Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/07

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,

Хохирогч: Э.П- 

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн

Шүүгдэгч: Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын  газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа, шүүгдэгч Б- овогт Д-ийн О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927002390098 дугаартай, 146/2020/0005/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Б- овогт Д-ийн О-.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багийн нутаг ___-д өөрийн гэртээ хохирогч Э.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багийн нутаг ___-д өөрийн гэртээ хохирогч Э.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Э.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би их гомдолтой байна. Хохирол 5,000,000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Манайд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед гаднаас манай нөхөр Д.О- миний төрсөн ах Б.Б-, Э.П-, Б.Б- нар орж ирсэн. Тэр хэд гаднаас 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд би жижиг өрөөндөө нөүтбүк дээр юм шивээд сууж байтал тэр хэдийн дуу нь чангараад байхаар нь том өрөөндөө ортол Э.П-, Д.О- нар маргалдаад сууж байсан. Э.П- манай нөхрийг буйдан дээрээс түлхээд унагасан. Тэгээд манай нөхөр босч ирээд чи яагаад намайг түлхэж унагааж байгаа юм гээд Э.П-г гараад ир гээд заамдаад үүдний өрөө рүү явсан. Э.П- нь манай үүдний өрөөний шалан дээр хэвтэж байсан. Тэгээд босох гэж байгаад хөл алдаад Э.П- унасан. Гэтэл манай нөхөр очоод нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд манай бага хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ гэрээс гаргаж эгчид өгчихөөд буцаад ортол Э.П-гийн толгойноос цус гарчихсан байсан. Намайг харж байхад бол манай нөхөр Э.П-г гараараа цохиж байсан. Намайг хүүхдээ аваад гарсаны дараа юу болсоныг би сайн мэдэхгүй байна. Тэгээд эмнэлэг дээр ирж оёо тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Д.О- гэх айлд Д.О-, Э.П- бид гурав архи уугаад сууж байсан. Э.П-, Д.О- нар М- гэх хүний тухай ярьж байгаад Э.П-, Д.О-ыг буйдан дээрээс түлхээд унагаачихсан гэтэл Д.О- босч ирээд уурлаад Э.П-г барьж аваад хацар луу нь 2 удаа цохисон. Тэгээд тэр хоёр заамдалцаад гал тогооны өрөө рүү орсон. Би тэгээд тэр хоёрын дундуур орж салгатал намайг Д.О- миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд Д.О-, Э.П-г гал тогооны өрөөнд 3 удаа дахиад цохисон. Тэгээд Э.П- гал тогооны өрөөний шалан дээр унасан. Тэгээд уначихсан байхад нь Д.О- очоод нүүр хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Мөн гал тогооны өрөөний босгоны ирмэг дээр Э.П-г заамдаад дарчихсан гараараа нүүр  рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд Э.П-гийн толгойноос цус гоожоод эмнэлэг рүү явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Гэрч Ч.А- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед Б.Б-, Э.П- нарын хамт Д.О- гэх айлд Б.Б- гэх хүнийг хүргэж өгсөн. Б.Б- гэж хүн нь намайг 2010 онд Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангид цэргийн алба хааж байхад манай жагсаалын дарга байсан юм. Бид хэд Д.О-ын гэрийн хойно 0.75 литрийн 2 шил “Соёрхол” нэртэй архи уусан. Тэрийг ууж дуусаад би тухайн архи ууж байсан газраа унтчихсан байсан. Нэг сэрэхэд эхнэр ирсэн. Намайг гэр лүү аваад явж байсан. Би гэртээ ирсэн хойно манай эхнэр надад хэлэхдээ чамтай хамт явж байсан хүн чинь хүнд зодуулсан гэж хэлсэн. Би Э.П-гийн дүү Э.Д- рүү залгахад манай ах чамтай хамт явж байсан хүнд зодуулсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 38 дугаар хуудас/

Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би тухайн үед амралтаа аваад Өмнөговь аймгаас Өвөрхангай аймгийн Хужирт суманд ирсэн байсан. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай хүргэн Д.О-ын хойно Э.П-, Ч.А-, Б.Б- бид нар 4 шил архи уусан. Би архи ууж байгаад нэг мэдсэн тасарсан байсан. Д.О-ын яаж орсоноо санахгүй байгаа. Би Д.О-, Э.П- нарыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Намайг сэрүүн байхад тэр хоёр муудсан зүйл байхгүй. Намайг Д.О-ын том өрөөнд буйдан дээр унтаж байхад тэр хоёр муудалцаж зодолдсон юм шиг байна лээ. Би тэр хоёрыг эмнэлэг явсан хойно сэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Х-ийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №502 дугаартай дүгнэлт:  1. Үзүүлэгч Э.П-гийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, толгойн орой, дагз хэсэгт шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4. Дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 46 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 2-4 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

Шинжээчийн 506 дугаартай нэмэлт дүгнэлтээр хохирогчид баруун талын нүдний ухайрхайн дотор хана дотогши этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугаралтай гэж 502 дугаартай дүгнэлтэнд нэмж гаргасан байх хүний их эмч У.Баатарцогт гэрчээр мэдүүлэхдээ  ...Э.П-гийн зурган дээр шинэ хугарлын шинж байхгүй бороожилт явагдсан байсан учраас хуучин хугарал гэж үзэж байна. Баруун талын нүдний ухархай дотор хана дотогш этмойд хөндий рүү хугарсан хуучин хугарал бөгөөд хугацааг тогтоох боломжгүй байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/ -ээр шүүгдэгчийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн баруун талын нүдний ухархай дотор хана дотогш этмойд хөндий рүү хугарсан гэмтэл үүсээгүй нь тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.О- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багийн нутаг “___” гэх хороололд өөрийн гэртээ маргалдаж хохирогч шүүгдэгчийг буйдан дээрээс түлхэн унагасаны улмаас шүүгдэгч Д.О- нь хохирогч Э.П-г зодож, биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, толгойн орой, дагз хэсэгт шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт учруулж, гэм буруугийн санаатай хэлбэрээр  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Э.П-, гэрч Б.Б-, гэрч Ч.М- нарын мэдүүлэг, шинжээчийн 502 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр  нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Мөнгөн гүүр эмнэлэгийн үзлэгийн хуудас, баримт 120000 төгрөг, Ц- зорчих тасалбар Арвайхээр 21400 төгрөг, УБ-с Хужирт 19300 төгрөг, Э.П- УБ-с Хужирт 19300 төгрөгийн тасалбар, Хужирт фарм 18000 төгрөг, Монгол фарм 28903 төгрөг, Э.П- Арвайхээрээс УБ зорчих тасалбар 21400 төгрөг,  Хужирт фарм 3800 төгрөг, Хужирт ЭЭС 6000 төгрөг, 23700 төгрөг, Улсын 3 дугаар эмнэлэг 15000 төгрөг, 28000 төгрөг, Ц- зорчих тасалбар 19300 төгрөг, Б- 19300 төгрөг,  Эн Ар Би эмнэлэг 92000 төгрөг  Хужирт фарм 48000 төгрөг, Э.П- зорчих тасалбар 19300 төгрөг, Монгол фарм 7300 төгрөг,  Бэриш зул эмийн сан 400 төгрөг,  Даян ирээдүй эмийн сан 16000 төгрөг,  Мөнх булаг эмийн сан 192400 төгрөг, хамрын мэс засал 1200000 төгрөг, эхнэр М.Ц-гийн 10 хоногийн цалин 371889 төгрөг, мөрдөн шалгах ажиллагаанд ирэх, буцах үед гарсан унааны зардал, шүүх хуралд ирэх, буцах зардалд нийт 163200 төгрөгийн зардлуудын баримтыг үндэслэн нийт 2473892 төгрөгийн хохирол, бусад зардалыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогчоос эмчилгээний зардалд нотлох баримтаар ирүүлсэн БОЭТ төлбөр 312420 төгрөгийг шүүгдэгч төлсөн, хохирогчоос өмгөөлөгчид төлсөн ХЗТ зардал 800,000 төгрөгийг хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй, ХААН, Голомт, Төрийн , Капитрон банкны баримтаар авсан мөнгийг ямар эмчилгээнд зарцуулсан нь тодорхойгүй, шатахуун түгээх станцуудаас авсан шатахууныг хаанаас хаашаа эмчилгээ хийлгэхэд зарцуулсан нь тодорхойгүй, дэлгүүрээс худалдан авсан бараа, хүнс, хоол худалдан авсан баримт хохирогчид зайлшгүй гарах зардалд орохгүй тул нийт 3002734 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иймд хохирогч Э.П- эмчилгээний зардал 5,471,626 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар нотлогдож байгаа 2,473,892 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нотлох баримтгүй, зайлшгүй гарах зардал биш 3,002,734 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгчээс хохирогчийг БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байхад 75000 төгрөг, 312420 төгрөг, 50000 төгрөгийн төлбөр төлсөн, эмийн сангаас 55800 төгрөгийн эм авч өгсөн баримтыг ирүүлсэн байх ба хохирогч зөвшөөрч байх тул хохирогчид 493220 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардалд төлсөн гэж үзлээ.  Шүүгдэгчийн төлсөн 493220 төгрөгийн зардалыг шүүгдэгчээс гаргуулах зардалаас хасаж тооцсон.

Ч.М-ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгын 1 хуудас баримт нь хуулбар байх ба 155000 төгрөгийг хохирогчид эм авахад нь данс руу шилжүүлсэн гэх боловч хохирогч миний данс биш би мэдэхгүй байна гэсэн тул уг мөнгийг хохирогчид эмчилгээний зардалд төлсөн гэж үнэлэх боломжгүй байна.

Хохирогч Э.П- шүүгдэгч Д.О-ыг буйдан дээрээс түлхэж унагаасан зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн байна. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, ясны хэлтэрхий 4 ширхэгийг устгаж, диск 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.О-ын 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адуу, 2 тооны үхэр нийт 4 тооны малыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцов.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. 

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогт Д-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Д-ийн О-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ад оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-аас эмчилгээний зардалд 2,473,892 төгрөгийг гаргуулж хохирогч Э.П-д олгож, хохирогчоос нэхэмжилсэн 3,002,734 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа  иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 4,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адуу, 2 тооны үхэр битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцсугай.

6. Шүүгдэгч Д.О- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1  дэх  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хамрын ясны  хэлтэрхий 4 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, диск 2 ширхэгийг  хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА