| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0026/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/28 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/28
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Э,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Мын Гт холбогдох эрүүгийн 2017000590030 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, А овогт Мын Г /РД:ЙЕ/, Ө аймгийн Б суманд 1989 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг Хорихын 75 дугаар байрны 1-3 тоотод оршин суух, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 425 дугаар нээлттэй хорих ангид хамгаалалтын ажилтанаар ажилладаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч М.Г нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 1 дүгээр баг Хорихын 75-р байрны 1-3 тоот гэртээ хамтран амьдрагч Д.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг алгадах, толгойгоор нь шал мөргүүлэх, гар луу нь цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч М.Г нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17-18 цагийн орчимд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны 1-3 тоот гэртээ хамтран амьдрагч Д.Отэй маргалдаж улмаар түүнийг алгадах, толгойгоор нь шал мөргүүлэх, гар луу нь цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ажилтай байсан учраас 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эхнэрээ баярлуулах гээд найз Этай хамт дэлгүүрээс ойр зуурын юм авч гэрт нь ууж сууцгаасан. Би өглөө нь ажлаас буусан учраас ядраад эхнэрээсээ түрүүлж гэртээ орсон. Нэлээн согтолттой байсан учраас тухайн үед юу болсон талаар эрүүлжүүлэхэд байхдаа мэдсэн. Би Отэй хамт амьдраад 10 жил болж байгаа. Тухайн үед найз Э, эхнэр О, ажлын О гээд эгч бид 4 байсан. Бид 0.75 граммын архи 2 шил, 0.5 граммын пиво 1 ширхгийг хэрэглэсэн. Эын гэрт эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээгүй. Эхнэрийнхээ гэртээ орж ирсэнийг сайн санахгүй байна. Ууртай байсныг нь санаж байна. Эхнэрийнхээ гарыг нь цохиж, шал мөргүүлсэн. Од учруулсан гэмтлийг би учруулсан. Гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэндээ харамсаж, гэмшиж байна. Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Э манай гэрт ороод ир гэхээр нь орсон чинь Э, Г нар ширээ зассан сууж байсан. Мөн ажлынх нь газрын О эгч байсан. Э маргааш нь ажилтай гээд эмэгтэйчүүдийн баярыг урьдчилаад тэмдэглэсэн юм байна лээ. Ширээн дээр нь 0,75 литрийн 1 шил архи, 2,5 литрийн пиво байсан. Тэгээд хоол цай идэж уугаад архи пиво ууцгаасан. Архи пиво нь дуусаад Э, Г нар дэлгүүр яваад архи пиво авч ирээд сууж байтал Э надад хандаад Г чамтай суух гээд надтай гар барьсан гэж хэлсэн. Эын ярьж байгаа нь намайг мөрийний хүүхэн мэтээр хэлж байгаа юм шиг санагдаад дургүй хүрсэн. Г Эын гэрээс гараад явсан байсан. Э намайг гэрээсээ түлхээд хөөгөөд гаргасан. Тэгээд өөрийнхөө гэрт ороод Гт хандаад танай найз чинь намайг доромжлоод зодож нүдээд гэрээсээ гаргаж байхад чинь чи намайг орхиод явлаа гээд уурлаад баруун гарын бугалга хавьд нь гараараа цохиод автал Г миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би Гыг барьж аваад зууралдаад газар унатал Г миний толгой руу цохих гэхээр нь гараараа толгойгоо хамгаалсан. Г миний гаран дээр нилээн хэдэн удаа цохисон. Г намайг үсдэж бариад толгойн ар хэсгээр шал 2-3 удаа мөргүүлсэн. Тэгээд надаас салаад явахаар нь зугтаагаад 00 өрөөндөө ороод цагдаад дуудлага өгсөн. Миний духанд нэг хөхрөлт байсан. Баруун тохой, баруун шуунд учирсан гэмтэл нь ноцолдож байхад үүссэн байх. Түүнээс Г баруун тохой, баруун шуу руу цохиогүй. Харин баруун гарын сарвуунд дээр толгойгоо хаасан байх үед цохисон. Энэ гэмтэл Г учруулсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/
1.3. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээлжтэй таарч байсан учраас 03 дугаар сарын 07-нд Гын эхнэр Оийг цай уулгая баярлуулъя гэж ярилцаад Г бид хоёр дэлгүүр яваад салатны материал, 1 шил Чингис нэртэй 0,75 литрийн архи, Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво аваад манай гэрт ширээ засаад Ганбаатарын эхнэрийг дуудаж оруулж ирсэн. Манай ажлын О эгч манай гэрт орж ирсэн байсан юм. Эхний авчирсан архи, пиво дуусаад Г бид хоёр хамт дэлгүүр яваад 1 шил Чингис нэртэй 0,75 литрийн архи, Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво авч ирээд дөрвүүлээ уусан. Г сүүлийн архи пивийг дөнгөж задалж байхад урд өдөр нь ээлжтэй хоносон гээд гэртээ харилаа гээд гарсан. О эгч, О бид гурав үлдээд ууж байтал О надаас та хоёр бооцоо тавиад Г надтай суусан юм уу гээд асуусан. Би тийм зүйл байхгүй ээ чи буруугаар ойлгоод байна гэж хэлэхэд О чи намайг мөрийний хүүхэн гэлээ гээд байхаар нь чи буруугаар ойлгоод байна гэж зөндөө тайлбарлаж хэлсэн. Тэгээд О над руу дайрч байгаад 00 цаасаар миний толгой руу шидсэн. Би О-д хандаад чи эр хүний тэргүүнд хүрлээ гэсэн чинь толгойн баруун талын хэсэг рүү нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би О-д хандаад чи бид хоёр таарахгүй юм байна чи яв гээд гэрээсээ түлхээд гаргасан. Тэгтэл О миний үснээс зулгаасан. О эгч Оийг салгаж аваад гарсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/
1.4. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байтал манай ажлын газрын Э над руу утсаар яриад эгч хүүхдүүдээ дагуулаад ороод ирээч хоол ид гэсэн. Эын гэрт Э, Г, Гын эхнэр О нар байсан. Хүүхдүүд гарсаны дараа Э 1 шил 0,75 литрийн Чингис нэртэй архи, 2,5 литрийн пиво гаргаж ирсэн. Э надад хэлэхдээ маргааш 03 дугаар сарын 08-нд дүү нь ажилтай таныг цайлах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Э, Г, О бид нар хамт ууцгаасан. Архи пиво дуусаад дахиад нэг шил Чингис нэртэй архи авч ирсэн. Энэ архийг ууж байгаад Г гэр лүүгээ ороод нэг хэсэг алга болсон. Би гэр лүүгээ ороод буцаад Эын гэр лүү орох гээд явж байтал Э Оийг чи зайлаад өг гээд хөөгөөд байсан. О чи муу ийм байхгүй юу гээд хашгираад байсан. Тэгээд бууж очоод Эд хандаад чи эмэгтэй хүнийг гэр орноосоо хөөгөөд яагаад байгаа юм бэ гэсэн чинь Э наад муу чинь хүнийг цохиод байна ш дээ гэсэн. Э нэг нүднийхээ дээд талд маажуулсан гэхээр шархтай болсон байсан. Оийн биед ил харагдахаар шарх гэмтэл гэхээр зүйл байгаагүй. О салаад гэр лүүгээ орсон. Маргааш 2 хүүхдийнхээ хамт дэлгүүр орох гээд явж байтал О нүдний шил маск зүүсэн явж байсан. Би хаа хүрээд явж байгаа юм гэсэн чинь О өчигдөр энэ намайг зодоод би Гыг эрүүлжүүлэхээс аваад явж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/
1.5. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гадуур ажилтай явж байтал манай эхнэр над руу залгаад 1 дүгээр давхарт байдаг Г эхнэрээ зодоод байна. Эхнэр нь сая хаалга нүдээд орж ирлээ, өөрөө согтуу байна гэж хэлсэн. Би ангийн төлөөлөгч Д лүү залгаад юу болж байгаа талаар тодруулаадах гэсэн. Д буцаж залгаад цагдаа ирээд Гыг аваад явж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-28 хуудас/
1.6. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 07-ны орой 18-19 цагийн үе болж байсан байх манай ангийн дэд дарга Э над руу яриад 1 дүгээр давхарт Г-ын гэрт юу болоод байна үзээдэх гэж хэлэхээр нь би 75 дугаар байрны 1 дүгээр орц руу ортол 2 цагдаа Г-ын хаалгыг нүдээд зогсож байсан. Би дэд даргад 2 цагдаа Г-ыг аваад явлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/
1.7. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “О-ийн биед учирсан гэмтлүүдээс духанд учирсан цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт, бусад нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд байна. Дух, баруун сарвууны цус хуралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36 хуудас/
1.8. Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар дүгнэлтэнд: Д.О-ийн биед духанд, баруун тохойд, баруун шуунд, баруун гарын сарвуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 33 хуудас/
1.9. Аюулын зэргийн үнэлгээний маягт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл/ х.х-ийн 5-8, 10 хуудас/
1.10. Хохирогч, гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /х.х-ийн 25 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч М.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Д.О-ийн хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г-тай сайн дураараа эвлэрсэн ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-221 хуудас/
2.2. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь даруу төлөв зантай, өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг, ажил дээрээ ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/
2.3. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь үг дуу цөөнтэй, даалгасан ажлыг цаг тухайд хийдэг, хүнтэй эвсэг харилцаатай, санаачилгаар хийе гэвэл урайлгахан хүлээж авдаг нийтэч зантай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 60 хуудас/
2.5. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн дэд даргын тодорхойлсон ажил байдлын тодорхойлолт, М.Г-ын бакалаврын дипломны хуулбар, “Хүндэт жуух бичиг”-ийн хуулбар, “Цэргийн алдар”, “Хүндэт тэмдэг”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жил”-ийн ойн хүндэт тэмдэг, “Алдрын төлөө-III” зэрэг тэмдгүүдийн гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 73,77-79 хуудас/
2.6. Шүүгдэгч М.Г, хохирогч Д.О нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 86-88 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Г-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч М.Г нь хүлээн зөвшөөрсөнийг дурдаж, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч М.Г-ын хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт М-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА