Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

    2020            03           30                                        2020/ШЦТ/176   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,  

улсын яллагч Ц.Отгонсүрэн,      

хохирогч Ч.О ,     

шүүгдэгч П.Ж , түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  овогт Д-ийн  Ж  холбогдох эрүүгийн 1910023140093 дугаартай 187/2020/0127/Э индекстэй хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ..... тоотод оршин суух, урьд 1989 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлснийг 1989 оны 8 дугаар сарын 11-ний магадлалаар 3 жил хорих ял болгосныг 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар 6 сар 25 хоногийн магадлалыг нь тэнсэн сулласан, 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 296 дугаартай Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэснийг 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял болгон өөрчилсөн ба 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Б  овогт Д-ийн  Ж  /РД:.................../ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ж  нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 145 дугаар цэцэрлэг дээр иргэн Ч.О тай “хүүхдийн гутал дээр гутал тавьсан байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Ж  нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 145 дугаар цэцэрлэг дээр иргэн Ч.О тай хүүхдийн гутал дээр гутал тавьсан байна гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Ж  “чи дандаа яагаад хүүхдийн гутал авдаг юм бэ” гэхэд нь  Ч.О  “чи яаж байгаа юм бэ, наадах чинь жаахан хүүхэд байгаа юм биш үү” гэж хэлэхэд нь түүний зүүн талын мөр хэсэг рүү нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:    

1. Шүүгдэгч Д.Ж ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 04-ний өдөр хүртэлх хугацаанд миний ач хүүгийн цэцэрлэгийн шкафанд хэн нэгэн миний ач хүүгийн гутлан дээр 3 хоногийн турш гутлаа тавьсан байсан тул би бухимдсан. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би миний ач хүүгийн шкафанд хэн гутлаа тавьж байгааг мэдэх зорилгоор хүлээсэн. Гэтэл хохирогч миний хүүхдийн гутлан дээр өөрийн хүүхдийн гутлаа тавьдаг байсан нь тогтоогдсон учраас би түүнд “шкафны доод талд нь хоосон зай байна, та хүүхдийнхээ гутлыг тэнд тавьж болохгүй юу” гэж хэлэхэд хохирогч надад “хуцаж бай, танд ямар хамаатай юм” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдсан. Дараагаар нь цэцэрлэгийн багш гарч ирээд бид хоёрын маргааныг тасалсан. Хохирогч намайг цэцэрлэгээс гарахад над руу дайрж “цагдаа дуудсан, байж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй үргэлжлүүлж маргахгүйн тулд ач хүү, дүү нараа дугуулаад гэртээ харьсан... Тухайн гэмтлүүдийг хохирогч санаатайгаар өөрийн биедээ өөр аргаар учруулсан байх магадлалтай...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

2. Хохирогч Ч.О гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тухайн цэцэрлэгээс анх удаа ач хүүгээ авахаар очсон. Гэтэл шүүгдэгч тухайн үед нэгэн залуухан бүсгүйтэй маргалдаж байсан ба ач хүүг минь шкафнаас гутлаа авсны дараа түүнийг загнаж, улмаар шкафыг онгойлгож надад болон залуу бүсгүй бид хоёрт шаардлага тавьж эхэлсэн. Тухайн цэцэрлэгийн шкаф хомс байдаг тул 1 шкафыг 2-3 хүүхдийн дунд хэрэглүүлдэг гэж цэцэрлэгийн багш нь хэлж байсан. Шүүгдэгч бид хоёр шкафнаас болон бага насны ач хүүг маань загинасан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шүүгдэгч намайг цохьсон. Дараагаар нь би цэцэрлэгээс гарахад шүүгдэгч дүүгийн хамт намдтай үргэлжлүүлж маргалдсан. Уг маргааны улмаас би айсандаа цагдаагийн байгууллага руу залгаж гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Ч.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хувцас солих өрөөнд 50 гаран насны эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнтэй маргаад зогсож байсан. Энэ үед ач маань хойгуур нь ороод шкафнаасаа гутлаа автал нөгөө маргаан үүсгээд байсан эрэгтэй хүн эргэж хараад хүүхдийн гарнаас гутлыг нь булааж аваад “чи дандаа яахаараа хүүхдийн гутал авдаг юм бэ” гээд чанга дуугаар загинасан. Тэгэхээр нь би хариуд нь “чи яаж байгаа юм бэ, наадах чинь жаахан хүүхэд байгаа юм биш үү” гэтэл тэр уурандаа миний зүүн талын мөр хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа чангаар цохьсон. Энэ үед цэцэрлэгийн багш гарч ирээд тэр хүнийг загнаж байсан. Ингээд л би гараад ач хүүгээ аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21/  

             4. Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажпаа хийгээд байж байтал 2 хүн хоорондоо хэрүүл маргаан хийгээд байна шүү гээд манай жижүүр эгч дуудсан юм. Тэгээд яваад очтол хэрүүл маргаан хийчихсэн байдалтай байхлаар нь яасан гэж ажил дээр хэрүүл маргаан хийгээд байгаа юм гээд асуутал манай хүүхдийн гутал нь дээр гутал тавьсан байна гээд хүүхдийг нь түлхсэн гээд хоорондоо хэрүүл хийгээд байж байгаад үл таних 55-60 орчим насны эрэгтэй хүн шууд цохьсон. Тухайн настай эрэгтэй ах уг маргаан хийгээд байгаа эмэгтэй хүнийг баруун гараараа зүүн талын булчин орчимд нэг удаа цохьсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

            5. Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж  гэх хүн манай хүүхдийн гутал дээр тавьсан байна гэж маргалдаж байгаад Ж  гэх хүн мөр орчимд нэг удаа цохьсон. Тэгээд тэр хоёр хэрүүл маргаан хийж байгаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

           6. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хүнд угаасаа нэг шүүгээнд 2 хүүхэд гутал хийдэг гэж хэлсэн чинь учиргүй надад уурлаад загнаад байсан. Би та улавчаа өмсөөч та зөв юм нь дээр уурлаач гэж хэлсэн чи миний өмсөж зүүхийг заах юм уу холд гээд хувцаснаас зулгайгаад угзарсан юм. Тэгээд би яаж байгаа юм бэ хариуцсан багшаа дууд гээд багшийг нь дуудах гээд манай хүүхэд гүйсэн араас нэг нэрийг мэдэхгүй эгч хүүхэдтэйгээ орж ирээд хүүхэд нь гутлаа авах гэтэл нэрийг мэдэхгүй ах тухайн хүүхдийг холд гээд түлхсэн чи яагаад хүүхэд түлхэж байгаа юм гээд хэрүүл маргаан хийсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

           7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10358/-ний дүгнэлт:

           -Ч.О гийн биед зүүн мөрний үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль үед үүсэх боломжтой.

          -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-нд үүссэх байх боломжтой /хх-34/

          8. Шүүгдэгч Д.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цаг 30 минтад Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны 145 дугаар цэцэрлэг дээр ач Есүйгээнийг авахаар очсон. Тус цэцэрлэгийн 2 давхраас ач Есүйгэнийг аваад нэг давхарт байх хувцас солих өрөөнд орж ачын хувцсыг нь шкафнаас нь авч өмсүүлчхээд гутлыг нь өмсүүлэх гээд гуталны шкафыг нь онгойлготол ачын гутал дээр өөр хүүхдийн гутлыг тавьчихсан байхаар нь хажууд нэг авгай хүүхдээ хувцсыг нь өмсүүлээд гарах гэж байхад нь би тэр авгайд та хүүхдийнхээ гутлыг манай хүүхдийн гутал дээр тавьж байх юм аа доод талын хоосон тавиур дээр тавьчихаж болдоггүй юм уу гэж хэлэхэд тэр авгай миний өөдөөс намайг доромжилж хуцаж бай, хар тэнэг минь, надад хамаагүй гэж хэлээд намайг цохих гэж дайрсан гэж дайрсан чинь хажууд байсан нэг настай эрэгтэй хүн бид хоёрын дундуур орж тэр эмэгтэйг намайг цохихоос болиулсан. Ингээд би ачыгаа аваад цэцэрлэгийн гадна гарахад тэр авгай цэцэрлэгийн гадна намайг хүлээгээд байж байсан бөгөөд миний баруун гарын ханцуйнаас зуурч аваад байж ба би цагдаа дуудсан тэнэг минь гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч Д.Ж  нь урьд 1989 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлснийг 1989 оны 8 дугаар сарын 11-ний магадлалаар 3 жил хорих ял болгосныг 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар 6 сар 25 хоногийн магадлалыг нь тэнсэн сулласан, 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 296 дугаартай Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэснийг 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял болгон өөрчилсөн ба 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10358/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

          Учир нь шүүгдэгч Д.Ж  нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 145 дугаар цэцэрлэг дээр иргэн Ч.О тай “хүүхдийн гутал дээр гутал тавьсан байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Ж  “чи дандаа яагаад хүүхдийн гутал авдаг юм бэ” гэхэд нь  Ч.О  “чи яаж байгаа юм бэ, наадах чинь жаахан хүүхэд байгаа юм биш үү” гэж хэлэхэд нь түүний зүүн талын мөр хэсэг рүү нь нэг удаа цохиж улмаар биед нь зүүн мөрний үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

          Иймд шүүгдэгч Д.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.     

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болно.   

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж  гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдал /урьд 1989, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар, 2013 онд 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч Ч.О гийн шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал “...56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 дүүгийн хамт  амьдардаг...” гэсэн зэргийг харгалзан улсын яллагчаас 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Д-ийн  Ж ыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь тохиромжтой гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Д.Ж  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.      

       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Б  овогт Д-ийн  Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Д-ийн  Ж ыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Д.Ж  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Ж  сануулсугай.   

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Ж  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР