| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0014/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/19 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/19
ангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Т.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Т-ын Ө-т холбогдох эрүүгийн 2027000130005 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг, “___” гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, Б- овогтой Т-ын Ө- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Т.Ө- нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг ___ тоотод оршин суух иргэн Г.А-гийн гэрт хохирогч Д.Г-ийн толгойн тус газар нь сандлаар цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ө- мэдүүлэхдээ:
Би 16 цагийн үед нэг шил архитай очиход Г- байсан. Тэгээд архи уучихаад дахиж архинд Г- бид хоёр явахаар болоод нэг шил архи авчирч уучихаад Г- надад өртэй байсан би мөнгөө нэхээд маргалдаад Г-ийг сандлаар цохисон гэв.
Хохирогч Д.Г- нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг “___” гэх газар гэртээ байж байсан чинь А- гэх залуу ирээд манай хашаанд хоёулаа гэр барьж цагаан сарын баяр хүртэл мужаан хийж мөнгө олъё гэсэн юм. Тэгээд А-гийн гэрт 12 цагийн үед очсон. Тэгээд А-гийн гэрт байж байсан чинь 13 цагийн үед Ө- гаднаас “Нутгийн буян” гэсэн шошготой архи барьж орж ирсэн. Тэгээд А-, Ө- бид гурав Ө-ыг авчирсан архийг ууцгаасан. Тэгээд бид нар ахиж архи уухаар болоод би Ө-тай дэлгүүр лүү архинд яваад хоёр шил “Нутгийн буян” гэсэн шошготой архи авчирсан. Тэгээд тэр авчирсан архинаасаа уугаад юм ярьж сууж байсан чинь Ө-тай маргалдаад Ө- сууж байсан сандлаараа миний толгой руу цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь гараад Ганболд гэх айлд очиж Ганболд ахаар гэртээ хүргүүлсэн. Миний толгой хэсэг рүү Т.Ө- сууж байсан сандлаар 2 удаа цохиж толгой хагалж, хөмсөг язалсан. Би Ө-т 300 000 төгрөгийн өртэй байсан юм. Тэр зүйлээс болж маргалдаад Ө- намайг цохисон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний 500 000 төгрөг гаргуулан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №54 тоот:
“...1. Үзүүлэгч Д.Г-ийн биед толгойн баруун зулай, баруун хөмсөг хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, түүний үнэлгээ /хх-ийн 20, 28 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/,
Хохирогч Д.Г-, шүүгдэгч нарын хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 74, 80-81 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Т.Ө- 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг ___ тоотод оршин суух иргэн Г.А-гийн гэрт хохирогч Д.Г-ийн толгойн тус газар нь сандлаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №596 тоот “...1. Үзүүлэгч Д.Г-ийн биед толгойн баруун зулай, баруун хөмсөг хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Ө-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ө- нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Д.Г-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Т.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Ө- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Д.Г-ийн биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Т.Ө-т гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Т.Ө-ын өмчлөлийн 1 350 0000 төгрөгийн үнэлгээ бүхий Сонлинк маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн тамгын хэлтэст шилжүүлэхийг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогтой Т-ын Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Ө-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Т.Ө- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Т.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Т.Ө-ын өмчлөлийн 1 350 0000 төгрөгийн үнэлгээ бүхий Сонлинк маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА