| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01169/И |
| Дугаар | 151/ШШ2017/00056 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2017/00056
| 2017 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2017/00056 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэсант сумын 3-р баг, Буянтад оршин суух, Тайчууд овогт Батнасангийн Эрдэнэцэцэг /РД:ЗЮ76093086/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 3-р багт оршин суух, Содномдагва овогт Ойдовсүрэнгинй Мөнхзориг /РД:НФ85050812/-д холбогдох,
2 141 000 /хоёр сая нэг зуун дөчин нэгэн мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, хариуцагч О.Мөнхзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Эрдэнэсант суманд байрлах Дэлийн өвөр гэх газарт чацаргана, тэжээлийн ургамал тарих зориулалтаар ашиглахаар 34 га газрыг гэр бүлийн хамт эзэмшдэг. Уг талбайд 1250 чацаргана, хамгаалалтын зурваст нь 40 ширхэг бургас, 40 ширхэг хайлаас, 5 ширхэг тэхийн шээг, 20 ширхэг үхрийн мод, 10 ширхэг хар, улаан интоор, 10 ширхэг үрэл, 6 ширхэг нэрс, 5 ширхэг голт бор зэргийг тарьж суулгасан болно. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр О.Мөнхзоригт анхааруулж хэлсээр байтал харсаар байж зориуд юм шиг өөрийн хариулж малладаг 1000 толгой бог малаа оруулж идүүлсэн. Нөхцөл байдалд дүгнэлт хийлгэхээр суманд хандан комисс томилуулан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №01 тоот актаар 1 451 500 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Үйл ажиллагааны зардал 690 000 төгрөг, нийт 2 141 000 төгрөгийг нэхэмжилсэн.Бид харилцан тохиролцож, бие биенийхээ хариуцлагыг ухамсарлаж актаар тогтоосон үнийн дүнгийн тал хувь болох 725 750 төгрөг дээр эвлэрч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно гэжээ.
Хариуцагч О.Мрнхзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэцэцэгтэй харилцан тохиролцсон. Би тодорхой хэмжээний гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Орон нутгийн акт тогтоосон комиссын үнийн дүнгийн тал хувийг мөн хүлээн зөвшөөрч байна. Уг 725 750 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь О.Мөнхзоригоос 2 141 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь 34 га газрыг гэр бүлийн хамт эзэмишж 1250 чацаргана, хамгаалалтын зурваст нь 40 ширхэг бургас, 40 ширхэг хайлаас, 5 ширхэг тэхийн шээг, 20 ширхэг үхрийн мод, 10 ширхэг хар, улаан интоор, 10 ширхэг үрэл, 6 ширхэг нэрс, 5 ширхэг голт бор зэргийг тарьж суулгасан байсныг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр О.Мөнхзориг өөрийн хариулж малладаг бог малаа оруулж идүүлж хохироосон байна.
Дээрх нөхцөл байдал нь зохичдын тайлбараар болон хэрэгт ирүүлсэн таримал ургамлын хохирол тооцсон комиссын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн актаар тогтоогдож байна. Уг комиссыг Төв аймгийн Эрдэнэсант сумын засаг даргын 2014 оны08 дугаар сарын 21-ны өдрийн А/323 тоот захирамжаар байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/171 тоот захирамжийн 3.1-д Тариалангийн талбайн ойролцоо 2016 оны 05 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 15-ны хооронд нутаглахгүй, малаа бэчлээхгүй, заасан хугацаанаас өмнө нүүж ирэхгүй байх гэснийг О.Мөнхзориг,
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь тариалсан талбайгаа мал, тэжээвэр амьтнаас хамгаалах, .... бөх бат материалаар бүрэн хашаажуулсан байх үүргийг биелүүлээгүй зэрэг хууль, журмыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 2 141 000 төгрөгөөс 1 415 250 төгрөгийг хасч, үлдэх 725 750 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч О.Мөнхзориг нь 2017 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтланхариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49 206 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 24 603 төгрөгийг, хариуцагч О.Мөнхзоригоос 24 603 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжилсэн 725 750 /Долоон зуун хорин таван мянга долоон зуун тавин/ төгрөгийг хариуцагч О.Мөнхзориг нь 2017 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49 206 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 24 603 төгрөгийг, хариуцагч О.Мөнхзоригоос 24 603 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгтолгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ