Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 36

 

Н.Р, С.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0031/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Шүүгдэгч                                                   Н.Р

                                                                             С.О

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Н.Дэмбэрэлдагва

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолтой Н.Р, С.О нарт холбогдох 201706000112 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Р-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, О овогт Н-н Р.

 

Монгол улсын иргэн, Шовогт С-ын О.

 

   Шүүгдэгч Н.Р, С.О нар нь бүлэглэж 2016 оны 11 сард Булган аймгийн Хангал сумын нутаг “Улаан бургас” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 17.423 м3 хус мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт С-ын О-т холбогдох 201706000112 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч О овогт Н Р-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Р-ыг 10000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Р-ын 1000000 /нэг сая/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Н.Р-аас 1793730 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун гуч/ төрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д олгож,

Энэ хэрэгт цагаатгагдсан этгээд С.О, шүүгдэгч Н.Р нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан 1703 /нэг мянга долоон зуун гурав/ ширхэг хус мод, 2 /хоёр/ ширхэг хөрөөг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, .... улсын дугаартай “Норд бенз” маркийн авто машины битүүмжлэлийг хүчингүй болгож  түүний өмчлөгч О.Б-д, улаан өнгийн бариул бүхий нэг ширхэг хөрөөг өмчлөгчид нь тус тус буцаан олгон,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан С.О-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Н.Р давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс С.О-ыг цагаатгасан нь зөв болсон. Би ч бас цагаатгагдах болов уу гэж бодож байсан. Гэвч намайг прокурорын яллах дүгнэлтэнд заасан хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Иймд би давж заалдах шатны шүүхээс шүүхийн тогтоолын үндэслэлийг маш нарийвчлан хянаж өгөхийг хүсч байна. Анхан шатны шүүх тогтоолдоо “... тусгаарлалт хийсэн Улаанбургас гэх газраас зохих зөвшөөрөлгүй 17423 м3 хус модыг бэлтгэж цагаалан байгаль экологид 1793730 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна” гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь би Хангал сумын байгаль орчны байцаагч Э-аас шүүхийн тогтоолд нэрлэн заасан 0033115, 0169926 дугаартай 2 эрхийн бичиг буюу зөвшөөрлийг авсны үндсэн дээр мод бэлтгэсэн. Мөн зохих хураамжийг нь төлсөн Иймд намайг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1 болон Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 30 дугаар тогтоолд зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэл үгүй юм. Ийнхүү миний үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж би бодож байна. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн 115 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон надад холбогдуулсан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

 

…Н.Р-ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, харин С.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах саналтай байна… гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл:

 

Шүүгдэгч Н.Р нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны үед Булган аймгийн Хангал сумын нутаг “Улаан бургас” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 17.423 м3 хус мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б, гэрч П.Э, Б.Б, Д.Б, О.Б, шинжээч Б.Ж нарын мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ /хх 19/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх аймгийн Прокурорын газраас С.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Н.Р нь “… миний үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж би бодож байна.... хэргийг хэрэгсэхгүй болгон намайг цагаатгаж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч түүний гомдол нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Н.Р нь Булган аймгийн Хангал сумын нутаг Улаанбургас гэх газраас 20 м.куб хус модыг 2016 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрийн хооронд бэлтгэх, мөн дээрх газраас 10 м.куб хус модыг 2016 оны 12 дугаар 12-14-ны өдрийн хооронд тус тус бэлтгэхээр 0169926, 0033115 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх 44-45/ авсан байна.

Дээрх эрхийн бичгүүдэд мод бэлтгэх арга, огтлолтын төрлийг бичихдээ “цэвэрлэгээ” гэсэн байх бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 09 дүгээр 02-ны өдрийн А-244 дугаар тушаалын хавсралтын 1.4.т “Ойн цэвэрлэгээ” гэдэгт Ойн тухай хуулийн 3.1.15.д заасан “Ойн түймэр хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ” хамаарахаар тусгагджээ.

Гэтэл шүүгдэгч нь мод бэлтгэх эрхийн бичигт дурьдсанчлан цэвэрлэгээний зориулалтаар бус харин ургаж байгаа хус модыг ахуйн зориулалтаар, мөн түүнчлэн эрхийн бичигт заасан хугацаанаас өмнө хөрөөдөж бэлтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

гэрч П.Э-ын …цэвэрлэгээний ажлаар унасан, ургах боломжгүй хуурай мод, үзүүр дорцоов зэргийг бэлтгэнэ... цэвэрлэгээ гэдэг нь цэвэрлэгээний ажил гэж байгаа юм… Цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэх байсан бол цэвэрлэгээний огтлолт гэж заавал бичдэг. Яагаад гэвэл цэвэрлэгээний огтлолтоор босоо мод унагаадаг, мөн мэргэжлийн байгууллага бэлтгэх ёстой байдаг... гэсэн мэдүүлэг /хх 95-96/,

гэрч Д.Б-ны …2016.11.06-08-ны хооронд 3 хоног  100 гаран нарийн мод хөрөөдсөн, 3 метр урттай 1000 гаран мод гаргасан… гэсэн мэдүүлэг /хх 100/,

гэрч Б.Б-ын …2016.11.05-ны үед над руу ярьсан…шигүү хэсгээс нь нарийн нойтон хус мод унагаа гэхээр нь би гар хөрөөгөөр мод унагаагаад уулын захад цагаалж гарсан…1700 гаруй мод уулнаас бэлтгэсэн… гэсэн мэдүүлэг /хх 97/ зэргээр тогтоогдож байна.

Ойд мод бэлтгэх ажиллагааны талаар Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно” гэж заасан байна.

Түүнчлэн зохих зөвшөөрөл авсан иргэн, ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 35.2-т зааснаар өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглохоос гадна гэрээ, зөвшөөрлийн бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн, мөн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн зэрэг нь хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Н.Р-ын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх С.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн дугаарыг бичсэн, Н.Р-д оногдуулсан торгох ял /нэгж/-ын хэмжээг бичихдээ буруу бичсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газарт олгох атал хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ж.Б-д олгохоор шийдвэрлэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн шинжийг буруу бичсэн, өмчлөгчийн нэрийг бичилгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын :

 

…201706000112 дугаартай… гэснийг …эрүүгийн…гэж.,  2 дугаар заалтын …10000… гэснийг …1000… гэж.,  6 дугаар заалтын …хохирогч Ж.Б-д… гэснийг …Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газарт… гэж., 8 дугаар заалтын …улаан өнгийн бариул бүхий нэг ширхэг хөрөөг өмчлөгчид нь… гэснийг …хар өнгийн бариул бүхий нэг ширхэг хөрөөг өмчлөгч н.К-д…, гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Н.Р-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН                                    

 

                                            ШҮҮГЧИД                           Ц.ТУЯА     

     

                                                                                       С.УРАНЧИМЭГ