Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0031/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг С.Уранчимэг даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Г.Баяраа

           Шүүгдэгч                                                   Ч.О 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           О.Сарантуул

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолтой Ч.О-т холбогдох 201606000263 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Борхууд овогт Ч-ын О.

 

   Шүүгдэгч Ч.О нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Дондогийн булаг” гэх газарт ... улсын дугаартай, “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөрийн эгнээндээ явж байсан ...  улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, М.Г-ын биед хүнд гэмтэл учруулж, зорчигч Н.Б, Р.М нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Борхууд овогт Ч-ын О-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 2 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ч.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил, зургаан сарын хугацаагаар хасч, хоёр жил, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,      

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.О-т оногдуулсан хоёр жил, зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

        Энэ хэрэгт шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Улаанбаатар” архины 0.5 литрийн шилийг устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисс /шүүгчийн туслах Б.Цогзолмаа/-д даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-аас нийт 36.498.992 /гучин зургаан сая дөрвөн зуун ерэн найман мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Ц  /М.Г/-д 31.041.802 /гучин нэгэн сая дөчин нэгэн мянга найман зуун хоёр/ төгрөгийг, хохирогч Э.М-д 4.545.390 /дөрвөн сая таван зуун дөчин таван мянга гурван зуун ер/ төгрөгийг, хохирогч Н.Б-д 911.800 /есөн зуун арван нэгэн мянга найман зуу/ төгрөгийг  тус тус олгож, хохирогч М.Г /М.Ц/, Э.М нар нь шүүхийн хэлэлцээгүй орхисон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,   38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Ч.О давж заалдах гомдолдоо:  “...Надад уг хэргийн талаар маргах ямар нэгэн зүйл байхгүй боловч ар гэрийн минь амьдрал маш хүнд байгаа. Миний эхнэр У нь сэтгэл санааны гүн цочролд орсны улмаас төрөхийн хүндрэл болж баруун гар нь мэдээгүй болж Улаанбаатар хотод ГССҮТ-д мэдрэл чөлөөлөх хагалгаанд орсон. Уг өвчин зүүн гарт нь дамжиж байгаа тул мөн эмнэлэгт хагалгаанд орох шаардлагатай болсон. Эхнэрийн минь 2 гар мэдээ муутай учраас хүүхдээ тэвэрч, асарч чадахгүй байгаа. Эхнэр минь төрөхдөө цочролд орсны улмаас 2 хөх нь сүүгүй болж нялх хүүхдээ гарсан цагаас нь нэмэлт тэжээл, сүүгээр угжин өсгөж байна. Өрхийн орлогогүй улмаас хүүхдийн сүү, тэжээл авахад хүндрэлтэй болсон. Миний том охин М нь бөөрний аяганы /уутны/ үрэвсэл гэсэн оноштой Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа одоо Улаанбаатар хот Эх, нялхсын төвд шинжилгээ, эмчилгээ хийгдэж байна.

Миний ар гэрт төлбөр төлж чадах хүн байхгүй, өвчтэй эхнэр, охин 2 мөн 10 сартай нялх хүүхэд маань үлдсэн. Би хохирогч нарт өөрийн бололцоогоор төлбөр мөнгөнөөс барагдуулж байгаа. Цаашид ч би нэхэмжилсэн зүйлийг барагдуулна гэж бодож байгаа. Уг гэмт хэргийн улмаас миний биед олон хэсэг газарт гэмтэл авсан. /нуруу, 2 хөл, уушгинд 2 газар нэвтчэс үүссэн, зүүн талын 4,6 дугаар хавирга хугарсан./ Би хохирогч нарт аль болох туслахыг хичээж байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм бурууга хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт гомдол саналгүй, ар гэрийн минь амьдрал хүнд байгаа, уг хэргийг санаатай үйлдээгүй зэргийг харгалзан үзэж хуулийн энэрэнгүй зарчмын дагуу надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо: “... Уг хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралд хохирогч Р.М, Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нар нь хамгийн бага хугацаагаар ял оногдуулж өгнө үү гэсэн байна. Энэ нь уг хэргийг шүүгдэгч Ч.О санаатай үйлдээгүй гэдэгтэй санал нийлсэн гэж үзэж байна. 2015 оны шинэчлэн найруулан Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...., гэсэн заалтаар Ч.О-т оногдуулсан 2.6 жилийг хорих ялыг дээрхи заалтыг хэрэгсэн багасгаж өгнө үү. Хохирогч М.Г-ын нэхэмжлэлийн шаардлагаас 30.831.000 төгрөгийг жич нэхэмжлэх эрхтэйг зааж хэрэгсэхгүй болгож өгнө үү. 30.831.000 төгрөгний эмчилгээний төлбөр төлсөн санхүүгийн орлогын баримт байхгүй тул уг эмчилгээний зардал хохирогчоос гаргана гэж үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү…” гэжээ.

Хохирогч Н.Б хариу тайлбартаа: “ Ч.О-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдөлтэй танилцлаа. Миний хувьд энэ хэргийн ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Энэ О нь хохирол барагдуулах талаар бидэнтэй холбогдоогүй би маш их гомдолтой байна. Би маш их гомдолтой байна. Гомдолгүй гэж хэлээгүй болно. Бид сэтгэл санааны хохирол амссаар л байна ” гэжээ.

 

Хохирогч Э.М хариу тайлбартаа: “ Э овогтой М миний бие талийгаач Р.М-ын зээ дүү бөгөөд хохирогч юм. Сум дундын шүүхийн 108 шийтгэх тогтоолд гаргасан Ч.О, түүний өмгөөлөгчийн гомдолтой танилцлаа. Уг осол аваарь нь санаатай үйлдэгдээгүй бөгөөд шүүгдэгч Ч.О-ын ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. Энэ нь бид иргэний журмаар /иргэний шүүхээр/ гэм хорын хохирол болон шууд хохирлоо төлүүлэх барагдуулах бололцоог болон хугацааг гаргаж өгөх юм. Бид Ч.О-ын өмнөөс бидний хохирлыг барагдуулах ар гэрийн хөдөлмөрийн чадвартай хүн байхгүй байгааг  ойлгож байгаа тул энэ хүсэлтийг шүүхэд гаргаж байна ” гэжээ.

 

Хохирогч М.Г хариу тайлбартаа: “... Уг осол аваарь нь санаатай үйлдэгдээгүй бөгөөд шүүгдэгч Ч.О-ын ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. Энэ нь бид  дутуу нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэх болно. Бидэнд Ч.О-ыг аль болох ял нь бага байвал бидний нэхэмжлэлийг төлөх боломж нь их болох юм.

Би Ч.О-ын өмнөөс мөнгө төлөх ар гэрийн болон хөдөлмөрийн чадвартай хүн байхгүйг ойлгож энэ хүсэлтийг гаргаж байна “ гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Ч.О-ын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа…түүний ар гэрийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй…” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзвэл:

- шүүгдэгч Ч.О нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Дондогийн булаг” гэх газарт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Гранд Марк-2” маркийн автомашиныг  жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж эсрэг урсгалд орж өөрийн эгнээнд замын хөдөлгөөнд оролцож явсан ... улсын дугаартай Портер маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас уг автомашиныг жолоодож явсан М.Г-ын биед “…зүүн тохойн үений мултрал хугарал 2 шилбэний ил хугарал, баруун дунд чөмөгний доод булууны ил хугарал…” бүхий хүнд гэмтэл учруулсан, мөн зорчигч Н.Б, Р.М нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-17/, хохирогч Н.Б, Э.М, М.Г нарын мэдүүлэг, гэрч Ш.Ө, Г.Б, Н.А нарын мэдүүлэг, хохирогч М.Г-ын биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14 дугаар дүгнэлт /хх 139/, амь хохирогч нарын нас барсан шалтгааныг тогтоосон 77, 78 дугаар дүгнэлт /хх 67-68, 76-77/, зам тээврийн ослын шалтгааны талаарх Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 57 дугаар дүгнэлт, 57 дугаар нэмэлт дүгнэлт /хх 115, 123/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна.

 

Н.А нь ... улсын дугаартай, “Takhi” марзийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в, 5.3, 6.5 дугаар заалтыг зөрчсөн /хх 123/, М.Г нь ... улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь заалтыг тус тус зөрчсөн /хх 115/ байх боловч дээрх зөрчлүүд нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй, харин шүүгдэгч Ч.О-ын эсрэг урсгал сөрсөн буруутай үйлдлээс болж дээрх зам тээврийн осол гарсан нь шинжээчийн дүгнэлт /хх 116/-ээр хөдөлбөргүй тогтоогджээ. 

 

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Харин шүүгдэгч Ч.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр  нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг хохирогч нарт төлсөн байдал, дээрх ослын улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан /хх 131, 275/ зэрэг хувийн /эрүүл мэнд/ болон ар гэрийн байдал, мөн анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэнээс хойшхи хугацаанд хохирогч Н.Б-д 200.000 төгрөг, Э.М-д 600.000 төгрөг, М.Г-д 500.000 төгрөг тус тус төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин хохирогч нар нь хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд дурьдсан байх тул хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрх нь нээлттэй юм.

 

Иймд шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарын “…хуульд заасан журмын дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:

…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2.т зааснаар шүүгдэгч Ч.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй… гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын …хоёр жил, зургаан сарын… гэснийг …1 /нэг/… жил… гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг …Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай… гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

     2. Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.УРАНЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧ                                      Ц.ТУЯА     

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН