Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 0427

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо, улсын яллагч А.Ганзориг (томилолтоор), иргэдийн төлөөлөгч Н.Орлом, гэрч А.А, шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, И.Чимэдбадам нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн З-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02209 0777 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн З-ийн Т, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейд гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд: Нийслэлийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 16 жилийн хорих ял дээр 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 18 жилийн хорих ялаар тогтоогдон 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч З.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнс Трейд”-ийн ** дугаар байрны гадна байрлуулсан байсан “Toyota Prius-30” загварын *** улсын дугаартай автомашин дотор иргэн П.Э ыг “найзтай маргалдлаа яв гэж хэллээ” гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар иргэн П.Э-ын хэвлий болон цээж рүү нь хутгалж, биед нь “...хэвлийн хөндийд нэвтэрч нарын гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх...” бүхий гэмтэл учруулан, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүнийг алахаар завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн З-ийн Т нь 2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй бааранд 03 цаг 43 минут хүртэл үйлчлүүлж байсан болох нь, харин мөн шөнө буюу 03 цаг 17 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнс Трейд”-ийн ** дугаар байрны гадна байрлуулсан байсан “Toyota Prius-30” загварын *** улсын дугаартай автомашин дотор иргэн П.Э  нь хэвлий болон цээж рүүгээ бусдад хутгалуулж, бие махбодод нь “...хэвлийн хөндийд нэвтэрч нарын гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх...” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч З.Т-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Эхэндээ миний хийгээгүй хэрэг гээд тоогоогүй. Одоо бүтэн жил тойрч байна. Энэ хугацаанд миний амьдрал бүх талаар хүнд байлаа. Хэрэгт холбогдоод ажлаа ч хийж чадахгүй болсон. Хавтаст хэргийг унших мөчид би бараг л шоронд орчихсон юм байна гэж бодсон. Урьд хэрэгт холбогдож байсан асуудал байгаа хэдий ч энэ удаад хийгээгүй хэргээсээ болж шоронд орох дээрээ тулсан учир арга буюу өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр хохирогчид хохирлын мөнгө төлсөн юм. Түүнээс биш би энэ хэргийг үйлдсэн гэж зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Тэр өдөр архи уугаад гэртээ шөнө очсон. Намайг хэрэг гарсан газар байгаагүйг нотлох дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ийм баримт байгааг мэдсэн үеэс эхлэн миний сэтгэл санаа жаахан амарсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хүүхдийн 100 дахь Хаан банкны урд хуучнаар Солонго рестораны баруун талд байрлах Simple бааранд үйлчлүүлсэн бөгөөд цуг явсан *** багийнхан маань явсны дараа найз Ц болон хоёр эмэгтэйн хамт дөрвүүлээ сууж байгаад би тооцоогоо хийгээд тэндээс гараад Ц бид хоёр хамт явсан юм. Намайг явах гэж байх үед баарны зөөгч залуу надаас 60,000 төгрөг зээлчих гэж гуйсан бөгөөд миний картыг авч явж АТМ-ээс мөнгө авсан, дараа нь би 127,000 төгрөгийн тооцоо хийгээд, гарахдаа 6,000 төгрөгөөр нэг ундаа авчхаад баарнаас гарсан...” гэсэн мэдүүлэг;

2. Гэрч А.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Намайг гараад ирэхэд үүдэнд 3 хүн байсан. Манайд найз Н ирсэн байсан. Тухайн үед 01-02 цаг орчимд байсан тул бүрэнхий болсон байсан. Тыг маргалдаж байхад нь салгаад оруулсан бөгөөд тухайн үедээ яг аль хаалганд оршин суудаг хүн бэ гэдгийг мэдээгүй. Хэрэг болсны дараа сууц өмчлөгчдийн холбооны даргаасаа лавлаж байж мэдсэн. Таньж олуулах ажиллагааны үеэр Т-ыг өмсөж байсан хувцсаар нь таньсан. Хохирогчийг яг бие рүү нь хутга дүрэхийг хараагүй. Машинаас юм аваад эргэх хооронд би хутгалуулчихлаа шүү дээ гээд гарч ирсэн. 02-03 цагийн үе болж байсан байх. Хутгалуулчихлаа гээд гарч ирэхэд нь миний утаснаас дуудлага өгсөн. Би сандарсан байсан тул СӨХ-ийн дарга миний дууг цонхоороо сонсоод түргэн дуудаж өгсөн. Цагаа сайн санахгүй байна. Би тухайн этгээдийг хажуу талаас нь харсан. Манайд ирсэн хүн машинтай байсан. Өндөр нам нь над шиг л байсан. Зөрж өнгөрсөн хүнийг хэрэг болохоос өмнө маргалдсан гэдгээр нь таньсан. Маргалдаж байсан болохоор тэр хүнийг л хутгалсан гэж бодож мэдүүлгээ өгсөн. Хар хувцастай хүнийг царай нь адилхан малигар шар, мөн адилхан хар хувцастай байсан тул Т гэж бодсон. Би Т гэж хүнийг энэ хэргийг үйлдсэн гэж баттай сайн хэлж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч А.А-ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...Яг хэн хохирогчийг хутгалсныг хараагүй. Би тухайн үед машинаасаа ирж явтал миний хажуугаар хүн гүйгээд өнгөрөөд явсан. Тэгсэн цаанаас хохирогч наад хүн чинь намайг хутгалчихлаа гээд орилсон. Тухайн үед миний хажуугаар өнгөрч явсан хүн гартаа юм барьсан байсан. Гэхдээ юу барьсан байсныг нь анзаарч хараагүй. Би шүүгдэгч Т-ыг урьд нь танихгүй, нэг удаа хаалганыхаа үүдэнд зөрж байсан. Тэр өдөр хохирогч Э-тай муудалцаж байгаад манай орц руу гүйгээд ороход нь би араас харсан бөгөөд 2 давхрын голын хаалга буюу 6 тоот руу орох шиг болсон. Тэгээд би тэр залууг 6 номерт амьдардаг гэдгийг нь мэддэг болсон. Дараа нь Э хутгалуулчихлаа гэхэд миний хажуугаар зөрсөн хүн нь 6 тоот руу орсон залуу мөн гэдгийг би хувцсаар нь таньсан. Таньж олуулах ажиллагаа хийх үед ч тэр хувцастайгаа байсан. Шүүгдэгч Т-ыг өмнө нь хүн амины хэргээр шоронд орсон гэж хүмүүсээс дам сонсож байсан бөгөөд энэ нь миний бодолд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө... би А-ыг дуудаад сууж байхад үл таних залуу болох /сүүлд нэрийг мэдсэн/ Т манай найз Н-той маргалдаж хэрэлдээд байсан. Яг юунаас болж маргалдсаныг би мэдээгүй. Би тэр хоёрын дундуур орж, больцгоо гээд Тыг 1-2 удаа цохиод авахад тухайн үед А гарч ирээд Т бид хоёроос салаад гүйгээд явсан. Тэгээд бид 3 машинд суусан. А жолооны ард суугаад би хажууд нь суусан, машин хөдөлгөх гээд чадаагүй. Тэгтэл Т буцаж ирэнгүүтээ миний хаалганы цонх онгорхой байхад гартаа байсан хутгаар шууд цээжинд нэг удаа хатгах үед яс таарч ороогүй. Тэгтэл зүүн хөхний доод талд 2 удаа хатгаад авахаар нь би машинаас гараад намайг хутгалчихлаа гээд хэлэхэд найз Н арын суудал дээрээс гараад ирэхэд найз руу хутгаар чичээд байх үед А “манай байрны 2 давхрын залуу байна шүү дээ” гэж хэлж байсан. Тэгтэл тэр залуу шууд гүйгээд явсан. Миний хутгалуулсан газраас цус гарах үед би гараараа дарж байгаад ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 18-22 дугаар хуудас, 2хх-ийн 57-58, 109-111 дүгээр хуудас),

- Хохирогч П.Э-ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би Н гэдэг найзтайгаа хөдөө явах гэж байгаад орой болчихсон юм. Тэгээд  4 замын хажуу талд байрлах бааранд ганц юм уусан. Тэгээд байж байтал манай найзын нэг найз нь ирсэн бөгөөд тэр хүн архи уугаагүй. Дараа нь Н бид хоёр дахиж нэг шил архи авч уучхаад байж байсан чинь Н.А-аас бичиг баримтаа аваадахъя гэж хэлсэн. Бид хоёр А-ынх руу явахдаа замдаа жолооч дуудаж, Хүнс Трейдийн хажууд машинаа тавьчхаад А руу утасдаж бичиг баримтаа аваад ир гэж хэлсэн. Тэгээд машин дотор сууж байхад Н бие засна гээд машинаас буугаад явчихсан. Удалгүй машины урд нэлээн зайтай нэг хүнтэй маргалдаад байсан юм. Тухайн үед би 10-20 минут сууж байгаад энэ хэнтэй ямар шалтгааны улмаас маргалдаж байгаа юм бол гэж бодоод машинаасаа бууж очоод салгасан. Надад тухайн үед жижигхэн цахилгаан бороохой байсан бөгөөд Н-той маргалдаж байсан залуу дээр очиж, цахилгаан бороохойгоор 2-3 удаа цохиулсан. Тэгсэн чинь ахаа болъё гэж хэлээд машин тойрч байгаад зугтаагаад явсан. Би машиндаа эргээд суухад, Н бие засна гээд яваад өгсөн. Би машиндаа суухдаа жолоочийн хажуугийн суудалд суусан бөгөөд цонх нь онгорхой байсан. Тэгтэл машины цонхоор нэг хүн 2 удаа цохих шиг болсон. Тухайн үед хэн, яагаад цохиод байгаа юм бол гэж бодтол хэвлий хэсгээр халуун оргиод байхаар нь үзсэн чинь цус гарч байсан. Тэр үед би намайг хутгалчихлаа шүү дээ гээд орилсон чинь Н яасан гэнээ гээд ирсэн. Тэгээд түргэн тусламж, цагдаа дуудахаар болсон бөгөөд би ухаан алдчихсан. Дараа нь эмнэлэгт сэргэсэн. Би Н-той маргасан болон намайг хутгалсан хүний царайг сайн санахгүй байна, мөн энэ шүүгдэгчийг намайг хутгалсан гэж хэлж чадахгүй. Тэр хүн ямар ч байсан надаас намхан хүн байсан, харин энэ хүн надаас өндөр байна. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;

4. Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр...01 цагийн үед Э утсаар залгаад танай гадаа байна,  бичиг баримтаа аваад гараад ир гэхээр нь би гараад очиход Э цагаан өнгийн *** дугаартай Приус маркийн машинтай ирээд, машиныхаа ард гадаа зогсож байсан. Түүний дэргэд машины урд талд 2 согтуу залуу хоорондоо бацаан минь зүгээр байгаарай гээд хэрэлдэж маргалдаад байсан... Би Э-тай юм ярьж байгаад машинд нь хамт суугаад машиныг нь хөдөлгөх гэхэд хөдөлгөж чадаагүй. Би машинаас буугаад ойрхон өөрийн машинд очоод бичиг баримтаа хайж байхад Э намайг хутгалчихлаа гээд орилсон ... Э дээр яваад очиход зүүн гараараа зүүн хөхний доод талдаа дараад түүнээс нь цус гарсан байдалтай байхаар нь цагдаа, түргэнд дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 23-25, 26-27 дугаар хуудас);

5. Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э хутгалуулсан, хэвлийнээс нь цус гарч байхаар нь юу болов гэхэд тэр эмэгтэй “чи муудалцаад байхаар нь би салгах гээд гэртээ оруулах гэхэд чи өөрөө орохгүй байсан. Тэгэхээр нь би машиныг чинь бариад хөдлөх гэж байхад машины хаалганы цонхоор Эыг хутгалчхаад яваад өгсөн” гэж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 34-35-р хуудас);

6. Гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Э бид хоёр гэртээ байхад түүний найз Н залгаад “би урт цагаан дээр байна, намайг Драгон хүргээд өг” гээд манайд ирсэн. Тэгээд бид гурав манай хүүгийн *** улсын дугаартай автомашинаар манайхаас гарч явсан... Би хүүхдийн хамт 4 зам дээр бууж үлдээд манай нөхөр халтуурт явсан. Тэгтэл Н “явж чадсангүй, нэг юм уучихлаа танайд очъё” гээд залгасан байсан. Тэр хоёр хамт гэрийн үүдэнд архи ууж байна гээд 21 цагийн үед над руу ярьж байсан... 01:30 минутын үед залгахад машин байхгүй хөдлөөд явсан байсан... 03 цагийн үед би гар утас руу нь залгахад “би хүнд хутгалуулчихлаа” гэхээр нь хүүтэйгээ утсаар яриад эмчтэй нь холбогдоход “гэмтлийн эмнэлэг дээр байна, танай нөхөр СХД-ийн 20-р хороо Хүнс трейдийн ** дугаар байрны орцны үүдэнд хутгалуулсан гэж ярьж байсан” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 36-37 дугаар хуудас);

7. Гэрч О.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Хүнс-Трейдийн-**” байранд гэртээ амарч байхад гадаа “хүн хутгалчихлаа” гэж орилох үед би сэрээд 1 давхрын цонхоор харахад “сая энд хүн хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Би хамгийн түрүүнд “түргэн дууд, утсаа өгөөдөх” гээд утсыг нь аваад 103-т дуудлага өгөөд, 102-т залгаж цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 38-39 дүгээр хуудас);

8. Гэрч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хүнс трейдийн ** айлын орон сууцны хойд талд үйл ажиллагаа явуулдаг ноолуурын үйлдвэрийн гадаа харуулын байранд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 40 минутын орчим харуулын байрны орчимд цагаан өнгийн Аксент маркийн автомашин ирээд дотроос нь 2 залуу бууж ирээд хашаа руу шээх гэхээр нь би гарч ирээд боль гэдэг шаардлага тавих үед богино хар савхитай шар царайтай залуу бид 2 яаж шаалцахаа яриад зогсож байна чамд хамаагүй зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би битгий дэмий юм яриад бай гээд түлхэхэд хамт явж байсан залуу нь аваад яваад өгсөн. Тэгээд би 48 дугаар байрны орон сууцны ард байрлах компанийнхаа хашаан дотор ороод бүтэн тойроод гарч ирээд явж байхад манай байрны орцны гадаа СӨХ-ийн дарга эгч гараад ирсэн цагдаа дуудаарай хүн хутгалуулчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 47-49 дүгээр хуудас);

9. Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Спортын төв ордонд *** багийг дэмжихээр найз Б дээр очиж тоглолт үзсэн. *** тэр өдөр 2 тоглолт хийгээд орой 22 цагийн үед тоглолт дуусаад багийн хүүхдүүд хожигдсон тул урам зориг сэргээх санаатай хүүхдийн 100-д байрлах Симпэл гэх нэртэй бааранд очсон. Баарны гадаа иртэл найз Г-тай таараад төрсөн өдөр нь болж байна гэхээр нь би юм авч өгөх гээд хойд талд байрлах бааранд орсон. Төрөө надтай хамт тэр бааранд ороод бид 3 бааранд 0,5 литрийн архи хувааж уучхаад цаг орчмын дараа Симпэл бааранд ороход хоол унд гарсан хүүхдүүд болон найз нар хамт байсан. Тэндээ хоол идэж байгаад багийн хүүхдүүд яваад хамгийн сүүлд Төрөө буюу Т бид 2 үлдээд тэнд сууж байсан 2 хүүхэнтэй танилцаж хэсэг суусан... Бид 2 үүднээс нь такси бариад 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим ирэхэд Төрөө манай ээжийнх энд байдаг юм гэхээр нь би өөрөөсөө 20,000 төгрөг өгөөд буцахдаа замаараа ATM орж 100,000 төгрөг аваад харьсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 63-65 дугаар хуудас);

10. Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Симпэл нэртэй ресторан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны орой 02 цаг хүртэл ажиллаж байгаад ажлаа дуусаад гэртээ харьж амарсан. Т нь тухайн өдөр 21 цагийн үед сагс тоглодог олон хүмүүсийн хамт орж ирсэн. Т өөрөө тооцоо хийсэн үгүйг мэдэхгүй байна тооцоог бол касс дээр Ц гэх эгч авч хийдэг байсан. Т нь 00:00 цагийн үед гарсан, хэнтэй гарсныг мэдэхгүй байна... Би Хаан банкны АТМ-ээс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн үед 60,000 төгрөгийг бэлнээр авч картыг нь Т-д буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 106-108 дугаар хуудас);

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4831 дугаартай шинжээчийн. “...П.Э-ын биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний чацархай их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 68 дугаар хуудас);

12. Шүүгдэгч З.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 109 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 120 дугаар хуудас), Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29/13005 дугаартай албан бичиг, хавсралт лавлагаа (2хх-ийн 37-38 дугаар хуудас), Цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагааны хуудас (1хх-ийн 3-4 дүгээр хуудас), Түргэн тусламжийн дуудлагын хуудас (2хх-ийн 71 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч хавтаст хэргээс хохирогчийн мэдүүлэг (1хх-ийн 18-22, 2хх-ийн 57-58 дугаар хуудас), гэрч А.А-ын мэдүүлгүүд (1хх-ийн 23-25, 26-27 дугаар хуудас), гэрч Н-ын мэдүүлэг (1хх-ийн 34-35 дугаар хуудас), гэрч Х-ын мэдүүлэг (1хх-ийн 36-37 дугаар хуудас), гэрч Э-ы мэдүүлэг (1хх-ийн 38-39 дүгээр хуудас), гэрч А.О-ын мэдүүлэг (1хх-ийн 47-49 дүгээр хуудас), гэрч Ц-ийн мэдүүлэг (1хх-ийн 63-65 дугаар хуудас), гэрч Б-ны мэдүүлэг (2хх-ийн 106-108 дугаар хуудас), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дугаар дүгнэлт (1хх-ийн 68 дугаар хуудас) таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1хх-ийн 50-52, 53-56, 57-60, 61-63 дугаар хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 6-10 дугаар хуудас), автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 14-15 дугаар хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 64-66 дугаар хуудас), албан бичиг (2хх-ийн 69 дүгээр хуудас), З.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1хх-ийн 102-105, 2хх-ийн 59-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Т нь хүнийг  алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул гэм буруутай тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч 3 удаа Т хутгалсан гэж мэдүүлсэн. Отгонжаргал ч өмссөн хувцас, царайны төрхийг нь заасан байдаг. Гэрч А мөн адил шууд заасан. Хууль сануулсан үйл ажиллагааг өмгөөлөгч нар хэрхэн няцааж, үгүйсгэж байгаа юм бэ? Тухайн үед уг банкны карт хэнд байсан гэдгийг хэрхэн тогтоох юм. Мөн шүүгдэгч ямар учраас хохирогчид 3,000,000 төгрөг өгөөд уучлалт гуйгаад явж байгаа юм бэ? Эдгээрт шалтгаант холбоо байх учиртай. Хэн ч албадаагүй байхад шүүгдэгч дүүдээ байрны гадна хүнтэй маргалдсан гэж хэлсэн нь болсон явдлыг өөрийн мэдүүлгээр тодотгосон байна. Мөрдөн шалгах ажиллагаанд алдаа гараагүй. Гарсан гэж үзэж байгаа бол хуулийн заалт, үндэслэлээ нарын тодорхойлох ёстой. Зөвхөн картыг уншуулснаар гэм буруугүйг нотлох боломжгүй. Гэрч О-ын мэдүүлгийг үгүйсгэх аргагүй буюу дээрх бүгдийг үгүйсгэх баримт байхгүй тул гэм буруутайд тооцуулах анхныхаа саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүхээс цагаатгах тогтоол гарсан тул улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт, нэмэлт тайлбар болон яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт түүний шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэж дараах дүгнэлтийг өглөө.

Улсын яллагч шүүх хуралдаанд гэрч А.А, А.О, хохирогч П.Э  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон тэднийг оролцуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг үндэслэн яллах ажиллагаа явуулсан боловч гэрч А.А, хохирогч П.Э  нь нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн, мөн эх сурвалжаа тодорхой зааж чадаагүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж тус тус зааснаар улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт хууль ёсоор цугларсан бусад баримттай харьцуулан, эх сурвалжийг магадлан шалгахад шүүгдэгч З.Т нь хохирогч П.Э-ыг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн ** дугаар байрны гадна бусдад хутгалуулж байх цаг мөчид Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжинд байрлах “Simple” нэртэй бааранд үйлчлүүлж байсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29/13005 дугаартай албан бичиг (2хх-ийн 37)-ээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст ХБ79031478 регистрийн дугаартай З.Т-ын 5058231139 дугаартай төгрөгийн харилцах дансны 2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-ны хооронд гүйлгээ хийсэн газруудын байршлыг хавсралтаар хүргүүлжээ.

Хоёрдугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан Хаан банкны лавлагаагаар шүүгдэгч З.Т-ын 5058231139 дугаартай данснаас 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 03 цаг 40 минутад Сүхбаатарын дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25 Сөүл оффис байршилтай бэлэн мөнгөний машинаас 60,000 төгрөгийн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж дахь Simple-100 гэсэн POS машинаас 03 цаг 42 минутад 127,000 төгрөг болон 03 цаг 43 минутад 6,000 төгрөгийн зарлага тус тус гарсан болох нь хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдов.

Энэхүү техник технологийн үр дүн бүхий нотлох баримт нь шүүгдэгч З.Т-ын шүүх хуралдаанд өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хүүхдийн 100 дахь Хаан банкны урд хуучнаар Солонго рестораны баруун талд байрлах “Simple” бааранд үйлчлүүлсэн бөгөөд цуг явсан *** багийнхан маань явсны дараа найз Ц болон хоёр эмэгтэйн хамт дөрвүүлээ сууж байгаад би тооцоогоо хийгээд тэндээс гараад Ц бид хоёр хамт явсан юм. Намайг явах гэж байх үед баарны зөөгч залуу надаас 60,000 төгрөг зээлчих гэж гуйсан бөгөөд миний картыг авч явж АТМ-ээс мөнгө авсан, дараа нь би 127,000 төгрөгийн тооцоо хийгээд, гарахдаа 6,000 төгрөгөөр нэг ундаа авчхаад баарнаас гарсан...” гэсэн мэдүүлгийг давхар баталж байна.

Энэ үед шүүгдэгч З.Т нь Хаан банкны 5058231139 дугаартай данс бүхий өөрийн эзэмшлийн картаа 2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Simple” бааранд өөрөө ашиглаж явсныг нь түүнээс 60,000 төгрөг зээлж авсан баарны ажилтан Ц.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө баталжээ.     

Мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны үед баарны ажилтан Ц.Б, шүүгдэгч З.Т-ын найз, түүнтэй хамт баарнаас гарсан Ц.Ц нараас гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд тэдний мэдүүлгийн агуулгаас үзвэл “шүүгдэгч З.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хүүхдийн 100 дахь Хаан банкны урд, хуучнаар Солонго рестораны баруун талд байрлах “Simple” бааранд үйлчлүүлсэн бөгөөд баарны зөөгч залууд картаа өгч явуулан бэлэн мөнгөний машинаас 60,000 төгрөг авхуулан түүнд зээлүүлсэн, дараа нь баарны тооцоо хийчхээд Ц-тэй хамт баарнаас гарсан” байх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон болно.

Харин гэрч Ц.Б, Ц.Ц нарын мэдүүлэгт дээр дурдсан үйл баримт нь цаг хугацааны хувьд Хаан банкны лавлагаатай зөрсөн боловч шүүх тэдний мэдүүлэгт дурдсан үйл баримтын цаг хугацааг техник технологийн үр дүнд гаргаж ирсэн Хаан банкны лавлагаатай харьцуулан судлах, эх сурвалжийг магадлах байдлаар тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.

Зарим тохиолдолд хүмүүс болж өнгөрсөн фактыг сэргээн дүрслэхдээ үйл явдлын дараалал, эсхүл цаг хугацааг алдах, андуурах явдал цөөнгүй гардаг бөгөөд энэ нь хувь хүний ой санамжтай шууд холбоотой тул тэднийг худал мэдүүлсэн хэмээн буруутгах нь өрөөсгөл юм. Энэ хэргийн хувьд компьютер тооцоолуурын аргаар бүртгэгдсэн цаг хугацаа нь илүү бодитой, мөн шинжлэх ухааны үндэслэлтэй байсан бөгөөд Хаан банкны цахим лавлагааг няцаан үгүйсгэх өөр баримт байгаагүйг дурдах нь зүйн хэрэг.

Хохирогч П.Э  нь 2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө 03 цаг 17 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнс Трейд”-ийн 48 дугаар байрны гадна хэвлий болон цээж рүүгээ хутгалуулсан болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан бөгөөд өмгөөлөгч нарын шинжлэн судалсан цагдаагийн байгууллагын Дуудлагын лавлагааны хуудсанд бүртгэгдсэн 04/17/2019 03:17:15 гэсэн цаг хугацаагаар эргэлзээгүй тогтоогдсон байна.

Эцэст нь нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Т нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж дахь “Simple” нэртэй бааранд 2019 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө 03 цаг 43 минут хүртэл үйлчлүүлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн ** дугаар байрны гадна мөн шөнийн 03 цаг 17 минутын өмнөхөн хохирогч П.Э-ын хэвлий, цээж рүү хутгалсан байх бодит боломж үгүй тул түүнд холбогдох хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх эрүүгийн 1908 02209 0777 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” буюу нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч П.Э  нь хэвлий болон цээж рүүгээ бусдад хутгалуулж, түүний бие махбодод “...хэвлийн хөндийд нэвтэрч нарын гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх...” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан хэргийн нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн чиг үүргийн хүрээнд энэ гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж зааснаар шүүгдэгч З.Т-ыг яллагдагчаар татсан 1908 02209 0777 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 1908 02209 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овгийн З-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02209 0777 дугаартай хэргийг шүүгдэгч З.Т нь “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан нь нотлогдоогүй буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Т-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-д эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан 1908 02209 0777 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч П.Э нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан 1908 02209 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг прокурорт буцаасугай.

4.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц З.Т нь энэ хэргийн улмаас хохирогч П.Э т урьдчилан төлсөн хохирлын мөнгөө буцаан нэхэмжлэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар өөрт учирсан хохирлоо төрөөс нөхөн төлүүлэх эрхтэй болохыг тусгасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

6.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

        

         ШҮҮГЧ                                      Г.АЛТАНЦЭЦЭГ

            

                                                           Г.МӨНХЗУЛ