Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00484

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож,  Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02415 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2421 дүгээр магадлалтай,

Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

“Ю” ХХК-д холбогдох,

6.975.840 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Ю” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун орон сууцны хотхонд ХД 72 дугаар байрны 2 дугаар орцны 5 давхрын 103 тоот 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НРТ13В29 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 01 дүгээр улиралд багтаан байрыг хүлээлгэж өгөх ёстой байсан ч 2015 оны 01 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Би  гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн ажлын үнэн зөв мэдээллийг гэрээнд заасны дагуу надад өгөөгүй учраас  байрны м.кв дутсан гэдгийг мэдэлгүй байраа  2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Инженер геодези ХХК-ийн хийсэн орон сууцны талбайн хэмжилтээр  өмчилж буй орон сууц гэрээнд заасан 46,4 м.кв биш 42.56 м.кв талбайтай болохыг тодорхойлсон. Гүйцэтгэгч нь гэрээний 1.2, 1.3, 1.5, 4.2.3, 5.3-д заасан үүргээ биелүүлээгүй тул орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлөгдсөн /46,4м.кв-42.56.мкв/=3.84 м.кв буюу үнийн дүнгээр /3.84 м.кв*1.800.000/= 6.912.000 төгрөг,  Инженер геодези ХХК-д төлсөн орон сууцны хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 63.840 төгрөг нийт 6.975.840 төгрөгийг “Ю” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ю” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани нь   2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхоны 71, 72, 73 тоот барилгыг Өндөрбуянт холдинг ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.  Уг хотхоны барилгын ажлыг Өндөр буянт ХХК болон Алъяанстехник ХХК, Хай кик ХХК, СигмаОтис ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд  уг  орон сууцны  чанар стандартад нийцсэн, барилгын зураг төслийн  дагуу  хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт  гарсан учир  худалдан авагчдаа  орон сууцанд оруулсан.   Нэхэмжлэгчид 103 тоот байрны түлхүүрийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Хэдийгээр орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж хийгдсэн ч гэсэн зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах- худалдан авах гэрээний дагуу гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргаагүй, уг барилга 2008 оноос баригдсан гэтэл 2009 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн стандартаар нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02415 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ю ХХК-д холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6,975,840 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2421 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.126 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2017.07.27-ны өдөр БЗД-ийн ИХАШШ-д Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.2-т заасан орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй, ажлын үр дүнгийн доголтой тул үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. МУ-ын Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” гэж заасан. Би тус компанитай НРТ13В29 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 1.2-т “ ...байрны 2 дугаар орцны 5 давхрын 103 тоот хаалганд 46м.кв 2 өрөө орон сууцыг барьж босгон хүлээлгэн өгөх ажлыг гэрээнд заасан хугацаанд стандартын зохих түвшинд хийж гүйцэтгэх...” гэж заасны үндсэн дээр ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу төлсөн. Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 3 зөвлөмжид “Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм.” гэж заасан байна. Миний бие гэрээнд заасан ажлын хөлсийг төлөөд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй, мөн ямар нэг хөрөнгө хүлээж аваагүй. Хариуцагч тал анхан шатны шүүх хурлын шүүгчийн “гэрээ орон сууц захиалгаар бариулах гэрээ юм уу, худалдах-худалдан авах гэрээ юм уу” гэсэн асуултад “энд бол бичиглэлийн алдаа гарсан байна.” гэж хариулт өгсөн. Хариуцагч тал нь өөрсдөө санал болгож хийсэн захиалгын гэрээндээ гаргасан бичиглэлийн алдаанаас болж нэхэмжлэгч талын эрхийг зөрчих, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх эрхтэй болох нөхцөл үүсэхгүй. Нэхэмжлэгчийн нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлж нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “Ю” ХХК-с 6.975.840 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг гэрээнд заасан хэмжээнээс 3.84 м.кв талбай бүхий орон сууцыг дутуу шилжүүлсэн тул илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, орон сууцыг хүлээлгэн өгсөн,  шаардлага гаргах эрхээ алдсан” гэжээ.

Зохигчийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хэппи Таун орон сууцны ХД-72 дугаар байр, 2 дугаар орцны 5 давхарт 46.4 м.кв талбай бүхий байрыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан гүйцэтгэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 83.520.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар орон сууцны үнийг бүрэн төлжээ /хавтаст хэргийн  5-10 дугаар тал/.

Орон сууц биет байдлын доголдолтой эсэх, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй эсэх талаар талууд маргажээ.

Хариуцагч “Ю” ХХК нь маргааны зүйл болох ХД-72-р байрны барилгыг нь “Өндөр буянт холдинг” ХХК-иас 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр худалдан авсан ба “...гэрээ байгуулах үед барилга 70 хувийн гүйцэтгэлтэй... байсан...” талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Энэхүү орон сууцны барилгыг D06/07 дугаартай зураг төслөөр 2008 оны 5 дугаар сараас эхлэн барьж 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгасан талаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 дугаар актад дурджээ /хэргийн 30-33 дугаар тал/.

Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгч гэрээнд заасан байрыг сонгож, үнийг төлөхөөр хариуцагчтай тохиролцсон байх тул зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.

Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.

Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авч, улмаар 2015 оны 12 дугаар сарын 25-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн ба эд хөрөнгийг хүлээн авах үедээ орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ.

Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь буруу.

Иймд шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2421 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243.1...” гэсний дараа “255 дугаар зүйлийн 255.1.1.” гэснийг нэмж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 126.563 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ