Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0491

 

        

“М к” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Д.О, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 486 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М к” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц, улсын байцаагч Д.О нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12.9, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “М к” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өсөхбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн Анхан шатны шүүх “бараа, ажил, үйлчилгээг хүч хэрэглэх замаар худалдах” гэж заасныг хэт явцуу ойлгож дүгнэлт гаргасан. “М к” ХХК нь хэрэглэгч нартаа сонголт өгөөгүй буюу хүсээгүй үйлчилгээг нь тулгаж үзүүлсэн бөгөөд энэ нь хэрэглэгч үйлчилгээ авахаас татгалзах, нэмэлт санал гаргах, бусад компанийн /оператор/ үйлчилгээг сонгох зэрэг боломжийг олгоогүй хэт нэг талын хүч хэрэглэсэн үйлдэл юм. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. ...Зөрчлийн хэргийн материалд мобикомын багцын өөрчлөлттэй холбоотой гомдол гаргасан иргэд болон түүврийн аргаар сонгож авсан хэрэглэгч нараас авсан мэдүүлэгт “Хүсээгүй байхад тулган шаардсан, автоматаар солигдсон, би огт зөвшөөрөөгүй байсан, одоо ч зөвшөөрөөгүй байна” зэрэг мэдүүлэг өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “М к” ХХК-ний дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчидтэй хийсэн гэрээний 3.7, 3.8, 3.11, 9.1-д заасан заалтууд нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202,2.1, 202.2.4, 202.2.8, 202.2.11, 202.4-д заасныг, мөн гэрээний 3.8, 5.3, 8.4 дэх заалтууд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон. Улмаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэн хүчин төгөлдөр бус гэрээгээр зохицуулагдаж байгаа дараа төлбөрт үйлчилгээ эрхлэгчдийн багц солих үйл ажиллагаа нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “М к” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц, улсын байцаагч Д.О нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 552 дугаар шийдвэрээр “М к” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 590 дүгээр магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “...шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх тогтоолд дурдсан нотлох баримтуудыг цуглуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох ба давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал,

          Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолд:

           - “М к” ХХК нь хуучин багцын үйлчилгээгээ зогсоох болсон бодит шалтгаан, үндэслэл, зайлшгүй шаардлага байсан эсэх,

-технологийн хувьд боломжтой байсаар байтал илүү ашиг орлого олох зорилгоор юмуу бусад шалтгаанаар хэрэглэгчдийг шинэ багц руу шууд шилжүүлсэн эсэх,

-хэрэглэгчдийн хувьд хуучин багцаа сонгох боломж байсан эсэх, ийнхүү боломж байсаар байтал боломжгүй мэтээр тайлбарлаж шууд шилжүүлсэн эсэх,

-өмнө нь зөвхөн мессеж, ярианы үйлчилгээг хэрэглэж байсан хэрэглэгчдийн хувьд шинэ багц руу шилжсэнээр интернет, дата /3G. 4G гэх мэт/ зэрэг тухайн үйлчлүүлэгчийн хүсээгүй үйлчилгээг шууд дагалдуулж буюу тулгалтаар худалдан авахаас өөр аргагүй байдалд хүрсэн эсэх,

-ийнхүү хэрэглэгч дагалдах буюу давхар үйлчилгээг авахаас өөр аргагүй болсноор бодит байдал дээр яаж хохирсон, хохирч байгаа,

-ойролцоо багц гэдэг нь ямар багц болох, хуучин багцаас ямар ялгаатай, ямар төлбөрийн зөрүүтэй байгаа зэргийг тогтоож, нотлох баримт цуглуулсаны үндсэн дээр үндэслэл бүхий дүгнэлт өгөх шаардлагатай гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүхээс холбогдох ажиллагааг хийж гүйцэтгээгүй, тогтоолд дурдсан үндэслэлүүдийг шалгаж тогтоогоогүй, огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус зөрчжээ.

Хэдийгээр анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт албан бичиг хүргүүлсэн ч  тэдгээр байгууллагуудаас холбогдох баримт, тайлбарыг ирүүлээгүй байхад дахин нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй, хэрэгт “Сумитомо корпораци” болон “Серилион техноложис” нарын программ хангамж ба үйлчилгээний гэрээ, “М к” ХХК болон “Н ш б” компанийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүний борлуулалт, үйлчилгээний гэрээ зэргийг нотлох баримтаар авсан атлаа хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна.

Ийнхүү дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоогоогүй тохиолдолд “М к” ХХК-ийг “бараа, ажил үйлчилгээгээ хүч хэрэглэх замаар худалдсан” гэх зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                               

 

 

                 ШҮҮГЧ                                                   Э.Зоригтбаатар

                 ШҮҮГЧ                                                    Д.Оюумаа

                 ШҮҮГЧ                                                   О.Номуулин