Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00055

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00055

Төв аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1-р баг, Соёмбо хотхон 24-6 тоотод оршин суух, Боржигон овогт Балжиннямын Бямбаа /РД:НЭ61040807/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 3-р баг, Баянхошуу, 3 гудамж, 3 тоотод оршин суух, Хангал овогт Бямбасүрэнгийн Балжидмаа /РД:НЭ64011965/-д холбогдох,

3 760 000 /гурван сая долоон зуун жаран мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхдолгор, хариуцагч Б.Балжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Балжидмаа нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Зүүндэлгэрт байрлах 4 айлын 0,7 га газрыг нэг бүрийн үнэ 800 000 төгрөгөөр, мөн Зуунмод сумын 58-р багт байрлах 1 айлын газрыг 2 000 000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийж 2016 оны 05 дугаар сард багтаан авахаар тохиролцож, бэлэн мөнгийг өгсөн боловч газраас авч чадаагүй тул 3 айлын газрын мөнгийг буцааж авсан. Харин мөнгөний үлдэгдэл 3 760 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 3 865 110 төгрөгийг Б.Балжидмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдолгор нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бямбаагийн нэхэмжилсэн 3 760 000 төгрөгийг Б.Балжидмаагаас гаргаж авах нэхэмжлэлийн шаардлагын дагуу харицагч Б.Балжидмаатай тохирч 2 800 000 төгрөг дээр эвлэрч нэхэмжлэлийн үнийн дүнг 960 000 төгөргөөр багасгахыг зөвшөөрч байна. Төлбөрийг 2017 оны 02 дугаар сард багтааж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Балжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Б.Бямбаагийн 2 800 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор бүрэн барагдуулах болно гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбаа нь Б.Балжидмаагаас 3 760 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдолгор, хариуцагч Б.Балжидмаа нар ирсэн байх бөгөөд хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдолгор нь нэхэмжлэлийн шаардлага 3 760 000 төгрөгөөс 960 000 төгрөгийг хасч, үлдэх 2 800 000 төгрөгийг хариуцагч Б.Балжидмаа нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 630 төгрөгийн 50 хувь болох 22 315 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 22 315 төгрөгийг, хариуцагч Б.Балжидмаагаас 22 315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбаад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Бямбаа нь нэхэмжилсэн 3 760 000 төгрөгөөс 960 000 төгрөгийг хасч, үлдэх 2 800 000 төгрөгийг хариуцагч Б.Балжидмаа нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 630 төгрөгийн 50 хувь болох 22 315 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 22 315 төгрөгийг, хариуцагч Б.Балжидмаагаас 22 315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбаад олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Л.ОЮУНЦЭЦЭГ