| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2020/0010/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/15 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/15
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Э-
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б-
Иргэний хариуцагч: ӨАОВГ-ыг төлөөлж Ж.Г-
Гэрч: Б.Г-
Шүүгдэгч: У.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Цолмонгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б- овогт У-гийн Г-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1927001250296 дугаартай, 146/2020/0010/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ___ газарт жолоочоор ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ___ багийн ___ тоотод оршин суух хаягтай, Шударга журам медалиар шагнуулж байсан, ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай Б- овогт У-гийн Г-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ___ багийн нутаг ___ гэх газар улсын чанартай хот хоорондын авто зам дээр ___ улсын дугаартай “Газ-53” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч С.Б-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуудлаганд явж 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуудлаганаас ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр даргын үүрэг болгосноор айл нүүлгээд Булган аймаг руу байгууллагын машиныг жолоодож явсан. Явах замдаа урд шөнө жижүүртэй хоносон тул нойр дутуу үүргэлэх гээд байсан тул цайны газар зогсож хооллох гэтэл нээлттэй цайны газар байгаагүй. Тэгээд би үүрэглээд нэг мэдэхэд л машин зам дээр онхолдож осол болсон гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Миний талийгаач хүү С.Б- нь ___ албан тушаалд 4 дэх жилдээ ажиллаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг 45 минутанд миний хүү талийгаач С.Б- өөрөө над руу залгаж Булган аймаг руу айл нүүлгэхээр явлаа гэхээр нь 3 хоног амарсангүй, яасан сонин юм гэсэн чинь даалгавар бол даалгавар шүү дээ ээж минь гэж хэлчихээд утсаа тасалсан. ... Есөнзүйл суманд 20 цаг өнгөрч байхад очсон осол гарсан газарт очиход Онцгой байдал болон Цагдаагийн алба хаагчид зам хаачихсан, зам дээр тавилга, эд хогшил зэрэг эд зүйлс энд тэнд эвдэрчихсэн, зүүн тийш явж байсан машин баруун тийш харчихсан байсан. ... Дараа нь сонсохнээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нь байсан хүн Булган аймаг руу шилжээд тэгээд өөрийн гэрээ нүүлгэх гэж алба хаагч нартаа үүрэг өгсөн юм шиг байна лээ ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/,
Иргэний хариуцагч Ж.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ... 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед намайг гэртээ амарч байхад У.Г- ___ улсын дугаартай “Газ-53” маркийн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг авъя гэж ярьсан. Хаашаа явах гэж байгааг асуухад Булган аймаг руу Шүүхийн шийдвэрийн даргын гэрийг ачаад яв гэсэн үүргийг газрын даргаас өгсөн, тэгээд явах гэж байна гэсэн. Би У.Г-д машины баримт бичиг болох гэрчилгээг өгөөд наад машины чинь усны помпоороо ус гоожоод байгаа хол явахгүй дээ гэхэд ус тогтоогч хийчихнэ гэсэн. Тухайн үед У.Г- хонож ажиллаад өглөө нь буусан байсан. Манай байгууллага болох ___ даргаас талийгаачийн оршуулгын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг тушаалаар томилж, оршуулгын ажилд нь тусалж байсан. Нийт 13502065 төгрөгийн зардлыг манай байгууллагаас төлсөн. Манайх төрийн байгууллага тул эдгээр зардлыг тухай бүр нь зээлээр авсан, одоог хүртэл төлж байгаа, бүрэн төлж дуусаагүй байна. Баримтыг гаргаж өгсөн. Одоо нэхэмжилж байгаа хохирлыг төлөх боломжгүй байна гэв.
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ... Шүүгдэгч У.Г-, талийгаач С.Б-а нарыг танихгүй. ... Машиныг ___-ын жолооч У.Г- барьж явсан. Би жолоочийн хажууд сууж явсан. Харин нас барсан хүн миний баруун талд хаалганы хажууд сууж байсан. ... Тэр үед би машин дотор үүрэглэж явж байсан болохоор юу болсон талаар анзаараагүй. Жолооч татаж байсан тамхиа шилжүүлж татаад явж байгаа харагдсан. Гэнэт л авто осол болсон, юунаас болсон талаар анзаараагүй гэв. /1-р хх-ийн 42-43-р хуудас/,
Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үдээс хойш 14 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт засмал зам дээр зам тээврийн осол гарсан байхтай таарсан. Тэгээд тойроод гарахад онцгой байдлын “Газ 53” маркийн автомашин байна гэдгийг мэдээд урд нь очиж зогссон. Өвөрхангай аймаг руу буюу баруун тийш харсан байдалтай засмал зам дээр кабин нь яажийсан, нүүрний шил унасан, ачиж явсан эд хогшил зам дээр хөглөрсөн байдалтай харагдсан.... Э- эмч бид хоёр тэр хүнд тусламж үзүүлэх гээд очиж үзэхэд зүрхний цохилт байгаагүй, амьсгал байгаагүй, царай нь цайж хөхөрсөн, амьдын шинжгүй байсан учир анхны тусламж үзүүлэх боломжгүй байсан.... гэх мэдүүлэг /1 хх 48-49 хуудас/
Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эхнэр Д.Б-гийн хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу 12 цагийн үед гарсан. Замд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум руу салдаг эхний уулзвар өнгөрөөд явж байтал зам дээр ачаа бараа хөглөрсөн, замынхаа эсрэг урсгалд буюу ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү харсан ___ улсын дугаартай “Газ-53” маркийн машины кабин дээд талаасаа доошоо хонхойсон, яажийсан байдалтай урд шил нь уначихсан зогсож байсан. Тэгээд осол болсон газар яваад очтол талийгаач газар дээш хараад хэвтэж байсан. Хажууд нь У.Г- сөхрөөд уйлчихсан сууж байсан. У.Г-аас юу болсон талаар асуухад Булган аймаг руу явж байгаад уначихлаа гээд уйлаад байсан. Манай эхнэр Д.Б- эмч учир талийгаачийг үзсэн, нас барчихсан байна гэж хэлэхээр нь би газар байсан хөнжлөөр дээрээс нь бүтээсэн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Амгалангийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай дүгнэлтэнд: 1. Талийгаач С.Б-ын биед дагз болон суурь ясны шугаман хугарал, цөмрөл, тархины зүүн тал бөмбөлгийн дух, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх голомтлог цус харвалт, баруун зүүн тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн суурийн урд хэсгийн урд хэсэг болон бага тархины эдийн няцрал, уртавтар тархины цус харвалт, баруун гарын тохой, зүүн гарт зулгаралт зүүн гарт шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх ба гавал тархинд үүссэн гэмтлүүд нь хүнд зэрэг, шарх зулгаралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гавал тархины гэмтлүүд үхэлд шууд хүргэсэн байна.
4. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй...
5. Талийгаач гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
6. Талийгаачийн цусанд 2,1% этилийн спирт илэрсэн байх ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /1-р хх-ийн 66-67-р хуудас/
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь ___ улсын дугаартай “Газ-53" маркийн тээврийн хэрэгслийн жолооч У.Г- нь Монгол Улсын Замын дүрмийн 3.7А "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг зөрчсний улмаас гарсан байх үндэслэлтэй байна гэжээ. /1-р хх-ийн 100-р хуудас/
Авто тээврийн үндэсний төвийн Өвөрхангай аймаг дахь Авто тээврийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 107-110-р хуудас/
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 131-137-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Цогбаярын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3213 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 67-68-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч У.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ___ багийн нутаг ___ гэх газар улсын чанартай хот хоорондын авто зам дээр ___ улсын дугаартай “Газ-53” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А ...” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч С.Б-ын амь насыг хохироосон нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Г-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Амгалангийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч У.Г- нь Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүрэг даалгаварын дагуу ___ улсын дугаартай “Газ-53” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн байх тул хохирогчид учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу Онцгой байдлын газар хариуцаж арилгах үүрэгтэй.
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас талийгаачийн оршуулгын ажлыг зохион байгуулахаар ажлын хэсэг томилж ажилласан байх ба талийгаачийн оршуулгын ажилд гарсан зардлыг баримтаар гаргаж шүүхэд өгсөн бөгөөд нийт 13,502,065 төгрөгийг зарцуулсан байна. Үүнийг шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч зөвшөөрч байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөрөө дамжуулан Онцгой байдлын газарт оршуулгын ажилд тусалж дэмжсэнд талархал илэрхийлсэн байна.
Иргэний хариуцагч Онцгой байдлын газрын оршуулгын ажилд зарцуулсан зардалтай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлын баримт давхцахгүй байх бөгөөд оршуулгын ажилд зарцуулсан 2,412,500 төгрөгийн хүнсний материал, 837000 төгрөгийн мах, цагаан будаа, талийгаачийн 49 хоногт зарцуулсан 11,550,000 төгрөг нийт 13,962,500 төгрөгийн зардлыг гаргуулах үндэслэлтэй байна.
Оршуулгын ажилд зарцуулсан зардал 14,799,500 төгрөгнөөс 7,800,000 төгрөгийг шүүгдэгч У.Г- нь төлж барагдуулсан байна. Иймд 6,949,500 төгрөгийг иргэний хариуцагч Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны 2019 оны 05 дугаар сарын 13-21-ний хооронд гарсан зардал 846600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Онцгой байдлын газраас оршуулгын ажилд тусалсан комисс шатахууны зардалд 3,897,335 төгрөгийг зарцуулсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч уг шатахууны зардлыг ямар тээврийн хэрэгсэлд хийж, хаанаас хаашаа явж ямар ажилд зарцуулсан нь нотлох баримтаар нотлоогүй, тодорхойгүй байна.
Онцгой байдлын газар Хөдөлмөрийн хуульд зааснаар “ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно” гэснийг зөрчиж жолоочийг ажиллуулснаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Талийгаач С.Б-ын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул У.Г-д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн хувьд маргаагүй, зөвшөөрч байх ба түүнд оногдуулах эрүүгийн харуицлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч У.Г-д тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч У.Г-ы 359699 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт буцаан олгох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б- овогт У-гийн Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт У-гийн Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г-д тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, шүүгдэгч У.Г- нь хохиролд 7,800,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас хохиролд 6,949,500 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн шатахууны зардал 846600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн У-гийн Г-ы 359699 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлж, ЙЯ 0122474 дугаартай, ___ улсын дугаартай “Газ-53” маркийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт буцаан олгоусгай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА