Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 121

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 25, 612 “Жавхлант дистрибюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, горькийн 26-1111 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинхүүгийн Баярмагнай /РД:НИ91052838/-д  холбогдох,

1,365,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Жавхлант дистрибюшн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баярмагнай нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс “Жавхлант дистрибюшн” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 408.420 төгрөгийн борлуулалтын орлогыг өөр зүйлд захиран зарцуулсан нь тогтоогдсон байна. Өр төлбөр гарсан даруйд Д.Баярмагнайгийн борлуулагчийн ажлыг зогсоосон боловч гарсан өр төлбөрийг ажлаа хийж барагдуулна гэж өргөдөл бичин буцаж ажилд ороод 6 хоногийн дотор 977,100 төгрөгийн борлуулалтын орлого шамшигдуулсан. Иймд хариуцагч Д.Баярмагнайгаас компанид учруулсан хохирол болох 1,365,520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.Баярмагнай нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Жавхлант дистрибюшн” ХХК-ийн нэхэмжилсэн 1,365,520 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Баярмагнай 1,365,520 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэсэн тайлбартай танилцлаа. Хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Жавхлант дистрибюшн” ХХК нь хариуцагч Д.Баярмагнайгаас 1,365,520 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Жавхлант дистрибюшн” ХХК-ийн нэхэмжилсэн 1,365,520 төгрөгийг хариуцагч Д.Баярмагнай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  36,800  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 18,400 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жавхлант дистрибюшн” ХХК-ийн нэхэмжилсэн 1,365,520 төгрөгийг хариуцагч Д.Баярмагнай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,800  төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18,400 төгрөг, хариуцагч Д.Баярмагнайгаас 18,400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жавхлант дистрибюшн” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА