| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0474/Э |
| Дугаар | 0499 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 0499
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат, улсын яллагч Х.Онолт (томилолтоор), шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овгийн Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00902 0281 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овгийн Ж.Н, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар **-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, *** ХХК-д мужаан ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: *** урьд:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 02 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд *** улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 15 дугаар гудамжинд явж байхдаа зорчигч З.О-ын тус тээврийн хэрэгслийн арын суудалд гээсэн эд хөрөнгө болох 750,000 төгрөгийн үнэтэй “Huawei р-30” загварын гар утас нэг ширхгийг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ө овгийн Ж.Н нь 2020 оны 02 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд явж байгаад “Peace mall” их дэлгүүрийн урдаас зорчигч З.О-ыг авч, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын ** дугаар гудамжинд хүргэж өгсөн байх бөгөөд харин зорчигч З.О нь өөрийн “Huawei р-30” загварын нэг ширхэг гар утсыг машинд мартаж буусан байсныг жолооч Ж.Н нь зарж үрэгдүүлэлгүйгээр урд хайрцагтаа хадгалж байгаад, нэг хоногийн дараа цагдаагийн байгууллагад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 12 цагийн үед “Peace mall” их дэлгүүрийн урдаас хоёр зорчигч ирж эмэгтэй нь миний машинд сууж, залуу нь машины улсын дугаарын зургийг аваад үлдсэн. Миний машинд суусан зорчигч “Баянхошуу явна, 8000 төгрөг гардаг юм, миний утас унтрах гээд байгаа учир би интернэт банкаар шилжүүлчхэж болох уу” гэж асуугаад мөнгөө миний данс руу шилжүүлсэн. Тэр зорчигч Баянхошууны эцэс дээр нэг гудамж руу эргээд буусан. Би тэр зорчигчийг буулгачхаад Зурагтын замаар уруудаад явж байхдаа бие засах гэж гудамж руу орсон, буцаж ирээд хойд хаалгаа нээж үзтэл машины шалавч дээр нэг утас хэвтэж байсан. Тэр утас унтраалттай байсан бөгөөд асаах гэж үзсэн боловч асаагүй. Би буцаад явах гэсэн боловч гар утасны эзний буусан гудамжийг мэдэхээс гэрийг нь яг сайн мэдэхгүй байсан. Тиймээс миний машины зургийг араас дарсан залуу надтай холбогдох байх гэж бодоод би утсыг машиныхаа урд талын хайрцагт хийсэн. Тэгээд өглөө нь ажилдаа явсан, харин маргааш нь цагдаагаас залгаад дуудсан. Намайг очиход гар утасны талаар асуусан би болсон явдлыг хэлээд, зорчигчийн гар утсыг цагдаад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч З.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гадуур ажилтай явж байгаад найз О-тэй нэг газар суусан юм. Тэгээд орой 23 цаг 50 минутын үед байх Их дэлгүүрийн хажуу талд байрлалтай “Peace mall” дэлгүүрийн автобусны буудлаас гар өргөж цэнхэр өнгийн “Приус 20” маркийн машинд суусан. Тэгээд өөрийнхөө гэр лүү буюу Зүүн Баян-Уулын *** тоот гэртээ хүргүүлсэн. Гэрийнхээ гадаа ирээд “тооцоо нь 8,000 төгрөг гардаг юм, өөрийнхөө гар утсаар мобайл банкаар шилжүүлье” гээд жолоочоос дансны дугаарыг асуухад надад Хаан банкны данс хэлж өгсөн. Нэр нь Н гэж гарч ирж байсан юм. Гар утсаараа тооцоогоо төлчхөөд куртикнийхээ халаасанд хийгээд буусан. Машинаас буучхаад гараа халаасандаа хийтэл утас алга байхаар нь гайхаад цүнхэндээ шалгаж үзтэл байгаагүй. Уг сууж ирсэн автомашин гудамжинд буцаж эргэх гэж байхаар нь би гараараа даллаад араас нь гүйгээд гүйцээгүй. Намайг сонсоогүй юм уу, цааш хөдлөөд яваад өгсөн. Би гэр лүүгээ ороод 5 минутын дараа өөрийнхөө *** дугаар луу залгатал холбогдох боломжгүй байсан бөгөөд дугаар хадгалах үйлчилгээнд бүртгэгдсэн. Миний гар утасны цэнэг 62 хувьтай унтрах ямар ч боломжгүй. Тэгээд би найз О-ээс “чи 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой намайг суулгаж өгсөн таксины дугаарыг нь харсан уу” гэж асуутал “би зургийг нь дараад авчихсан байгаа” гэж хэлсэн. Би чатаар зургийг нь аваад хартал *** дугаартай “Приус 20” маркийн цэнхэр өнгийн автомашин байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа хэлээд байх зүйлгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11, 14, 75 дугаар хуудас);
3. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 23 цаг өнгөрч байсан байх О гэр лүүгээ харих гэж байхад нь би Их дэлгүүрийн хажуу талын автобусны буудал дээрээс гар өргөн “Приус 20” маркийн цэнхэр өнгийн автомашинд түүнийг суулгаад, улсын дугаарыг нь өөрийнхөө гар утсан дээр дараад авчихсан. Уг явдлаас хойш 20-25 минутын дараа О нь өөр дугаараас над руу залгаж “чи намайг суулгаж өгсөн таксины дугаарыг нь санаж байна уу, би тэр таксинд гар утсаа үлдээчихжээ” гэхээр нь би авсан зургаа чатаар явуулсан. Тэр зургаас *** улсын дугаартай цэнхэр өнгийн машин гэдэг нь харагдаж байгаа юм...“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас);
4. Шүүгдэгч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийнхөө *** улсын дугаартай цэнхэр өнгийн Приус-20 маркийн автомашинаараа хувийн таксинд явж байгаад орой 00 цаг өнгөрч байхад их дэлгүүрийн хажуу талын “Peace mall” дэлгүүрийн автобусны зогсоол дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөхөөр нь би зогссон чинь эмэгтэй нь ард суугаад, эрэгтэй нь суулгүй үлдсэн. Тэгээд Баянхошууны эцэс рүү явсан. Тэнд очоод худалдааны төвийн ар талын гудамжаар дээш өгсөөд уг эмэгтэйг буулгасан. Таксины төлбөр нь 8,000 төгрөг гарсан гэхэд тэр эмэгтэй “мобайлаар мөнгөө шилжүүлж болох уу” гэхээр нь би хаан банкны *** тоот дансаа өгч, Н гэж хүний данс байгаа гээд 8,000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд сууж байсан эмэгтэй буусан. Би буулгачхаад хотын төв рүү таксиндаа явах бодолтой ирсэн замаараа буцаад явсан юм. Тэгээд хөтлийн зам дагуу явж байгаад шээс хүрэхээр нь бууж бие засчхаад хойд хаалгаа татаж хог юу байна гэж үзтэл гар утас арын суудлын шалавч дээр уначихсан байхаар нь аваад үзсэн чинь Huawei маркийн цэнхэр өнгийн шилэн гадартай утас байсан бөгөөд цэнэг нь дуусаад унтарсан, асахгүй байсан юм. Би тухайн үедээ сая буусан эмэгтэйн утас байна гэж бодсон. Тэгээд урд хайрцагтай хийгээд байлгаж л байсан юм. Тэгээд өнөөдөр над руу “цагдаагийн байгууллагаас ярьж байна, хэлтэс дээр ирж уулз” гэхээр нь би ирж байгаа юм. Тэр эмэгтэй над руу залгах байх гэж бодсон. Надад тэр эмэгтэй утасны дугаараа өгөөгүй. Би дугаарыг нь асууж мэдээгүй л дээ. Авто тээврийн газраас автомашины дугаар шүүлгээд над руу холбогдох байх гэж бодсон юм. Уг эмэгтэй таксинд суухдаа нэг эрэгтэйн хамт байсан бөгөөд тэр залуу ард үлдсэн учир миний машины дугаарыг харж авсан гэж би бодсон. Тиймээс би над руу залгах байх гэж хүлээгээд байсан. Бусдын гээгдэл хөрөнгийг олсон бол аль ойр цагдаагийн байгууллагад хандах талаар би мэдэхгүй. Автомашинд гээгдэж үлдсэн гар утас нь одоо миний машины урд хайрцагт хэвээрээ байж л байгаа. Уг гар утсыг би үзэхэд унтраалттай байсан...“ мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас)
5. Эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 5-8 дугаар хуудас), Авто тээврийн үндэсний төвийн: “...35-87 УНИ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч Ж.Н...” гэсэн лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), шүүгдэгч Ж.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 77 дугаар хуудас);
6. Хохирогч З.О-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан: “...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 15 дугаар гудамжинд 00:30-01:00 цагийн хооронд *** улсын дугаартай цэнхэр өнгийн Prius-20 загварын таксинаас буухдаа Huawei p-30 загварын цэнхэр өнгийн гар утас орхин буусан тул автомашины эзнийг олж, хохирлыг шийдвэрлэж өгч тусална уу...” гэсэн өргөдөл (хх-ийн 3 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Ж.Н-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн *** улсын дугаартай цэнхэр өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр хувиараа таксинд явж байгаад орой 00 цагийн үед Их дэлгүүрийн хажуу талын “Peace mall” дэлгүүрийн автобусны зогсоол дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөөд зогсож байхаар нь би зогссон чинь эмэгтэй нь ард суугаад, эрэгтэй нь суулгаж өгсөн бололтой үлдсэн. Тэгээд Баянхошууны эцэс орно гээд явсан. Тэнд очоод “БОСА” худалдааны төвийн арын гудамжаар дээш өгсөөд уг эмэгтэйг буулгасан. Таксины төлбөр нь 8,000 төгрөг гарсан гэхэд тэр эмэгтэй “мобайлаар мөнгөө шилжүүлж болох уу” гэхэд би Хаан банкны *** тоот дансаа өгөхөд тэр надад шилжүүлж өгсөн. Тэгээд хөтлийн зам дагуу явж байгаад шээс хүрэхээр нь бууж бие засчхаад хойд хаалгаа татаж хог юу байна гэж үзтэл гар утас арын суудлын шалавч дээр уначихсан байхаар нь аваад үзсэн чинь Huawei маркийн цэнхэр өнгийн шилэн гадартай утас байсан бөгөөд цэнэг нь дуусаад унтарсан, асахгүй байсан юм. Би тухайн үедээ сая буусан эмэгтэйн утас байна гэж бодсон. Тэгээд урд хайрцагтай хийгээд байлгаж л байсан юм. Миний автомашины дугаарыг шүүлгээд над руу холбогдох байх гэж бодсон...“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 37 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Яллах дүгнэлтэд Ж.Н-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгээс: “...Тухайн үед аваачиж өгч болох л байсан гэхдээ би очих сонирхол төрөөгүй, миний автомашины улсын дугаарыг шүүлгээд над руу холбогдох байх гэж бодсон юм. Би түүний хохирлыг барагдуулсан, гар утсыг нь өгчихсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна…“ гэж хэсэгчлэн тусгасан, гэмт хэрэг үйлдсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий мэдүүлэг нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан бусад нотлох баримттай уялдахгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...яллагдагчийн ... мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “дараах мэдүүлэг дангаараа ... шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:” гээд, 8.3 дахь заалтад “яллагдагч, ...-ийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;” гэж тус тус хуульчилсан тул яллагдагчийн “гар утсыг аваачиж өгөх сонирхол төрөөгүй, хохирлоо төлсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс хохирогч З.О-ын мэдүүлэг (хх-ийн 11, 14, 75 дугаар хуудас), гэрч Б.О-ийн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас), эд зүйл хурааж авсан тухай тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 5-8 дугаар хуудас), хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт (хх-ийн 25-26 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), яллагдагч Ж.Н-ын мэдүүлэг (хх-ийн 37 дугаар хуудас)-ийг шинжлэн судалсан боловч эдгээр нотлох баримт нь шүүгдэгч Ж.Н-ыг яллаж буй гэмт хэргийн шинжийг нотолж чадахгүй байна.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 02 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед **** улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын ** дугаар гудамжинд явж байхдаа зорчигч З.О-ын тус тээврийн хэрэгслийн арын суудалд гээсэн эд хөрөнгө болох 750,000 төгрөгийн үнэтэй “Huawei р-30” загварын гар утас 1 ширхгийг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч болон гэрч нар нь уг гэмт хэргийг шөнийн 01 цагийн үед үйлдэгдсэн гэж мэдүүлсэн. Мөн Ж.Н завших, хувьдаа ашиг хонжоо олох зорилгогүй байсан гэж байгаа боловч хохирогчийн “...таксинаас бууснаас хойш 5 минутын дараа өөрийн гар утас руу удаа дараа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй буюу гар утсыг унтраасан байсан...” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Цагдаагийн байгууллага гар утсыг хураан авч үзэхэд цэнэгтэй, өөрөө унтрах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Иймд шүүгдэгч Ж.Н-ыг шунахайн зорилгоор гар утсыг унтраасан гэж үзнэ...” гэснийг шүүх шинжлэн судалсан нотлох баримт болон өмгөөлөгчийн дүгнэлтэд үндэслэн дараах байдлаар няцаан үгүйсгэсэн болно. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хэд хэдэн объектын нэгэн төрөл нь гээгдэл эд хөрөнгө байх бөгөөд “гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон бөгөөд тухайн эд хөрөнгийг олсон хүнд бусдын өмч хөрөнгө болох нь илэрхий ойлгогдох эд зүйлсийг хэлнэ.
Харин бусдын өмч хөрөнгө болох нь илэрхий гээгдэл эд хөрөнгийг олсон хүн тухайн хаягдсан, гээгдсэн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан буюу завшсан шууд санаатай үйлдлээр энэ гэмт хэргийн санаа зорилго, субьектив талын шинж илрэн гарна.
Өөрөөр хэлбэл, бусдын гээсэн зүйлийг олсон үйлдэл бүр гэмт хэрэгт тооцогдохгүй, мөн олсон хүн болгон гэмт хэрэгтэн болохгүй бөгөөд энэ нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болохын хувьд гээгдэл эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, өөрийн дураар захиран зарцуулсан байх объектив талын шинж давхар хангагдсан байх учиртай.
Гэтэл шүүгдэгч Ж.Н нь уг гар утсыг олоод ашиглан шамшигдуулаагүй, өөрийн дураар захиран зарцуулж завшаагүй, автомашиндаа хадгалж байгаад олсон өдрөөс хойш нэг хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн алба хаагчид бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн болох нь шүүгдэгч Ж.Н-ын шүүх хуралдаанд болон урьд мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 5-8 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Энэхүү нөхцөл байдлаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэсэн материаллаг бүрэлдэхүүнийг хангахгүй байна гэж үзнэ.
Түүнчлэн, улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “...Мөн Ж.Н завших, хувьдаа ашиг хонжоо олох зорилгогүй байсан гэж байгаа боловч хохирогчийн “...таксинаас бууснаас хойш 5 минутын дараа өөрийн гар утас руу удаа дараа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй буюу гар утсыг унтраасан байсан...” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Цагдаагийн байгууллага гар утсыг хураан авч үзэхэд цэнэгтэй, өөрөө унтрах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Иймд шүүгдэгч Ж.Н-ыг шунахайн зорилгоор гар утсыг унтраасан гэж үзнэ” гэсэн нь нотлох баримтад үндэслээгүй таамаглалын шинжтэй байна.
Учир нь, гар утас өөрөө унтрах боломжгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлоогүй, зөвхөн хохирогч тэгж мэдүүлдэг. Гэтэл хохирогчийн гар утас шалавч руу унах үед унтрах боломжгүй, эсхүл өөрөө унтардаг техникийн асуудалтай эсэхийг шалгасан ямар нэгэн нотолгоо хэрэгт авагдаагүй атал прокурор цагдаагийн алба хаагч гар утсыг хураан авч, үзлэг хийх үед цэнэгтэй байсан учраас зориудаар унтраасан, завших гэж байсан хэмээн яллаж байгаа нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн болно.
Гэмт санаа зорилгын хувьд шүүгдэгч Ж.Н нь шунахайн сэдэлтэй, гээгдэл гар утсыг ашиглан шамшигдуулах зорилготой байсан эсэх нь хэргийн нөхцөл байдлаас эргэлзээтэй байна. Таксигаар үйлчлүүлсэн З.О нь үйлчилгээний төлбөрөө мобайл банкаар шүүгдэгч Ж.Н-ын Хаан банк дахь *** дугаарын дансаар шилжүүлсэн байх бөгөөд түүнд дансны дугаар болон данс эзэмшигчийн нэр тодорхой байжээ. Мөн шүүгдэгч Ж.Н тухайн гээгдэл эд хөрөнгийг захиран зарцуулалгүй бүрэн бүтэн хадгалж байсны зэрэгцээ 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олдсон гар утсыг нэг хоногийн дараа буюу 12-ны өдөр цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байгаагаас үзвэл шүүгдэгч Ж.Н-т гээгдэл хөрөнгөний эзэмшигчийг хайгаад явах хангалттай хугацаа байгаагүй гэж үзэхээр байна.
Иймд шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон “энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон З.О-ын өмч болох “Huawei р-30” загварын гар утас нь гээгдэл эд хөрөнгөд хамаарахаар байх бөгөөд шүүгдэгч Ж.Н нь тухайн гар утсыг бусдын өмчлөлийнх буюу таксигаар үйлчлүүлсэн хүнийх гэдгийг нь мэдсэн боловч хараахан хуулийн байгууллагад мэдэгдэж амжаагүй нэг хоног өнгөрүүлсэн, харин З.О нь нэг хоногийн дараа өөрийн гээсэн гар утсыг загвар, чанар, шинж байдлын хувьд ямар нэгэн хохиролгүй бүрэн бүтэн хүлээн авсан” нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ... үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэсэн хуулийн зохицуулалтад бүрэн нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Н-т холбогдох эрүүгийн 2008 00902 0281 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана:” гээд, 2.4 дэх заалтад “хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх ...-ийн талаар;” гэж, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ:” гээд, 2.2 дахь заалтад “тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан;” гэж тус тус хуульчилсан тул эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан ажиллагаатай холбоотойгоор иргэн Ж.Н-т хохирол учирсан бол цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэх эрх үүсэх талаар тогтоолд тусгах нь зүйтэй.
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Н-т авсан "хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овгийн Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00902 0281 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Н-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
4.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Н-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсэхийг тусгасугай.
5.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Н-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА