Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/06

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш, О.Хишигсүрэн,

Шүүгдэгч: Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- овогтой Д-ийн Д-д холбогдох эрүүгийн 1927001810079 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Хашаат сумын “___” гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай хийлгэх ялаар шийтгэгдсэн, Д- овогтой Д-ийн Д- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “___” хүнс барааны захын гадна талд байрлах цагаан идээ зарах зориулалттай мухлаг буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн орж хохирогч Б.А-гийн айраг, ааруул зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар авч хохирогч Б.А-д 30 000 /гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 13-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, ___ тоотод оршин суух хохирогч Н.Ц-ийн гэрт нь болон эд зүйл хадгалах зориулалттай амбаарт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн орж хохирогч Н.Ц-ийн эрх, судар, борц зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар авч хохирогч Н.Ц-т 2 722 000 /хоёр сая долоон зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг __ тоотод хохирогч Л.Ш-ын гэрт хамт архи ууж байгаад гарахдаа алтан бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Ш-т 407 500 /дөрвөн зуун долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ___ тоотод оршин суух иргэн Д.Ц-ийн гэрт Д.Ц-той уулзах зорилгоор ороод унтаж байхад нь бэлэн мөнгө 655 050 төгрөг, мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн гинж, хөөрөг, түрийвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Э-т 1 078 850 /нэг сая далан найман мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ___ тоотоос хохирогч Д.С-ийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон нэвтрэн орж хурган дотортой дээл, лоузан малгай, хурганы арьс, булган малгай зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.С-д 1 004 000 /нэг сая дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэс 2019 оны 10 дугаар сарын 18-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ___ тоотод оршин суух хохирогч Д.Л-гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтрэн орж эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмээлийн 4 ширхэг даруулга, битүү мөнгөн ороолттой хазаар зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Л-д 2 260 000 /хоёр сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д- мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би хувиараа ажиллаж байгаа “___” хүнс барааны захын хойд талд гадаа талбайд цагаан идээгээ зарж байгаад орой 19 цагаас 20 цагийн хооронд цагаан идээгээ захын хойд хаалганаас зүүн тийш байрлах Ч- эгчийн контейнерт хийчхээд хаалгыг нь түгжээд явсан. Тэгээд маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхад ирээд цагаан идээгээ гаргаж тавихаар хаалгыг нь онгойлгоод цагаан идээгээ гаргаж машин дээрээ тавьчхаад хаалгаа түгжих гэсэн чинь хаалганы цүү нь сэтэрчихсэн байхаар нь цагдаад мэдэгдсэн. У- эгч бид хоёрын цагаан идээнүүд болон Ч- эгчийн шуудайтай мод байсан. Тэр дундаас миний эзэмшлийн айрагнаас 10 литр орчим, 1 кг говийн ямааны ааруул, алдагдсан. Бусад эд зүйлс цагаан идээ нь байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Маргааш буюу 07 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ очиход гэрийн хаалга болон хашааны хаалганууд хаалттай, гэр дотор аав Д.Ц- орон дээр, дүү Ц.Э газарт тасарчихсан унтаж байсан. Тэгээд гэр орноо цэвэрлэж байхад гэрийн зүүн хойд хэсэгт байх авдарны цоож, цүүг нь нэг л биш харагдаад байхаар нь татаад үзтэл цүүг нь наашаа сугараад гараад ирсэн. Авдарны дотор талыг ухаж үзвэл урд талын нүүрэн хэсэгт цаасанд боогоод шургуулаад хийчихсэн байсан бэлэн мөнгө байхгүй байхаар нь 'Цагдаад мэдэгдсэн. Бэлнээр 650 000 орчим төгрөг, орчин цагийн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, /доод суурин хэсэг нь шалчийсан/ эмэгтэй хүний шаргал өнгийн бүс 1 ширхэг /хөнгөн цагаан тоноглолтой/, 5 см өндөр, 3 см диаметртэй хөнгөн цагаан саван дотор 1 см хэмжээтэй байх эрхтний чулуунууд, 35 см урттай мөнгөн гинж /жижиг/, эмээлийн мөнгөн цагаан баавар 3 ширхэг, жижиг хөнгөн цагаан даруулга 1 ширхэг, эмэгтэй хүний хүрэн өнгийн шүртэй мөнгөн бөгж 1 ширхэг, яст мэлхийтэй хөнгөн цагаан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний дан ээмэг 3 ширхэг, ойролцоогоор 7 см урттай 17 ширхэг тасархай төмөр, орчин цагийн дунд гарын шаргал өнгөтэй шаазан хөөрөг 1 ширхэг, орчин цагийн жижиг гарын чулуун хөөрөг 1 ширхэг, бор өнгийн АУДИ-1909 гэсэн бичигтэй түрийвч 1 ширхэг, ногоон өнгийн хээтэй, доод, дээд хэсгээрээ шаргал хээтэй, гол хэсгээрээ улаан өнгөтэй хөөрөгний даалин 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би хэсэг унтаж байгаад босоод авдар дээрх эд зүйлээ харахад авдар дээр байсан гялгар ууттай 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг мөнгөн бөгж алга болчихсон байсан. Ингээд би цагдаад мэдэгдсэн. 96 сорьцтой цагираг алтан бөгжийг 2019 оны 04 дүгээр сард Хархорин сумын төв дэлгүүрээс шинээр нь 360 000 төгрөгөөр авч байсан. Нөгөө 2 мөнгөн бөгжний нэгийг нь 2,3 жилийн өмнө Хүнс барааны зах дээрээс 40 000 төгрөгөөр авч байсан, нэгийг нь би өөрөө мөнгийг нь өгөөд 20 000 төгрөгөөр хийлгэж байсан юм. Миний алдагдсан алтан бөгжийг олоод өгсөн тул надад гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107-109 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 “...2019 оны 06 дугаар сарын 13-ны орой гэртээ ирэхэд манай гэрийн үүдэн хэсэгт уяатай байх өөрийн гэрийн өрхний оосор /бүч/ хойшоо болсон байдалтай байсан өөр зүйл анзаарагдаагүй. Тухайн үед сонин юм бэ гэж бодоод орхисон. Тэгээд хулгайч орсон талаар эмээ хөдөөнөөс ирээд мэдэж надад хэлсэн. Би гэрээсээ алдсан 108 ширхэг эмээгийн хуучин цагийн эрхийг 2 сая төгрөгөөр, Алтангэрэл нэртэй судрыг 100 000 төгрөгөөр, нэрийг нь мэдэхгүй жижиг судрыг 50 000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Мөн амбаараас алдагдсан 25кг борц нийтэд нь 1 250 000 төгрөг буюу кг тус бүрийн үнийг 50 000 төгрөгөөр үнэлж байна... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 150-156 дугаар хуудас/,

Хохирогч Д.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Г- над руу залгаад зуны байшингаас Д.Д- хазаар, мөнгөн даруулга, булган малгай, мөнгөн бүс зэрэг эд зүйлс хулгайлчихсан байна гэж хэлсэн. Алдагдсан зүйлсээ олж авсан тул гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 9-13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн харьяа Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №190 тоот:

“...1. Хэргийн газрын үзлэгээр авсан 3 ширхэг гарын мөрүүдээс 1,2 гэсэн дугаартай хальсанд байх 2 ширхэг гарын өндгөн хэсгийн мөрүүд нь гарын мөрний харьцуулах шинжилгээнд тэнцэнэ

2. Холбогдох Д-э овогтой Д- гарын хээний дардастай тохирохгүй байна.

3. Гарын мөрний АДИС папилон сан Хархорин сумын Шүүхийн шинжилгээний хэсэгт байхгүй учир 3 дугаар асуултад хариулах боломжгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 228-229 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд /1 дүгээр хх-ийн 81-84, 119-120 дугаар хуудас/,

Хохирол төлсөн талаарх баримт /2 дугаар хх-ийн 104-110 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1 дүгээр хх-ийн 19-24, 119-121 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “___” хүнс барааны захын гадна талд байрлах цагаан идээ зарах зориулалттай мухлаг буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн орж хохирогч Б.А-гийн айраг, ааруул зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар авч хохирогч Б.А-д 30 000 /гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 13-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, Дэнжийн 4-11 тоотод оршин суух хохирогч Н.Ц-ийн гэрт нь болон эд зүйл хадгалах зориулалттай амбаарт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн орж хохирогч Н.Ц-ийн эрх, судар, борц зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар авч хохирогч Н.Ц-т 2 722 000 /хоёр сая долоон зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг Дэнжийн 5-4 тоотод хохирогч Л.Ш-ын гэрт хамт архи ууж байгаад гарахдаа алтан бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Ш-т 407 500 /дөрвөн зуун долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 6-7 тоотод оршин суух иргэн Д.Ц-ийн гэрт Д.Ц-той уулзах зорилгоор ороод унтаж байхад нь бэлэн мөнгө 655. 050 төгрөг, мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн гинж, хөөрөг, түрийвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Э-т 1 078 850 /нэг сая далан найман мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 1-11 тоотоос хохирогч Д.С-ийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон нэвтрэн орж хурган дотортой дээл, лоузан малгай, хурганы арьс, булган малгай зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.С-д 1 004 000 /нэг сая дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэс 2019 оны 10 дугаар сарын 18-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 9-17 тоотод оршин суух хохирогч Д.Л-гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтрэн орж эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмээлийн 4 ширхэг даруулга, битүү мөнгөн ороолттой хазаар зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Л-д 2 260 000 /хоёр сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хохирогч Б.А-, Н.Ц-, Л.Ш-, Ц.Э-, Д.С-, Д.Л- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26, 69-71, 107-109, 150-156, 216-218, 2 хх-ийн 9-13 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн харьяа Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №190 тоот дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд /1 дүгээр хх-ийн 81-84, 119-120 дугаар хуудас/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т хуульчилжээ.   

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм бурууд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Д.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэрээр дээрх үйлдэлдээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Д.Д-гийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д 30 000 төгрөг, Н.Ц-т 2 722 000 төгрөг, Л.Ш-т 407 500 төгрөг, Ц.Э-т 1 078 850 төгрөг, Д.С-д 1 004 000 төгрөг, Д.Л-д 2 260 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүх, шүүгдэгч Д.Д-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Д- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүх ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 87 хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Д- нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г хэлбэртэй төмөр 1 ширхэг, цоож 3 ширхэг, алх 2 ширхэг, урт төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогтой Д-ийн Д-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Д.Д-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Д-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Д-ы цагдан хоригдсон 87 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г хэлбэртэй төмөр 1 ширхэг, цоож 3 ширхэг, алх 2 ширхэг, урт төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Д.Д- нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА