Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 96

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн хувьд дүгнэлт хэлье. Уг шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн “Т” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан ХА-020186, NE-027136  дугаартай  өргөдлийг аймгийн Засаг даргаас дэмжээгүй санал ирсэн  тул  тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай шийдвэр гаргасан байдаг. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тухайн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ажиллагааг хийж, шүүлт хийж, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрөл нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байна гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу аймгийн Засаг даргаас санал авах мэдэгдлийг Дундговь аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 6/9541 тоотоор хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т саналыг 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу ирүүлнэ гэж заасан. Хэрэв 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй байх юм бол тухайн саналыг дэмжсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд энэ саналыг хариу 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр огноологдож, 01 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмалын газарт ирсэн байдаг. Процессын хувьд үзэхэд 30 хоногийн хугацаандаа багтсан эсэх асуудал байна. 

Засаг даргын дэмжээгүй саналын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэж үзэхэд Дундговь аймгийн Засаг даргаас дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаартай саналын хуудсанд дэмжихгүй байгаа хууль зүйн үндэслэлд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 тоотыг хавсаргав гэсэн байгаа. Энэхүү тоотыг авч үзэхэд “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2/1559 тоот албан бичгийн хавсралтад байгаа Хонгор-Уул нэртэй газарт “Т” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болно” гэсэн байна. Энэ тоот нь ямар нэгэн тогтоол дээр үндэслэж гарсан байх ёстой гэж бодож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх гэж заасан байдаг. 

Хурлын санал гэснийг Улсын Дээд шүүх 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолд тайлбарлахдаа “мөн зүйлийн 19.4-т заасан “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэж тайлбарлажээ. Мөн боломжгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэл мөн үү гэдгийг анхаарч үзнэ үү” гэв. 

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “кадастрын тойм зургийг харахад давхцал байхгүй байна” гэж тайлбарлаж байна. Үүнд техникийн алдаа гарсан байна. Үүнд хүлцэл өчье. Мөн сонсох ажиллагааны хувийн хэрэгт байгаа бүх баримтууд хавтаст хэрэгт байгаа. Шийдвэрийн хувийн хэрэг байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Улсын Их Хурлын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

NE-027316 дугаартай өргөдлийн тухайд нэхэмжлэгч компани нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг, Хонгор уул нэртэй 11839.62 гектар бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NЕ-027316 дугаарт бүртгүүлжээ.

Кадастрын хэлтэс өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-т заасан шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-д заасны дагуу санал авах мэдэгдлийг Дундговь аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9541 тоотоор хүргүүлсэн байна.

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/36 тоотоор NЕ-027316 тоот өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн ба тус саналын үндэслэлийг Өлзийт сумын иргэдийн   Төлөөлөгчдийн   Хурлын   Тэргүүлэгчдийн  2016  оны  01  дүгээр  сарын 04-ний өдрийн 02 тоотыг үндэслэл болгосон.

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хийсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр NЕ-027316 тоот өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэж, улмаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7/5275 тоотоор нэхэмжлэгч компанид мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

NE-026366 дугаартай өргөдлийн тухайд 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч компани нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Од нэртэй 10353.96 гектар бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-026366 дугаарт бүртгүүлжээ.

Кадастрын хэлтэс өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж үзэхэд түрүүлж ирүүлсэн хуулийн шаардлага хангасан өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Дээр дурдсан шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компани нь шүүхэд хандаж улмаар Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 65 тогтоол гарсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 65 дугаар тогтоолыг биелүүлж Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр өмнө гарсан 851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож NE-026366 дугаартай өргөдлийн эрхийг сэргээж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр болсон.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.2-т тус тус заасан, Байгаль орчны сайдын 2000 оны 7 дугаар тушаал, сумын Засаг даргын саналыг үндэслэн Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор зарим газар нутгийг сумын тусгай хамгаалалтад авч, улмаар манай байгууллагад 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлж, бичиг хэргийн 8423 дугаарт бүртгэгдсэн бөгөөд тус тогтоолыг хянан үзэж, хуульд заасан шаардлага хангасан байсан тул кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. 

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026366 дугаартай өргөдөл дээр дурдсан тогтоолд бүхэлдээ хамрагдсан байна. 

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026366 дугаартай өргөдөлд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зураг зүйн шүүлт хийж үзэхэд орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасан нөхцөл байдал үүссэн тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/3918 тоотоор нэхэмжлэгч компанид хүргүүлсэн.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 467 дугаар шийдвэрээр NE-026366 тоот өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэж улмаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7/5266 тоотоор нэхэмжлэгч компанид мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэр, мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” гэж тодорхойлж байгаад “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” гэж тодруулжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь “Од” нэртэй  газарт, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт “Хонгор уул” нэртэй газарт тус тус  хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргаж, Кадастрын хэлтэс тус өргөдөлд шүүлт хийж, санал авах мэдэгдлийг Дундговь аймгийн Засаг даргад хүргүүлж, Дундговь аймгаас 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/36 тоот албан бичгээр NE-027136 тоот өргөдөлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн ба харин NE-026366 дугаартай өргөдөлд орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхацсан гэж үзсэн тул эдгээр үндэслэлүүдээр “Т” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэр, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрүүдээр тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт болжээ. 

Нэхэмжлэгч тал “Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “Төрийн захиргаан байгууллага энэ хуулийн 19.1-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш 20 хоногт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан хугацаанд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэгдээгүй, мөн Дундговь аймгийн Засаг даргын үндэслэлгүйгээр “дэмжихгүй” гэсэн санал ирүүлснийг шалгахгүйгээр  шийдвэр гаргасан нь манай хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна” гэж, харин хариуцагч тал “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-т зааснаар шүүлт хийж үзэхэд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг “Од” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, NE-026366 дугаарт бүртгэгдсэн талбай нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайд бүхэлдээ хамрагдсан, NE-027136 тоот өргөдлийн талбайд тус аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” гэсэн санал ирснийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргаж байгаа болно. 

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараахь байдлаар дүгнэлээ.

1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Т” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай”  460 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр “Т” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тус аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул  тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. 

“Т” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг “Хонгор уул” нэртэй 11839.62 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-027136 дугаарт бүртгүүлж, Кадастрын хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар хянагдаж, өргөдөлд дурдагдсан талбайд зураг зүйн шүүлт хийж, Засаг даргын санал авах мэдэгдэл гаргахаар шийдвэрлэсэн үйл баримтад талууд маргаагүй болно. 

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр Ашигт малтмалын газарт “тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал” ирүүлж, NE-027136 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн талбайд “дэмжихгүй” гэсэн санал ирүүлж, үндэслэлээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот тогтоол гэж тайлбарлажээ. Уг тогтоолд “...Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015  оны 12 дугаар сарын  08-ны өдрийн 2/1559 тоот  албан  бичгийн  хавсралтад байгаа Ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлт бүхий “Хонгор уул” нэртэй газарт “Т” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн байх бөгөөд харин Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар “Аймгийн Засаг даргын ирүүлсэн 1/281, 1/356, 1/357 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх санал ирүүлэх тухай албан бичгүүдийн дагуу хэлэлцэж, дэмжсэн” байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг хэлэх бөгөөд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр зүйлийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө” гэж заасан байна. 

Гэхдээ нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд ирүүлсэн Дундговь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг тухайд Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэс нь  дотоод зааварт заасан хууль зүйн үндэслэлгүй “дэмжихгүй” санал гэж үзээгүй бөгөөд энэ саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж, мэдэгдлийн хүргүүлсэн байхад нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол Дундговь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг хүчингүй болгуулахаар харьяалах захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байжээ. 

Ашигт малтмалын газраас /хуучнаар/  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9541 дугаартай албан бичгээр Дундговь аймгийн Засаг даргад “Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-027136 дугаарт бүртгэгдсэн “Т” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлд Засаг даргын санал авахаар солбицлуудыг хүргүүлж, улмаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас Ашигт малтмалын газарт 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр NE-027136 бүртгэгдсэн өргөдөлд  “дэмжихгүй” гэсэн санал хүргүүлсэн ба түүнийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7/5275 дугаартай мэдэгдэл хүргүүлснээс үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасан “...өргөдлийг бүртгэснээс хойш 20 хоногт багтааж, шийдвэр гаргах...” гэж заасан хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  хуульд заасан хугацааны дотор тус өргөдлийг шийдвэрлээгүй гэдэгт маргадаггүй болно. 

Гэвч нэхэмжлэлийн энэ шаардлагын хувьд нэхэмжлэгчээс Дундговь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналтай маргаагүй ба тус санал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн гаргасан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “Т” ХХК-иас ирүүлсэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 10353.96 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучнаар/  2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэж, хүлээн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан өргөдлийн бүртгэлд бүртгэсэн тодорхойлолтоор нотлогдож байна. 

Ашигт малтмалын газраас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийж, “түрүүлж ирүүлсэн хуулийн шаардлага хангасан ХА-019317 дугаартай өргөдлийн талбайтай хэсэгчилсэн давхцалтай” гэж тодорхойлж, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Т” ХХК-ийн захирал Д.Байгальмаад хүргүүлжээ.

Нэхэмжлэгч нь Кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн шүүхэд хандсаны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 65 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Т”   ХХК-ийн  гаргасан   өргөдлийг  хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн  даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 206 дугаар шийдвэрээр  Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дугаартай  шийдвэрээ хүчингүй болгож, “Т” ХХК-ийн  хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026366 дугаартай өргөдлийн эрхийг сэргээсэн байна.

Ингээд тус өргөдлийг хянан “Т” ХХК-ийн өргөдлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай байна” гэж үзэж, Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргаас 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 467 дугаар шийдвэр гаргаж, энэ тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлжээ.

Хариуцагчийн “Т” ХХК-ийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг “Од” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, NE-026366 дугаартай  өргөдөл гаргасан талбай нь “орон нутгийн тусгай хэрэгцээний талбайтай бүхэлдээ давхцалтай” гэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан татгалзал нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн  “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 05 дугаар тогтоол, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн “Хүсэлт гаргах тухай” 1/229 дугаар албан бичиг, Кадастрын хэлтэст Өлзийт сумын  Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирсэн албан бичгийг бүртгэсэн бичгийн бүртгэлийн карт, Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргад хүргүүлсэн “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 29-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 05 дугаар тогтоолыг хавсралтаар батлагдсан солбицлын дагуу Кадастрын бүртгэлийн системд бүртгэж авсныг” мэдэгдсэн 6/7910 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн хариуцагчийн дээрх татгалзал нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай  хэрэгцээнд авах шийдвэр гаргах”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол... ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 14.3-д “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгүүлнэ”, 19 дүгээр зүйлийн 19.3-д “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”,19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж заасныг зөрчөөгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус шүүхэд ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06б/123 дугаартай лавлагаагаар “NE-02636688,  NE-027136 дугаартай өргөдлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай  хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2015 оны 289 дугаартай тогтоолын Усны сан бүхий газрын хилийн заагтай, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай, Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна” гэжээ.  

Харин “Т” ХХК-ийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт тусгай  зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийн NE-026366 дугаар бүхий талбайн хувьд Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн  тусгай зөвшөөрлийн тойм зураг болон дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар “орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан” газартай бүтэн давхцалтай болох нь харагдаж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 17,18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” хэлнэ гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж зааснаас үзэхэд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад  газрыг тусгай хэрэгцээнд авах бүрэн эрх нь байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна гэж үзлээ.  

3. “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хянан шийдвэрлэхдээ хууль болон дотоод журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Гэхдээ шүүх  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй.

Хэдийгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Засаг даргын дэмжихгүй гэсэн санал нь хууль зүйн үндэслэлгүй бол Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-оор заасан боловч хариуцагч нь Засаг даргын “дэмжихгүй” саналыг үндэслэн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх бөгөөд  Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” гэсэн санал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.

Мөн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон өөрчлөлтөөр тус хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, тус хуулийн 19 дүгээр зүйл буюу “өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”-г  бүхэлд нь хүчингүй болгосон  байх тул  хариуцагчид  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах эрх зүйн боломж шүүхэд байхгүй байна. 

Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгодог байсныг хүчингүй болгож, зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Харин тус өргөдлийн талбайнуудад сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор зарлагдсан тохиолдолд нэхэмжлэгч компанийн оролцох эрх нээлттэй болно.           

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Т “ ХХК-д холбогдох хэсгийг, мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

           

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ