Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/20

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ, 

Хохирогч: П.Т-

Шүүгдэгч: Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Б- овогт Э-гийн Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927001270007 дугаартай, 146/2020/0015/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар хот Баянгол дүүрэгт “___” ХХК-д галч, сахиул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр багийн ___ гудамж ___ тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороо ___ гудамжинд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Орхон аймгийн Сум дундын 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, ___ регистрийн дугаартай, Б- овогт Э-гийн Э-

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___ багийн нутаг дэвсгэрт байрлах “___” жуулчны баазын гал тогоонд хохирогч П.Т-ын зүүн гар хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___ багийн нутаг дэвсгэрт байрлах “___” жуулчны баазын гал тогоонд хохирогч П.Т-ын зүүн гар хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Өвөрхангай аймгийн Бүрд сумын “___” жуулчны баазад ажиллаж байхад манай эхнэр намайг хүнтэй хардаад байсан. Би уурандаа эхнэр лүүгээ хутга шидсэн чинь эхнэрийнхээ зүүн гар хэсэгт нь зүсчихсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би дахин ийм хэрэгт холбогдохгүй гэв.

Хохирогч П.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Нөхөр Э.Э-ыг  Б.Б-тэй хардсан нь миний буруу . Хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 05 дугаар сарын 12-ны орой “___” жуулчны баазын рестораны гал тогоонд ортол Э.Э- алчуур барьсан шал арчсан байдалтай байсан. Харин П.Т- шалны том алчуураар гараа боосон их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Тухайн үед юу болсон талаар нь асуухад Э.Э- надад хэлэхдээ би уурандаа П.Т- руу хутга шидчихсэн чинь ийм юм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би Э.Э-ыг шалаа арчихаа одоо болно. П.Т-ын гарнаас гарч байгаа цусыг тогтоо гэсэн чинь Э.Э-, П.Т-ыг аваад өөрсдийн байдаг ажилчдын гэр лүү аваад явсан. Би тухайн үед Э- луу залгаж энэ хоёр хоорондоо муудалцсан юм шиг байна. П.Т-ын гарнаас цус нь гараад тогтохгүй байна гэж хэлсэн. Би рестораны гал тогоонд орж ирээд анхны тусламжийн аптек хайсан боловч олдоогүй. Хэсэг хугацааны дараа араас нь алчуур аваад очиход Э.Э- одоо гайгүй цус нь тогтчихсон гэж хэлсэн. Тухайн үед П.Т- гэрт газар хэвтэж байсан. П.Т- нөхөртөө хандан миний буруу надаас л боллоо гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Д.О-, Ч.Б-, М.Э-, Р.А- нар ирсэн. Тэр хүмүүсийг гаднаас орж ирэхэд Э.Э- хүмүүст хандан одоо гайгүй цус нь тогтчихлоо гэхэд О- ах эмнэлэгт очиж үзүүл тэгж их цус алдсан юм бол очиж оёо тавиул гэж хэлж байсан. Удалгүй Д.О-, Ч.Б- хоёр П.Т-, Э.Э- хоёртой хамт дөрвүүлээ Булган аймгийн Рашаант сумын эмнэлэг рүү явсан. Тэгээд орой 22 цагийн үед Д.О- ах, Ч.Б- хоёр ирчихээд хоол идээд буцаад Ч.Б- тэр хоёрын үүргэвч цүнх зэргийг аваад мотоцикльтой явсан. Өглөөгүүр 05 цагийн 55 минутын орчим Рашаант сумын эмнэлэгээс Э.Э-, П.Т- хоёрын утасны дугаар байна уу манай хоёр гараад явчихсан байна гэж над руу залгасан. Дараа нь 09 цаг 30 минутын үед П.Т- 9935___ дугаараас залгаж бид хоёр Улаанбаатар хот руу орж явна ... гэж байсан. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч М.Э- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ч.Б-, Р.А- бид гурав Д.О- ахыг Улаанбаатар хотоос тосох мөн ус ойр зуурын зүйлсээ цуглуулах гэж Булган аймгийн Рашаант сум орсон. Би Рашаант сумын төв дээр байхдаа Б.Б- рүү залгаж Э.Э-, П.Т- хоёрыг хоол хийж бай бид нар одоо очлоо гэж хэлсэн. Б.Б- 30 минутын дараа над руу залгаж “Нөгөө хоёр чинь нэгнийхээ гарыг зүсчихсэн цус нь гоожоод тогтохгүй байна” гэж хэлсэн. Бид нарыг бааз дээрээ ирэхэд П.Т-, Э.Э- хоёр гэртээ байж байсан. Би Э.Э-аас яагаад ийм зүйл болчихвоо гэж асуухад намайг бааз дээр ирсэн цагаас хойш П.Т- намайг хардаад байсан гэнэт уур хүрээд уурандаа П.Т- руу хутга шидчихсэн чинь гарыг нь зүсчихлээ гэж байсан. П.Т-аас болсон зүйлийн талаар асуухад эгчийнх нь буруу гэж хэлсэн. Д.О- ах Ч.Б-тай хамт П.Т- эгч, Э.Э- нартай хамт Булган аймгийн Рашаант сумын эмнэлэг рүү явсан.... гэх мэдүүлэг /25-26 дугаар хуудас/,

Гэрч Д.Ж- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 30 минутын үед гарын хэсэгт зүсэгдсэн шархтай гарнаас цус гарсан хүн ирлээ гэж ээлжийн сувилагч над руу залгасан. Тэгээд удалгүй Эрүүл мэндийн төв дээр ирэхэд П- овогтой Т- гэж эмэгтэй зүүн гарын шуу хэсэгт зүсэгдсэн шархтай шууны дотор талд үзүүртэй юмаар хатгагдсан шинжтэй шархтай, шархнаас цус нь гарсан царай нь цайвар цонхигор байдалтай байсан. Зүүн гарын шууны хэсэгт 3 см орчим зүсэгдсэн шархтай шууны дотор талд 0.5 мл хатгагдсан шархтай шархыг цэвэрлэж шарханд 3 ширхэг оёдол тавьж даралттай боолт хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Амгалангийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 293 дугаартай дүгнэлт:  1. Үзүүлэгч П.Т-ын биед зүүн гарт шархны сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлээс үүсэхгүй гэмтэл байна. 3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 45 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Хохирогч  П.Т-ын гэмт хэргийн улмаас  эрүүл мэнддээ хохирол авч эмнэлэгт үзүүлсэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Э- нь хохирогч П.Т-ын зүүн гар хэсэгт  хутгаа зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч П.Т-ын ... Чиний Б- чинь ирж байна гэж Э.Э-д хэлсэн чинь уурлаад над руу хутга шидсэн. Би оногдохгүй бултах гэсэн боловч миний зүүн гарын бугуйн хэсэгт онож их цус гарсан гэх, гэрч Б.Б-ийн... Э.Э- алчуур барьсан шал арчсан байдалтай байсан. Харин П.Т- шалны том алчуураар гараа боосон их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Тухайн үед юу болсон талаар нь асуухад Э.Э- надад хэлэхдээ би уурандаа П.Т- руу хутга шидчихсэн чинь ийм юм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би Э.Э-ыг шалаа арчихаа одоо болно. П.Т-ын гарнаас гарч байгаа цусыг тогтоо гэсэн чинь Э.Э-, П.Т-ыг аваад өөрсдийн байдаг ажилчдын гэр лүү аваад явсан гэх, гэрч М.Э-ын ... Бид нарыг бааз дээрээ ирэхэд П.Т-, Э.Э- хоёр гэртээ байж байсан. Би Э.Э-аас яагаад ийм зүйл болчихвоо гэж асуухад намайг бааз дээр ирсэн цагаас хойш П.Т- намайг хардаад байсан гэнэт уур хүрээд уурандаа П.Т- руу хутга шидчихсэн чинь гарыг нь зүсчихлээ гэж байсан гэх, гэрч Д.Ж-ы... П- овогтой Т- гэж эмэгтэй зүүн гарын шуу хэсэгт зүсэгдсэн шархтай шууны дотор талд үзүүртэй юмаар хатгагдсан шинжтэй шархтай, шархнаас цус нь гарсан царай нь цайвар цонхигор байдалтай байсан. Зүүн гарын шууны хэсэгт 3 см орчим зүсэгдсэн шархтай шууны дотор талд 0.5 мл хатгагдсан шархтай шархыг цэвэрлэж шарханд 3 ширхэг оёдол тавьж даралттай боолт хийсэн...гэх,  шинжээчийн 293 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.Э-ы ...миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.  

Хохирогч П.Т- шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг, гэмт хэрэг үйлдсэн хугацаанаас хойш тодорхой хугацаанд шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зайлсхийснийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийтгэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогт Э-гийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Э-гийн Э-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг хуульд заасан  хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА