Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 152

 

 

 

 

   

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,  

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  овогт Б-ын М-д  холбогдох эрүүгийн 2010000000054 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхөөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл ........, ......, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн шүүхээр 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж Өршөөлийн хуулиар 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан, 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өмнөх ялыг нэмж 4 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөлийн тухай хуулиар 2015 онд суллагдсан, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр  Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жил 5 сар хорих ялаар, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 8 сар 12 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б  овогт Б-ын М  /................../    

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа-2 хороолол 1035 дугаар байрны гадна зогсоолд тавьсан байсан Д.Б-ийн эзэмшлийн 79-59 УБХ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн янданг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа-2 хороолол 1035 дугаар байрны гадна зогсоолд тавьсан байсан Д.Б-ийн эзэмшлийн 79-59 УБХ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн янданг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 590.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-1-5/

            3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-8/

            4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10/

            5. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11/

            6. Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 79-59 УБХ улсын дугаартай автомашинаа Буянт-Ухаа-2 хорооллын 1035 дугаар байрны ерөнтцийн зүгээр урд талд шороон зогсоол дээр байрлуулсан байсан. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гараад машинаа асаасан чинь муухай дугараад байхаар нь доогуур харсан чинь яндан нь байхгүй байсан. Тэгэхээр нь шөнө залгасан дугаар руу залгасан чинь цагдаа байна, цагдаагийн газар хүрээд ир гэхээр нь очсон. Таны янданг хүн хулгай хийж байгаад баригдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

            7. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар алдагдсан янданг 590.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 24-25/

            8. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Яндан хэдэн төгрөгөөр авах гэж байгаа юм бэ гэсэн чинь 700.000 төгрөгөөр авна, байгаа газарт очоод авна гэхээр нь би хажууд байсан цэнхэр өнгөтэй Приус-20 автомашиныг дамкратаар доогуур ороод 12-н түлхүүр, 12-н торцов, иш зэргийг ашиглаад янданг тайлж дуусаад яндан авна гэхээр нь машиндаа хүлээгээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Б.М нь урьд , урьд 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн шүүхээр 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж Өршөөлийн хуулиар 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан, 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өмнөх ялыг нэмж 4 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөлийн тухай хуулиар 2015 онд суллагдсан, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр  Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жил 5 сар хорих ялаар, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 8 сар 12 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-88/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа-2 хороолол 1035 дугаар байрны гадна зогсоолд тавьсан байсан Д.Б-ийн эзэмшлийн 79-59 УБХ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн янданг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 590.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91/, түүний хувийн байдал /...33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б-ын М-ыг  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-ын эдлэх 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Учир шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон/ зэргийг харгалзан үзсэн болно. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-ын цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг эдлэх түүний эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй. 

            Шүүгдэгч Б.М-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн хар өнгийн домкрат 1 ширхэг, 14-н торцов 1 ширхэг, тахир иш 1 ширхэг, домкратны иш 1 ширхэг, шар өнгийн бариултай түргэн иш 1 ширхэг, улаан өнгийн домкратны дэгээ иш 1 ширхэг, дугуй дорцов 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б-ын М-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б-ын М-ыг  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-ын эдлэх 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-ын цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг эдлэх түүний эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

            5. Б.М-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн хар өнгийн домкрат 1 ширхэг, 14-н торцов 1 ширхэг, тахир иш 1 ширхэг, домкратны иш 1 ширхэг, шар өнгийн бариултай түргэн иш 1 ширхэг, улаан өнгийн домкратны дэгээ иш 1 ширхэг, дугуй дорцов 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.М-д  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР