Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 72

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, РД:ОЮ63060103, Булгадар овогт Сосноогийн Чогоогийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч С.Чогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1963 онд төрсөн, 53 настай. Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Модны үйлдвэрт 1985 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд машинистаар, 1986 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1989 оны 12 дугаар сарыг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нотлох баримтын шаардлага хангахгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Модны үйлдвэрт 1985 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд машинистаар, 1986 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1989 оны 12 дугаар сарыг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Чогоо нь 1981 оноос эхлэн Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1985 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд машинистаар, 1986 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1989 оны 12 дугаар сарыг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, усанд норж бичилтүүд нь харагдахгүй болсон тул шүүхэд хандсан. Иймд С.Чогоогийн 1981 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1985 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд машинистаар, 1986 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1989 оны 12 дугаар сарыг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч С.Чогоо нь Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал машинистаар, Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1986 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн хамт олон 1982 оны шинэ жилийн баярын үеэр авахуулсан фото зураг,

2. Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 9 тоот “Уралдаан дүгнэх тухай” тушаалд “...Чогоо нарыг 10 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай” гэжээ,

3. Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 41 тоот “1984 оны ажлын үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалд “...Чогоо нар төлөвлөгөө тасалсан учир 100% хасах” гэх тушаал,

4. Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн 1984 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Бүтээгдэхүүний чанарын бүртгэл”-ийн 16-рт Чогоо, 83,5% байжээ, 

5. Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн 1985 оны 5 дугаар сарын 2-р ээлжийн ажилчдын “Цалингийн тооцооны хүснэгт”-ийн 10-рт Чогоо бичигджээ,  

6. Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын хамт олны 1986 онд авахуулсан фото зураг,

7. С.Чогоогийн 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн төрөлтийн түүхэд түүний ажлыг НААҮГ-т гуталчин гэж бичжээ,

8. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн архивын лавлагаа,

9. Гэрч Г.Насангийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрт машинистаар 1992 он хүртэл ажиллаад, 1992 оноос “Хархираа” ХХК-д 1995 он хүртэл ажилласан юм. С.Чогоо бид хоёр 1981 онд ТМС төгсөж ирээд хамт машинистаар ажилд орж 1984 он хүртэл ажиллаад С.Чогоо нь Ахуй үйлчилгээний төв рүү шилжсэн юм. Мөн бид хоёр Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн машинистын ангид 2 жил суралцаж төгссөн. Манай байгуулагын машинистууд түүхий эд бэлтгэж мужаан нь түүнийг боловсруулах үйл ажиллагаа явуулж бид өдөр бүр хамтарч ажилладаг байлаа. Тухайн үед манай манай цехэд 10, 10 гаруй машиннисттай 2 бригад ажиллаж байсан. Мод боловсруулах үйлдвэрийн даргаар Х.Батсүх, А.Санжжав, н.Батбуян гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

10. Гэрч Д.Эрдэнэчимэгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос эхлэн Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харьяа Ахуй үйлчилгээний комбинатад халуун усны үйлчлэгчээр ажилд орж улмаар гуталчнаар 1987 он хүртэл ажиллаад, Ахуй үйлчилгээний удирдах газар нэртэй болоход үргэжлүүлэн гутал засварчнаар 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан юм. С.Чогоо нь 1985 оноос эхлэн манай Ахуй үйлчилгээний комбинатад гутал засварчнаар ажилд орж 1987 он хүртэл ажиллаад Ахуй үйлчилгээний удирдах газар нэртэй болоход үргэжлүүлэн гутал засварчнаар 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Би С.Чогоог ажилд орсон цагаас нь эхэлж таних бөгөөд нэг байгууллагад 6 жил хамт ажиллаж байсан нь үнэн. Манай гутал засварын тасаг нь 12 гутал засварчинтай байлаа. Тухайн үед Увс аймгийн Улаангом сумын Ахуй үйлчилгээний комбинатын даргаар Д.Загиржав, Ахуй үйлчилгээний удирдах газрын даргаар Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

11. Гэрч Г.Насангийн Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Д.Эрдэнэчимэгийн Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.   

       Нэхэмжлэгч С.Чогоо нь Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал машинистаар, Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1986 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн хамт олон 1982 оны шинэ жилийн баярын үеэр авахуулсан фото зураг, Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 9 тоот “Уралдаан дүгнэх тухай” тушаал, Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 41 тоот “1984 оны ажлын үр дүнгийн шагнал олгох тухай” тушаал, Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн 1984 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Бүтээгдэхүүний чанарын бүртгэл”, Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн 1985 оны 5 дугаар сарын 2-р ээлжийн ажилчдын “Цалингийн тооцооны хүснэгт”, Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын хамт олны 1986 онд авахуулсан фото зураг, С.Чогоогийн 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн төрөлтийн түүхэд түүний ажлыг НААҮГ-т гуталчин гэж бичигдсэн байдал, гэрч Г.Насан, Д.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч С.Чогоогийн Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил машинистаар, Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1986 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 4 жил гуталчнаар, нийт 9 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Чогоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгадар овогт Сосноогийн Чогоогийн Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил машинистаар, Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1986 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 4 /дөрөв/ жил гуталчнаар, нийт 9 /ес/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Чогоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР