Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00041/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Америкийн нэгдсэн улсын Иллинойс мужийн баруун Гольфийн өргөн чөлөөний 1831 дүгээр байр, 303 тоотод оршин суух Боржигин овгийн Болдын Мөнхбаяр, /РД: ПЮ78041175,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 176 тоотод оршин суух Боржигон овгийн Амаржаргалын Гантөмөр, РД: УЕ85091611, утас: 9982 7890/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, 160 тоотод оршин суух, Сартуул овгийн Батаагийн Болормаа /РД: ТИ8007143, утас: 9980 0714/-д  холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох”  тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Б.Мөнхбаяр нь эхнэр болох Б.Болормаатай 2002 онд гэр бүл болж батлуулсан. Охин М.Алтанзул 2002 онд төрсөн, одоо 12 настай. Тэд нэг гэрт хамт амьдарч байгаагүй. Б.Мөнхбаяр нь 2002 онд Америк яваад тэндээ суурьшин гэр бүл, үр хүүхэдтэй болсон. Гэрлэлт цуцлуулах талаар 2016 оны 09 дүгээр сард холбоо барьж ярилцахад зөвшөөрч нэгэнт Америкаас очиж чадахгүй учраас хүнд итгэмжлэл өгөх болсон. Иймд тэдний гэрлэлтийг нь цуцалж өгнө үү. Охин М.Алтанзулыг ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Хүүхдийн тэтгэмж өгөхгүй байхаар тохиролцсон.

Миний бие нь нагац ах болох Б.Мөнхбаярын “Гэрлэлт цуцлуулах тухай” иргэний хэрэгт оролцож байгаа болно. Би өөрийн ажлын шаардлагын улмаас Хятад улс руу нэг сарын хугацаатай явах  тул шүүх  хуралд  өөрийн  биеэр  оролцож  чадахгүй  болсон  тул    миний эзгүйд шүүх хурал хийж болохыг зөвшөөрч байна“ гэжээ.                                                                                                                                          Хариуцагч Б.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Болормаа нь 1999 онд нөхөр Б.Мөнхбаяртай танилцаж 2002 онд гэрлэлтээ батлуулсан. Охин Мөнхбаярын Алтанзул 2002 онд төрсөн, одоо 14 настай. Б.Мөнхбаяр нь 2002 онд Америк яваад тэндээ гэр бүл, 2 хүүхэдтэй болсон. Бид нэг гэрт хамт амьдарч байгаагүй. Мөнхбаяр охиноо төрж байхад Америк явсан, охинтойгоо нэг ч удаа утсаар ярьж байгаагүй, өдий болтол охиноо харж хандаагүй болохоор хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би Мөнхбаяртай холбоо барьж гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцож, тэрээр итгэмжлэлээ явуулсан. Бидний гэрлэлтийг цуцалж, охин М.Алтанзулыг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантөмөр нь хариуцагч Б.Болормаад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Б.Мөнхбаяр, Б.Болормаа нар нь 1999 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 77 дугаарт 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлж, гэрлэлтийн 0000055282 дугаар гэрчилгээ авчээ.

Тэдний охин М.Алтанзул 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төржээ.

Гэрлэгчид нэг гэрт хамт амьдарч байгаагүй, тусдаа амьдардаг, цаашид хамт амьдрах боломжгүй, хэн аль нь цаашид гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, Б.Мөнхбаяр нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай, хүүхэдтэй болсон нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Иймд гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлав.

Охин М.Алтанзулыг эх Б.Болормаагийн асрамжид үлдээх талаар маргаангүй байх тул Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охиныг эхийн асрамжид үлдээв.

Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, дундын хөрөнгийн маргаангүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантөмөрийг өөрийнх нь хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигин овгийн Болдын Мөнхбаяр /РД: ПЮ78041175/, Сартуул овгийн Батаагийн Болормаа /РД: ТИ8007143/ нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин  М.Алтанзулыг эх Б.Болормаагийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс Худалдаа хөгжлийн банк, төрийн сан, 100190000941 тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Болормаагаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхбаярт олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

7.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.БАТЧИМЭГ