Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0927/З |
Дугаар | 128 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 128
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Л,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б овогт Б.Т,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Бие даасан шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Н.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Л болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: “Миний бие Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ногоон нуурын урд байрлах Нуурын 1 дүгээр гудамжны 17в тоот буюу хоосон газрыг Ч.Н-той нийлж хашаалан улмаар холбогдох төрийн байгууллага буюу хороондоо хандаж, тоотжуулж, уг газрын бичиг баримтыг авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд бүх бичиг баримтыг бүрдүүлэн бичиг хэргийн ажилтан н.Б гэдэг хүнд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгч компьютерт бүртгүүлсэн. Та сарын дараа ирж гэрчилгээгээ аваарай гэж хэлсний дагуу гэрчилгээгээ авахаар 2016 оны 04 дүгээр сард очиход миний өгсөн бичиг баримтын бүртгэл устгагдаж, оронд нь Б.Т гэдэг хүний нэр дээр газрын бичиг баримт гарсан байсан. Улмаар байдлыг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай уулзахад “Та хорооны Засаг даргатайгаа уулз” гэсэн. Миний бие мөн Б.Т-той 3-4 удаа очиж уулзаж, “Ямар бичиг баримт бүрдүүлж энэ газрыг авсан бэ, 2-уулаа хамт хорооны Засаг даргатай уулзъя” гэхэд шалтаг заагаад очоогүй.
Нөхцөл байдлыг тодруулахаар 8 дугаар хорооны Засаг дарга Н.Э-тай уулзахад Б.Т гуайн охин Б.Д нь 2016 онд хашааг надаас худалдаад авчихлаа, надад хашааны тоот авах бичиг баримт өгнө үү, танд худалдах, худалдан авах гэрээг нь дараа үзүүлье, бичиг баримтаа бүрдүүлэх яаралтай хэрэгтэй байна та тус болооч гэж худал хэлэн, хорооны Засаг даргаас бичиг авсан гэж хэлсэн. Хорооны Засаг даргаас авсан бичиг баримтаа үндэслэн хуурамчаар баримт бүрдүүлж газрын албанд хандсан байсан.
Б.Т-тай удаа дараа очиж уулзахад “За яахав би чамд үнэнээ хэлье. Н-ийг архи ууж агсам тавиад байхаар нь би шарандаа хашааг нь өөрийн болгож авъя тэгэхээр энэ муу яах вэ харья гэж бодоод хороо дүүргээр гүйж байгаад авчихсан юм” гэсэн. Тэгээд та нарын хашаа юм бол дулаарахаар нүүгээд, суллаад өгчихнө, харин та нар миний энэ хүнд төлсөн түрээсийг өгөөрэй гэхээр нь би зөвшөөрсөн. Ингэж настай хүний үгэнд итгэж хүлээсэн боловч тэд хугацаа хожиж, бичиг баримт гаргуулахаар арга заль байсан гэж ойлгож байна.
Миний бие өөрийн хашаандаа байдаггүй байсан учир шалтгаан нь ажлын байрнаас хэт хол тул ажлын байр болох Дэнжийн 1000 захын ойролцоо хашаа түрээслэн амьдарч, өөрийн танил ах Ч.Н гэдэг хүнээр сарын 20000 төгрөг өгч, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, нуурын 1 дүгээр гудамжид байрлах хашаагаа харуулдаг байсан. Харин Ч.Н ах Б.Т гэдэг хүнд мөн сарын 20000 төгрөгөөр хашаанд буулгасан байсан. Энэ талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байдаг. Улмаар хашаагаа тойрч эргэхдээ юун айл буусан байгааг асуухад хашааг түрээслүүлж байгаа гэж хэлсэн.
Миний хувьд хуульд заасны дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Газрын албанд өгсөн байхад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж, Б.Т-д 332 дугаар захирамжаар миний эзэмшлийн газартай давхцуулан газар өмчлөх шийдвэр гаргасан байх тул миний газар эзэмших ашиглах өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.Т-д, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх эрхийн талаарх маргааныг эхэлж шийдвэрлээгүй байгаа тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б.Т нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хорооны Засаг даргын тодорхойлолт, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн зураг, хүсэлт зэрэг материалуудыг бүрдүүлж өгсөн байх ба хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаагүй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан учраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/388 дугаар захирамжаар түүнд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нуурын 1 дүгээр гудамж, 17в тоот хаягт 318 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар аминий хашааны зориулалтаар эзэмшүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Б.Т нь эзэмшил газраа өмчилж авах хүсэлт гаргасныг судалж үзээд тус газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон газар өмчлүүлэх бүсэд орсон, зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/332 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг үндэслэн 318 м.кв газрыг өмчлүүлсэн.
Нэхэмжлэгч Н.Л нь маргаан бүхий газрыг хашаалж, Ч.Н-оор харуулж байсан гэж байгаа боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...хугацаа, зориулалтын дагуу газрыг эзэмшинэ”, 27.3-д “нэгж талбар буюу эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас газар эзэмших захирамж гаргасан учраас тус газрыг эзэмших ёстой гэж байгаа боловч Н.Л нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 18 тоотод газар эзэмших хүсэлт гаргасан, түүнийг үндэслэн дүүргийн Засаг даргын захирамж гарсан, харин маргаан бүхий газар нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 17в гэсэн хаяг дээр байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна.
Хорооны Засаг дарга нь газар эзэмших эрх олгох субъект биш, зөвхөн ирсэн хүсэлтийг дээд шатны Засаг даргадаа уламжлах үүрэгтэй. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга нь ажилдаа хайнга хандаж нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн аль алинд нь цохолт хийж өгсөний улмаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамж гарсан гэж үзэж байна.
Н.Л-д газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2016 оны захирамжийн 2 дахь заалтаар гэрээ, гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгасан байх бөгөөд Н.Л-н кадастрын зураг мэдээллийн санд ороогүй, гэрээ, гэрчилгээ олгогдоогүй учраас тухайн газар нь давхацсан эсэхийг Нийслэлийн Засаг дарга шалгаж мэдэх боломжгүй.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн байвал эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Нэхэмжлэгч нь өөрөө тус газрыг анх хашаалчихаад газар эзэмших хүсэлтээ гаргаагүйн улмаас газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжууд нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нь нэхэмжлэлийн үндсэн болон бие даасан шаардлагатай холбоотойгоор шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б.Т нь анх 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан тус дүүргийн 8 дугаар хорооны газар нутагт газар эзэмших тухай хүсэлт гаргасан. Хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байсан учраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний А/338 захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 318 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Энэхүү захирамжийг үндэслэн Б.Т-д 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 000508501 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрын мэдээллийн санд нэгж талбарын 188637314351313 дугаарт бүртгэсэн.
Нэхэмжлэгч Н.Л нь гуравдагч этгээд газар эзэмших эрх олж авахаас өмнө ямар нэгэн байдлаар газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй. Энэ тохиолдолд захиргааны байгууллага өөрийн санаачлагаар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй тул захиргааны байгууллага буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас зөрчигдөөгүй байна.
Гуравдагч этгээд Б.Т-ийн эзэмшиж буй нэгж талбарын 188637314351313 дугаар бүхий газартай давхцуулан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Л-д 318 м.кв газрыг олгосон байна.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бол тухайн захиргааны актыг хүчингүй болгохоор заасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар Н.Л-д газар олгохдоо бусдын эзэмшиж буй газартай давхцуулан олгосон байх боловч тус захирамжийн холбогдох хэсэг нь бодит байдал дээр хэрэгжээгүй, гэрээ, гэрчилгээ олгогдоогүй бөгөөд энэхүү захирамжийн талаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө мэдээгүй байсан. Тухайн үед нэхэмжлэгчид давхцалтай тул газар эзэмшүүлэх боломжгүй талаар хариу өгсөн боловч нэхэмжлэгчийн нэр нь захирамжид орсон байгаа нь редакцийн алдаа байсан. Энэхүү захирамжийн улмаас гуравдагч этгээд Б.Т-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол /захиргааны актын үйлчлэлийн хүрээнд/ зөрчигдөөгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Засаг даргад хүсэлт гаргасны дагуу тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл газар эзэмшүүлэх шийдвэр гаргадаг. Шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл газар эзэмших эрх олгохоос татгалздаг бөгөөд гуравдагч этгээд Б.Т-ийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учраас түүнд газар эзэмших эрх үүссэн байна.
Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Т болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч П.А нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотой тайлбар, бие даасан шаардлага, түүний үндэслэлээ: “2013 онд Б.Тийн хүү н.Д нь эхнэр н.Б-ын хамт Ч.Н-ийн хашаанд бууж, улмаар Ч.Н нь Б.Т-д хашааг худалдаж авах талаар санал болгосныг хүлээж авсан. Маргаан бүхий газар дээр байгаа хашааг худалдаж авахаар тохиролцсон болох нь гэрч Ч.Н, н.Б нарын мэдүүлгүүдээр нотлогдсон. Улмаар Б.Т нь 2017 оны 07 дугаар сард тус хашааны банз, хаалгыг сольж, газрыг тэгшилж сэргээн зассан бөгөөд энэ үед Ч.Н тухайн газрыг Н.Л-н газар гэдэг асуудлыг яриагүй, үйл ажиллагааг зогсоогоогүй, тогийг нь тасдаж, хязгаарлаагүй нь Ч.Н, Б.Т нарын хооронд хашааг худалдан авах тохиролцоо байсан, тэдний хооронд газрын маргаан байгаагүй болохыг харуулж байна.
Нэхэмжлэгч Н.Л нь Ч.Н-оор хашаагаа харуулан, сарын 20000 төгрөгөөр түрээслүүлдэг байсан гэж тайлбарладаг. Иргэний хуульд өөрийн эзэмшлийн зүйлийг түрээслэх тухай ойлголт байдаг бөгөөд маргаан бүхий газар нь тухайн үед нэхэмжлэгчийн эзэмшил газар биш байсан тул түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Тэгээд ч Н.Л нь Ч.Н-д 20000 төгрөг өгдөг байсан нь нотлогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Харин Б.Т, Ч.Н нарын хооронд тохиролцоо байсан болох нь баримтуудаас харагдана.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тус хашааг 2011 онд өөрийн гараар барьсан гэдэг боловч маргаан бүхий газарт 2009 онд хашаа баригдсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Тэгэхээр маргаан бүхий газарт байгаа хашаа Н.Л-гийнх биш, урьд нь байсан хашаа болох нь нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар шүүхэд худал тайлбар өгч байна. Харин Ч.Н нь Б.Т, Н.Л нарт тус газрыг зарсан байх боломжтой.
Нэхэмжлэгч 2014 онд маргаан бүхий газарт эргэлтийн цэгийг тогтоолгосон байх боловч хийсэн байгууллага нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувийн компани бөгөөд мөнгөө төлсөн бол иргэний хүсэлтээр ямар ч ажил хийдэг тул кадастрын зургийн огноог засаж бичих боломжтой.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Н.Л-д газар эзэмшүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дүгээр захирамж хэрэгт авагдсан бөгөөд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх үүссэнээс хойш гарсан энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан давхцалгүй байх хуулийн шаардлагуудыг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар газар эзэмших эрх нь гэрээ, гэрчилгээний үндсэн дээр үүсэж баталгааждаг. Гэтэл дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид гэрчилгээ олгож, гэрээ байгуулагдаагүй тул түүнийг газар эзэмших эрхтэй гэж үзэх, түүнийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.
Аливаа иргэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байж шүүхийн байгууллагаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулдаг зарчимтай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн байхыг шаардана. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг зөрчигдсөн байдал болон захиргааны акт хууль бус, актыг гарах процесс зөрчигдсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий захирамжуудад дурдагдсан газрын хаяг нь өөр боловч нэг газар болохыг хүлээн зөвшөөрч байгаа учраас Б.Т-ийн газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдөж байна.
Иймд Н.Л-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Н.Л-д газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Л нь тус шүүхэд анх “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Н.Л-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон, мөн гуравдагч этгээд Б.Т нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Н.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар бие даасан шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Б.Т-д Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 1-17в тоотод амины хашааны зориулалтаар 318 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн Б.Т-д Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 1 дүгээр гудамжны 17в тоотод байрлалтай 318 м.кв газрыг өмчлүүлэхээр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Н.Л-д Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 1-18 тоотод амины хашааны зориулалтаар 318 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Л нь “2011 онд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон нуурын урд байрлах Нуурын 1 дүгээр гудамжны 17в тоот хоосон газрыг шинээр хашаалан ... Монгол Улсын хуулийн дагуу холбогдох баримт бичгээ бүрдүүлэн Газрын албанд өгсөн байхад ... иргэн Б.Т-д газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь миний газар эзэмших, өмчлөх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд
маргаан бүхий 18637314351313 нэгж талбарын дугаар бүхий Б.Т-ийн эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Нуурын 1-17в тоотод байрлалтай 318 м.кв газар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/143 дугаар захирамжаар Н.Л-д эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 1-18 тоотод байрлалтай 318 м.кв газартай байршлын хувьд давхцалтай болох нь тогтоогдож байна.
Анх уг маргаан бүхий газарт нэхэмжлэгч Н.Л нь хашаа барьж, улмаар уг газрыг хашаалсан, хашааг иргэн Ч.Н-оор харуулж байсан, Ч.Н нь уг газарт 2013 онд Б.Т-ийн хүү Д-г, 2014 онд Б.Т-ийг түр буулгасан болох нь гэрч Ч.Н-ийн “Би 16 тоот хаягт амьдардаг байсан. Хойд талын газрыг Н.Л авахаар газрыг нь тэгшлээд гэрийн буурь засаж, хашааг 2009 онд барьсан ... би хашааг 2009 оноос хойш харж байсан. Н.Л-д хашаанд чинь хүн буулгасан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг , гэрч Х.Э-ийн “... тухайн газар нь хашаалсан газар байсан. ... Н.Л нь над дээр ирж, миний газар гэж хэлж байсан. Таных бол албан ёсоор гэрчилгээгээ аваарай гэж хэлж байсан. Түүнээс хойш ... Б.Д над дээр ирээд бид нар уг хашааг авахаар тохиролцсон гээд өргөдлийг цохуулсан. Өргөдлийг мэдээллийн санд оруулсан материал авчрахаар нь тохиролцсон юм байна гэж бодоод тодорхойлолтыг хийж өгсөн” гэх мэдүүлэг , гэрч С.Б-ын “Манайх 2013 онд Ч.Н-ийн хашаанд буусан ... Б.Т тэр хашаанд 2014 онд буусан байх ... манай хадам 2015 онд бичиг баримтыг нь хөөцөлдөөд энэ газар айл байдаггүй юм бол энэ газрыг авъя гэж байсан. Тэгээд хашааг нь засаад /янзлаад/ тэр газраа буусан” гэсэн мэдүүлэг , Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтыг хэргийн оролцогч нар үгүйсгэж чадахгүй байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрыг бусад этгээд эзэмшиж байгаа эсэх, бусдын эд хөрөнгө байгаа эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй. Гэтэл захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн 2009 онд хашаалсан газартай давхцуулан 2015 онд Б.Т-д газар эзэмшүүлсэн, улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн дагуу уг маргаан бүхий газрыг 2016 онд Н.Л-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн нэхэмжлэгчид уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсны дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гуравдагч этгээд Б.Т-д 318 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “... тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэсэн газар эзэмшүүлэх, өмчлүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг зөрчжээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтад зааснаар иргэн нь газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд хүсэлтдээ эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсаргаж хүргүүлэх ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “ҮЗ” ХХК нь нэхэмжлэгч Н.Л-н эргэлтийн цэгүүдийг нь газар дээр бэхэлсэн нэгж талбарын зургийг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн, гуравдагч этгээд Б.Т-ийн эргэлтийн цэгүүдийг нь газар дээр бэхэлсэн нэгж талбарын зургийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актад эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн огноог Н.Л-н хувьд 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр, Б.Т-ийн хувьд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр тодорхойлсон болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий газрын нэгж талбарын тойм зургийг нэг компани 2 иргэнд давхцуулан олгосон байхад энэхүү нөхцөл байдлыг захиргааны байгууллага тодруулах, газар эзэмших хүсэлтэд хавсаргасан бичиг баримтад тавигдах шаардлагыг хангуулах шаардлагатай байжээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжаар Н.Л-д Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 1-18 тоотод байрлалтай 318 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шатанд олж мэдсэн, дүүргийн Газрын алба нь түүнтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14/294 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.
Үүний зэрэгцээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий газарт байрлах хашааны хаягийг Нуурын 1 дүгээр гудамжны 17в, Нуурын 1 дүгээр гудамжны 17 тоот, Нуурын 1 дүгээр гудамжны 18 тоот, Нуурын 1-16а гэж өөр өөрөөр тодорхойлсон байх тул эзэмшил газрын хаяг, байршил буюу маргаан бүхий газрын хашааны хаягийг тодруулах шаардлагатай гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл уг маргаан бүхий газарт анх хэн оршин сууж байсан, газрын давхцал юунаас болж үүссэн, тухайн газрыг эзэмших эрх түрүүлж хэнд үүссэн, эзэмшил газрын хаяг, байршил зэрэг хэргийн нөхцөл байдлуудыг цаашид тодруулах шаардлагатай байх бөгөөд нэмж тодруулах асуудал нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ ... газрыг давхцуулж олгосон алдаа гарсан байна лээ. Энэ нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа ...” гэж тайлбарлан буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрснийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Н.Л-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актуудыг хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгиохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 140400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч /70200/, гуравдагч этгээд /70200/ нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.Б