Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 172

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, 1-9 тоотод оршин суудаг, Цомог овогт Цэрэнлхамын Болдчингис /РД:МЬ80072410/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 13-20 тоотод оршин суух, Боржигон овогт Чадраабалын Чинзориг /РД:СФ81051417/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,700,000 төгрөг тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагч Ч.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Болдчингис шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Болдчингис миний бие 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ч.Чинзоригтой зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулан, 10,000,000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм. Зээлдэгч Ч.Чинзориг нь зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын 6 хувийн хүү сарын 600,000 төгрөгөөр тооцож нийт хүү 1,800,000 төгрөгийг үндсэн төлбөр 10,000,000 төгрөг дээр нэмж бүгд 11,800,000 төгрөгийг гэрээнд заасан үүргийнхээ дагуу төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгээс огт төлөлт хийгээгүй. Ийнхүү зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байгаа явдал нь Монгол Улсын иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т зааснаар зээлийн буцаан төлөх чадваргүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөхөөр тохиролцсон. Иймд өнөөдрийг хүртэл хугацааны алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алдангийн төлбөр 5,900,000 төгрөгийг зээлийн нийт төлбөр дээр нэмж нэхэмжилж байна. Зээлдэгч Ч.Чинзоригоос зээлийн төлбөрийг өнгөрсөн хугацаанд тогтмол шаардаж ирсэн бөгөөд төлбөр төлөх бодитой арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Ч.Чинзоригоос зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алданги нийт 17,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.Болдчингис нь хариуцагч Ч.Чинзоригоос 17,700,000 төгрөг нэхэмжилснээс 5,700,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 12,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Чинзориг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрчээ.         

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Болдчингис нь хариуцагч Ч.Чинзоригт холбогдуулан 17,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Ц.Болдчингис нь хариуцагч Ч.Чинзоригоос 17,700,000 төгрөг нэхэмжилснээс 5,700,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 12,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Чинзориг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 246,450 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.   

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

                                                                                                                                 ТОГТООХ нь:    

                               

1. Нэхэмжлэгч Ц.Болдчингис нь хариуцагч Ч.Чинзоригоос 17,700,000 төгрөг нэхэмжилснээс 5,700,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 12,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Чинзориг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чинзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА