Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 251

 

“Ундарга” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч “Ундарга” ХХК-ний захирал Б.Булганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунтүлхүүр нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 266 дугаар магадлалтай, “Ундарга” ХХК-ний нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Ундарга” ХХК-ийн захирал Б.Булганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн “Ундарга” ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумыг усаар “Хангагч” байгууллага билээ. Манай байгууллага нь усны нөөц ашигласны төлбөр төлөгч биш бөгөөд ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг суутган тооцож төсөвт төвлөрүүлдэг юм. Бид Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас ус ашиглуулах дүгнэлтээ гаргуулан Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасны дагуу ус ашиглах зөвшөөрөл авч, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.4-д заасны дагуу Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай жилд хангах усныхаа гэрээг хийж ажилладаг.

2015 оны байдлаар яамдын бүтэц үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөнтэй холбоотой Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас ус ашиглуулах дүгнэлт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарч аймгийнхаа Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд материалаа хүргүүлээд байгаа юм. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу хүн амын унд ахуй хэрэгцээний зориулалтаар ашиглах усыг төлбөрөөс чөлөөлдөг. Барилга, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах газрын доорхи усны төлбөрийг “Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор Орхон голын сав газарт тогтоосон усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолд заасан ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр, “Усны нөөц ашигласны хувь хэмжээг тогтоох хөнгөлөх тухай” Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолд заасан хувь хэмжээг ашиглан тооцно.

Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1-р хавсралтын тайлбар 2-т зааснаар ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг усаар хангагч байгууллага тооцож авна гэсэн байдаг. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.5-д заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигалсан усны төлбөрийг Архангай аймгийн төсөвт төвлөрүүлнэ.

Дээрх хууль, засгийн газрын тогтоолын дагуу манай байгууллага 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын газартай гэрээ хийсний дараа сургууль, цэцэрлэг, эмнэлэг бусад төсөвт байгууллага болон орон сууц гэр хорооллын ашигласан ус, хүн амын унд ахуйн зориулалтаар ашигласан усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлсөн. Архангай аймгийн төсөвт 3.772.832 төгрөгийг төвлөрүүлэх ёстой.

Иймд Татварын хэлтэс нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ямарч үндэслэлгүйгээр компаний данснаас 10.000.000 төгрөг суутган авсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ундарга” ХХК-ийн захирал Б.Булганчимэг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ... “Ундарга” ХХК-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянагдаж байх явцад буюу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин ямарч шийдвэргүйгээр компаний Төрийн банкны данснаас 5.512.000 төгрөгийг хууль бусаар нэмэн суутган авсан байна.

Иймд Татварын хэлтсийн ямарч үндэслэлгүйгээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр компаний данснаас нэмж 5.512.000 төгрөг суутган авсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ундарга” ХХК-ийн захирал Б.Булганчимэг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Татварын хэлтсийн ямар ч үндэслэлгүйгээр 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр суутгасан 10.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр суутгасан 5.512.000 төгрөг, нийт 15.512.000 төгрөгийг суутган тооцоолол хийсэн үйлдлүүдийг хууль бус болохыг тогтоож, нийт 15.512.000 төгрөгийг буцаан манай компаний “Хаан” банкны 5154003339 тоот дансанд хийлгэхийг аймгийн Татварын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “Ундарга” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ манай байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтаар Эрдэнэбулган сумыг усаар хангагч байгууллага бөгөөд усны нөөц ашигласны төлбөр төлөгч биш, ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага гэжээ.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27 дахь заалтад “ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хэлнэ. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ус ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь ус, рашааны нөөц ашигалсны төлбөр төлнө, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”-нд ус, рашаан ашигласны төлбөр ногдуулна, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна” гэж тус тус заажээ. “Ундарга” ХХК нь татварын албанд 2606666 регистрийн дугаартайгаар “хязгаарлагдмал хариуцагатай компани” гэсэн хариуцлагын хэлбэртэйгээр бүртгэлтэй байна.

Дээрх хуулийн заалтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд дурдсан өөрийн байгууллагынх нь дээр дурдсан тодорхойлолт зэргээс харахад “Ундарга” ХХК нь ус ашиглагч, ашгийн төлөө байгууллага болох, нөгөө талаар ус ашигласны төлбөр төлөгч болох нь тодорхой байна. Үүний дагуу өмнөх жилүүдэд тус компани усны төлбөрийг хуулийн дагуу тогтмол төлж байсан. “Ундарга” ХХК нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлтээ Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуучлалын яам, Орхон голын сав газрын захиргаагаар гаргуулан, ус ашиглах гэрээ байгуулж, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.6-д заасны дагуу үйлчилгээний үнэ тарифаа батлуулан үйлчилгээгээ явуулж байгаа.

Усны төлбөр нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.5-д зааснаар аймгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг. “Ундарга” ХХК нь Орхон-Чулуут голын сав газрын захиргаатай байгуулсан “Ус ашиглах гэрээ”-ээр 2015 онд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 192676 м3 /хүн амын унд ахуйн хэрэгцээнд ашиглах усыг хасч тооцсоноор/ ус ашигласны төлбөрт 18.579.747 төгрөг төлөх ёстойгоос 2015 оны 10 дугаар сарын 28-ны байдлаар аймгийн төсөвт нэг ч төгрөг төлөөгүй байсан. Усны төлбөр олон сар дамжин төлөгдөхгүй аймгийн төсвийн орлого бүрдүүлэлтэд саад учруулж байсан тул нэгэнт ногдсон боловч хугацаандаа төлөгдөхгүй байгаа татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна” гэж заасны дагуу ...  “Ундарга” ХХК-ийн харилцах данснаас 15.512.000 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсан болно … гэжээ.

Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10., 63 дугаар зүйлийн 63.1.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ундарга” ХХК-ийн “Архангай аймгийн Татварын хэлтэс нь үндэслэлгүйгээр компаний данснаас 15.512.000 төгрөг суутган авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр суутган авсан 15.512.000 төгрөгийг компаний дансанд буцаан шилжүүлэхийг Архангай аймгийн Татварын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 266 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 33 дугаар зүйлийн 33.2.4, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ундарга” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Татварын хэлтсийн “Ундарга” ХХК-ийн данснаас 15512000 төгрөгийг суутган авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, суутган авсан 15512000 төгрөгийг тус компанийн дансанд буцаан шилжүүлэхийг Архангай аймгийн Татварын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг ус суваг ашиглалтын "Ундарга" ХХК нь 2015 оны ус ашигласны төлбөрийг төлөөгүй тул Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу үл маргах журмаар "Ундарга" ХХК-ийн харилцах данснаас 15512000 төгрөгийг ус ашигласны төлбөрөөр орон нутгийн дансанд төвлөрүүлсэн болно. Гэтэл "Ундарга" ХХК нь манайх ус ашигласны төлбөр төлөгч биш бөгөөд усны төлбөрт татварын хэлтсийн “Ундарга” ХХК-иас төвлөрүүлсэн 15512000 төгрөгийг буцааж олгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

"Ундарга" ХХК нь ус ашиглах гэрээний дагуу 192676 м3 ус ашиглах буюу 19267696,43 төгрөг=18579746.68 төгрөг төлөхөөс үл маргах журмаар 15512000 төгрөгийг данснаас нь авсан.

... Давж заалдах шатны шүүх нь “...2015 онд сар тус бүр ямар хэмжээний ус ашигласан болохыг нотлох баримтаар тогтоосны дараа татвар ногдуулах нь зүйтэй, бөгөөд татварын хэлтэс нь 2014, 2015 оны ус ашигласны төлбөрийн байдалд татварын хяналт шалгалт явуулж нөхөн татвар ногдуулах эрх хэмжээг хязгаарлахгүй юм” гэжээ.

Татварын хэлтэс нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Ус  ашиглуулах дүгнэлтийг гаргуулахдаа тухайн  байгууллага  өмнөх онд ашигласан усны хэрэглээ, нэмж худаг гаргасан, хасагдсан гэх мэт тооцооллуудыг холбогдох газар явуулж дүгнэлт гаргуулдаг ба энэ нь тухайн газрын усны хэрэглээ мөн бөгөөд нотлох баримт юм. Хэрвээ зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан тохиолдолд усны төлбөрийг 50 хүртэл хувиар шатлан өсгөж төлөхөөр заасан байдаг.

2. Татварын хяналт шалгалтаар нөхөн татвар торгууль алданги тооцох боловч татвар төлөгчдөд өөрсдөд нь эрсдэлтэй. Нөгөө талаар тайлант оны төлбөрийг цаг хугацаанд нь орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр сангийн яаманд хянуулж төлөвлөгөөтэй ажилладаг тул усны төлбөрийг цаг тухай бүр төвлөрүүлэх ёстой.

3. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг татвар төлөгч хүлээсэн байдаг. Иймд "Ундарга" ХХК нь усны төлбөрийг хуулинд заасан хугацаанд улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх үүрэгтэй.

4. 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн байсныг баримталж уг төлбөрийг авсан. Усны дүгнэлт, гэрээг оны эхэнд байгуулж хуулийн дагуу төлбөрөө хуулийн хугацаанд төлөх ёстой бөгөөд оны эцэст ус ашиглаж дууссаны дараа ашиглах гэрээ /ашигласан гэрээ/ байгуулж тэрхүү гэрээг тухайн оны гэж үзэх нь гэрээний эрх зүйг зөрчиж буй явдал гэж үзэж байна … гэжээ.

ХЯНАВАЛ:

Архангай аймгийн Татварын хэлтэс “... ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр “Ундарга” ХХК-ийн Төрийн банкин дахь 180000018675 тоот данснаас 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10,000.0 мянган төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5,512.0 мянган төгрөгийг тус тус суутган авсан,  нэхэмжлэгч “... манайх усны нөөц ашигласны төлбөр төлөгч биш, ... үндэслэлгүйгээр компанийн данснаас /мөнгө/ суутган авсан” гэж, хариуцагч “.../тус компани/ усны нөөц ашигласны төлбөр төлөгч мөн, ... татварын өрийг ... дансан дахь мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар гаргуулсан ... нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Ундарга” ХХК нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумыг цэвэр усаар хангах үйл ажиллагаа,  үйлчилгээ үзүүлдэг, Архангай аймгийн Татварын хэлтсээс “Ундарга” ХХК-нд  “... /2015 оны 10 дугаар сарын байдлаар/ төлөгдөөгүй 192676 м.куб усны төлбөр 17,919.0 мянган төгрөг”-ийн татварын өрийг төлж барагдуулах талаар 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01014059, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01014062, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01014065 дугаартай мэдэгдэх хуудсуудаар тус тус мэдэгдэл хүргүүлж, “...дансыг хаасан”, үүнтэй холбогдуулан “Ундарга” ХХК-иас Архангай аймгийн Татварын хэлтэс, Татварын маргаан таслах зөвлөлд хандан “... манай компани усны нөөц ашигласны төлбөр төлөгч биш”, “... 2015 онд хэрэглэгч байгууллагуудтай гэрээ хийхдээ ус ашигласны татварын талаар тусгаагүй тул одоо 1-10 сарын /төлбөрийг/ дахин нэхэмжлэн, төлөгдсний дараа төсөвт төвлөрүүлэх болоод байна ... тухайн татварыг компаниасаа урьдчилан төлөх боломжгүй” гэж, шүүхэд мөн “...усны нөөц ашигласны төлбөр төлөгч биш” гэх  үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, маргасан байна.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д “...ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг” ойлгохоор, 31 дүгээр зүйлийн 31.1-д “ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлөх”-өөр тус тус заасан байх тул “Ундарга” ХХК-ийг “ус ашигласны төлбөр төлөгч биш” гэх үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм. 

Тодруулбал, “Ундарга” ХХК нь газрын гүний усыг олборлон, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түгээх үйл ажиллагаа эрхэлдэг, уг үйл ажиллагаа нь “Ундарга” ХХК-ийн ашиг олдог аж ахуйн үндсэн үйл ажиллагаа болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул “... манайх ус ашиглагч биш, усаар хангагч байгууллага” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгч “Ундарга” ХХК нь усны нөөц ашигласны төлбөр төлөгч болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул “... /манайх/ татвар ногдуулах эрх бүхий субьектээс ногдуулалт хийсэн усны нөөц ашигласны төлбөрийг тооцон авч татварын байгууллагад төлнө”, “... манай байгууллага ус ашигласны төлбөрийг хураах, ногдуулалт хийж авах эрхгүй тул ... аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг тооцож авах хууль зүйн үндэслэлгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хууль буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн байна.

Тухайлбал, Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “...ус ... ашиглуулах дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага... гаргана”, 28.6-д “... дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг ... сав газрын захиргаа... олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ”, 28.7-д “хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авна”, 29 дүгээр 29.1-д “... зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага ... гэрээ байгуулна” гэж тус тус зааснаас үзвэл, ус ашиглагч нь ус ашиглах зөвшөөрөл, гэрээ хийсний үндсэн дээр ус ашиглах эрхтэй байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “Ундарга” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь Байгаль орчин, аялал жуулчлалын газартай нэг жилийн хугацаатай байгуулсан “Ус ашиглах гэрээ”-г үндэслэж, 2015 онд ус ашигласны төлбөрийг тогтоох агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

“Ундарга” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон голын сав газрын захиргаатай, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь Байгаль орчин, аялал жуулчлалын газартай “Ус ашиглах гэрээ”-г тус тус нэг жилийн хугацаатай байгуулсан, гэрээний эрх, үүрэг нь тухайн гэрээг байгуулсан цаг хугацаанаас эхлэн тооцогдох гэрээний эрх зүйн ерөнхий зарчмын үүднээс хариуцагчийн “... /2015 оны төлбөрийг/ 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд заасны дагуу тогтоосон” үйлдлийг буруутгах үндэслэлгүй, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээг “...2015 онд ус ашиглах гэрээ” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.   

Түүнчлэн, нэхэмжлэгч, хариуцагч нар  Архангай аймгийн Татварын хэлтсийн дээрх мэдэгдлүүдээр хүргүүлсэн нийт төлбөрийн дүн, төлбөр ногдох усны хэмжээ, нэгжийн үнэ, 2014 оны төлбөр төлөлтийн талаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх “... 2014 онд /нэхэмжлэгч/... илүү төлөлт ...-ийг хасаад 6,265,326.2 төгрөгийн өртэй байсан”, “... 2015 онд ... ямар хэмжээний ус ашигласан, ... хэдэн төгрөгийн татварын өр үүссэн болохыг /хариуцагч/ баримтаар тогтоогоогүй”, “... 1м.куб усны үнийг ... зөрүүтэй тооцсон” гэх зэргээр нэхэмжлэлийн үндэслэл, маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 266 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХТУЯА