Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/29

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Э,

улсын яллагч Ш.Б,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Бийн Д-д холбогдох эрүүгийн 1917001940094 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, О овогт Б-ийн Д /РД:УХ/ Улаанбаатар хотод 1997 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Х захын хашаанд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж байсан гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:

 

Яллагдагч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 17-оос 2019 оны 10 дугаар сарын 18-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 3 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч С.Э-ны нүүрэн тус газар нь гараараа цохих, хэвлийн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж 156 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг-А6 /плас/ маркийн гар утсыг дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 3 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч С.Э-ийн нүүрэн тус газар нь гараараа цохих, хэвлийн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж 156 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг-А6 /пласс/ маркийн гар утсыг дээрэмдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сэт бааранд дөрвүүлээ 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тэндээс гараад Баянхошууны гудамжинд хохирогчийн хацрыг нь алгадахад гар утас нь газар унахаар нь авсан. Хохирол болох 50 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Болсон үйл явдлын зармыг санахгүй байгаа. Гэм буруугийн асуудалд ямар нэгэн маргаан байхгүй. Согтуу өөрийн ухаангүй байсан учраас харамсаж байна гэв

 

1.2. Насанд хүрээгүй хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байхад хамаатны эгч А-ийн гэрээс гараад найз Б-нд очиход гэртээ байхгүй байсан тул буцаад явсан. А эгчийн гэрт ороход миний Нөте-5 маркийн гар утас байхгүй байсан. Манай ээж О 00 цаг 10-15 минутын орчим гэртээ ирсэн. Би ээжид утсаа хаясан байна таны утсыг авч яваад өөрийнхөө дугаар луу залгаад хайя гэж хэлээд ээжийн Самсунг-А6 плас маркийн гар утсыг аваад Б-ын гэр байдаг Сүмбэрийн эгнээ рүү орох гэтэл нохой хуцаад байсан болохоор айгаад буцаж явсан. Тэгээд Баянхошууны 3 дугаар эгнээ рүү ороод явж байтал араас нэг хүн нэг нэр хэлж дуудахаар нь би эргэж хараад бишээ гэж хэлээд цааш явтал тухайн хүн хажууд гүйж ирээд гэрт чинь хүргээд өгөх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүний нүүр лүү утасны дэлгэцний гэрлээ тусгаж хараад цаашаа эргээд А эгчийн хашаа руу орох гээд жижиг хаалганы урд ирэхэд тэр хүн намайг ямар овоо юм чи гээд хацар луу зүүн гараа атгаж байгаад нэг удаа цохиход миний зүүн гартаа барьсан байсан Самсунг-А6 плас маркийн гар утас газарт унасан. Дараа нь миний гэдэс хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөхөд нь би хөлийг нь барьж аваад газарт унасан. Тэгээд тэр хүн босохдоо миний газарт унасан байсан гар утсыг авч байсан. Би айсандаа шууд А эгчийн хашаа руу гүйж ороод ээжээ намайг хүн зодчихлоо гэж орилсон. Тэгтэл тэр хүн цаашаа миний утсыг аваад гүйгээд явсан. Би тухайн хүнийг харвал танина. 20-23 орчим насны 150-160 см орчим өдөр нуруутай, бор царайтай, хүрэн өнгийн гадуур хувцастай явж байсан. Би гар утсаа 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотын Тэди төвийн урдаас 150 000 төгрөгөөр худалдаж авсан. Баруун доод буланд дэлгэц нь хагарсан гэмтэл нь Д намайг цохиход унасан тэр үед үүссэн. Эсхүл миний утсыг булааж авсан хүн өөрөө унагаж гэмтээсэн байх. Дэлгэцний шилийн 50 000 төгрөгөөр солиулаад зүгээр болно байх гэж бодож байна. Миний утасны дэлгэцний шилийг янзлуулж өгөөгүй болохоор би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 128-129 хуудас/

 

1.3. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө манай охин Э урт дэнж рүү найзындаа очоод ирье гээд явахад нь би араас нь хурдан ир гээд ойр ойрхон залгаад байсан чинь ирж байна гэж байсан. Тэгээд бид нар орондоо орсон байж байтал охин маань ээжээ намайг хүн зодчихлоо гээд хашгирахаар нь би гүйгээд гартал охин Э маань хашаан дотор хацраа барьчихсан зогсож байсан. Гэрээс манай дүү А, А бид гурав хамт гүйгээд гартал хашааны гадаа хүн байгаагүй аль хэдийн зугтаад явчихсан байсан. Би утсаа яасан бэ гэсэн тэр хүн намайг цохиход миний гар утас газар унасан тэр хүн авсан байх гэж хэлсэн. Намайг анх харахад охин Э минь баруун шанаагаа дарчихсан, баруун жавжны хэсгээс цус гарсан, давсагны хавиар биеийн тамирын өмдтэй тэрэн дээр нь тоос болсон байсан. Би тухайн үедээ ийшээ чинь өшиглөсөн юм уу гэж асуухад тийм гэж байсан. Э-ийн гар утсыг Улаанбаатар хотоос 2019 оны 09 дүгээр сард хувь хүнээс 150 000 төгрөгөөр худалдаж авсан.      Э-ийн баруун шанаа хэсэг нь хөхөрч, уруул нь дотор талдаа язарсан, толгой нь хөдөлсөн байсан. Би охиноосоо чиний утсыг авсан хүн ямар царайтай хүн байсан талаар асуухад намхан нуруутай, бор царайтай 20-23 насны эрэгтэй хүн, хүрэн өнгийн гадуур хувцас өмссөн байсан гэж хэлсэн. Би харвал сайн танина гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25,130 хуудас/

 

1.4. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д хамт жаахан сууя гэхээр нь бид хоёр Сэт баар луу ороод хоёр хоёр шилтэй Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд байж байтал С, М хоёр гаднаас орж ирээд хамт нийлж суусан. Тэгтэл Д 0,75 литрийн Экс нэртэй архи, 3, 4 ширхэг лаазтай кола авсныг бид нар ууж байгаад С түрүүлээд явсан. Дараа нь Д бас алга болсон. Удалгүй хаах цаг болоод М бид хоёр гараад явсан. Д тооцоо хийсэн юм шиг байна лээ. Бид хоёроос тооцоо гэж хэн ч асуугаагүй. Д-д ямар нэгэн андройд гар утастай байсан түүнийгээ Сэт бааранд тооцооны барьцаанд тавьсан эсэхийг мэдэхгүй байна. Бид хоёр 22 цаг өнгөрөөд 23 цаг дөхөж байхад баар руу орсон. Д 24 цаг жаахан өнгөрөөд л алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/

 

1.5. Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна дүү Э орой 21 цаг өнгөрч байхад найзындаа очоод ирье гэж яваад 22 цаг өнгөрч байхад ирэхдээ өөрийнхөө гар утсыг хаясан байна гээд ирсэн. Ээж нь ажлаасаа 00 цаг өнгөрч байхад ирээд найзынх руугаа явдаг замаараа утсаа хайна гээд ээж О-хээ утсыг аваад явсан. Тэгтэл хашааны гадаа ээжээ намайг хүн зодоод байна гээд хүн хашгирахаар нь О, А бид нар гүйгээд гартал намайг хүн зодоод утас аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав тодруулаад асуухад намайг нэг залуу гэрт чинь хүргээд өгье гэхлээр нь би үгүй гэсэн чинь намайг гэдэс рүү өшиглөхөөр нь би хөлийг нь барьж аваад унагасан чинь босож ирээд намайг нүүр рүү цохиод утсыг маань аваад зугтаасан гэж хэлсэн. Урд тал нь хар ард тал нь шар өнгөтэй Самсунг-А6 гэдэг утас байсан гэсэн. Э-ийн баруун шанаа нь улайсан, хувцас нь шороо болсон байсан. Өөрөө толгой өвдөөд байна гэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-34 хуудас/

 

1.6. Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “10 дугаар сарын сүүлээр би эгч А-ийн гэрт орой 21 цаг өнгөрч байх үед ороход Э найзындаа очно гээд явсан эзгүй байсан ба ирэхдээ гар утсаа гээсэн байна гэсэн. Тэгээд ээж О нь ажлаасаа 00 цаг өнгөрч байхад ирээд Э-ийн утас руу залгахад дуудаад байсан. Найзындаа юм уу замдаа хаясан байна гээд ээжийнхээ утсаар дуудуулж хайх гээд явсан. Би гэртээ ороод унтаж байтал хашааны гадаа ээжээ намайг хүн зодчихлоо гээд хашгирхаар нь сэрээд гараад хартал Э хашааны хаалгаар орж ирж байсан. Э намайг хүн зодоод утсыг минь аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Анх харахад баруун уруулын хэсэгт шалбарсан бололтой бага зэргийн цус болсон байсан. Өөрөөр би сайн анзаарч хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/

 

1.7. Гэрч Ш.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Д ахынхаа гар утаснаас өөр нүүр нь хар, ар тал нь шаргал өнгийн гар утас барьж байхаар нь би юун гар утас юм гэж асуутал Д хүн барьцаанд тавьсан, би түр барьж байгаа гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 хуудас/

 

1.8. Гэрч Б.Р мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тэр үед би Сэт бааранд бармен хийдэг байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай ах Д, М нар орж ирээд пиво авч уусан. Дараа нь нэг харахад бас танихгүй хоёр залуу ирсэн байсан. Тэгээд тэр дөрөв нэг ширээнд суугаад хэдэн пиво, 1 шил Соёрхол архи уугаад тооцоо хийх болсон чинь тэд нар мөнгөгүй байсан бөгөөд би ах Д-гийн нэр дээр нийт тооцоо нь 103 000 төгрөг болсныг бичсэн. Тэгээд маргааш нь манай ах ажлаасаа авлаа гээд тооцооны 103 000 төгрөгийг өгч хаалгасан. Тэр үеэс манай ах Д нь Самсунг А6 маркийн гар утас хэд хоног барьсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/

 

1.9. Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Уг Самсунг-А6 плас утасны дэлгэцэнд ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Харин гар утасны дэлгэцний шил нь цуурсан байна. Уг дэлгэцний шилийг солиход ажлын хөлстэйгөө нийлээд 50 000 төгрөгөөр сольж өгнө” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 131-132 хуудас/

 

1.10. Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Д-д Самсунг А6 плас маркийн гар утас зараагүй. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Д над руу залгаад хаана байна гэхээр нь Өмнөговьд ажил хийж байна гэж хэлэхэд утсаа салгасан. Тэгээд тухайн өдрийн орой 22 цаг өнгөрч байхад над руу дахиад залгаад чи Говьсүмбэрийн байцаагчид надад утас зарсан гээд хэлчих байцааагч чам руу маргааш залгах байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д-д би тэгж хэлж чадахгүй гэж хэлээд утсаа салгасан. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 9 цаг өнгөрч байхад Говьсүмбэрийн цагдаагаас над руу залгахад би тэр цагдаад Д-д ямар ч гар утас зараагүй талаараа хэлсэн. Тэгээд ажлын газрын хүний утсаар Д руу залгуулаад өөрийн утсаар бичлэг хийгээд утсаар ярьсан. Би утсаар ярихад Д чи юу гэж хэлсэн юм бэ, би чамайг ганц удаа тэгээд хэлээд өгөөч гэж хэлээ биз дээ гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 133 хуудас/

 

1.11. Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 327 дугаар дүгнэлтэнд: С.Эы биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 44 хуудас/

 

1.12. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гар утас, хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 6-9, 10-13, 122-123 хуудас/

 

1.13. Насанд хүрээгүй хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /х.х-ийн 15-16 хуудас/

 

1.14. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын үнэ тогтоосон дүгнэлтүүд / х.х-ийн 48, 52, 141 хуудас/

 

1.15. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч О.М-ий гар утсанд үзлэг хийж, яллагдагч Б.Дгийн явуулсан мессеж, утсаар ярьсан бичлэгийг түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /х.х-ийн 124-127,137-139 хуудас/

 

1.16. Хэрэг бүртгэлтийн  хэргийг хаах тухай прокурорын тогтоол /х.х-ийн 145 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.

 

ХОЁР: Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Насанд хүрээгүй хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний утасны дэлгэцний мэдрэгч хэвийн ажиллаж байгаа болохоор дэлгэцний шилийг нь 50 000 төгрөгөөр солиулаад болно байх гэж бодож байна. Миний утсыг хэвийн болгоод өгвөл надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 128-129 хуудас/

 

2.2. Гэрч Ш.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Д нь зан байдлын хувьд хүнд тусархуу, цайлган ааш зантай хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 хуудас/

 

2.3. Гэрч Б.Р мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Д нь зан байдлын хувьд их ажилсаг, хүнд тусархуу, цайлган цагаан, хүнд хар буруу санаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/

 

2.4. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай дүү Д хүүхдээрээ, эмэгтэй хүнд гар хүрэх хүн биш. Эмэгтэй дүүгийн өөдөөс ганц удаа чанга хашгирч үзээгүй. Сүүлийн үед ажилдаа яваад завгүй байгаа, ажилсаг хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 135 хуудас/

 

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 71, 74-77 хуудас/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Б.Дг бусдад учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс бага хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзлээ.  

Ингэхдээ шүүгдэгч Б.Дг 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж байсан болон улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгчийн 2 жил 8 сарын сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан зэргийг тус тус харгалзан үзлээ.

 

Мөн шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гэрч Х.Б-ны мэдүүлэг, Үнэ тогтоох комиссын эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлтээр Самсунг-А6 /плас/ маркийн гар утсанд 50 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаад хохиролд 50 000 төгрөг шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.Дг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Б.Дтай гар утсаар ярьсан гэх бичлэгийг хуулбарласан “1917001940094” бичиглэл бүхий 1 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б-ийн Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “1917001940094” бичиглэл бүхий 1 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТТУЛГА