Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           04           02                                     2020/ШЦТ/187  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Г.Эсэн,    

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт А-ийн  Б  холбогдох эрүүгийн 1910026570098 дугаартай 187/2020/0175/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл ...... хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т  овогт А-ийн  Б /РД:................./

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

А.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн зүүн хойд талд 95-07 УНВ улсын дугаартай Хода инсайт загварын тээврийн хэрэгслээр хүргүүлэхдээ глакси ж-4 плас маркийн гар утас гээгдүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн зүүн хойд талд 95-07 УНВ улсын дугаартай Хода инсайт загварын тээврийн хэрэгслээр хүргүүлэхдээ глакси ж-4 плас маркийн гар утас гээгдүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

          2. Хохирогч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрийгөө тосож авах гэж таксины мөнгө нэмж өгөх гээд явж очиж байхад нөхөр таксинаас буугаад ирсэн би нөхрөөсөө таксины мөнгө болчихсон юмуу гэж асуухад манай нөхөр болсон гэж надад хэлэхээр нь би миний гар утсыг яасан бэ? гэж асуухад өө би таксин дотор орхичихлоо гэхээр нь таксины араас гүйгээд нарны гүүр хүргээд алдсан. Тэр таксины жолооч ардаас нь хүн гүйгээд байхад мэдэхгүй байна гэж байхгүй. Би таксины жолоочид гомдолтой байна. Таксины жолоочийг цагдаагийн байгууллага дээр ирж уулзаад миний дугаарыг аваад ярьсан бөгөөд би таксины жолоочид чи улаан цагаан зугтаасан талаар нь хэлсэн чинь гар утсаа тасалсан болохоор бүүр их сэжигтэй санагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-29, 30/ 

          3. Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би таксинаас дөнгөж буугаад гар утсаа мартсанаа санасан.Тэгээд өөрийн буусан таксины араас гүйтэл тухайн такси зугтаж байгаа юм шиг үйлдэл гаргаад Хан-Уул таурын гэрлэн дохион дээр зогсож байгаад зүүн эргээд Нарны гүүр тал руугаа явсан. Би эхнэрийн хамт буцаж ирээд эхнэрийн ажилын хяналтын камерыг шүүтэл миний тухайн үед хөлсөлсөн такси 97-05 УНВ улсын дугаартай хонда инсайт маркын тээврийн хэрэгсэл байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/   

          4. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг өглөө босоход Б надад хүнээс утас авлаа гэж хэлээд 2019 оны Самсунг галакси жи-4 нэртэй хар хөх өнгийн гар утас байсан. Би уг гар утсанд өөрийн ашиглаж байсан 80129409 гэсэн дугаарыг хийгээд 7 хоног орчим барьсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/  

          5. Хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 22- ны өдрийн ХУД03 тоот хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 50/

          6. Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өөрийнг үйлдсэн хэргийг ойлгож мэдсэн. Би энэ хэргийг хуулийн мэдлэг муугаас болж үйлдсэндээ маш их харамсаж байна. Надад холбогдох хэргийг хөнгөн шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4, 5-6/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч А.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн зүүн хойд талд 95-07 УНВ улсын дугаартай Хода инсайт загварын тээврийн хэрэгслээр хүргүүлэхдээ глакси ж-4 плас маркийн гар утас гээгдүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 310.000 төгрөгийн хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч А.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Б-г  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол 305.000 төгрөгийг хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-77/, түүний хувийн байдал /... 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эгч, ах, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан мөн Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т  овогт А-ийн  Б-г  1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.     

            Шүүгдэгч А.Б  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

Мөн шүүгдэгч А.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т  овогт А-ийн  Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т  овогт А-ийн  Б-г  1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б  оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. А.Б  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Б  сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР