| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0024/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/24 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/24
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д овогт М-ийн Э-д холбогдох эрүүгийн 2017000000025 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 16-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 40 настай, Улаанбаатар төмөр замын Чойр өртөөнд галт тэрэгний найруулагч ажилтай, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын өртөөний жижүүр мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, ........-р баг ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Д Мийн Э /РД:......./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 126-1 тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ч.Ртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зүүн бугалганы ар хэсэг болон цээжний ар хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 126-1 тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ч.Ртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зүүн бугалганы ар хэсэг болон цээжний ар хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас буугаад амарч байсан юм. Тухайн өдөр 11 цаг өнгөрч байхад гэрээсээ машинаа засварт өгөхөөр гарсан. Машинаа засварын газар өгчихөөд 2 дугаар сургуулийн урд талд явж байтал танил Бтой тааралдсан. Б-ыг хаачих нуу гэсэн чинь хаачих ч үгүй дотор муу байна гэхээр нь ганц юм уух уу гээд дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад багш нарын байранд байх Улаанаагийн гэрт очиж гурвуулаа архиа хувааж уусан. Энэ архийг уугаад дуусч байхад манай ажлын Н гэх залуу надруу залгахаар нь энэ айлд хүрээд ир гэхэд Н 0,5 литрийн архи авч ирснийг бид 4 хувааж уусан. Архи дуусаад Н, Б бид 3 У-аас гарсан. Б дахиж 1 шил 0,75 литрийн Соёрхол архи авсныг С ахын гэрт орж уусан. Тэгээд би гэртээ ирэхэд гэрт хүн байхгүй байсан. Би эхнэр Рруу утсаар залгасан чинь аавынхаа гэрт байна гэж хэлсэн. Би тухайн үед гэрийн түлхүүргүй явж байсан юм. Р 10 гаран минутын дараа ирээд намайг харчихаад солийчоод архи уучихсан байна ш дээ гэхээр нь би нэг их уугаагүй ш дээ гээд гэртээ орсон. Р банкныхаа мөнгийг өгөөгүй байж архи уугаад байх юм, банктай очоод уулзчихгүй гэж хэлсэн. Бид 2 гал тогооны өрөөнд байсан юм. Тэгээд маргалдаад зогсож байтал Р миний цээж рүү гараараа түлхээд унагаасан. Тэгэхээр нь уур хүрээд гал тогооны шкаф дээр байдаг хутганы ком дотроос нэгийг сугалсан чинь хутга байхаар нь буцааж хийгээд цаад талд нь байсан хөрөө шиг иртэй яс хөрөөддөг хөрөө аваад айлгах санаатай хутгатай гараараа савсан. Р цаашаа хараад зугтсан. Рийн нуруу гар хэсэгт шүргэх шиг болсон. Р тэр чигтээ гараад зугтаасан... гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42/
Хохирогч Ч.Р мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед аав Чадраабалын гэрт очсон. Манай нөхөр Э өглөө ажлаасаа бууж ирээд 11 цагийн үед машинаа янзлуулна гээд надаас түрүүлээд гарсан юм. Би аавынд байж байтал 20 цаг 28 минутанд надруу Э залгаад гэрийн түлхүүр байхгүй гэртээ орж чадахгүй байна гэхээр нь би одоо очлоо гээд аавын гэрээс гараад удаагүй гэрийнхээ гадаа ирсэн. Манай гэр гаднаа гэрэлтэй юм. Би гадуур гэрэлд харахад Э харагдаагүй. Би Этой харьж явахдаа ярихад би ээжийнхээ гэрт очиж хонолоо гэхээр нь тэг тэг гэж байсан юм. Би Эыг ээжийнхээ гэрлүү явсан байна гэж бодсон. Гэртээ ороод хоол тогоон дээр хийчихээд байж байтал Э надруу залгахаар нь хаана байна гэсэн чинь гэрийн хойно сууж байна гэсэн. Тэгэхээр нь би Эыг гэр орондоо орж ирээч гэсэн. Э орж ирэхээр нь би жижиг өрөөнд ор засаад хэвтүүлэх гэтэл би өөрөө ороо засаж чадна гэхээр нь орхисон. Би Эд архи дарс уулаа бие хаа чинь өвддөггүй юм уу, ямар мөнгөөрөө архи уудаг юм бэ, банкаа төлөхгүй гээд үгэлсэн. Э надад хандаад чиний мөнгөөр уугаагүй гээд маргалдсан. Би Эоос хэрүүл хийхээс зайлсхийгээд яваад байсан чинь араас дагаад танай эцэг эх юугаараа гийгүүлдэг юм бэ гээд хэрүүл хийгээд яваад байсан. Би гал тогооны өрөөнд байдаг буйдан дээр сууж байтал миний зүүн мөрлүү гараараа цохисон. Тэгээд Э нүүрээрээ тулаад ирэхээр нь зүүн хацарлуу нь нэг удаа алгадаад цээжрүү нь түлхсэн чинь цаашаа шалан дээр халтираад унаад өгсөн. Тэгээд босч ирээд намайг янз бүрээр хэлээд үглээд суугаад байсан. Би гал тогооны өрөөнд буйдан дээр суугаад утсаа оролдоод хоолоо хараад сууж байтал Э жижиг өрөөрүү ороод удалгүй буцаж гарч ирээд гал тогооны шкафан дээр байсан хутганы комоос хөрөө шиг иртэй том хутга аваад чамайг алаад хаячихъя гэж хэлээд надруу дайрсан. Би арай дүрчихгүй байлгүй дээ гэж бодоод сууж байтал яах ийхийн зуургүй хутгаараа зүүн гарын бугалганы гадна хэсэгрүү шүргүүлээд цохиод авах шиг болсон. Тэгтэл миний нурууны зүүн хэсэгрүү нойт оргиод ирэхээр нь гараад гүйсэн. Би гэрийнхээ урд талд байдаг айлын нүүрсний амбаарын урд талд очоод нуруугаа бариад үзсэн чинь гар цус болсон байсан... Би Этой сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаангүй болсон. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16-р тал/
Гэрч Ц.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Миний төрсөн охин Р нь нөхөр Этой 20 гаран жил хамт амьдарч байна. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрт 15 цагийн үед ганцаараа ирсэн. Манай гэрт хөзөр тоглож байгаад 20 цагийн үед Р нөхөр залгаад байна гээд гэрлүүгээ явсан. Тэгээд байж байтал 20 цаг 40 минутын үед хүргэн Э надруу залгаад хадам уу гэхээр нь би утсаа салгаад унтраасан. Ярьж байгаа байдал нь согтуу байсан. 22 цагийн үед Р манай гэрт орж ирсэн бөгөөд уйлчихсан, ярвагар царайтай, зовиуртай хөдөлгөөн нь нилээн удаа байгаад байхаар нь би юу болсон талаар асуухад манай гэрт байсан хүмүүсээс нуугаад юм ярихгүй байсан. Гэрт байсан хүмүүс явахад Р намайг дуудаад угаалгын өрөөнд оруулаад Э намайг хутгалчихлаа гэж хэлээд цамцаа сөхтөл подволк, цамц нь нилээн цус нэвтэрчихсэн, зүүн далны хэсэгт нэг удаа хутгалуулсан мэт шархтай, уг шархаа хар эрээн даавуугаар цусыг нь тогтоох гээд боочихсон байсан. Би хэн шархыг чинь боож өгсөн бэ гэж асуутал Эын дүү болох Эрдэнээ эхнэртэйгээ байсан бөгөөд би гэрээсээ зугатааж яваад тэдний гэрт очиж боолгосон... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/
Гэрч Р.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 05 минутанд манай нөхрийн төрсөн ах Эын эхнэр Р надруу залгахаар нь утсаа аваад ярьсан. Тэгтэл Р эгч намайг Э ах чинь хутгаар дүрчихлээ чи гялс хүрээд ир гэсэн. Хаа байгаа газрыг нь асуухад гэрийнхээ урд талын гражийн урд талд сууж байна гэсэн. Тэгээд эмнэлэг явья гэсэн чинь явахгүй цагдаа сэргийлэх гээд бөөн юм болно гээд байсан. Танай гэрт очоод шархаа боолгоод аавындаа очно, манай дүү ирсэн байгаа Замын-Үүдрүү буцах гэж байгаа очиж уулзана гэсэн. Тэгээд би шархыг нь даавуугаар боож өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/
Гэрч Ж.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Тэгтэл манай эхнэр Л энийг хараа ийм болчихоод ирсэн байна, нөхөр нь хутгалсан байна гэсэн. Рийн хутгалуулсан гэх шарх нь зүүн далны доод хэсэгт байсан. Мөн зүүн гарын бугалганы гадна хэсэгт зурагдсан гэхээр шарх харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/
Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтэнд:
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Р, Ц.Л, Ж.Ч. Р.Н нарын мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №106 дугаартай дүгнэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Bass” гэсэн бичиглэл бүхий хөрөөний ир бүхий хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2017000000025 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт М-ийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Bass” гэсэн бичиглэл бүхий хөрөөний ир бүхий хутгыг шийтгэх тогтооол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ