүй, М- хашаанд би шахаж улмаар боосон юм. Тухайн үед цаг ойролцоогоор 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 01 цаг өнгөрч байсан байх М- надаас биеэр том болохоор зодолдоод дийлэхгүй байсан. Тэгээд болгоомжгүйгээр түүнийг алчихлаа. Миний хамраас тухайн үед цус гарсан. Тэгээд М-д цохиулсандаа хэсэг толгой манараад байсан болгоомжгүй байдлаас болж хүний амь нас хохироосон харамсаж байна. Би анх М-г согтуу байсан болохоор согтуудаа болоод босож ирж чадахгүй байна гэж бодоод хажууд нь суусан. Тэгэхэд босож ирэхгүй байсан. Тэгээд эхлээд гэр лүү орж ээждээ хэлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 157-158 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №107 дугаартай:

“...1. Амь хохирогч Ж.М-гийн биед хүзүүнд дарагдлын ором /Боомилолт/,

уушгины гялтан доорхи ба зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт /Тарьдагийн толбо/, хүзүүний жолоо булчингийн цус хуралт, голтын эрхтнүүдийн цус хуралт, 2 нүдний алимны салстад үүссэн цэгчилсэн цус харвалт /Ляршийн толбо/. 2 уушгины цээжний хөндийд наалдсан эмгэг, хуйханд шарх, хамар цээжинд цус хуралт, хамар, доод уруул, баруун тохой, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Хүзүүнд үүссэн дарагдлын ором нь нэг төрлийн давуун хэрээстэй материалаар үүссэн, 2 уушги, зүрх, 2 нүдний алимны салстад үүссэн цэгчилсэн цус харвалтууд, голтын эрхтнүүд, хүзүүн дэх жолоо булчингийн цус хуралт гэмтлүүд нь боомилолтын үед үүссэн. Дээрх гэмтлүүд нь бүгд боомилолтоос үүссэн, талийгаачийн амь насыг хохироосон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйхны шарх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, зулгаралтууд гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь босоо, сууга, хэвтээ аль ч байрлалаас үүсэх боломжтой, хүзүүний дарагдлын ором нь ардаас урагшаа, зүүнээс баруун тийш чиглэлтэй хөндлөн байна.

4. Дээрх гэмтлүүд нь бүгд амьд байх үед үүссэн гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Гэмтлийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх боомилолтоос үүссэн гэмтлүүд нь амьсгал бүтэлтэд оруулж нас баруулсан байна.

7. Анхны үзлэгээр нас бараад 4-өөс дээш цаг болсон байна.

8. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 2 талын уушги, цээжний хөндийд наалдсан эмгэг байдал илэрсэн. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй.

9. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна.

10. Талийгаачийн хүзүү хоолойг гаднаас боомилсны улмаас амьсгал бүтэлтэнд оруулж нас барсан байна. Хүзүү хоолойд учирсан гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 81-83 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц этгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №1193 тоот:

“...1. Б.Д- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Д- нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.

2. Б.Д- нь мөрдөн байцаалтын шатын үед болон одоо үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Цаашид мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Б.Д- нь гэмт хэрэг үйлдлээ хариуцах чадвартай байна.Б.Д- нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. Б.Д- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

5. Б.Д-од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 128-130 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Би 2018 оны 10 дугаар сарын 30-ны орой намайг гэртээ Г-той хамт байж байтал Ч- ирсэн. Тэгсэн Ч- адуунд явъя гэхээр нь тэгье гээд Ч-, Г- бид 3 хамт манай гэрээс гараад 3-уулаа тус тусдаа морь унаад Архангай аймгийн Хашаат сумын ___ баг “___” гэх газар явж байгаад 2 азарга адуутай таарсан. Тэр дундаас Г- бид хоёр 2 гүүг аваад өөрийн гэрийн гадаа авчирсан. Тэгээд Б-ыг малдаа явсан хойгуур нь саравчний ард нь 2 адуугаа Г- бид хоёр 2-уулаа нядалсан. Г- бид 2 Б-од хулгайн адуу авчирсан гэж хэлээгүй. Б- тэр үед гэртээ байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 52-55 дугаар хуудас/,

Хохирогч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хашаат сумын ___ багт ___ гэх газраас 15 тооны шар хээр азаргатай адуунаас хамар цагаан зээрд зүсмийн гүү, бор хээр зүсмийн гүү хулгайд алдсан. Өглөө адуугаа хураахад алга болчихсон тэгтэл Хархорины Цагдаагаас эзнийг нь олж өгсөн. Намайг очиж уулзахад манай 2 тооны гүүг нядлаад мах, шир, толгойг нь хурааж авсан гээд үзүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 12-15, З дугаар хх-ийн 152-153 дугаар хуудас/,

Хохирогч Г.Л-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би Архангай аймгийн Хашаат сумын ___ гэх газраас Хонгор халзан гүү алдсан юм. Тухайн үед хайгаад олоогүй юм. Тэгээд манай нутгийн Б- А- гэх 2 залуугийн нийт 5 тооны адуу алдсан байсан тэд нартай хайгаад эхлээд А- гэх залуугийн 3 тооны даагыг Архангай аймгийн Хотонт сумын ___ ___ гэх газраас олсон тухайн үед миний хонгор халзан гүү тэдгээр морьдтой хамт алдагдсан байсан. Тэгээд тухайн үед миний хонгор гүү хамт байгаагүй тэгээд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Самдантүвдэн гээд цагдаад мэдэгдсэн тухайн үед тэр адууг Ч-, Д-, Г- гэх залуучууд хулгайлаад Баянголын ам гэх газар аваачсан байсан би гомдолтой хонгор гүүгээ 1 сая үнэлсэн гэтэл 650.000 үнэлгээ гарсан байна. Ч- надад хохирлын мөнгө гэж 650.000 төгрөг хийсэн би хонгор гүүгээ буцаагаад гүү чигээр нь авмаар байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 117-121, З дугаар хх-ийн 154-156 дугаар хуудас/, 

Хохирогч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжжих шөнө Архангай аймгийн Хашаат сум ___ баг ___ гэх газраас 2 хээр зүсмийн, 1 бор зүсмийн нийт 3 тооны даагаа тэр хавиар 3 хоног хайгаад олоогүй юм. Тэгээд манай найз Л-ын бас 1 тооны адуугаа олох хайж явж байгаад манай 3 тооны дааганы сургийг Архангай аймгийн Хотонт сумын ___ гэх газар байна гэж сураг хэлсэн. Тэгээд би сураг сонсоод сууж тэр зүгт нь яваад очтол тэнд 3 тооны даага 3-уулаа байсан.З тооны даагаа олж авсан болохоор гомдол санал байхгүй. Мөн тухайн үед хулгайд алдсан 3 тооны даагаа хайж явсан бенкин тосны мөнгө нилээд их гарсан бөгөөд 270.000 төгрөгийн бензин тосны мөнгө гарсан үүнийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 181-186 дугаар хуудас, З дугаар хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тухайн шөнө А-ийн 3 тооны даагатай хамт байсан. Маргааш өглөө нь манай 2 тооны адуу усруу орчоод хоёулаа гарч явсан. Тэгээд би тухайн үед А- 3 тооны даагаа өөрөө салгаад авцан юм байх гэж бодож байсан чинь алдчихсан байсан...” гэх мэдүүлэг /З дугаар хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгээд Ч-, манай эхнэрийн төрсөн дүү Г-, гэрийн эзэн Д- тэр гурван тус тусдаа нэг нэг морь унаж доошоо явцгаасан, би тэр гурвыг хаашаа явсан талаар мэдэхгүй. Эхнэр бид хоёр Д-ийн гэрт үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь намайг сэрэхэд Д-, Г- хоёр ирчихсэн Д-ийн гэрт газар шалан дээр дээл хувцастайгаа унтаж байсан. Харин Ч- болохоор ирээгүй гэрлүүгээ шууд явсан юм байна лээ.”гэсэн мэдүүлэг /З дугаар хх-ийн 157 дугаар хуудас/,

Хэрэг учралын газар, цогцос, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 12-23, 24-25, 32-35 дугаар хуудас/,

Архангай аймгийн Хотонт сумын ___ багийн Засаг даргын Б.Д-ын зан байдал болон эд хөрөнгийн талаарх тодорхойлолтууд /1 дүгээр хх-ийн 179, 2 дугаар хх-ийн 72 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 7 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 131-137 дугаар хуудас/,  

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №287 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №55 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /2 дугаар хх-ийн 24,144 дүгээр хуудас/,  

Өвөрхангай аймгийн Хархорин сумын 4 дүгээр багийн Засаг даргын Б.Ч-гийн ам бүлийн талаарх тодорхойлолт /2 дугаар хх-ийн 157 дугаар хуудас/,

Хохирол төлсөн талаарх баримтууд /3 дугаар хх-ийн ..........хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн нутаг Сансар хорооны ___ тоот хашаанд хохирогч Ж.М-г боомилсны улмаас алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.О-, Э.Б- нарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-39, 54-55, 56-57 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №107 дугаартай: “...1. Амь хохирогч Ж.М-гийн биед хүзүүнд дарагдлын ором /Боомилолт/, уушгины гялтан доорхи ба зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт /Тарьдагийн толбо/, хүзүүний жолоо булчингийн цус хуралт, голтын эрхтнүүдийн цус хуралт, 2 нүдний алимны салстад үүссэн цэгчилсэн цус харвалт /Ляршийн толбо/. 2 уушгины цээжний хөндийд наалдсан эмгэг, хуйханд шарх, хамар цээжинд цус хуралт, хамар, доод уруул, баруун тохой, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Хүзүүнд үүссэн дарагдлын ором нь нэг төрлийн давуун хэрээстэй материалаар үүссэн, 2 уушги, зүрх, 2 нүдний алимны салстад үүссэн цэгчилсэн цус харвалтууд, голтын эрхтнүүд, хүзүүн дэх жолоо булчингийн цус хуралт гэмтлүүд нь боомилолтын үед үүссэн. Дээрх гэмтлүүд нь бүгд боомилолтоос үүссэн, талийгаачийн амь насыг хохироосон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйхны шарх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, зулгаралтууд гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь босоо, сууга, хэвтээ аль ч байрлалаас үүсэх боломжтой, хүзүүний дарагдлын ором нь ардаас урагшаа, зүүнээс баруун тийш чиглэлтэй хөндлөн байна. 4. Дээрх гэмтлүүд нь бүгд амьд байх үед үүссэн гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Гэмтлийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Дээрх боомилолтоос үүссэн гэмтлүүд нь амьсгал бүтэлтэд оруулж нас баруулсан байна. 7. Анхны үзлэгээр нас бараад 4-өөс дээш цаг болсон байна. 8. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 2 талын уушги, цээжний хөндийд наалдсан эмгэг байдал илэрсэн. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. 9. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна.

10. Талийгаачийн хүзүү хоолойг гаднаас боомилсны улмаас амьсгал бүтэлтэнд оруулж нас барсан байна. Хүзүү хоолойд учирсан гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 81-83 дугаар хуудас/,  шүүгдэгч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

шүүгдэгч Б.Д-, Ч.Г-, Б.Ч- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын нутгаас хохирогч Н.Б-гийн 2 тооны адууг, хохирогч Г.Л-ын 1 тооны адууг, хохирогч Т.А-ийн 3 тооны даагыг хулгайлсан болох нь хохирогч Н.Б-, Т.А-, Г.Л- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /2 дугаар хх-ийн 12-15, 117-121, 181-186, З дугаар хх-ийн 29-30, 152-153, 154-156 дугаар хуудас/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэв.

Хэргийн шүүгдэгч Б.Д- нь амь хохирогч Ж.М-г боомилсноос  хохирогч Ж.М-гийн биед шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №107 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирч, тэрээр нас барсан ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Д- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №1193 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн нутаг Сансар хорооны ___ тоот хашаанд хохирогч Ж.М-г боомилсны улмаас амь насыг нь хохироосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт ирүүлсэн нь, 

Шүүгдэгч Б.Д-, Ч.Г-, Б.Ч- нарын 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын нутгаас хохирогч Н.Б-гийн 2 тооны адууг, хохирогч Г.Л-ын 1 тооны адууг, хохирогч Т.А-ийн 3 тооны даагыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “бүлэглэж мал хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.Д- нь хүнийг алах болон бусадтай бүлэглэж мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа, шүүгдэгч Ч.Г-, Б.Ч- нар нь бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, тэдгээр нь дээрх үйлдлүүддээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын амьд явах, өмчлөх эрхүүдэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүнийг алах гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Д-, Б.Ч-, Ч.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч Б.Д-оос хүнийг алах гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4 926 380 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г-ид олгох, шүүгдэгч Б.Д-, Ч.Г-, Б.Ч- нараас мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Г.Л-т 301 063 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргахаар шүүхээс шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нар нь учирсан хохирлыг нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан ба энэ хугацаанд шүүхээс тогтоосон хохирлыг хохирогч Г.Л-т төлсөн, хохирогч Т.А-, Н.Б- нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г-, түүний өмгөөлөгч нараас “...хохирлоо авахаар тохиролцон гэрээ хийж заримыг авсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б.Д-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Тус гэмт хэргийн тухайд хүний амь хохирсон хор уршиг арилахгүй боловч хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.  

Иймд шүүх Б.Д-од ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д-, Ч.Г-, Б.Ч- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан мал хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн учир тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг нь харгалзан тус бүрт нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-од хүнийг алах гэмт хэрэгт 6 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тогтоов.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 113 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцохыг,

шүүгдэгч Б.Ч-гийн цагдан хоригдсон 13 хоног, шүүгдэгч Ч.Г-ийн цагдан хоригдсон 17 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасч тооцохыг,  

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бугуйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлж, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Д-ын 700 000 төгрөгийн үнэлгээ бүхий соёолон насны 1 тооны морь, Б.Ч-гийн 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий зээрд халзан зүсмийн 1 тооны морь, Ч.Г-ийн 700 000 төгрөгийн үнэлгээ бүхий соёолон насны 1 тооны морийг тус тус улсын орлого болгохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой Б-ы Д-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  Б- овогтой Б-ы Д-, Б- овогтой Ч-ын Г-, Б- овогтой Б-ын Ч- нарыг бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Д-од 6 /зургаан/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Д-, Ч.Г-, Б.Ч- нарыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Б.Д-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 60 /жаран/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 6 /зургаан/ жил 8 /найман/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Д-од оногдуулсан 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар  Б.Д-ын цагдан хоригдсон 114 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,  

Ч.Г-ын цагдан хоригдсон 19 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт эдлэх ялаас 152 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 328 /гурван зуун хорин найман/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Б.Ч-гийн цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт эдлэх ялаас 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 368 /гурван зуун жаран найман/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бугуйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Д-ын 700 000 төгрөгийн үнэлгээ бүхий соёолон насны 1 тооны морь, Б.Ч-гийн 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий зээрд халзан зүсмийн 1 тооны морь, Ч.Г-ийн 700 000 төгрөгийн үнэлгээ бүхий соёолон насны 1 тооны морийг тус тус улсын орлого болгосугай.

8. Б.Д-, Ч.Г-, Б.Ч- нар нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Г-, Б.Ч- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өөрчилж, Ч.Г-, Б.Ч- нарыг суллан, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ч.Г-, Б.Ч- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА

               ШҮҮГЧИД                               Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                М.МАНДАХБАЯР