Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 68

 

                                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                             хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт оршин суух, 1968 онд төрсөн, РД:ОЕ68090317, Тогооч овогт Дэмчигбалын Цэрэнбадамд холбогдох,

      Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, тогууль алданги нийт 3.139.571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл 3.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай төрийн сантай гэрээ хийж авсан билээ. Иргэн Д.Цэрэнбадамын амьдрал ахуйд зовлон тохиолдож гэрээний 2.2, 2.3, 2.11 дэх заалтуудыг зөрчсөн тул гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл, хүү, торгууль /алданги/ нийт 3.139.571 төгрөгийг төрийн сангийн дансанд хийхийг шаардаж, албан мэдэгдэл өгсөн боловч бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд дээрх үндэслэл бүхий гэрээ, шаардлагыг биелүүлээгүй иргэн Д.Цэрэнбадамаас нийт 3.139.571 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 150655401 тоот дансанд хийлгэж, төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Д.Цэрэнбадам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.Цэрэнбадам миний бие Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаярын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 3.139.571 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрчя байна” гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэндорж шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Цэрэнбадамын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Зүүнхангай сумын Засаг даргаас нэхэмжилсэн 3.139.571 төгрөгийг Д.Цэрэнбадам төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь хариуцагч Д.Цэрэнбадамаас сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, тогууль алданги нийт 3.139.571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Цэрэнбадам нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээл 3.139.571 төгрөгийг барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Д.Цэрэнбадам нь Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээл 3.139.571 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 3.139.571 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65.183 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 32.592 төгрөгийг хариуцагч Д.Цэрэнбадамаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Зүүнхангай сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангийн зээл 3.139.571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Цэрэнбадам төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Д.Цэрэнбадамаас улсын тэмдэгтийн хураамж 32.592 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Д.Цэрэнбадам шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР