| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0145/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Н.Нарангэрэл,
хохирогч Б.Х ,
шүүгдэгч А.Т , түүний өмгөөлөгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж У овогт А-ийн Т холбогдох эрүүгийн 1910021170088 дугаартай, 187/2020/0145/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын .....ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл ....... хамт, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ....... тоотод оршин суух, урьд Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, У овогт А-ийн Т /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос өргөө” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Б.Х тай “замын ус цацлаа” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар түүний цээжин тус гаазр нь өшиглөж, баруун 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, цээж хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхи хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос өргөө” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Б.Х тай “замын ус цацлаа” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар түүний цээжин тус гаазр нь өшиглөж, баруун 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, цээж хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхи хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч А.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Х ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагын хөл бөмбөгийн тэмцээн болсон. Тухайн арга хэмжээ дууссаны дараа би байгууллагын ажилчдын хамт 1 шил архи уусан. Дараа нь бид дахин архи уухаар болж би дэлгүүр орохоор явсан. Гэтэл дэлгүүр орох замд нэгэн машин миний хажуугаар өнгөрөхдөө намайг замын усаар цацсан тул би уурлаж тухайн машиныг гэрлэн дохион дээр зогсож байхаар нь очиж “яагаад намайг усаар цацаад байгаа юм бэ” гэж асуухад тухайн машины жолооч “би цацаагүй” гэж хариулсан. Улмаар бид маргалдаж шүүгдэгч, Шинэчагт нарын хэн нэгэн нь намайг өшиглөсөн. Үүний дараа миний дотор муухайрч, би шүүгдэгчид машиных нь “гуферийн өшиглөж эвдэлсэн тул гуферийн засварын мөнгийг нь өгөөд салъя” гэж хэлэхэд шүүгдэгч “чи буруу хүнээрээ оролдож байна” гэж хэлээд надтай үргэлжлүүлж маргалдсан. Тэгээд дэлгүүрийн эгч гарч ирээд цагдаа дуудсан. Цагдаагийн газар очиход миний гэдэс, цээж хавьцаа өвдөөд байсан тул би эмнэлэгт үзүүлсэн...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Б.Х ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай ажлын газрынхан тэмцээнээ дуусгачихаад хөл бөмбөгийн талбайн орчим дөрвүүлээ нэг шил архи хувааж уусан юм. Манай ажлын газрын хүн Мөнхзолбоо бааз дээрээс очиж машинаа авна гэж хэлэхээр нь би Мөнхзолбоогийн машинд сууж гэрлүүгээ дөхөх санаатай Мөнхзолбоотой хамт бааз руу очсон. Тэгсэн чинь Мөнхзолбоо бааз руу орчихоод гараад ирье гэхээр нь би за гэж хэлээд баазын гадаа ганцаараа үлдсэн бөгөөд хүлээж байх зуураа дэлгүүрээс ундаа авахаар дэлгүүр лүү замын хажуугаар алхаж байтал нэг машин хурдтай яваад миний хувцас руу шалбааг цацсан. Тэгээд нөгөө машин чинь цаашаа явж байгаад холдолгүй түгжрээнд ороод зогсчихоор нь тэр машины хажууд очоод хаалгыг нь татсан чинь хаалга нь түгжээтэй байсан, тэгээд би цонхыг нь тогшсон чинь цонхоо буулгахаар нь “чи миний хувцас руу шалбааг цацчихлаа” гэж хэлтэл машиныхаа хаалгыг онгойлгож бууж ирээд “чи юу? яриад байгаа юм, пиздаа минь би чам руу шалбааг цацаагүй” гэж хэлсэн, тэгээд маргалдсан юм. ...тэгээд маргалдаж байгаад би тэр хүний машины арын гуфер лүү нэг удаа өшиглөөд чиний тулааны урлагаар хичээллэдэг чинь хамаа байхгүй шүү тэглээ гээд чи хүн рүү шалбааг цацаж явдаг юм уу? гэж хэлсэн. Тэгээд бие биенийгээ заамдаад авсан, ...зууралдаж байхдаа би газар уначихсан, босох гээд өндийсөн чинь машины жолооч залуу миний цээжний баруун тал руу хавирга руу нэг удаа өшиглөсөн чинь миний нүд харанхуйлаад дугарч чадахгүй болчихсон. Тэгээд эвхрээд хэвтсэн чинь миний цээж, ахар сүүл рүү хэд хэдэн удаа дэвссэн би тоог нь бол санахгүй байна. Тэгээд би босоод ирсэн чинь тэр залууд би “би чиний гуферийг гэмтээсэн бол төлөөд өгье, чи хүн аллаа шүү дээ” гэж хэлтэл тэр залуу би чамайг ална би одоо цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. ...Тэгээд удалгүй цагдаа хүрч ирээд бид нарыг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/
4. Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...согтуу хүн зодоод байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу ахлах ахлагч Мягмарсүрэнгийн хамт шалгаж дуудлага өгсөн одоо нэрийг нь санахгүй байна, нэг залуу дүүтэйгээ хоёулаа зогсож байсан бөгөөд юу болсон талаар асуусан чинь махлаг биетэй бор залуу намайг зодсон гэж нэг хүнийг заасан ба замын хажууд дээгүүрээ хувцасгүй махлаг биетэй залуу байсан бөгөөд тэр залуу дулааны шугаман доогуур ороод зугтаахаар нь би араас нь хөөж барьж авчирч машиндаа суулгасан юм. Тэгээд нөгөө хүмүүсийг цагдаагийн хэлтэс рүү авч явж байх замд нөгөө махлаг биетэй залуу нь миний хэвлийгээр өвдөөд байна гэж хэлсэн ба цагдаагийн хэлтэс дээр авчраад 103 дуудаж үзүүлсэн чинь эмч хэлэхдээ Хишигжаргал гэх хүний хавирга хугарсан байна, яаралтай томографийн зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд 103-ын эмч Хишигжаргал гэх залууг аваад явсан. Нөгөө дуудлага өгсөн 2 хүн араас машинтайгаа хүрээд ирсэн. ...намайг очиход махлаг биетэй Хишигжаргал гэх залуугийн найз нь гэх нэг залуу зогсож байсан өөр хүн байгаагүй, тийм олон хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/
5. Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...бид нар “Хос өргөө” хүнсний дэлгүүрийн очрим архи уусан юм. Архи ууж байтал Хишигжаргал тамхи аваад ирье гээд явсан юм. Хэсэг хугацааны дараа Хишигжаргал 2 залуутай хамт хүрээд ирсэн. Тэгтэл нэг залуу нь би машинтай явж байхдаа энэ руу гээд Хишипжаргалыг заагаад ус цацсан юм байна. Тэгэхээр нь би буугаад машинаас буугаад Хишигжаргалыг буугаад нөгөө 2 залуугийн хамт машиныг нь үзэж байтал цагдаа нар ирсэн. ...Хишигжаргал бид нартай байхдаа зодоон болоогүй, тэр 2 залуутай яасныг би мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
6. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн дүгнэлт, хэт авианы оношлогоо /хх-ийн 28-29х/,
7. Гэрч З.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тэр орой хуурай дүү Т дуудаж машин янзлуулах гээд Хос өргөө хотхоны орчим түгжрээд явж байтал миний машины цонх руу хүчтэй цохьсон. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгосон чинь шууд хаалга татаж онгойлгоод тэр залуу миний нүүр лүү гараараа гурваас дөрвөн удаа цохьсон. Тэгэхээр би тэр залууг түлхээд буусан чинь тэр залуу гутал руу чи ус цацлаа гээд над руу дайраад байсан бөгөөд миний хажууд сууж байсан Т бууж ирээд тэр залууг надаас холдуулсан чинь тэр залуу Т эгэм орчим нь цохиод авсан. Тэгээд тэр залуу бид хоёр луу дайраад байхаар нь би Т бид хоёр машин тойроод зугтаасан. Тэгтэл тэр залуу араас хөөгөөд байхаар нь машинаасаа холдоод зугтаасан чинь тэр залуу ТҮЦ-ний хажууд байсан хогны хутгуураар машин цохиод байсан. ...Т очсон чинь тэр залуу Т рүү дайрсан чинь Т тэр залууг тэврээд авсан чинь Т гараараа цохиод байгаа харагдсан ба Т тэр залууг газар унагасан бөгөөд Т тэр залууд болиоч гэж олон удаа хэлсэн боловч тэр залуу тоохгүй байсан ба газар хэвтэж байгаад Т босож ирээд тэр залуу босож амжаагүй байхад нь баруун талын хавирга хэсэг рүү нь хоёр удаа өшиглөчихөөд зогсоод байсан. Нөгөө залуу босож ирээд дайраад байхаар нь цагдаад дуудлага өгсөн бөгөөд нөгөө залуу цагдаа дуудсаныг мэдээд зугтаах гээд байсан ба Т тэр залуутай юм яриад хоргоогоод зогсож байсан юм. Тэгээд цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 79-80х/,
8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10832/-ний дүгнэлт:
“...Б.Х ын биед баруун 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, цээж хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо үйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” /хх-ийн 30/
9. Шүүгдэгч А.Т гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би тэр залуу руу гүйж очоод тэр залууг барьж авах гэж оролдож байгаад эрүүлүүгээ 1 удаа цохиулсан. Тэгээд би тэврээд авсан, тэгтэл бид 2 хамт газар унасан. Тэгээд босохдоо би цээж хэсэг рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөчихөөд зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Т нь урьд Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10832/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Шүүгдэгч А.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос өргөө” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Б.Х тай “замын ус цацлаа” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар түүний цээжин тус гаазр нь өшиглөж, баруун 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, цээж хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхи хүндэвтэр гэмтэл санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч А.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Х ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...“ гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал “...20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын багшийн их сургуульд оюутан, ам бүл 2, найз охины хамт амьдардаг...“ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт А-ийн Т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч А.Т гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.Т д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт А-ийн Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт А-ийн Т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Т д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. А.Т д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Т д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР