Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 69

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 3 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО74102812, Борлууд овогт Жамъянгийн Бэгз,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 3 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО73112963, Цолт гүен овогт Арслангийн Ирэвзээ нарт холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 26.127.483,38 төгрөг, зээлийн хүү, 7.063.708,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444,40 төгрөг, нотариатын зардал 19.500 төгрөг, нийт 33.221.136,21 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарандаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ж.Бэгз, А.Ирэвзээ нар нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны Увс салбар, Дөрвөн зам тооцооны төвөөс БГ/2390 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1, дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 13.872.516,62 төгрөг, зээлийн хүү 9.375.729,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112.580,15 төгрөг, нийт 23.360.826,54 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 1 дүгээр 29-ний өдөр, банкнаас 2015 оны 9 дүгээр сарын 21-ний, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2390 тоот барьцаат гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 26.127.483,38 төгрөг, зээлийн хүү, 7.063.708,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444,40 төгрөг, нотариатын зардал 19.500 төгрөг, нийт 33.221.136,21 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарандаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Иргэн Ж.Бэгз, А.Ирэвзээ нар нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны Увс салбар Дөрвөн зам тооцооны төвөөс БГ/2390 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлсэн. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 26.127.483,38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7.063.708,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444,40 төгрөг, нийт 33.191.636,21 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 639.392 төгрөгийн хүүний төлбөр гарсан тул нэхэмжлэлийн дүн дээр нэмж нэхэмжилж байна” гэжээ.

      Хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.Бэгз, А.Ирэвзээ бид Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа  33.860.528 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарандаваа шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Бэгз, А.Ирэвзээ нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Тухайн харилцагч нар нэхэмжилсэн зээл, хүүг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 26.127.483,38 төгрөг, зээлийн хүү, 7.063.708,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444,40 төгрөг, нотариатын зардал 19.500 төгрөг, нийт 33.221.136,21 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас нэхэмжлэлийн шаардлагаа 639.392 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч нараас нийт 33.860.528 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

    Хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 33.860.528 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 33.860.528 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343.837 төгрөг төлсөн ба тал хувь болох 171.919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 171.919 төгрөг, хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нараас 171.919 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй 33.860.528 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 343.837 төгрөгөөс 171.919  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 171.919  төгрөг, хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нараас 171.919 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ж.Бэгз, А.Ирэвзээ нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР