| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0474/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 190
2020 04 02 2020/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т-ын М-д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010001280078 дугаартай 187/2020/0174/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны ....... дүгээр сарын .....-ны өдөр Булган аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... менежер ажилтай, ам бүл ......... хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр ...........тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 9 жил хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2007 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийг тэнсэн сулласан, Б овогт Т-ын М /РД:............./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.М нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан голд вилл хотхоны 201 дүгээр байрны 14 тоот орон сууцанд хардалтын улмаас иргэн Г.А толгой руу нь сандлаар цохих, гэдэс хэвлий рүү нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож түүний биед тархи доргилт, баруун 6,7,8,9,10,11 дүгээр хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус, хий хуралдалт, баруун уушгины доод дэлбэнгийн ар гадаргуун уушигны эдийн няцрал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, шагайн үений мултрал, зулгаралт, баруун нүд алимны гадна дотор салстын цус харвалт, духны зулайн оройн хуйх, дагзны хуйхны шарх, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.М нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 14 тоот орон сууцанд хардалтын улмаас иргэн Г.А толгой руу нь сандлаар цохих, гэдэс хэвлий рүү нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож түүний биед тархи доргилт, баруун 6,7,8,9,10,11 дүгээр хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус, хий хуралдалт, баруун уушгины доод дэлбэнгийн ар гадаргуун уушигны эдийн няцрал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, шагайн үений мултрал, зулгаралт, баруун нүд алимны гадна дотор салстын цус харвалт, духны зулайн оройн хуйх, дагзны хуйхны шарх, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр найз Э.Заяабат руу утсаар залгахад утсаа авахгүй байхаар нь эхнэр Анударь руу залгахад Заяабат гэртээ байхгүй байна. Гэртээ ирнэ манай 2 хүүхэд ханиадтай байгаа учир цэцэрлэг сургуульдаа явахгүй байгаа. Чи манай хүрээд ир гэхээр нь тэр өдрөө 12 цагийн орчим найз Заяабатын гэрт очиход эхнэр Анударь нь гэртээ ганцаараа согтуу байсан. Ингээд Анударь архи гаргаж ирээд архинаас нь уусан. Тэгээд би ванны өрөөнд ороод байж байтал ванны өрөөний хаалгыг танихгүй залуу онгойлгоод ороод ирсэн чинь хэн бэ гэсэн чинь би энэ хаалганы кодыг мэддэг хүн байна. Би энд амьдардаг хүн байж гэж хэлээд толгой руу нэг хатуу зүйлээр цохьсон. Тухайн үед би нүдний шилгүй байсан учир юугаар цохьсныг нь мэдээгүй. Тэгээд би нэг хэсэг ухаан алдсан юм шиг байсан. Тэрнээс хойш намайг хэрхэн яаж зодсныг мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь орцонд хэвтэж байсан...одоо надад санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-13/
3. Гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагт танай нэг найз манайд ирэх гээд байна гэж хэлсэн ба согтуу байхаар нь чи одоо унт гэж хэлсэн. Тэгтэл 12 цагийн үед дахин залгаад намайг сонирхоод байдаг над руу залгаад мессеж бичээд байдаг танай нэг найз гэрт ирсэн байна гэхээр нь хэн юм гэхэд Асралт гэсэн. Надтай яриулчих гэсэн чинь ярихгүй гэнээ гээд утсаа салгахаар нь Асралт руу залгасан утсаа авахгүй байсан...Асралт бол миний сайн найз. Анударь миний 2 хүүхдийн ээж бөгөөд одоо салчихсан, ааш муутай архи уучихдаг хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
4. Гэрч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2016 оноос Заяабатаас салсан бөгөөд 2018 оны 02 дугаар сараас Мөнх-Одтой хамтран амьдарч байгаа. ...2020 оны 01 дүгээр сарын 04- ний өдөр манай байгууллагын шинэ жилийн баяр болоод би 5, 6-ны өдрүүдэд архи уучихсан. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Асралт руу залгаад чи нөгөө утас авах хэвээрээ юу гэхэд Асралт өөдөөс хаана байгаа юм бэ гэхээр нь гэртээ шартаж үхэх гээд байна чи дэлгүүр ороод бас бус зүйл аваад ирээч гэсэн...Асралт намайг дагаад өрөөнд орсон ба миний хажууд хэвтчихээд намайг оролдоод байсан...Асралт ганцаараа усанд орж чадахгүй чи миний хажууд сууж бай гэхээр нь 00-ийн өрөөнд суултуур дээр сууж байхад Асралт шүршүүрт орж байсан чинь М ороод ирсэн. Тэгээд би гараад явсан шиг санаж байна түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна...маргааш нь би өглөө гэртээ ганцаараа сэрээд 00-ийн өрөө орсон чинь ванны дотор тал цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/
5. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Энхцолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1532 дугаартай “...Г.А биед тархи доргилт, баруун 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус, хий хуралдалт, баруун уушгины доод дэлбэнгийн ар гадаргуун уушгины эдийн няцрал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, шагайн үений мултрал, зулгаралт, баруун нүд, алимны гадна дотор салстын цус харвалт, духны, зулайн оройн хуйх, дагзны хуйхны шарх, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт
/хх-ийн 29-32/
6. Т.М иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээлэл /хх-38-43/
7. Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…00-ийн өрөөнд байсан хуванцар сандлаар толгой хэсэг рүү нь нэг удаа, хэвлий рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж мөн хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөж, хөлөн дээр нь дэвссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-113/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.М нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 9 жил хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2007 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийг тэнсэн сулласан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39, 118-155/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1532/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Т.М нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 14 тоот орон сууцанд хардалтын улмаас иргэн Г.А толгой руу нь сандлаар цохих, гэдэс хэвлий рүү нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож түүний биед тархи доргилт, баруун 6,7,8,9,10,11 дүгээр хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус, хий хуралдалт, баруун уушгины доод дэлбэнгийн ар гадаргуун уушигны эдийн няцрал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, шагайн үений мултрал, зулгаралт, баруун нүд алимны гадна дотор салстын цус харвалт, духны зулайн оройн хуйх, дагзны хуйхны шарх, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-13, /, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал “...37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ган тоонот констракшн ХХК-нд маркетингийн менежер ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт амьдардаг...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т-ын М-ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т-ын М-ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.М-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР