| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2020/0016/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/21 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/21
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш
Шүүгдэгч: С.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч У- овогт С-ын Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927002670004 дугаартай, 146/2020/0016/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо ___ гудамж ___ тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо ___ гудамж ___ тоотод түр оршин суух, “___” ХХК-д мужааны ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, У овогт С-ын Ц-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц- нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Д.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ц- нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Д.Б-ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч С.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Д.Б- ах буудлын гадаа зайл гээд түлхээд байхаар нь уур хүрээд нүүр лүү нь цохьсон. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Д.Б- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр надтай хамт ажилладаг Б- гэх залуугийн хүүхдийн үсний найр болоод хамт ажилдаг хүмүүсээ гэртээ урьсан. Бид нар тухайн айлд архи бага зэрэг ууцгаасан. Би С.Ц-тай хамт Б-ийн гэрээс гараад амрахаар барилга дээр ирж С.Ц-ыг амар гэж үлдээгээд өөрөө байрлаж байсан буудал руугаа явсан. Намайг буудалдаа очоод унтаж байхад С.Ц- араас ирээд намайг сэрээгээд хэрүүл маргаан хийж гараараа миний нүүр хэсэг рүү 5-6 удаа цохиж, намайг шат руу түлхэж унагаасан. Тухайн үед С.Ц- их согтолттой байсан. Удалгүй цагдаа нар ирж намайг эмнэлэг рүү, С.Ц-ыг цагдаа руу авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Т.Д- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед “___” зочид буудалдаа байж байтал согтуу хүмүүс ирээд өрөөний хаалга нүдээд хоорондоо маргалдаад байхаар нь гараад харсан чинь манай зочид буудалд байрлаж байсан барилгын ажилтан Д.Б-, нэг залуутайгаа маргалдаад тэр ажилтан залуу нь Д.Б-ыг шатны уруу унагаад цонхны доор очоод нүүр толгой хэсэг рүү нь гараараа цохиж зодоод байсан. Тухайн үед Д.Б-, С.Ц- хоёр нь их согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Амгалангийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт: 1. Үзүүлэгч Д.Б-ын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, 2 нүдний алиманд цус хуралт, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун мөр, цээж, аюулхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Б.Уянгын хохирогч Д.Б-ын биеийн эрүүл мэндийг үзсэн тодорхойлолт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Ц- нь хохирогч Д.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Д.Б-, гэрч Т.Д- нарын мэдүүлэг, шинжээчийн 15 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч хохирол нэхэмжилсэн баримтгүй, шүүгдэгч хохирол төлсөн баримт хавтаст хэрэгт байхгүй боловч хохирогч Д.Б-ын ирүүлсэн С.Ц- хохирол төлбөрийг бүрэн төлсөн, хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх бичгийн баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийтгэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт С-ын Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт С-ын Ц-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц- хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА