| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2020/0017/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/22 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/22
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ
Шүүгдэгч: Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаяр, шүүгдэгч Б- овогт Э-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000190008 дугаартай, 146/2020/0017/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, ___ ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол ___ гудамж ___ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Б- овогт Э-ын Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт байрлах хорих 423 дугаар ангийн ажилчдын байранд хамтран амьдарч байсан Ж.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Ж.О-ийн эзэмшлийн Samsung galaxy S-7 маркийн гар утас, iphone 6 маркийн гар утсыг нь хана руу шидэж changhong маркийн зурагтыг хөлөөрөө өшиглөж, 3 ширхэг албаны дүрэмт хувцасыг нь урж устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь Ж.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Ж.О-ийн эзэмшлийн Samsung galaxy S-7 маркийн гар утас, iphone 6 маркийн гар утсыг нь хана руу шидэж changhong маркийн зурагтыг хөлөөрөө өшиглөж, дэлгэцийг нь хагалсан, 3 ширхэг албаны дүрэмт хувцасыг нь урж устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би Улаанбаатар хотоос гарахдаа нэлээд согтуу байсан. Хархорин суманд ирээд зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Эхнэртэйгээ маргалдаж, зодсон, эд зүйлийг нь устгаж гэмтээсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан гэв.
Хохирогч Ж.О- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 09 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл Э- овогтой Б- гэх хүнтэй нэг гэрт амьдарч байгаад 2019 оны 09 дүгээр сард Э.Б- бид хоёр салсан. Э.Б- бид хоёрыг хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас хүү Б.М- төрсөн. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Э.Б- над руу 9613___ дугаарын утаснаас одоо би Хархорин сум руу гараад чам дээр очлоо шүү гэсэн мессэж бичсэн байсан. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчим гэртээ ганцаараа унтаж байхад Э.Б- Б.Б- гэх залуутай манай гэрт ирсэн. Тэгээд гэрэл унтраагаад хэвтэж байсан чинь миний утсыг Э.Б- гаргаж ирээд утасны кодоо хэлчих гэхээр нь би утасны кодоо хэлэхгүй гэж хэлтэл Э.Б- уурлаж миний эзэмшлийн Samsung galaxy S-7 маркийн гар утас, iphone 6 маркийн утсыг хана руу шидэж эвдэлсэн. Би гэрлээ асаачихаад газраар зассан орон дээр хойшоо харж суугаад Э.Б-тай маргалдаж байсан чинь миний зүүн талын чих рүү Э.Б- нэг удаа гараараа алгадсан. Тэр үед Э.Б-тай хамт ирсэн Б.Б- гэх залуу босч ирээд та нар юу болоод байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Э.Б-, Б.Б-ийг чи гараад машинаа асааж бай гэж хэлээд гэрээс гаргасан. Б.Б-ийг гэрээс гарсаны дараа Э.Б- өөрийн барьж явсан Iphone маркийн гар утсаар миний зүүн гарын тохой хэсэг рүү чи яагаад утасны кодоо хэлдэггүй юм бэ гээд хоёр удаа цохисон. Э.Б- босч ирээд цонхны хажууд тамхи татаад зогсож байснаа хажуудаа байсан лаазтай пивийг уух гээд байхаар нь чи битгий пиво уух гээд бай гэж хэлтэл уурлаж орны хажууд байсан албаны бор өнгийн даавуун өмдийг урсан. Намайг явъя гэхэд нь би явахгүй гэж хэлтэл Э.Б- уурлаж татаж байсан тамхиа гэр дотор хамаагүй шидэж урд өрөөнд байсан зурагтыг өшиглөж дэлгэцийг нь хагалсан. Мөн тамхи асаасан асаагуурны толгой хэсгийн төмрөөр миний баруун гарын шууны гадна доод хэсэгт дарж 1x1 см хэмжээтэй газар түлсэн. Чихрийн цаас асаагуураар шатааж байгаад намайг урд өрөөнд сууж байхад миний өмнөөс шидтэл чиэрийн цаас нь миний зүүн гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үеэнд ирж наалдаад 0.5x0.6 см хэмжээтэй газар түлчихсэн. Тухайн үед Э.Б- согтуу байсан. Би гэрээсээ гараад ажил дээр очиж 2 цаг болоод ирэхэд миний албаны хувцаснуудыг урчихаад Э.Б- манай гэрээс явчихсан байсан. Э.Б-гаас 2 ширхэг гар утас, нэг ширхэг зурагт, албаны 2 шрихэг гитель, албаны өмд, цамц зэргийг төлүүлмээр байна. ...Э.Б- 2 ширхэг гар утас,нэг ширхэг зурагтны мөнгө нийт 539000 төгрөг өгсөн. Мөн албаны 1 ширхэг гитель, хээрийн дижитал хүрэм, өмд зэргийн нийт 208241 төгрөгийг надад Э.Б- өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол бүрэн барагдуулсан. Би Э.Б-д гомдол саналгүй. Сайн дураараа эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 35-40 дүгээр хуудас/
Гэрч Ц.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 11 цаг 00 минутын орчим Ж.О- над руу танихгүй дугаараас залгаж урд шөнө Э.Б- намайг зодчихлоо хүрээд ир гэж хэлсэн. ...Ж.О-ийн 2 ширхэг гар утас эвдэрсэн, зурагтын нүүр хагарсан, албаны дүрэмт хувцаснуудыг урчихсан, гэр нь эмх замбараагүй байсан. Ж.О-ийн баруун гарын шууны гадна хэсэг, зүүн гарын хуруу зэрэг нь түлэгдсэн, зүүн гарын тохой, баруун гарын шууны гадна хэсэг хөхөрсөн байсан. Э.Б- шөнө ирээд намайг зодчихоод хамаг хувцас урж тасдаад, зурагт эвдэлчихээд явчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/
Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Улаанбаатар хотоос гарахдаа Э.Б- 7 лааз пиво дэлгүүрээс худалдаж аваад замдаа 6 лааз пиво ганцаараа уусан. Э.Б- бид хоёр шөнө дунд Ж.О-ийн гэрт ирсэн. Ж.О-ийн гэрт ирээд би унтаж байтал гэнэт хана руу юм шидэж байгаа чимээ гараад байхаар нь би сэрсэн. Би сэрээд байж байтал Э.Б-, Ж.О- хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Би босч өрөөний үүдээр шагайж та нар яагаад байгаа юм бэ боль гэж хэлсэн чинь Э.Б- надад хэлэхдээ Ж.О- надад утасны кодоо хэлэхгүй байна. Хоёулаа Улаанбаатар хот руу буцна чи гараад машинаа асааж бай гэж хэлсэн. Би гараад машинаа асаагаад дотор нь сууж байтал Э.Б- над руу утсаар залгаж машинаас тамхи аваад ороод ир гэж хэлсэн. Би тамхийг нь аваад Ж.О-ийнд ороход Э.Б-, Ж.О- нар босчихсон зогсож байсан. Би Э.Б-гийн тамхийг оруулж өгчихөөд гарч ирээд машиндаа суугаад хэсэг унтаж байсан чинь Э.Б- гарч ирээд бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед Э.Б- согтуу байсан. Анх Ж.О-ийн гэрт ороход зурагтных нь нүүр зүгээр байсан. Харин би албаны хувцас хаана байсныг хараагүй. Миний нүдэнд ил урагдсан хувцас байгаагүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 48-50 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Амгалангийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаартай дүгнэлтэнд: 1. Үзүүлэгч Ж.О-ийн биед тархи доргилт, баруун гар, зүүн гарт шарх, баруун гар, зүүн гарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэл буюу түлэгдэлтээс үүссэн байх боломжтой, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь хохирогчийн амь насанд аюулгүй гэмтэл байна. 4. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг, /55 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 2-6 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-19 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Б- нь хамтран амьдрагч буюу хохирогч Ж.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогчийн гар утас, хувцас, зурагтыг урж, устгаж, гэмтээсэн нь хохирогч Ж.О-ийн мэдүүлэг, гэрч Б.Б-, Ц.Ц- нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Хохирогч Ж.О- нь хохирол бүрэн төлөгдсөн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт бичгээр гаргасан, шүүгдэгч Э.Б- хохирол бүрэн төлсөн, ямар нэгэн маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт бичгээр гаргаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, ял оногдуулах прокурорын саналтай шүүхэд шилжүүлсэн байна.
Хохирогч Ж.О-т шүүгдэгч Э.Б-гаас хохиролд 459000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт хавтаст хэрэгт авагдсан, хохирогч Ж.О- хохиролд 2 ширхэг гар утас, нэг ширхэг зурагтны мөнгө нийт 539000 төгрөг ,албаны 1 ширхэг гитель, хээрийн дижитал хүрэм, өмд зэргийн нийт 208241 төгрөгийг Э.Б- өгсөн гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Э-ын Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б- овогт Э-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нийт эдлэх ялыг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА