Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2017/00002

 

    Зохигч талуудын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 8-4-58 тоотод оршин суух, Алиа овогт Хүүгийн Баяржаргал /РД: ЕС75031817, утас: 99034275/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газарт /РД: 9018948, утас:70543118/ холбогдох

 

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 5 127 388 төгрөг, уг хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал 564 013 төгрөгийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх, 2016 онд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, биеэр эдлүүлээгүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батдэлгэр нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхэд, гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Баяржаргал намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Уг тушаалыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батдэлгэрийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Х.Баяржаргал намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 6 сар 10 хоногийн цалин 5 346 318 төгрөг олгуулахаар, тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон юм. Гэвч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд тус тус гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 55 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатын Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд намайг үндэслэлгүйгээр ажилд томилохгүй, миний хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах, цалингаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, ээлжийн амралтаа эдлэх, үр дүнгийн урамшуулал авах эрхийг минь хязгаарлаж, Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуулийг бүдүүлгээр зөрчсөн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилсон болно. Он дууслаа 2016 онд ээлжийн амралтаа биеэр эдлэе гэхэд ээлжийн амралт байхгүй, 6-11 сар ажиллаж байж ээлжийн амралт авах эрх чинь үүснэ гэх мэтээр үгүйсгээд хүлээж авахгүй байгаа тул энэ асуудлыг шүүхээс тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Дээрх 6-11 дүгээр сар хүртэлх хугацаа аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журамд тусгагдсан шинээр ажилд орсон хүмүүст авч үздэг асуудал болно.

            Х.Баяржаргал миний албан тушаалын үндсэн цалин Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-5-4 дахь шатлал буюу 599 237 төгрөгөөр, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, үндсэн цалин 15 хувиар сар бүр, зэрэг дэвийн нэмэгдэл Ахлах түшмэлийн дэд зэрэг сар бүр үндсэн цалингийн 23 хувиар тус тус нэмэгдэж бодогддог байсан.

            Иймд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас Х.Баяржаргал намайг үндэслэлгүйгээр ажиллуулаагүй 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 5 127 388 төгрөг, уг хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал 564 013 төгрөгийг нөхөн төлүүлэх, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх, 2016 онд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, биеэр эдлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу мөнгөн урамшуулал олгуулах шийдвэр гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэхдээ 2016 он дуусаж, ээлжийн амралтыг биеэр эдлэх боломжгүй болсон тул мөнгөн урамшууллыг авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Баяржаргалын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Б.Батдэлгэрийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 55 дугаар магадлал, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 126 дугаар тогтоолоор тус шийдвэрийг хэвээр баталжээ. Аймгийн Засаг даргын Тамгын газраас Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 6 сар 10 хоногийн цалин 5 346 318 төгрөгөөс нэхэмжлэгч Х.Баяржаргалд нийт 3 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2 346 318 төгрөг болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөхөөр 2017 оны төсөвт суулгаж өгсөн.

            Нэхэмжлэгч Х.Баяржаргалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажилд эгүүлэн томилсон тул Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу томилогдсон өдрөөс хойш хугацааны амралтыг бодож олгож болно. Гэхдээ 2016 он дуусаж байгаа тул биеэр эдлүүлэх боломжгүй болоод байна. Иймд мөнгөн урамшууллыг нь өгөхийг зөвшөөрч байна. Нэгэнт шүүх ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 5 127 388 төгрөг, уг хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал 564 013 төгрөгийг нөхөн төлүүлэх, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Баяржаргал нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 5 127 388 төгрөг, уг хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал 564 013 төгрөгийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх, 2016 онд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, биеэр эдлүүлээгүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Х.Баяржаргалыг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 дугаартай шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосоныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 55 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаар тогоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Үүний дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 тоот тушаалаар Х.Баяржаргалыг тус байгууллагын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна.  

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин 5 127 388 төгрөг гаргуулах, уг хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал 564 013 төгрөгийг нөхөн төлүүлэх, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг зөвшөөрч, харин 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх боломжгүй болсон тул мөнгөн урамшуулал олгоно гэснийг нэхэмжлэгч Х.Баяржаргал зөвшөөрч, 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдлэх шаардлагаасаа татгалзаж, мөнгөн урамшуулал авахаар зохигч эвлэрсэн байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно” гэж, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.-т “Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно” гэж тус тус заажээ. Үүний дагуу Х.Баяржаргал нь 2016 оны ээлжийн амралтаа эдлэх эрхтэй байх бөгөөд тэрээр зөвшөөрвөл мөнгөн урамшил авах хуулийн зохицуулалттай.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүнд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч Х.Баяржаргал зөвшөөрч,  Төрийн албаны тухай хуульд заасан эрхийн дагуу 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил нэхэмжилсэнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн зөвшөөрч байна. 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ба Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газраас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1266 тоот албан бичгээр Д.Магвансүрэнд хариуцагчийн бүрэн эрхийг эдлэх итгэмжлэл олгосон байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн тул хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагын тэмдэгтийн хураамжид 96 988 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал 564 013 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлагын тэмдэгтийн хураамжид 17 570 төгрөг, уг дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, нийт 184 758 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Баяржаргалын нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин 5 127 388 төгрөг гаргуулах, уг хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал 564 013 төгрөгийг нөхөн төлүүлэх, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн хүлээн зөвшөөрч, 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх боломжгүй болсон тул 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх урамшуулал олгохоор эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газраас 184 758 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.НАРАНЧИМЭГ